http://www.zoofirma.ru/

С.Данзан, Х.Чойбалсан нар 1920 оны 7 сард Хүрээнээс мордсоны дараагаар ЗОУ-д МАН-ын
төлөөлөгчдийг нэмэн явуулахаар шийдвэрлэж Д.Бодоо, Д.Чагдаржав нар эхлэн явж, дараа нь
Д.Сүхбаатар, Д.Догсом, Д.Лосол нар Богдын тамгатай бичгийг авч яаравчлан морджээ. МАН-ын төлөөлөгчид Дээд Шивээнд ЗОУ-ын консул О.И.Макстенектэй, Дээд Үдэд ОК/б/Н-ын Сибирийн Товчооны гишүүн Б.З.Шумяцкий нартай тустай уулзаж, тэднээр дамжуулан орчуулагч Ж.Цэвээн, Э.Ринчино нараар газарчлуулан 1920 оны 8 сард Эрхүү хотноо хүрч очжээ. Тэд Сибирь ба Алс Дорнод дахь ЗОУ-ын ГХАК-ын бүрэн эрхт төлөөлөгчдийн орлогч Ф.И.Гапонтой уулзан Монгол орны байдал, өөрсдийн зорилгыг тайлбарлаж, хятадын дарлалаас ангижирч, тусгаар улс болох тэмцэлдээ ЗОУ-аас тусламж хүсч байгаагаа илэрхийлэн Богдын тамгатай бичгийг өргөн барьжээ.


“Гадаад Монголын ардын намын төлөөлөгч нараас Орос улсын Зөвлөлт засгийн газар лугаа хэлэлцэх зүйлийг тэмдэглэсэн нь” хэмээх ажлын удирдамж бүхий С.Данзан, Д.Чагдаржав нар Омскоор дамжин Москвад хүрчээ. С.Данзан, Д.Чагдаржар нар Гадаад хэргийн ардын комиссар Г.В.Чичерин, түүний орлогч Л.М.Карахан, Цэргийн ерөнхий командлагч С.С.Каменев зэрэг Зөвлөлтийн удирдагчид ба КИГХ-ны ажилтнуудтай уулзаж, Зөвлөлт засгийн газарт хандах дараахь хүсэлтийг тавьжээ.
Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар Эрхүү хотноо үлдэж, Хүрээний нөхөдтэй харилцан, Москвад одогсдоос мэдээ хүлээн суухын хамтад Коминтерн ба ОК//б/Н-ын орон нутгийн байгууллагуудын ажилтай танилцаж, И.Ф.Гапоноор дамжуулан улаан цэргийн дарга нарын сургуульд түр суралцаж, цэргийн тактик, зэвсэг техниктэй танилцсан ажээ. Тэдэн дэээр тун удалгүй Омскоос Д.Лосол эргэж иржээ.
1920 оны 2 сарын 12-нд С.Данзан, Д.Чагдаржав нарыг Москвагаас Эрхүүд буцаж ирмэгц МАН-ын төлөөлөгчид зөвлөгөөн хийж, эрх чөлөөний төлөө тэмцэлд бэлтгэх практик үйл ажилдаа түргэвчлэн оржээ.
1921 оны 2 сарын 21-нд Унгернээс Богд гэгээнийг хаан ширээнд залж, таван яамыг байгуулав. Засгийн газрын ерөнхийлөн шийтгэх сайд бөгөөд дотоод яамны тэргүүн сайдад Жалханз хутагт Дамдинбазар, Гадаад яамны тэргүүн сайдад шанзудба Дашзэвэг, Цэргийн яамны тэргүүн сайдад бишрэлт ван Доржцэрэн, Сангийн яамны тэргүүн сайдад Лувсанцэвээн, Шүүх яамны тэргүүн сайдад бэйс Чимиддорж, монгол цэргийн жанжинд Хатанбаатар Магсаржавыг тус тус тохоон томилжээ1. Ийнхүү Богд хаан тэргүүтэй, монгол ноёдоор бүрэлдсэн засгийн газар байгуулагдсанаар Монголын төрийг сэргээснээ зарлав.
Барон Унгерн 3 сарын эхээр Нийслэл Хүрээг дахин дайрсан хятад цэрэгтэй тулалдан, 3 хоногийн дараа буулган авсан ба улмаар Чойр, Хаалганы байлдааны ажиллагааг биечлэн удирджээ.
Улаан хадны байлдаанд Балжинням бэйс, Сундуй гүний захирсан 1200 орчим монгол цэрэг хятад цэргийг бут цохиж ихээхэн хохирол учруулсан бол 3 сарын эцсээр Чойрын сүмийн ойролцоо гамин цагаантны хооронд сүүлчийн тулалдаан болжээ. Хятад цэргийн захирагчид хил даван нутагт зугатаж, хятад цэрэг 4000 орчим хүнээр хохирчээ. Хятад цэргийг хөөн зайлуулсан Унгернд Богд гэгээн хошой чин ван цол шагнаж, дагалдагсдыг ч нэгэн адил хөхүүлжээ.
1 Н.Магсаржав. Монгол улсын шинэ түүх.УБ. 1994. Тал 192.
Унгерны үнэн нүүр царайг монголчууд тун удалгүй ойлгож эхэлжээ. Монголын төр, шашны тэргүүн Богд гэгээн ба Унгерны хоорондын харьцаанд ан цав гарч, Богдоос Унгерны үйл ажиллагаанд ихээхэн болгоомжтой хандах болжээ.