1983-1984 онд намын дээд удирдлагад ч хэд хэдэн ээдрээ будлиантай үйл явдал болов. 1984 оны 1 сард МАХН-ын Төв Хорооны Улс төрийн Товчооны гишүүн, Намын Төв Хорооны нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад өндөр насны тэтгэвэрт гарч хэдхэн сар болж байсан С.Жалан-Аажавыг Ц.Лоохууз, Б.Нямбуу, Б.Сурмаажав нарын “намын эсрэг” бүлэг гэгчид /1964 он/ идэвхтэй оролцсон гэж Намын Төв Хорооны дэргэдэх Намын хянан шалгах хорооны хурлаар хэлэлцээд “С.Жалан-Аажавын намын эсрэг явуулгын тухай” тогтоол гаргаж, түүнийг нутаг заан суулгасан байна. Энэ нь С.Жалан-Аажав “намын эсрэг бүлэг” гэгчид оролцсондоо гол нь биш, харин намын дээд удирдлагын дураар авирлах, намын ёс зүйг умартах, төрийн хууль, дүрмийг ноцтой зөрчих явдлыг таслан зогсоох чиглэл, хандлага бүхий санаа гаргаж байсантай холбоотой юм.
МАХН-ын Төв Хороо, “Монголын урчуудын эвлэлийн хорооны ажлын тухай” /1969/ тогтоол гаргаж, “... сүүлийн 2-3 жилд манай зарим зураач үзэл сурталгүй бүтээл гаргах, хөрөнгөтний урлагийн хэлбэрдэх арга барилыг дуурайсан хийсвэр зураг зурсан нь уран бүтээлийн зарим ажилтан харш үзэл суртлын нөлөөнд ямар нэг хэмжээгээр автагдсаныг гэрчлэх баримт мөн”1 гэж тэмдэглээд, зураач О.Цэвэгжав, П.Балдандорж, Г.Дунбүрээ, Г.Соосой нарыг буруушааж арга хэмжээ авсан байна. Үнэн хэрэгтээ тэд уран бүтээлдээ шинийг эрэлхийлж, модернист чиглэлийг туршин үзэж байсан юм.
1970 онд МАХН-ын Төв Хороо акадаемич Ц.Дамдинсүрэнгийн “Орос-Монгол толийн хавсралтын тухай” хэлэлцэж, “Мянган жилийн харьцуулсан хуанли”-д В.И.Ленин, VIII Богд Жибзундамба нарын төрснийг нэг зиндаанд дараалуулан бичих зэргээр ангич байр суурь, улс төрийн сонор сэрэмж алдсан, шашны болон үндсэрхэх үзэл бүхий зарим баримт сэлт оруулсан гэх мэтээр зэмлэн буруушааж, худалдагдсан цөөн тооны толийг хураан авч, номын худалдаанд байгаа толийн хавсралтыг салган авч устгасан байна. Гэтэл толийн эл хавсралт нь сахь эрдэмтний нөр их хөдөлмөрийн үр дүн, ард олонд түүхийн боловсрол, мэдлэг олгож, үндэсний ухамсрыг төлөвшүүлэхэд чухал ач холбогдолтой туурвил байсан бөлгөө.
1976 онд Намын Төв Хороо “Залуучуудын үнэн”, “Улаанбаатарын мэдээ” сонинд нийтэлсэн, радиогоор нэвтрүүлсэн “харш үзэл бүхий найруулал”-ын тухай хэлэлцэж, Г.Жамъян, Г.Дугар, Ж.Дашдондог, Ц.Шийрэв, Ө.Цэдэндорж, Ж.Барамсай зэрэг 20-иод сэтгүүлчийг зөвлөлтийн эсрэг үзэлтэн болгон арга хэмжээ авсан байна.
Интернационализмын далбаан дор үндэстэн ястны хэв заншил, өвөрмөц онцлогийг ч үгүйсгэж байв. Намын Төв Хороо “Интернационалч хүмүүжлийн ажлыг хүчтэй болгох тухай” /1978/ тогтоолдоо: “Баян-Өлгий аймагт зарим хүн, түүний дотор удирдах зарим ажилтан ч орон нутгийн явцуу, отог омгийн үзэлд автах, түүний илрэлтэй тэмцэхийн оронд эвлэрэнгүй хандах, интернационалч хүмүүжлийн ач холбогдлыг дутуу үнэлэх ноцтой дутагдал гаргаж” байгааг тэмдэглээд, хүмүүсийн ахуй, ухамсарт үлдэж хоцорсон хуучин нийгмийн явцуу отог омгийн үзэл нь МАХН-ын марксист-ленинист улс төрийн бодлого, интернационалч хүмүүжилд харш бөгөөд үндсэрхэх үзэлд хүргэх аюултайг анхаарч, түүний аливаа илрэл, хоцрогдол зан заншилтай шийдвэртэй тэмцэл явуулахыг заажээ.
1980 онд МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчоо “БНМАУ-ын түүхийн дээж бичиг”, “БНМАУ-ын түүхийн сурах бичиг”-ийг зохиосон эрдэмтэн Г.Сүхбаатар, Л.Жамсран нарыг Монголын түүхийн дээж бичиг бэлтгэхдээ “марксизм-ленинизмийн эх зохиолоос оруулалгүй”, хятад эх сурвалжийг голчилж, ангич, намч байр суурь, улс төрийн сонор сэрэмж алдсан хэмээн буруутган арга хэмжээ авч, судалгааны ажлаас нь хөндийрүүлж, алба амьдралаар нь хохироож байв.