http://www.zoofirma.ru/

Дэлхийн 2-р дайны үед нийтийн дайсан Германы фашистуудтай эрэлхэгээр тулалдаж байсан Зөвлөлтийн улаан армид өгөөмөр сэтгэлтэй Монголын ард түмэн хүлэг морьдынхоо аль сайнаас нь бэлэглэж байсан юм билээ.Тэр агтны зарим нэг нь хаа газраас ирсэн нь мэдэгдэхгүй эцэж туйлдан, ядарч зүдэрсэн гүйж ирсэн тухай үлгэр домог шиг яриа байсныг насны багад анзааралгүй өнгөрч дээ.

 

1972, 73 оны үед хүлэг морьтой холбоотой сэтгэл сэртхийлгэсэн хоёр зүйл сонинд нийтлэгдсэний нэг нь унаж эдэлж дийлээгүй залуу морио хоригдлуудын идшинд өгчихсөн чинь тэр нь сугандаа гуурстай байсан тухай нэр, хаяг, баримттай зүйл, нөгөө нь Вьетнамаас монгол адуу биендээ олон шарх сорвитой хүрч ирсэн (тухайн үед гуурстай хүлгийн тухай би өөрийн биеэр уншсан боловч газрын холоос гүйж ирсэн адууны тухай олж уншаагүй) тухай нийтлэл гарч байсан талаар хүмүүст ярихад өрөвдөх, хайрлах сэтгэлээр сонсох хүн байхад тийм юм гэж хаанаас байхав дээ, уран сайхны аргаар дүрсэлсэн зохиомж байлгүй гэж хэлэх хүн ч тааралддаг.

Морь ярих сонирхолтой миний бие өнгөрсөн хавар Нарантуул зах дээр хэдэн танилуудтайгаа адууны талаар хуучилж байснаа "1970-аад оны эхээр бэлгэнд өгсөн азарга Вьетнамаас гүйж ирсэн тухай сонинд бичигдсэн байсан юм. Замын саад, уул, ус, даваа гүвээ, гол мөрнийг яаж туулж ирсэн юм болдоо гэж яригдаж байсандаа. Тэр талаар ярихаар зарим хүмүүс худлаа гэдэг юм" гэхэд миний дотны танил Сэрээнэн: -Тэр үнэн. Хоёр жилийн урд ээжийнхээ бурхан тахилыг тоосолж суухдаа зурмал бурхны жаазны ар тагийг авч доторхы нь засч янзлахад сонингийн хайчилбар байхаар нь уншсан чинь хүрэн зүсний байлуу даа, нэг адуу тэр холоос гүйж ирсэн тухай аавын маань амьд сэрүүндээ хайчилж хадгалсан зүйл байсан, одоо ч байгаа гэсэн. Завханы Тосонцэнгэлд айлын бурхан тахил дотор тэр хайчилбар байгаа юм чинь архив, айлын номын сан, авдар, шүүгээнд байж л байгаа.

...Төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засагтай нийгмийн үед манай улс хавар 5-р сард гадаадад гаргадаг мал мах бэлтгэх ажлаа сум бүрт хийж мал бүхий иргэдээс авсан малаа хүч тарга авахуулан нутаг ойролцоогоор нь Улаанбаатар, Дархан, Дорнод, Баян-Өлгий аймгуудад хөлөөр нь тууж хүргэдэг байсан.

- Завхан аймгийн Баянхайрхан сумын малын эмч А.Товуу гуай 1966 онд Улаанбаатар хот руу бэлтгэлийн мал туухдаа жороо бор хээр морио ариг гамтай унаж эдэлж явсаар Төв аймгийн нутагт гайгүй үнэ өгсөн хүнд худалдчихаж. 8-р сарын сүүлээр малаа тушаагаад тооцоогоо бодуулж хөлсөө авсан Товуу хотод байдаг ах дүүсээрээ орж, хоршоо дэлгүүрээс ойр зуурын хэрэгцээт зүйлээ аваад машин техник хөлөглөж аймаг, сум дамжин 9-р сарын эхээр гэртээ харьсан байна.

Олон хоног, сараар адуу малаасаа хөндийрсөн хүн адуугаа эргэж унаа морио солиход хэдэн морьд нь тарга тэвээрэг сайтай сайхан л байж.

Очсоноосоо хойш cap гаруйн дараа адуун дээрээ очиход Улаан-баатар хотын \Баянхайрхан сум, Улаанбаатараас 1050 км зайтай\ ойролцоо зарсан жороо морь нь адуундаа байж байна гэнэ. Арай биш байлгүй, би эндүүрч байгаа хэрэг гээд дэргэд нь очсон чинь яг зүсээрээ... 1000 км-ын цаана орхисон биш билүү? Би ижилдээ ирчихсэн байна. Намайг харж байгаа биз гэсэн байдалтай эзнээ ширтэх морио хараад өөрийн эрхгүй хоёр нүдэнд нулимс хурж билээ гэж Товуу эмч хуучилдаг байсан.

-Шувуун фабрикийн харалдаа голын хойно Булагийн тохой, Хүйтний онгорхой орчмоор нутаглаж байсан Содгоо \Содномжамц\ олон жилийн урд надтай хүүрнэлдэж байхдаа "Би Баянхонгороос Дарханд хэдэн жил мал туусан. Хүрээ Маралын Дэнсмаагийн хээр морийг гурван жил тууварт унаж, гурван удаа худалдсан. Зам зуураа ч худалдсан, Дарханд дөхөж очоод худалдсан. Гурвуулаа нь нутагтаа гүйж очсон. Адуу сонин амьтан. Тэр тусмаа тэр хээр морь нутаг амьтай адгуус байсандаа гэж ярьж билээ"

- Өмнөговь аймгийн Манлай сумын худалдаа бэлтгэлийн ангийн жолооч байгаад одоо хувиараа хөдөлмөр эрхэлж буй Сувдхүү наян хэдэн онд хар зүсний унаган морио Улаанбаатар хот руу туувар туусан хүнд хэдэн төгрөг болгоод ирэхийг хүссэнд цаадах нь хүсэлтийг ёсоор болгон хар морийг боломжийн үнээр борлуулжээ.

Тууварчин буцаж очиход хар морь зэрэг шахам ижилдээ очихоор нь хот оруулж худалдаагүй, хотны захад борлуулсан юм шив дээ гэх мэтээр тоглоом шоглоом болоод өнгөрчээ. Хойтон жил нь дахиад тууварт авч яваадУлаанбаатархотын мал бааз дээр борлуулсан боловч хар морь ижилдээ гүйгээд оччихоор нь өрөвдөөд дахиж зараагүй нутагт нь ясы нь тавиулсан даа гэж хэлж байсан.

-2013 оны 5-р сард Ховд аймгийн Зэрэг сумын ардын аж ахуйтан Г. Батаа Төв аймгийн Баянхангай сумын Ц. Батсайханаас найман настай азарга, хоёр үрээ худалдаж аваад нар шингэхийн үед машинд ачаалж 1200 гаруй км газрыг хоёр өдөр, хоёр шөнө туулж гуравдахь шөнийн ОЗ цагт Зэрэгийн баруун хаяанд очжээ.

Хоёр хоног хоолтой хоолгүй ачигдсан адуунуудаа аргамжаад унтсан залуу хархүү бага үдийн алдад сэрээд аргамжаатай байгаа азаргаа услаад аваад ирэхийг ахаасаа хүсэхэд ах нь дүүгийнхээ хэлснээр аргамж, чөдрийг нь тайлаад услахаар худаг руу хөтөлж очоод алдчихаж. Суларсан азарга Их Гүвээ давж Зэрэгийн хөндий туулаад Зүүн хөдөе өгсөж Хөтөл усаар даваад Чандмань сумын Тахилт баг \3авхан аймгийн Дөрвөлжин, Говь-Алтай аймгийн Хөхморьт сумтай хил залгаа\ орсныг нь хурдан техникийн ачаар гүйцэж барьж авсан байна.

Хөлөөрөө биш машинаар, өдөр биш шөнө тэр нутагт очсон адгуус энэ зүгт явбал нутагтаа очиж ижилдээ нийлнэ гэдгээ яаж мэддэг байна аа. Дуучин Хосбаярын дуулдаг бодит үнэнээс сэдэвлэгдсэн Эхийнхээ хээлэнд зарагдсан унага Ижлээ орхин нутгаа зорьдог тухай дууг сонсох бүрт буянт малтай харьцдаг монгол хүний самсай шархирахгүй байхын аргагүй юм билээ.

Ганц адуу ч биш тэмээ, үхэр, ямаа, нохой хүртэл идээшиж дассан нутаг бэлчээрээ бэдэрсэн жишээ олон. Увс, Ховдоос Сэлэнгэ, Булган, Төв аймаг руу малтайгаа нүүдэллэж ирсэн хүмүүсийн яриаг сонсож байхад мал нь орой бүр нутгийнхаа зүг харж хэвтдэг, өглөө босоод ирсэн зүг рүүгээ бэлчдэг гээд өрөвдмөөр зүйл ярьцгааж л байсан.

Социализмын үед харийн, хүнтэй гэр бүл болох, гадаадад цагаачлах асуудал давшгүй даваа, бүтэшгүй зүйл байлаа. Өнгөцхөн бодоход хэний хүү, охин аль орны хэнтэй ч гэр бүл болж болох мэт санагдавч монгол хүний ген, иргэнийхээ эрх ашгийг хамгаалах үүднээс тухайн үеийн төр, засгийн удирдлага хатуу байр суурь баримталдаг социалист, капиталист хоёр системийн улс төрийн бодлого, шашин шүтлэг, ёс заншил бас нөлөөлж байсан.

1980 хэдэн онд Микоян хочит Дамдинсүрэн гэдэг эр Монголоос анх гадаадад гэр бүлээрээ цагаачлах эрх олж авахдаа амаргүй даваа давж зам зуураа авч явсан эд зүйлээ алдаж үрэгдүүүлэн зовж зүдэрч явсан тухай үнэн худал нь мэдэгдэхгүй ам дамжсан үг дуулдаж, төрөлх сайхан эх орноо голж гоодон, харь орныг сайн сайхан хэмээн доншуучилж яваа хүн яаж ч өөдтэй явах вэ гэсэн яриа зарим хүмүүсийн амнаас гарч байж билээ...

Удалгүй цагаан морин жилийн хувьсгал гарч одоо бидний амьдарч байгаа хүнлэг, энэрэнгүй, ардчилсан гэсэн халхавчтай харгис нийгмийн үр шимийг үзэхийг хүссэн хүмүүсийн уяа хүлэг тайлагдсанаар олон мянган хүн \голдуу залуус\ хөлөө хүрэх газар очиж, хэл нэвтрэх бүхэнтэй харьцах боломж олдсоны бодит нэг жишээ нь харийн хүнтэй гэр бүл болох асуудал.

Гадныхантай гэр бүл бологсод энэ тухайгаа тайлбарлахдаа нутаг нэгтнүүдээ амь, амьдралдаа арчаагүй ханддаг, соёлгүй бүдүүлэг, архичин, тамхичин [залуучууд энэ шүүмжлэлд ач холбогдол өгч дутагдлаа засмаар] гэх мэтээр гоочилдог ч тэр улс гүрэн, газар орныхоо эрчүүдээс удам судар, заяа тавилан сайтай, өндөр боловсрол, өргөн мэдлэгтэй, соры нь олж ханилдаг уу гэвэл үгүй.

Хир тааруу "амьтад"-тай гэр бүл болцгоосон байдаг. Түүгээр ч барахгүй шашин суртал, ёс заншлын дарамтанд орсон, сэтгэл санаа, эд материалын эрх чөлөө эдэлж чадаагүй зарим нь салж сарнин эх нутгаа бэдэрч байхад, нэрэлхүү нэг нь насаа өтөлж, үсээ цайтал тэсэх аядан унасан газар, угаасан усаа санан гансарч эцсийн мөчид эх орондоо ясаа тавихын хүслэн болж явдаг нь нууц биш ээ.

Тэдний сэтгэлийн мухарт "хүний нутгийн бурханаас өөрийн нутгийн буг дээр" гэсэн үг бодогддог ч нэгэнт хийсэн үйлийн лайгаа үүрэхгүй гээд яалтай билээ. Голсон юм голд орж, шилсэн хүн шилэн хүзүүн дээр морддогийн шидийг үзэхээр эргэх хорвоогийн аясыг дагаж шар нар, бор хоногийг өнгөрөөхөөс өөр аргагүй.

Уг нь "хүүхэн хаашаа бол хархүү тийшээ, хүзүү хаашаа бол толгой тийшээ" гэдэг үг байдаг даа. Үнэхээр л тийм сайн, сайхан хүн юм бол эх орон нэгтэнтэйгээ ханилаад өөд нь татаад хүний дайтай амьдарч болмоор... За энэ ч яахав. "Үйл эзнээ дагаж, үнээ тугалаа дагадаг" юм хойно...

1970 хэдэн оны дунд үеэр Сүхбаатар аймагт хэдэн жил ажиллах үүрэг надад ноогдсон юм. Тэр нутагт хочгүй хүн ховор. Аймгийн хойд талын суманд амьдардаг ахимагдуу насны нэгэн эрийг Алдуул хэмээн хочилдог тухай хүн надад танилцуулахад нь "- арай ч дээ. Мал биш хүнийг алдуул гээд байхдаа яадаг юм бэ" гэхэд аль 1930 хэдэн онд Увс аймгаас Байшинтын дивизэд ирж цэргийн алба хаагаад \Японы милитаристүүдээс эх орноо хамгаалах монголын цэргийн гол хүч Сүхбаатар аймгийн Халзан сумын Байшинтад байрлаж байсан юм.\ манай нутгаас гэрлэж 30 гаруй жил нутгийнхаа барааг хараагүй хүнийг өөрөөр юу гэж нэрлэх юм бэ? хэмээн миний амыг таглаж билээ.

Тухайн үед уг хүний тухай сонсоод цочирдож байсан бол одоо Монголоос зуларсан алдуулуудын тоо толгой тоймгүй болохоор энэ асуудал ерийн үзэгдэл мэт санагдах болждээ. Тэр ч бүү хэл, тийм хүний үр сад эвгүйтээд шарил чандруу нь ирж гэнэ ээ гэхэд эхэн үедээ сэтгэл сэртхийдэг байсан бол хоорондох хоног хугацаа нь ойртсон зөөврийн олон шарилын /Ард үлдэгсэддээ муу гээд монголчууд өөд бологсдын, тэр тусмаа эмэгтэй хүний шарилыг зөөвөрлөдөггүй заншилтай байсан гэдэг/ тухай сонсоцгоогоод байх ёстой зүйл юм шиг бодогдох болжээ.

Алдуул Монголчуудын аав ээж, ахан дүүстэй нь уулзаж учран ярилцаж байхад арай сэргэлэн золбоотой нь гадаадад гарцгаадаг. Хүү тэнд ажиллаж, охин тийм сургуульд сурч байгаа гэх боловч эх орныхоо хөгжил цэцэглэлтэнд зориулж төдий хэмжээний хөрөнгө мөнгө хандивлалаа, улс ардын аж ахуйн
салбарт хэрэг болохуйц санал санаачлага ирүүллээ, бидний амь амьдралд нэвтрүүлмээр ийм арга туршлага байна гэнэ гэж ярих хүн тааралдахгүй \ар гэр орондоо тус дэм болгон ирүүлдэг тав арван зоосыг би үгүйсгээгүй\, эх орон, төр засгийнхаа удирдлагыг муулан, боломжтой нэгнийгээ ар араасаа чирч гулдран хүний нутаг гүний хошуунд шингэхийг хичээдэг, мах идэж өсчихөөд манайсдаггүй, өөх идэж өсчихөөд өөриймсөг сэтгэлгүй зуугуулууд олшроод байгаа нь сонин.

Мөнгөн ембүүн хэлбэртэй Монгол эх оронд төрж өсч хөл нь дөрөөнд гар нь ганзаганд хүрсэн хэн ч болов эх орон ард түмнийхээ тусын тулд хийх ажил багагүй байна. Сурч мэдэж, эзэмшсэн мэрэгжлээрээ эх орондоо ажиллая, хийе бүтээе гэхээр одоогийн төр засгийн удирдлага нөхцөл боломжоор хангадаггүй, дэмждэггүй гэсэн шүүмжлэлийг хэлдэг. Энэ үнэн.

Ард түмнээ бодохоосоо илүү хувийн эрх ашиг, нэр хүндээ бодож төрд суудал эзэлсэн эрхмүүдийг хилийн чандаас хараад суугаад байвал "бухын доодохыг хараад үнэг турж үхэх"-ийн үлгэр болно. Хувиа борлуулж довоо шарлуулан амьдарч байгаа аргаасаа салцгааж цааш явах газаргүй мухардалд ороод байгаа капиталист нийгмийн чиг баримжааг өөрчлөх, хөгжлийн өөр гарцыг сүвэгчилэхэд мэдлэг боловсрол, оюун ухаан, бие сэтгэлээ зориулах шаардлага хүн бүхэнд тулгарч байгааг дэлхийн олон улсад ажиллаж, амьдарч буй нутаг нэгт монголчууд маань анзаарах, анхаарах болоогүй юм болов уу даа.

Хүн өөрийгөө малаас дээр гэж үздэг. Мал нутгаа бэдэрч ижилээ дагаж байхад арав, хорин жил гадаадад ажиллаж амьдарсан хүмүүс их л юм үзэж, мэдэж ойлгосон баймаар...

Элсжиж, тоосжсон ч гэлээ эх орон нь, ухаа, хогтой ч Улаанбаатар нь хүлээж байна аа. Харь нутагт хатирч, хальтирч явтал хамаг сайхан залуу нас, хийх бүтээх чадал, чадвар чинь дундарч, дуусчих вийдээ...

Т.Баттулга