http://www.zoofirma.ru/

Жужан нар Дунхугийн нэгэн салбар хэмээгддэг Сяньби нараас гаралтай гэдэг нь мэдэгдэж байна. Нанхиад сударт Дунху буюу монголчилбол Дорнод Ху хэмээн тэмдэглэсэн нүүдэлчин аймгуудын нэгтгэл нь Монголчуудын өвөг дээдэс байсан гэдэгт судлаачид санал нэгтэй байдаг.

 

Жужан улс морьт цэрэгтэй байлаа. Тэгэхдээ хүнд,хөнгөн хоёр төрлийн морин цэрэгтэй байв. Монгол улсын Ховд аймгийн Эрдэнэбүрэн цумын хутагт Цамбагарав уулын “Хар хад” гэдэг хаданд сийлсэн хуягт морин цэргийн зураг нь Жужанд холбогдоно гэж судлаачид үздэг байна.
Жужанд урьдын нүүдэлчдийн төр ёсны уламжлалд тулгуурласан гадаад харилцааны тогтсон дэг байжээ. хаан төр улсын дээд эзний хувьд гадаад харилцааны аливаа асуудлыг төвлөрүүлэн шийдвэрлэдэг ч ингэхдээ элч төлөөлөгч илгээх, бичиг захидал солилцох зэргээр цаг үеийн байдалд нийцүүлсэн бодлого үйл ажиллагаа явуулдаг байв. Мөн төрийн түшмэд нь ямар нэгэн ёс бус алдаа гаргахыг үл зөвшөөрдөг, гаргасан тохиолдолд шийтгэл хүлээдэг байжээ. Жужан нар элчийг илгээхдээ, гол төлөв төрийн өндөр албаны нэр нөлөө бүхий,буурьтай,туршлагатай зүтгэлтнүүдийг шилж сонгон яүүүлдаг тэд ч харь оронд очоод баримтлах хатуу тогтсон ёс журамтай байсан бололтой.
Жужан нар идэвхитэй, уян хатан гадаад бодлого явуулахыг эрхэмлэдэг байжээ. Жужан улсын нийгэм-төрийн байгууллыг ныгтлан үзсэн эрдэмтэн Г.Сүхбаатар тэдний төр ёсны олон зүйл нь хожмын нүүдэлчдэд, түүний дотор монголчуудад улламжлагдан өвлөгдөж, цаашид боловсронгуй болж, хөгжсөн гэдгийг цохон тэмдэглэсэн байна.
Зарим судлаачийн өгүүлснээр, тэр үед Жужан улсын газар нутгийн зүүн өмнөд хязгаар нь Солонгос улсад баруун этгээд нь Хар Шаар (Сайр), умард тал нь Байгал далай, өмнөд хязгаар нь Их элсэн говьд тулж байжээ. Тэдний хааны орд өргөө Хангай ууланд байсан бололтой
Жужан улс олон удаагийн гаднын довтолгоон, мөн дотоодын дайн самуунд өртөж, бас төрийн эрхийн төлөө тэмцэл үргэлжлэн өрнөж ирсэн зэргээс ихээхэн сулдан доройтоод байв.
Тоба улсын халдлага довтолгооноос гадна Жужан улсыг мөхөлд түлхсэн нөгөө нэг шалтгаан нь түүний харьяа Түрэг, Уйгур аймгуудын эсэргүүцэл тэмцэл байжээ.
Тянь Цзяньы хаанчлалын үе буюу 507-519 оны үед Динлин нарыг бут цохиод, дотоод, гадаад давхар хэрэм бүхий хотыг анх удаа байгуулж эхлэн, түүнийгээ Мумэчон (мумо) гэж нэрлэсэн байна. Энэ хот чухам хаана байсан нь тодорхойгүй . Г.Сүхбаатар Мумо хотыг Хар хорум хавьд байсан, Ц.Хандсүрэн Архангай аймгийн тамирын хойд эрэгт буй Мөөмт толгой хавьцаа байсан гэж үзсэн байдаг
Жужан улс эрдэмтэй хүн олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг, харилцдаг байсан аж. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолонн бодож чаддаг, мэрэг төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хүн байсан гэдэг.
Жужаны хаан Чоуну цухуй хэмээх нэгэн хүүтэй байж. Гэтэл тэр хүү гэнэт алга болж. Түүнийг эрээд эс олсон учир Дивань хэмээх удганаас асуухад.- Танай хүү одоо тэнгэрт байна. Би түүнийг дуудан ирүүлж чадна гэжээ. Хүүгийн эцэг, эх нь баярлан түүнийг дуудан ирүүлэхийг удганаас хүсчээ. Тэгээд Дивань удган хүүгийн эцэг, эхээр намагтай газар майхан(гэр) бариулаад, хоног ариутгал мөргөл үйлдэн, тэнгэрт залбирсны дараа шөнө цухуй хүү майханд нь ирсэн байжээ. Хүү эцэг эхдээ -Би одоо болтол тэнгэрт байсан гэжээ. Чоуну хаан, түүний хатан хүүтэйгээ уулзсандаа баярлан, их найр хурим хийн, Дивань удганд гэгээн дагина цол өргөжээ.Мөн Чоуну хаан уг удганыг авч хатан цол өгөөд, түүний нөхөр Фушэнмү гэгчид бас хэргэм зэрэг шагнан, адуу, үхэр, хонь гурван мянгыг өгчээ. Харин хэдэн жил өнгөрсний дараа Цухуй хүү өөрийн эцэг, эхдээ: -Би тэнгэрт байгаагүй, Дивань удганы гэрт л байсан юм гэж хэлсэн байна.
Энэ домгоос, Жужан нар бөөгийн мөргөл шүтдэг, тэнгэр, удганд итгэдэг байсан нь тодорхой харагдаж байна. Жужан нар тийнхүү бөө, удганыг шүтдэг байсан хэдий боловч бас эмчийг хүндэтгэн үздэг байж. Жужаны эрх баригчид 483 онд Өмнөд Ци улсын хаанаас эмч илрүүлэхийг хүсч байсан нь дээрхийн нэг баримт болно.
Жужаны соёлын бас нэг онцлог бол тэдний дунд хожимхон бурхны шашин түгэн дэлгэрч, бүр төрийн шашны хэмжээнд хүрсэн явдал юм. Судалгаанаас үзэхэд, бурхны шашин Хүннүгийн үеэс Монгол нутагт ямар нэг хэмжээгээр нэвтэрч эхэлсэн ба Жужаны үе болоход хөгжин гүнзгийрсэн байна. Тийнхүү Жужанд бурханы шашин дэлгэрэхэд тухайн үеийн нийгмийн дэвшил хөгжил, зарим хэрэгцээ шаардлага, хөрш улс орнуудад бурхны шашин түгэн дэлгэрч байсан зэрэг хүчин зүйл нөлөөлжээ.
Жужан нарт хожмын Монгол туургатанд байсан улирах гэрлэлтийн ёс (левират) ёс байсан аж. Өөрөөр хэлбэл эцэг нь нас барвал, хүү нь хойд эхтэйгээ гэрлэдэг, ах, дүүсийн нэг нь нас барвал, нөгөөгийнхөө эхнэрийг авдаг байжээ.энэ н; хожмын монголчуудад байсан ёс юм. Эрдэмтдийн судалгаанаас үзвэл, Жужан нар хар овгоос гэрлэх ёсыг (экзөгам) ёс) чанд баримталдаг байжээ. Тэдэнд мөн хааны угсааныхан , удган мэтийн ихэс язгууртан хүмүүсийг цус гаргахгүй алах заншил байв. Датань хаан 414 онд хаан угсааны Булучжэнь, Шэба хоёрыг, мөн бас Чоуну хаан Дивань удганыг тус тус бүтээн алсан байна.XIII зууны эхээр Чингис хаан Жамух сэцнийг мөнхүү цус гаргалгүй хороож байсан билээ.Бурхны шашин дэлгэрсэнтэй холбоотойгоор хүний гавлаар аяга хийх ёс мөн байжээ.Нэг баримт дурдвал, Чоуну хаан Өндөр тэргэтний Миэтү ванг ялж, баривчлан гавлынх нь ясаар аяга хийлгэсэн гэдэг.Жужан нарын дунд өөрийн гэх баяр ёслол байжээ. Тэдний мэддэг юм нь гэвэл бөх барилдах, морь уралдах юм гэсэн Хятад сурвалжийн мэдээнээс энэ нь харагдаж байна.
Дээр өгүүлсэн зүйлийг хураангуйлаад, Жужан нар нь Монголчуудтай гарал, түүх, хэл соёлын холбоотой бөгөөд Монгол угсаатны соёлын нийтлэгт хамаарагдах ард түмэн байжээ гэж болно. 1Г.Сүхбаатар. Монгол Нирун улс.УБ., 1992. Тал 155-156, 2Мөн тэнд, тал 157
Түүхийн жимээр хөтөлсөн Д.Жаргалсайхан