http://www.zoofirma.ru/

 

Толой бэхи дөнгөж 17 нас хүрч хорвоогийн явдлыг сэтгэлдээ таамаглахаас цаашгүй боловч, хайр сэтгэлийн гал асаж, сайхан эрийг харж таалахын хүслэнд автаж буй цаг байв. Чэчэйхэн дүүтэйгээ хаяа бөлзөг няслан тоглож,

тас тас инээн хөгжин наадаж, тунгалаг цагаан царай, урт гэзгэндээ нарийнхан мөнгөн даруулга зүүдэг, өргөн хар хөмсгөө хөдөлгөн ярьдаг, дүрлэгэр хархан нүдээрээ аливааг тогтуун ажиглаж, дуутай харж суух нь түүний үлэмжийн төлөвхөн занг гэрчлэн харуулдаг байв. Түүний Алага бэхи, Алалтун бэхи эгч нар хэдийнээ харьд мордож, төр барьсан их хатад болжээ. Толойг хааны шадар дайчин нөхөд, овог аймгийн хунтайж нар шохоорхон харж, зарлиг хүргэх нэрийдлээр тэдний гадуур явах дуртай байв. Гэвч тэрбээр их хааны танхил охины хувьд наашаа харсан бүхний өөдоос олзуурхсан өнгөөр ханддаггүй, дотроо хайр санааг хүндэтгэн үзэж, түүнд баясах сэтгэлийн хүчтэй байсан тул чавхдаст хөгжим өөрөө оролдон сурч, сэтгэлийнхээ гүнд түүний утга санааг бодон, өрөөдөлд автан явдаг байв.
Үлэмжийн ухаалгаар аливааг сэтгэн, байн байн бодолд автан байдаг гэдгэрдүү гоолиг нуруутай Толой охиндоо хаан эцэг, хатан эхнь нэн хайртай болохоор туүнийг аливаа эрдэмд тэгш боловсруулахыг хичээж, анхаарал халамж тавьдаг байв. Толой ном эрдэмд шамдангуйн дээр, дэргэдээ төр барих болон хатан ухааны олон төрлийн хичээл заах багш нарыг байлган, өдөр бүр тусгай гэрт ном заалган суудаг ч, өөрөө сэтгэлээрээ үнээ мал саах гэж оролдон, зав чөлөөндөө малын зэлэн дээр очиж саальчид, зарц шивэгчин нартай инээд наадам болж байдаг нь түүний ерийн зан ааш байлаа. Бөртэ хатан энэ үед охиноо өрөвдөнгүй харж: "Бүсгүй хүн богино жолоотой амьтан, хэдий чинээ аав ээжийнхээ дэргэд удах билээ, насныхаа ханийг өөрөө биш хаан эцгээрээ мэдүүлэх тул төр засах эрдэмд нарийн мэргэшихийн зэрэгцээ юу ч сурсан илүүдэх юм байхгүй" хэмээн бодож аль болох эрх дураар нь байлгаж, үнээ гүү саах юм оёход нь дураар нь байлгахыг хүсэж байв
1211 оны хонь жилийн хавар Чингис хаан Толой охиноо харлагийн Арслан хаантай гэрлүүлсэн байна. Харлаг нь уйгуруудын нэгэн адил Хар Киданы хяналт дор, гэхдээ алс баруун хязгаарт амьдарч байсан улс байв. Арсланг монголчуудад дагаар орох үед харлагийн нийслэл нь одоогийн Казакстан улсын нутаг дэвсгэрт доод Ил мөрний эрэг дээр байрлаж байв. Арслан хаан ийнхүү Толой гүнжтэй гэрлэхэд, Чингис хаан түүнийг Арслан хаан гэж яахин дуудаж болно гээд түүний энэ цолыг хэрэгсэхгүй болгожээ. Хэрэб түүнийг энэ хаан цолоо авч үлдэхийг зөвшөөрвөл, зарим албат иргэд нь түүнийг хаан удмын монгол эхнэрээсээ илүү өндөр юм уу, ядаж л ижил зэрэг дэвтэй гэж ойлгож болохоор байжээ. Чингис хаан харлагийн удирдагчийн нэрийг Сартын Арслан гэсэн утгатай Арслан Сартагтай гэдэг нэрээр солив. Чингис хаан түүнд мөн хүргэн буюу Хүргэн ханхүү цол олгожээ.
Чингис хаан Алага бэхийг хятад руу нэвтрэх үүдэнд байрлуулж байсантай адил, охин дүүг нь харлагийн бэр болгон тэр газар орныг захируулснаар өмнө зүгт мусульманчуудын нутаг, баруун зүгт түрэгийн тал нутгийн овог аймгууд, бүр цаашлаад Орос, Европт нэвтрэх монголын гарц болгон ашиглах боломжтой болов. Арслан ч хүргэний үүргээ хүлээн зөвшөөрч, Чингис хааныг даган дайн тулаанд мордож, харин монгол гүнж нөхрийнхөө эх нутагт үлдэж, их сууринд заларчээ. Толой хатныг харлагийн улсын хааны ордонд морилоход түүнд зориулан гоо бүсгүйчүүл бүжиг наадам зохиож, их хүндэтгэл үзүүлсэн байна. Толой бэхи ч өөрийн хөгжмийн авьяас чадлаа гайхуулж, чавхдаст хөгжмөөрөө гүн уянгалаг эгшиг тоглоход баярлаж бахархсан Арслан хан хатандаа их хэмжээний гоёл чимэглэл, алт мөнгөөр шагнахаар болоход нь Толой тэдгээрээс татгалзан, оичгиин эрдмийг түгээн дэлгэрүүлэх, судар номыг хэвлэн тараах үйлсэд хөрөнгө хүчээ зарцуулахыг эрхэмлэн, үүнийгээ ажил болгон сургууль соёлын газар байгуулахаар болсонд харлагийн ханы ордны доторх болон гаднах хүмүүс ихэд бишрэн хүндэтгэх болжээ.
Энэ бол Чингис хааны хүсэл зоригоор хүмүүжиж, дайчин хатад болсон эгч нарынхаа арга туршлагыг өвлөсөн Толойн хатан ухааны үр өгөөж байсан бөгөөд тэрбээр алт мөнгөнд шунаж өнгө мөнгөнд автах бус, харин улс орны тусын тулд тэр бүхнийг зориулах алсын ухаантай байсны илрэл байв. Чингис хаан дараачийн аян дайндаа зэхэж, төв азид лалын шашинтнуудын газар нутагт анхаарлаа хандуулахдаа Толой охиндоо их үүрэг хариуцлага ногдуулав. Толой ч эцгийн итгэлийг хөсөрдүүлсэнгүй, басхүү эгч нараас дутахгүй чадварлаг удирдагч болохоо алхам алхмаар харуулж, бие даан шийдвэр гаргаж, цаг ямагт хаан эцгийнхээ, хамаг монголынхоо сайн сайхны төлөө ажиллаж байв. Чингис хаан янз бүрийн шинэ улс орон, экологийн бүс нутгийг эзлэн авахад монголчуудын өмнө цэргийн болон удирдлагын шинэ шаардлагууд байнга гарч ирж байсан ч, түүний үйл хэргийн туршид хаан эцгийнхээ халх бамбай болсон охидынх нь нас нэмэгдэж, бие нь өсч, төр засах мэдлэг туршлага арвижиж, хүлээх үүрэг нь улам нэмэгдэж байв.
Толойн тухайлсан багш нь Туданга бөлгөө. Бөртэ хатны тааллаар охин бараг нойтон үстэй байхдаа тэр өвгөн багшийн дэргэд шадарлах болжээ. Туданга Толойд зөвхөн эрдмийн зүйлийг зааж багшлаад зогсохгүй, түүний хэтийн хувь тавиланг тооцож, монгол хүний зан үйл, аж төрөхүйн ёсон, төр барихуйн ухааныг мэдүүлж, жинхэнэ монгол ухаанаар түүнийг хүмүүжүүлэх болжээ. "Охин минь чи жирийн хүн биш. Их богд хааны үр сад. Гэхдээ эгэл жирийн хүмүүсийн бодол санаагаар тойрон буй үйл явдлууд, хорвоогийн жам ёсыг харж, ойлгодог болохыг хичээгтүн. Манай монгол газар нутаг дээр зуу, зуун жилийн дотор бий болсон өөдтэй, өнгөтэй учиртай утгатай юм бүхнийг түмэн олон маань өөрийн ухаан бодлоор тунгааж, гараараа бүтээсэн юм. Тийм оюун бодлыг чамд баттай шингээж чадваас чиний багш болсон миний хэрэг бүтнэ" гэж байн байн хэлж сургадаг байв. Мөн харь хол мусульманы зан заншил, шашин шүтлэг, уйгар түрэгийн ордны ёс заншлыг тусгай багш нараар онцгойлон сургах үед Туданга багш нь аминчлан: "Охин минь чамд энэ харь орны хэл яриа, ёс заншил төвөгтэй уйтгартай дэмий санагдаж магадгүй юм. Гэхдээ тэгэж битгий бодоорой.
Энэ бол чиний эцэг богд эзний хүсэл таалал юм шүү. Хэзээ нэгэн цагт чи харьд одно. Энэ бүхнийг нарийн мэдэж сурсан нь чамд тун их хэрэг болно. Харин чиний оюун ухаанд жинхэнэ монгол түмний төлөо гэсэн бодол санаа лавшран гүзгийрэх ёстой. Чамд хамгийн их энхрийлэн хайрлагдах юм чинь монгол түмний энэ аж төрөх байдал, зөөлөн дулаан өлгий болсон газар нутаг чинь юм шүү. Үүнийг хаа ч одсон хатуу санаж, эх монгол нутгаа бамбай шигхалхалж, хамгаалжяваххэрэгтэй" гэж нухацтай өгүүлж байв. Толой бэхи өвгөн багшийнхаа үгийг өдрөөс өдөрт лавшруулан бодож, зүйл зүйлийн учиртай хэмээн ойлгох болжээ. Ингэхдээ миний аж төрөх, хэтийн үйлийг өвгөн багш минь болгоон зааж, жаал бүсгүй намайгаа хатдын дайд явуулах гэж арга ухааныг хослуулж буй нь энэ биз дээ хэмээн бишрэн хүлээн авч байв.
Бөртэ хатан ч бас охиндоо хандан, "Чиний шүтэн биширч, даган дуурайх хүн бол эцгийг чинь эс тооцвол Туданга багш чинь шүү. Түүний заасан сургасан бүхнийг өчүүхэн ч гулзайлгаж болохгүй. Ганц чи ч биш бид бүгдээрээ тийм байх ёстой" гэж захин хэлдэг байв. Чингис хаан охиныхоо тэр бүхнийг ажин суух завгүй, үргэлжлэн тэлж буй эзэнт гүрнийхээ төрийн хэргээр зай завсаргүй оролдож суув. Энэ үед харлагийн хаан Арслан гэгч Чингис хаанд дагаар орж ирсэн тухай мэдээ Толойн чихэнд нэг л содон сонсогдов.

Ц.Хан-Хөхий