Уншиж байна...
10 дугаар сарын 25-нд Японы Худалдааны сайд Ишшү Сугавара тойргийнхоо сонгогч-дэмжигч нь нас барсанд ар гэрийнхэнд нь эмгэнэл илэрхийлж, 20,000 иен ($185) дугтуйнд хийж илгээсний улмаас огцорлоо. Нас барсан хүний ар гэрийнхэнд мөнгө өгдөг уламжлал Японд байдаг. Сугавара “Өөрийгөө хууль зөрчсөн эсэхэд эргэлзэж байгаа ч Засгийн газрын үйл ажиллагаанд хэвлэлийн дуулиан саад учруулах вий гэж болгоомжлох үүднээс ёс зүйн хариуцлага хүлээж, огцорч байна” гэж мэдэгдсэн байгаа юм.
 Гэтэл Монголын сайд нарын хариуцлага, ёс зүй ямар хэмжээнд байгаа вэ? Би ганцхан Гадаад харилцааны яамны жишээ, баримтууд дээр тулгуурлаж энэ тал дээр харьцуулалт хийе гэж бодлоо.
 Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар 2017 онд томилогдсон. Сайд болсноос нь хойш гадаад харилцааны салбарт гарсан гэмт хэргүүд, хар тамхины дуулианууд энэ хүнийг хэдэн арван удаа огцрох хэмжээнд хүрлээ. Гэтэл огцрох нь битгий хэл уучлал ч гуйсангүй. Бүр “Би тэр хулгайч чинь биш” гэсэн мэдэгдэл хийгээд явж байгаа. Д.Цогтбаатар өөрөө хулгайч биш байж болно. Доор нь ажиллаж байгаа хүмүүсийн үйлдсэн өчнөөн гэмт хэрэг, хулгай луйврыг таслан зогсоогоогүй, хариуцлага тооцоогүйнхээ төлөө энэ хүн ёс зүйн төдийгүй албан тушаалын хариуцлага хүлээхээр болчихсон.
 Одоо бүгдээрээ, гадаад харилцааны яамныхны өдүүлсэн гэмт хэргүүдийг сүүлийн жилийн хугацаанд ил болсноор нь л тооцож, тоолж үзье л дээ.
 УИХ-ын гишүүн Т.Аюурсайханы мэдээлснээр бол нийт 69 дипломатчийг Польшийн цагдаагийн газраас эрэн сурвалжилж байгаа. Үүний дагуу хийсэн шалгалтаар дипломат албан 36 ажилтан гэмт хэрэгт холбогдсон нь тодорхой болсон бол дипломат албанд ажилладаггүй хирнээ дипломат албан паспорт өвөртөлсөн 58 иргэний нэр тодорхой болоод байгаа юм.
 Жил орчмын өмнө 2018 оны эцсээр Улаан-Үд дэх Ерөнхий консулын газрын ажилтан Т.Мөнхбат, Э.Оргил гэх иргэний хамтаар Лоразепам хэмээх мансууруулах төрлийн бодисыг 150 мянган ширхэгийг дипломат шуудан нэрээр тээвэрлэж байгаад Германы цагдаад баригдсан. 600 мянган еврогийн үнэ бүхий мансууруулах бодис тээж явсан учраас саяхан шүүхээс ял авсан. Тэд 089D93 77 дипломат дугаартай автомашин ашигласан нь Москва дахь “Эрдэнэт” үйлдвэрийн төлөөлөгчийн газрын тэргүүн Б.Батхуягийн нэр дээр бүртгэгдсэн байгаа юм. “Эрдэнэт”-ийн төлөөлөгчийн газрын дарга Б.Батхуяг яагаад дипломат дугаартай машин эзэмших болов гэдэг асуулт ч энд бий.
 Энэ хэргийн дараахан 2019 оны 5 сард дипломатч Б.Баттүшиг, жолооч С.Эрдэнэбаярын хамтаар мөн ХБНГУ-д 70 кг героин тээвэрлэж яваад баривчлагдсан. Үүний цаана Турк, Болгар зэрэг улсад суугаа элчин сайдын яам, консулын газрын ажилтнууд хамааралтай байх болзошгүй мэдээллүүд байгаа ч Гадаад харилцааны яам одоогоор ямар ч арга хэмжээ аваагүй, хэнтэй ч хариуцлага тооцоогүй байна. Энд нэг ноцтой мэдээлэл байгаа нь Б.Баттүшиг нар германд тавдугаар сарын 3-нд баригдсны дараахан ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр Германд сэм очиж, гэмт этгээдүүдтэй уулзсан байгаа юм. Сэм гэдэг нь германд очсон талаараа тэнд суугаа Элчин сайдын яаманд мэдэгдээгүй, нууц байдалд байсаар буцаж иржээ. Зарим эх сурвалжийн мэдээгээр бол Н.Анхбаяр германы шоронд өмнө нь баривчлагдан хоригдож байсан Т.Мөнхбаттай тусгайлан уулзаж, өөрийгөө илчлэхгүй байхыг захисан гэж байгааг шалгах ёстой мэдээлэл!
 Сайд Д.Цогтбаатар “2019 оны 1 сард л бид энэ асуудалд онцгой анхаарч, Европт байгаа Элчин сайдын яамд руу чиглэсэн тусгай үйл ажиллагаа явуулах санал гаргасан” гэж байгаа ч түүний саналаас хойш 4 сарын дараа гэмт хэрэг давтан үйлдэгджээ. Тэгэхээр санал төдийгөөс хэтрээгүй, ямар ч үр дүнгүй ажилласан гэсэн дүгнэлт эндээс хийж болно.
 
 
 
Дипломат төлөөлөгчдийн газрын албан хаагчид гадаад улсад дипломат паспортоор халхавчлан гэмт хэрэг өдүүлдэг асуудал даамжирсаар байхад Гадаад харилцааны сайд өөрөөсөө бурууг зайлуулж “Би хулгайч биш” гэх төдийгөөр биеэ өмөөрч суугаа нь наад захын ёс зүй байхгүйг харуулж байгаа хэрэг мөн.  Наад зах нь энэ хүн өөрийнх нь удирдлага дор ажилладаг ГХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Н.Анхбаяр эцгийнхээ нөлөөллөөр төрийн өмчит үйлдвэрт бараа шахсанаа хэвлэлээр хүлээн зөвшөөрсөн байхад хариуцлага тооцохгүй байгаа нь ёс зүйгүй үйлдэл мөн. Н.Анхбаяр хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Аавынхаа нөлөөллөөр бараа, ажил үйлчилгээ шахсан тал бий. Тийм олон удаа хийгээгүй. Нэг, хоёр удаа хийсэн. Одоо ингээд харахад ёс зүйгүй үйлдэл. ...аав нь нийтийн болон улс төрийн албанд ажиллаж байгаа тохиолдолд ёс зүйгүй үйлдэл байсан гэдгийг хүлээн зөвшөөрнө. Одоогийн өнцгөөс харахад. ...тийм их үнийн дүнтэй ч биш. Хоёр удаа 400 гаруй мянган долларын худалдан авах ажиллагаа байсан” гэсэн нь хариуцлага тооцох хангалттай үндэслэл юм. Ийм ичгүүр сонжуургүй хүнийг Д.Цогтбаатар Австрали Улсад суух элчин сайдаар томилуулах гэж хөөцөлдөөд явж байгаа. Австралиас Н.Анхбаярыг элчингээр суулгах зөвшөөрөл буюу агреман нь ирэхгүй байгаа. Гэтэл Н.Анхбаяр дипломат ёсыг зөрчиж, 9 дүгээр сард Австралид өөрийн биеэр очиж агреманаа гаргуулахаар оролдсон мэдээ байгаа нь дипломат албаны наад захын ёс зүйг уландаа гишгэсэн үйлдэл шүү.
 
Саяхан УИХ-аас Гадаад харилцааны яамны ажилтнуудын гэм хэрэгт олноор холбогдож байгаа асуудлыг шалгах Ажлын хэсгийг байгуулж, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан. Ажлын хэсэг Гадаад харилцааны яам, Консулын газрууд дээр очиж шалгалт хийх, зарим элчин сайдууд томилогдохгүй удаж байгаа асуудлыг судална гэсэн чиг үүрэгтэй байгаа юм билээ. Энэ ажлын хэсэг шударга дүгнэлт гаргана гэх итгэл огт алга. Учир нь 2019 оны 6 дугаар сарын 17-нд Польшийн прокурорын байгууллагаас монголын гадаад харилцааны ажилтан 70 хүний гэмт хэрэгтэй холбоотой асуудлыг гаргаж тавьсан. Гадаад харилцааны яамнаас 69 хүнд хэрэг бүртгэл нээгээд, мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх боломжтой гэж мэдэгдэж байжээ. 1 хүн хаачив гэсэн чинь Ерөнхий сайдын ахлах зөвлөх Батцэнгэлийн Энх-Амгалан гэх хүний нэрийг Амгалан-Энх гэж сольж бичих байдлаар хэргээс зувчуулах гэж оролдсон нь илэрчээ.
 Сайд Д.Цогтбаатараас - 69 хүний нэрийн жагсаалтад та яагаад ялгавартай хандсан юм бэ? Ерөнхий сайдын ахлах зөвлөх Энх-Амгалан гэдэг хүнийг Амгалан-Энх гээд биччихсэн байсныг юу гэж ойлгох вэ? гэж асуухад цагдаагийн бичиг дээр л тийм нэр байсан гэж мэдэн будилах маягаар аргацааж өнгөрөөх гэж оролдсон. Польшийн цагдаагийн бичиг дээр Батцэнгэлийн Энх-Амгалан гээд овог нэр, төрсөн огноо, гэрийн хаягийг алдаагүй онцолж заасан байгаа. Монголд л нэрийг сольж бичих болсон.
 Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалан “Итгэмжит” дипломат цолтой”, 9 жилийн өмнө БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консулаар томилогдож байсан. Тэнд ажиллах үеэрээ хятад иргэнийг хууль бусаар хилээр нэвтрүүлсэн хэрэгт нэр холбогдож байсан. 2009 онд интерполоор эрэн сурвалжлагдаж байгааг нь манай талд удаа дараа мэдээлж байсан байдаг.
 Тэгэхээр шударга хүн болж харагдах гэдэг Т.Аюурсайхан гишүүн Намынхаа дарга, Ерөнхий сайдынхаа ахлах зөвлөхийн нэрийг санаатайгаар Амгалан-Энх гэж бичүүлэв үү, сайд Цогтбаатар ийм хэрэг үйлдэв үү гэдгийг шалгах, тогтоох ёстой.  Ер нь бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх-Амгалангийн нэр өөр хүнд гэмт хэргүүдтэй холбогдсон талаарх мэдээллүүдийг сэтгүүлчид цөөнгүй гаргасаар байгаа.
Польшийн цагдаагийн жагсаалтад нэр дурдагдсан 70 хүн бол дан тамхины наймааны хэрэгт орооцолдсон гэж байгаа. Тамхины наймаа нь нэг эргэлтээрээ 20-30 мянган еврогийн тамхи зөөдөг. Нэр дурдагдсан хүмүүс тус бүр гурван сая еврогийн дүнтэй хэрэг өдүүлсэн гэсэн мэдээлэл бий. Асар их ашиг хонжоо бүхий тамхины наймааны сүлжээг гадаад ертөнцөд илрүүлж, тасалсан учир дотоод руу оруулж ирэх гэж байгаа шинж тэмдэг гарч эхэллээ. Учир юу гэхээр саяхан Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Ч.Улаан Тамхины импортод квот тогтоох тухай хууль санаачлан өргөн барьсан. Энэ хуулийн гол агуулга нь Тамхины үйлдвэрлэл, импорт, импортлох тамхины нэр төрөл, тоо хэмжээг хүнс, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн тогтоож байх юм.
 Энэ хуулиар халхалсан балмад оролдлдогын цаана гадаад зах зээлээ хаалгасан, одоо эрх мэдлээ хадгалж буй тамхины наймааны сүлжээ байх магадлалтайг эх сурвалжууд хэлж байна. Энэ хуулийг хэлэлцэхийг яаралтай зогсоож цаад санаархлыг шалгах ёстой. Гадаад орчинд Монгол Улсын нэр хүнд шалдаа буусан ноцтой нөхцөл байдлын хариуцлагыг Гадаад харилцааны сайд хүлээхгүй бол өөр хэн хариуцах юм бэ?
 Нэг удаагийн үйлдэл биш шүү дээ.  Системийн шинжтэй, зохион байгуулалттайгаар үйлдэгддэг шинж тэмдэг илэрчихээд байна. Тийм учраас Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар та элдэв тайлбар шалтаг тооцоод байдгүй, үтэр түргэн огцорч албан тушаалын болон ёс зүйн хариуцлагаа хүлээ. ГХЯ тамхины наймаачидтай тэмцэх бус өөгшүүлэх чиглэлээр ажиллаж байгаа гэсэн шинэ мэдээлэл би хүлээж авлаа. Саяхан Орос, Латвийн хил дээр дахин Монголын тамхины наймаачид баригдсан. Мөн ойрын үед Засгийн газрын хуралдаанаар Гадаад яамны дэргэдэх Дипломат байгууллагын үйлчилгээ аж ахуйн газрын даргаар Нийслэлийн онцгой байдлын албанд удирдах алба хашдаг Г.Ичинхорлоог томилох гэж байна. Энэ эмэгтэй бол Ерөнхий сайдын ахлах зөвлөх Б.Энх Амгалантай хил дамнасан тамхины наймаа хийдэг түнш нь болох Чүүгий гэгчийн эхнэр юм.
 Ерөнхий сайд У.Хүрэлсүх та “Авлигачидтай засаглахаас эхлээд заамдалцах хүртлээ тэмцэнэ” гэх үгээ санаж байгаа бол тэр тэмцлээ бидэнд бодитойгоор харуулаад аль. Албаны чиг үүргээ хангалтгүй биелүүлэхийг авлигын гэмт хэргийн бүрэлдэхүүн гэж тооцдог юм шүү.
 Бид энэ хүнийг хариуцлага хүлээх хүртэл тэмцлээ үргэлжлүүлэх болно.
 Дараагийн удаад Д.Цогбаатарын илчлэхээс эмээгээд байгаа хар тамхи, тамхины наймааны сүлжээнд холбогдсон хүмүүсийг нэг бүрчлэн зарлаж, хариуцлага нэхэх болно.
 
М.Хүдэрбаатар
 

Бусад мэдээ

Mar 12, 2024 91

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/