Уншиж байна...

Австралийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “Занаду майнз” компани саяхан Өмнөговийн Хармагтай ордын нөөцийн төлөвийг шинэчлэн тогтоосноо зарласан нь манай улсын хувьд гэгээтэй мэдээний нэг байлаа. Энэ талаар stockhead.com.au сайтад мэдээлжээ. Хэдхэн өдрийн өмнө танилцуулсан хайгуулын үр дүн маш өндөр байгааг "Занаду майнз” компанийн танилцуулсан тоонуудаас харж болно.

Гурван жилийн өмнө танилцуулсан нөөцийн дүнтэй харьцуулахад зэсийн агууламж 400 хувь, алтны агууламж 249 хувиар нэмэгдсэн гэж “Занаду майнз” тооцжээ. Бүр тодруулж хэлбэл өмнийн говьд орших Хармагтай орд 1.9 сая тонн зэс, 4.3 сая унци алтны нөөцтэй хэмээн “CSA global” компани үзэж байна. Нөөцийг ЖОРК стандарт, NI 43101-ийн дагуу тогтоожээ. Оюу толгойн гүний уурхай бүрэн чадлаараа ажиллаж эхлэх үед Монгол Улс зэсийн зах зээл дээрх голлох тоглогчдын нэг болно гэсэн таамаглал бий. “Занаду майнз”-ийн хувьд нөөц ахиад нэмэгдэх өндөр магадлалтай гэсэн байр суурь илэрхийлж буй. Компанийн зүгээс мэдэгдсэнчлэн Хармагтайн ордын нөөц өнөөгийнхөөс өссөөр байвал “Монгол зэсийн зах зээл дэх гол тоглогчдын нэг болно” гэсэн таамаг бүр бодитой болох нь тодорхой.
Тус компани түрүү жил Хармагтайн ордод хийсэн хайгуулын ажлын дүнгээ шинэчлэн танилцуулсан удаатай. Тухайн үедээ “180 метрийн гүнд 0.95 хувийн зэсийн агууламж, нэг грамм хөрс тутамд 1.84 грамм алт илэрсэн бол 30 метрийн гүнд 1.55-2 орчим хувийн зэсийн агууламж, тонн хөрс тутамд 3.45-4.14 грамм алтны илэрц оллоо. Энэ үр дүндээ сэтгэл хангалуун байна” гэж компанийн зүгээс мэдэгдэж байв. Өмнө нь тодорхой байсан мэдээллүүдийг давтан хүргэхэд “Занаду майнз” компанийн лицензийн талбайд илэрсэн нөөц Оюу толгойн ордоос 15 дахин бага, бүр анх 680 гаруй мянган тонн зэс, 70 тонн алт, нийтдээ 203 сая тонн хүдрийн нөөцтэй, Хармагтайн зэсийн дундаж агуулга 0.34 хувь, эдийн засгийн хувьд ашигтай эсэхийг нарийвчилсан ТЭЗҮ-ээр тогтооно гэж байлаа. Гурван жилийн өмнө тус ордын нөөцийг ЖОРК стандартаар 680 мянган тонн зэс, 2.2 сая унци алтны нөөцтэйг тогтоосон гэсэн мэдээлэл цацагдаж байсан юм. Тухайн үед олон улсын mining.com сайтад “Тогтоогдсон зэсийн нөөцийн хувьд Цагаан суваргаас сая орчим тонноор бага ч алтны ихээхэн нөөцтэй гэдгээрээ анхаарал татаж байна” хэмээн мэдээлж байв.
Сүүлд зарласан үр дүнгийн талаар “Занаду майнз” компанийн гүйцэтгэх захирал Эндрью Стюарт “Манай компани өнөө жилээс тун амжилттай ажиллаж байна. Хармагтайд порфирийн төрлийн орд нээсэн нь яах аргагүй шинэ нээлт. Одоогоор 19 том гэгдэх порфирийн төвөөс наймыг нь шалгаснаас тав нь ашигтай нь нотлогдсон. Хамгийн сүүлийн өрөмдлөг хийсэн газар болох Зараа талбай маш сайн үр дүн өгч байгаа. Энэ бол тоглоомын өөрчлөгч. Шинээр нээсэн порфирийн төв.Үр дүн нь гайхалтай байгаа. Хармагтайн нөөцийн зэрэглэл, хэмжээнд эерэг нөлөө үзүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Энэ хэсгийг нээснээс хойш нөөцийг нь богино хугацаанд тодорхойлж чадсан нь бидний ажлын үр дүнг харууллаа. Олборлолтын арга нь зарлал багатай байх нь бидний хувьд том давуу тал. Нэг зүйлийг онцолж хэлэхэд төсөл маань маш хурдан хугацаанд сайжирна. Хармагтайд гүний өрөмдлөг хийх газрууд дахиад ч бий. Компанийн зүгээс үүнийг системтэй үнэлээд нэмэлт порфирийн ордуудыг нээхээр зорьж байна. Хармагтай орд зэсийн хувьд Эквадорын “Solgold’s Cascabel” төслийн гуравны нэгтэй тэнцэхүйц гэсэн тооцоо гарсан. Уг төслийг “BHP”, “Newcrest Mining” сонирхож байгаа. Ирэх гурван сардаа багтаж эцсийн үр дүн гарна гэж үзэж байна. Зэсийн агууламж 400 хувь өссөн нь Хармагтайг Монголын өндөр чанарын уурхай болоход нөлөөлнө. Бид удахгүй танилцуулах эдийн засгийн урьдчилсан судалгаагаараа Хармагтайн ордыг санхүүгийн хувьд том боломжтой төсөл гэдгийг нотлон харуулна гэдэгтээ итгэлтэй байна” хэмээн онцолсон юм. Давтан онцлоход Хармагтайд бага зардлаар олборлох боломжтой гэсэн давуу тал бий гэж геологичид онцолдог.
Хармагтайн хувьд өндөр нөөц бүхий орд гэсэн хүлээлт, таамаг хэдэн жилийн өмнө тодорхой байсан юм. Учир нь уг орд Оюу толгой, Цагаансуварга гэх мэт том ордууд багтдаг алт, зэсийн бүсэд оршдог. Хармагтайн орд Улаанбаатараас 420 км-т Өмнөговийн Манлай сумын нутагт байрладаг, Оюу толгойгоос 120 км, Цагаан суваргаас 170 км-ын зайтай.
Хармагтайн зэс, алтны ордод 1993 онд анх Канадын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани хайгуул хийж эхэлсэн түүхтэй. Одоогоос 16 жилийн өмнө Роберт Фридланд өрөмдөж байсан гэх мэдээлэл ч чих дэлсдэг. Хайгуулын лицензийн хувьд 2002 онд “Айванхоу майнз” компани өөрийн охин компани болох “Оюут Улаан”-д шилжүүлж байж. Харин Хармагтай ордын нөөцийг 2013 онд тогтоож, “Занаду майнз” компани” ашиглалтын лиценз авчээ. “Занаду Майнз”-ийн тухайд гадаадын хөрөнгө оруулалттай компани. Хармагтайн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийн (MV-017387) ихэнх хувийг эзэмшдэг. Эзэмшлийн хувиа 2014 онд “Turquoise Hill Resources” (TRQ:US) компаниас 14 сая ам.доллараар худалдаж авсан юм. Хувьцааны үлдсэн хэсгийг “Mongol Metals” болон “Quincunx” компани эзэмшдэг.
Сонирхуулж хэлэхэд, 2015 онд Хонгконгт болсон “Mines and Money” уул уурхайн чуулга уулзалтын үеэр “Занаду майнз”-ийн “Хармагтай” төсөл хайгуулын шилдэг ололт номинацид нэр дэвшиж байж. Тухайн үед дэлхийн хэмжээнд ердөө гурван төсөл нэрлэсний нэг нь Хармагтай байжээ.
ЦЭЦЭГМААГИЙН БААСАНСҮРЭН

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/