Уншиж байна...

Битүүлэг гаргана гэдэг бол улирч буй жилийнхээ алив гай барцад юуг гаргаж, идээ ундаагаа, сэтгэл санаагаар баян гэдгээ ирэх ондоо харуулж буйн нэгэн илрэл юм. Шинийн 1-ний өглөө мандах нарны туяа шиг, цаст уулын оргил шиг угтахын урьтал бол битүүлэх ёс.



-Хүн төрлөхтний даяаршлын эрин үед бидний авч үлдэж чадсан өвөг соёл юм-
Л.Баатархүү
Монгол бөөгийн тэргүүн зайран, 2013 оны Монголын шилдэг зайран, Монгол бөөгийн нэгдсэн эвлэлийн дээд цэцийн гишүүн Дондорын Дарьчулууныг “Бодлоготой ярилцлага” буландаа урилаа. Түүнтэй Цагаан сарын ёс заншил, хөгжил, үүслийн талаар сонирхолтой яриа өрнүүлэв. Дашрамд дурьдахад Д.Дарьчулуун зайран ЮНЕСКО-оос зохион байгуулсан Биет бус соёлын өвийг хамгаалах олон улсын хуралд төлөөлөгчөөр оролцоод иржээ.
Танд Бодлого.мн цахим хуудсынхаа нийт уншигчдын өмнөөс сар шинийн мэнд дэвшүүлье. Цагаан сар болж байгаатай холбогдуулан монголчууд өнөөдөр ёс заншлаа хэр зэрэг мэдэж, дээдэлж байна вэ гэдгээс ярилцлагаа эхэлье гэж бодож байна?
Юуны өмнө танай цахим хуудсын нийт уншигч, зон олонд энэ өдрийн мэнд хүргэе. Өн эртнээс нааш уламжлан ирсэн Цагаан сар гэдэг энэ баяр гайхалтай том ёс заншил юм. Уг баяр монголуудын ураг төрлөө мэдэлцдэг, ахмад буурайгаа хүндэлдэг, нялх балчируудаа баярлуулдаг учралын ийм сайхан баяр. Өөрөөр хэлбэл, хүн төрлөхтний даяаршлын эрин үед бидний авч үлдэж чадсан эртний өвөг соёл гэдгийг хэлмээр байна. Цаашдаа ч гэсэн уламжлалыг нь эвдэхгүй, агуулгыг нь алдахгүй авч явах он цагийн хэлхээн дээр бид ирэв.
Орчин үеийн залуучууд Цагаан сар гэдгийг сайтар ойлгодоггүй, мэддэгүй болжээ. Зүгээр нэг хонины мах, шүүс тавьдаг юм байна. Настан буурлууддаа бараг хүчээр шахам очиж золгодог юм байна гэх өөдөсхөн ойлголттой болчихож. Ийм ойлголт үнэндээ буруу зүйл. Энэ баяр бол дахин хэлэхэд настан буурлууд бүтэн жил мэнд байсны, ураг төрөл биентэйгээ учрах, сайн сайхнаа хэлэлцэх зан заншил. Товчхондоо тухайн айлын нэг жилийн өнөр өтгөн болсныг, ямаршуу өнгө чинээтэй байгааг илтгэх жилийн онцгой үе. Монголчууд эл баяраар яагаад ширээ дүүртлээ идээ ундаа бэлдэж, шинэ дээл хувцас өмсдөг вэ гэхээр айл, өрхийн жилийн амьдрал ямар байгааг нэг ёсондоо шинжиж буй юм.
Тэгэхээр Цагаан сар гэх энэ гайхалтай баярыг монголчууд яг хэдий үеэс тэмдэглэж эхэлсэн юм бол. Бөөгийн ёсонд ч юм уу, дийлэнх монголчуудад намар тэмдэглэдэг байжээ гэдэг. Энэ талаар та хариулт өгөхгүй юу?
Монголчууд Цагаан сарыг хамгийн түрүүнд хэзээ тэмдэглэж байсныг бус өвөг дээдсээс уламжилж ирсэн агуу соёл, зан заншил гэдгийг эхлээд ухаарах хэрэгтэй. Уг баярыг Чингис хаанаас өмнө мөн түүний үед намар тэмдэглэдэг байсан гэдэг яриа ам дамжин өнөөдөртэй золгосон. Зарим зурхайч, судлаач, манай бөөгийн хүрээнд ч гэсэн ийм ойлголт бий. Гэхдээ энэ баримт гээд байгаа яриа бас маргаантай хэвээр байна. Домог, түүх ам дамжсан яриагаар бол Чингис хааны үед монголчууд идээ ундаагаа элбэг авсан, хүн зоны сэтгэл тэгширсэн, малын зоо тэнэгэр, тарга дүүрэн тэр үе буюу намар цагт Цагаан сар /идээний баяр/-ыг тэмдэглэдэг байжээ.
Аливаа зүйл домог, ам ярианаас үүдэлтэй гэх нь ч бий. Харин Монгол Улс хожим Манжид дарлагдаж байх тэр ахуйд эл баяраа хавар тэмдэглэдэг болсон гэдэг. Томоохон судлаач нарын бүтээлүүддээ тэмдэглэснээр “Ялсан орон ялагдсан орондоо өөрийн цаг тооны бичгийг тулгаж, хүлээн зөвшөөрүүлж байсан” хэмээдэг. Түүнээс хойш монголчууд хавар тэмдэглэдэг болжээ гэх нь элбэг. Тэгвэл үүнийг хэрхэн, яаж илүү нотлох вэ гэхээр Хятадын нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын сүүл, хоёрдугаар сарын эхээр цэцэг дэлгэрч, хаврын уур амьсгал ордог.
Тэгтэл Монголд дүн өвлийн, идэр есийн хүйтэн тачигнаж байг цаг. Ийм үед зарим нутагт маань ард олон түлээ түлшгүйтэх, зуд зурхантай ч учрах гээд ядруухан байх үе юм. Мал нь хүртэл тарга тэвээрээ алдчихсан байдаг. Түүнчлэн хол ойрын ах дүү, хамаатан садантайгаа хүртэл өвлийн дүн хүйтнээр очиж уулзахад нэн бэрх улирал шүү дээ. Өнөөдөр ийм л үед монголчууд Цагаан сарыг тэмдэглэж иржээ. Тиймээс Манжийн дарлалаар монголчуудад тулгасан цаг тооны бичгийн дагуу бид Цагаан сараа тэмдэглэж байгаа нь энэ гэлтэй.
Ямартай ч бид хэдэн зууны туршид хавар тэмдэглээд ирчихжээ. Харин битүүлэх ёс гэдэг нь намар тэмдэглэдэг байхад байсан юм болов уу. Эл ёсны онцлог, ёсын талаар та уншигчиддаа хуваалцахгүй юу?
Битүүлэх ёс гэдэг бас өвөг дээдсээс уламжилж ирсэн эртний ёсны уламжлал, агуулга. Хэдийгээр халтар хултар хийгээд байгаа ч гэсэн эрт хэзээ нэгэн цагт үүссэн, хөгжлийнхөө шат дамжлагаар өнөө цагтай золгосон ийм ёс заншил, нүүдэлчин монголчуудын соёл. Битүүлэг гаргана гэдэг бол улирч буй жилийнхээ алив гай барцад юуг гаргаж, идээ ундаагаа, сэтгэл санаагаар баян гэдгээ ирэх ондоо харуулж буйн нэгэн илрэл юм. Шинийн 1-ний өглөө мандах нарны туяа шиг, цаст уулын оргил шиг угтахын урьтал бол битүүлэх ёс.
Өнөөдөр бидний үйлдээд байгаа битүүлэх ёсонд бөө, буддагийн алиных нь уламжлал, нөлөө шингэчихээд байна вэ?
Битүүлэх ёсыг аливаа шашин, хувь хүн талаас харж болохгүй. Нийт монгол түмний өнө эртнээс уламжилж ирсэн уламжлал хагас дутуу ч гэсэн энэ цагтай нэгэнт золгочихсон байна. Чухам Чингис хааны үед ямаршуу байсныг өнөөдөр хэн ч өнгөтөөр хэлж чадахгүй. Тийм ийм байсан гэж түүх, сурвалжид ч үлдээгээгүй байгаа шүү дээ.
Ер нь монголчууд битүүний орой яг юу юу бэлдэж, хийсэн байх ёстой вэ?
Энэ орой хамгийн эхлээд хог, шороогоо цэвэрлэсэн байх учиртай. Холдсон мал хараа хотондоо авч ирэх хэрэгтэй. Ингэснээ золгож буй жилдээ өнгөтэй өөдтэй байхыг билэгддэг юм. Мөн битүүний орой заавал битүүртлээ идэхийн урьтал, утга отгохон ч биш. Хамгийн гол нь хот айл, өрх гэрээрээ идээний ундааныхаа дээжийг засаж, улирч байгаа жилээ сайн сайхнаар үдэх ёстой.
Үүнд шашины нөлөө байхгүй. Эрт цагаас уламлжлаад, ард түмэн сэтгэлдээ тээгээд ирчихсэн бас л нэг соёлын түүчээ. Нөгөөтэйгүүр битүүний орой үхрийн дунд чөмөг ташдаг. Үүнийг шашины ойлголтоор шулмын хөл хуга ташиж байна гэдэг. Гэвч үнэндээ буурал жилийг мялааж, буянтай жилийг тунгалаг ариун зүйлээр угтаж байгаагийн утга.
Шинийн 1-ний өглөө бид зүг чигээ гаргана гээд модны үртэс ч юмуу гарсан зүгтээ хаядаг. Ер нь энэ уламжлал чухам шарын шашин, бөө хоёрын алинд нь хамаардаг юм бэ?
Зүг чиг гаргадаг нь өн эртнээс уламжилсан бөөгийн ёс заншил. Шинийн 1-ний өглөө өрхийн тэргүүн, эр хүн хамгийн эртлэн босож өндөр уулын орой, өнгөт нар хардаг эртний ёсон шингэсэн хэрэг. Өөрөөр хэлбэл, монголчуудын нарнаас эрч хүч авдаг, амьдрал ахуйгаа даатгадаг ийм ёс байгаа юм. Нарыг ээжтэйгээ, сарыг аавтайгаа адилхан бодож ирсэн байна. Нар, сар, гал гурав их том шүтээн.
Өнөө цагт янз бүрийн байгууллагууд хамт олноороо наранд залбирах ёслол үйлдэх гээд олон зүйл хийж байгаа нь нэг талаараа зөв. Гэвч тухайн жилдээ, тухайн газартаа очиж байгаа нь зүг чиг, газрын байрлалын хувьд зөв байна уу, буруу байна уу гэдэг нь чухал. Тиймээс хамаагүй зүг, байгальд очиж, хайрхадад гарах нь эрсдэлтэй зүйл. Нөгөөтэйгүүр уул толгод дээр янз бүрийн амьтны дүрс хийх, элдвийн цаас, эд өргөх нэрээр хаях нь маш буруу үйлдэл.
Ингэхийн оронд алтан шаргал нарандаа цай, сүүнийхээ дээжийг өргөж, айлын зөвхөн өрхийн тэргүүн зүг чигээ гаргадаг байх учиртай юм. Үүнээс гадна нутаг нутгийн ёс заншил гэдгийг бодолцож үзэх хэрэгтэй. Харамсалтай нь өдгөө долоон хүүхэдтэй айл гэхэд аав, ээжтэйгээ есүүлээ болж есөн тийш зүг гаргах нь байж болшгүй асуудал. Өөрөөр хэлбэл, тэр гэр нэг л гал голомт гэж явж байгаа учраас нэг газраас олон хүн гарах нь таарч, таарахгүй зүгт буян хишгийг алдах аюултай юм. Өвөг дээдсийн соёлыг буруу тийш эргүүлж буйд их харамсдаг.
Мөн бэлэг солилцох ёс яг хэдий үийнх юм бол. Эрт үед, бөөгийн ухаанд ч юм уу Цагаан сараар бэлэг солилцдог, өгдөг уламжлал байсан юм уу?
Өвөг дээдэс, өтгөс буурлууддаа хишиг тараах гэж ёс байжээ. Түүнээс биш өнөөдрийнх шиг мөнгө, торго, янз янзын эдээр гар цайлгаж, уралдаж байсан ёс байгаагүй аж. Өндөр настнуудынхаа алгыг нь дээш харуулж бэлгээ өгдөг байсан байна.
Үүнээс гадна бид чухам яаж золголт хийх ёстой юм бэ. Залуу хүн хадаг барьж болдоггүй, настныхаа биенд хүрэхгүй, эвсэл тохойноос нь өргөх гээд олон юм бий?
Золгох ёс гэдэг бол мөн дээдсээс үлдэж ирсэн соёл. Хадаг самбаа барьж золгох ийм зан заншил байгаагүй гэдэг. Өтгөсийнхөө өмнө очиж сөхөрч суугаад биенд нь хүрэхгүй хоёр хацраа өгөх, мөн төв нутагт ахмадынхаа хоёр тохойноос өргөх үнэрлүүлэх ёс байсан аж. Одооных шиг балчир хүүхдээс авахуулаад хадаг бариад давхиад байдаггүй байж.
Үүнээс гадна бөөг шашин гэж үзэх юмуу. Аль эсвэл байгалийн ухаан юмуу гэдэгт монголчууд ихээхэн эргэлздэг. Тэргүүн зайран хувьд бөө гэж чухам юу юм бэ?
Ихэнх хүний оюун ухаанд бөөг шашин мөн биш мэтээр тодорхойгүй ойлголт шингэсэн байна. Товчхондоо бөө гэдэг бол байгалийн ухаан, хүн гэгч байгаль дэлхийтэйгээ ойр, түүнийгээ шүтэн биширч, тэжээгдэж ирсэн ийм нэг өвөрмөц уламжлал. Нөгөөтэйгүүр бөө хүн, тэнгэр, газар гурвын холбогч нь юм. Бөө бол шашин биш мөнх тэнгэр, байгал дэлхийгээс монголчуудад өгсөн агуу том соёл юм байна. Яагаад гэвэл уул хайрхадын эзэн, өвгөдийн сургааль үгийг бөө хүнээр дамжуулан сонсож байдаг.
Та оны өмнөхөн ЮНЕСКО-ийн биет бус соёлын томоохон чуулга уулзалтад монголчуудаа төлөөлж оролцсон гэж дуулсан. Энэ чуулганаар чухам юуны тухай ярьсан юм бэ?
Зүүн өмнөд Азийн орнуудын соёлын биет ба биет бус соёлын өвийг хамгаалах, судлах хүрээнд ЮНЕСКО-оос зохион байгуулсан том уулзалт, хурал болсон юм. Уг хуралд Монгол бөөгийн нэгдсэн эвлэлээс таван хүний төлөөлөл очсон л доо. ЮНЕСКО-ийн байгууллагууд 2003 оноос эхэлж Монголыг судалсан юм билээ. Учир нь монголчууд яагаад хүчирхэг байсан юм бэ, бөө гэдэг нь яг юу юм бэ. Соёлын өвийг тээгч үү аль эсвэл шашин юм уу гэдгийг хэлэлцсэн. Өмнөд Солонгосын Жиндү гэдэг Япон, Хятад хоёрын хил дээрх аралд болсон.
Энэтхэг, Солонгос, Япон, Хятад зүүн өмнөд Азийн соёлын нэг баг болж ажилладаг. Энэ ч үүднээс маш их судалгаа хийж байгаа юм билээ. Үүнтэй холбоотойгоор ирэх долоодугаар сард Монголд олон улсын Алтай судлалын том баг орж ирэх гэж байна. Харамсалтай нь бөө гэдгийг төр засаг нь ч анхаардаггүй, ард түмэн болохоор зүгээр нэг хэрэглэлд ашиглана гэж буруу ойлгоод байна. үүнийг дээр доороо сайтар ойлгох нь монголчууд бидний өмнө тулгамдаад буй том асуудал гэмээр.
Эцэст нь ирж буй морин жил Монгол түмний маань сэргэн мандалтын жил байх болно. Төр улс төвшин. Түмэн зон олон амгалан байх болтугай. Мөн төр рүүгээ бүү дайраасай. Хэсэг бүлэг хүний ашиг сонирхлын дагуу төр рүүгээ маш их дайрч, оролдож, унагах гэж үзэж байна. Энэ их буруу зүйл гэдгийг хэлье.
Баярлалаа. Та сайхан шинэлээрэй

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/