http://www.zoofirma.ru/

1940 оноос хойш хэвлэлүүдийн дотор Чингис хааны тухай ба ялангуяа мандаж өргөмжлөгдсөн зүйлүүдийн түүвэр
1. /Шинжлэх ухааны сэтгүүлийн 1-рт/ Оршил ба анхны 3-н бүлэг “нууц товчоо” хэмээх өгүүллийн 15-43-р хуудсанд: Чингисийн төвлөсөн улс байгуулах ажлыг магтсанаас гадна Чингисийн цусанд дуртай муу талыг бас нуусангүй.


2. Мөн сэтгүүлийн 5-рт Х. Пэрэнлэйн бичсэн “Монголын цэргийн чадвар” өгүүллийн 11-15-р хуудсанд: эх оронч санааг харуулсан жишээнд “Чингис”-ийн нэр дурдсан ба цэргийн зохион байгуулалтын 10-т, 50-т, 100-т, 1000-тыг бичжээ.
3. Мөн сэтгүүлийн 10-11-рт Х. Пэрэнлэйн бичсэн “Эртний монголчуудын соёлын тухай” өгүүллийн 41-42-р хуудсанд: Чингис хааны зохион байгуулах авьяас, байлдан дагуулсан тактик, байлдааны техник зэргээс иш татаж бичигдсэн статья авч бичжээ.
4. Л. Дүгэрсүрэн “Монголын ард түмний өөрийн тусгаар тогтнолын төлөө тэмцсэн” /1943 онд улсын хэвлэлээс хэвлэжээ/ өгүүллийн 5-7-р хуудсанд: “Чингис бээр монголыг эвлэлдүүлэн нэгтгэж түүхээ хамгаалж дэлхий дахинаа хүчирхэгээр тэмдэглэгдэж байсныг, мандаж гэвч түүний зэрэгцээгээр чинагш давж бусдын газар шороог эзэрхийлэн булааж, дээрэмдэн алан хядаж, эвдэн устгах зэрэг ард түмний ашдын тусад харш бодлогыг явуулж Хятад, Орос гүрэн ба Европын бусад орон нутгийг эзлэж түмэнд жигшүүртэй, мянганд буруутай үнэхээр бузар үйл, явуулга болохыг монголын ард түмэн үүрд жигших ёстой” гэдгийг тэмдэглэжээ.
5. /НТХ-ны хэвлэл/ “Монголчуудын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн ба Японы эзэрхэг түрэмгий нар” өгүүллийн 3-р хуудсанд: “Эртнээс инагш тусгаар тогтнолын төлөө тэмцсээр ирсэн. Бид дэлхий дахины түүхнээ үүрд нэрээ дуурсгасан сод жанжин Тэмүжин Чингис хаан болон олон баатар жанждыг төрүүлжээ. Дэлхий дахинаа эрэлхэг баатар хэмээн алдаршсан...” хэмээх зэргээр иш татаж бичжээ.
6. НТХ-ны суртлын хэлтсээс 1945 онд ухуулагч нарын тусламжинд зориулсан лекцийн эмхтгэлд И. Сосорын бичсэн “Монголын ард түмний эх оронч үзэл” гэдэг статья /өгүүлэл/-ийн 32-36-р хуудсанд: “...дэлхий дахинд алдар нэр нь гарч үйл явдал нь тодорсон их хурандаа баатар эрс олноор төрсөн билээ. Эдгээр их хүмүүсийн нэн тэргүүнд /Чингис/ Тэмүжин ормуй” хэмээжээ.
7. Бүрэн ба бүрэн бус дунд сургуулийн 5-р ангид үзэх утга зохиолын бичиг /1945 он. 2-р хэвлэл/ 59-78-р хуудсанд: “Нууц товчоо”, “Хөх монголын хөх туг”-аас бичжээ.
8. “Уран зохиолчдод тусламж” /1943 онд Урлагийн газрын зохиол. Улсаас гаргажээ/ өгүүллийн 8-9-р хуудсанд: “Баатарлаг үлгэр туужуудын тухай үзүүлэхдээ монголын ард түмнээр Чингисийн үеийн болох тэргүүн зэргийн уран сайхан, эрэлхэг үлгэр туужуудыг хадгалан үлдээсэн...” гэж бичжээ.
9. Буздников “Чингисийн үеийн монгол гүрэн” /хүрээлэнгийн хэвлэл/ өгүүллийн 3-57-р хуудсанд: түүхт баримтуудыг товчлон түүвэрлэж Чингис хааны чадвараар бүтсэн монголын их гүрэнд нэгтгэх хүчин дутамдаж завсрын тэмцэлд идэгдсээр бутран унасныг бичжээ.
10. /Зохиолчдын хорооны хэвлэл 1947 он/ “Зохиолын шүүмжлэл” шүүмжлэгчийн бичсэн өгүүллийн 34-р хуудсанд: “Ялангуяа шарын шашин дэлгэрээгүй байхад монгол хүний зан чанар эрэлхэгийн охь манлай болон бадарч байх тэр цагийг кинон дээр үзэхэд Чингисийн үеийн баатарлаг явдал нэгэн хамтаар урган гарч ирмүй...” гэжээ.
11. /Зохиолчдын эвлэлийн хэвлэл. 1946 он/ 25 жилийн ойд гаргасан зохиолын “түүвэр”, Ринчиний “Бэр цэцэг”-ийн 112-115-р хуудсанд: “...Эзэн Чингисийн үед юм гэнэ лээ
Дайн хөл ихтэй цагт юм гэнэ лээ
Дайнч Чингисийн үед юм гэнэ лээ
Сартуул түмэнтэй эвдрэлдээд
Сайн муугаа үзэлцэн тулах гэжээ
Арын их хэнгэргийг дэлдэж
Ай түмэн цэргийг хөдөлгөж
Өврийн их хэнгэргийг дэлдэж
Үй түмэн цэргийг хөдөлгөж гэнэ лээ
Харийн гүрнийг дийлэх гэж
“Хаандаа нэрийг өөртөө олз” эрэн олох гэж дайчин эрс
Эрээн майхнаар талыг бүрхжээ...” гэх мэтээр шүлэглэжээ.
12. /Шинжлэх ухааны хүрээлэнгийн хэвлэл, 1941 он/ “Манжийн дарлалд байсан Халх монгол” /Ш. Нацагдорж/ өгүүллийн 5-8-р хуудсанд: “Манжийн хаад нь бүр 17-р зуунаас аваад өөрсдийгөө Чингис хааны байгуулсан монголын Юань улсын хаадын залгамжлагчид хэмээцгээж, монголын феодалуудын заримыг хүчээр, заримыг аргаар уургалж...байсныг тэмдэглэжээ, үүнийг тодорхойлсон Улсын Номын Сангийн ажилтан Дагвадорж, Сүрэнжав, Жадамба нар 1949-08-24-нд” гэж бичсэн байна.
МУ., ҮТА., МАН-ын баримтын төв Х-4, Д-16, ХН-276, Тал-25-27
Баримтын төвийн архивч Ц.Эрдэнэбулган