Уншиж байна...

Хар туг, сүлдийн өргөө. Эртний уламжлалт заншил ёсоор бол сүлдийг ордон, байшин, сүм дуганд оруулж болохгүй байсан бөгөөд сүлдийг залж яваа дархадыг ч шавар байшинд буулгаж болдоггүй, заавал тусад нь майхан, гэр бэлдэж суулгадаг байна. Энэ нь бидний бодлоор цаад туг сүлдийн амилуулсан эзэн нь эсгий гэрт төрж мэндэлсэн, өсч бойжсон эртний өвөг дээдэс байгаа гэдэгтэй холбоотой.

Эрдэнэ дүүрэгч вангийн хошуунд байсан хар туг сүлдийн тухайд л гэхэд тугчийн гэрийн гадаа “Тугийн өргөө” нэртэй шанз эсгий бүрээстэй өргөө байжээ.

Тугаа жижиг гэрийнхээ баруун талд босгон ишийг нь өөр хоёр модоор хавчин газарт суулгаж тогтоосон байдаг байжээ. Харин Хурц вангийн хошуунд байсан хар туг-сүлдийг тугч зайсангийн гэрийн баруун хойд бүслүүрт уяж бэхэлдэг байсан нь сонирхол татаж байна. Энэ нь бидний бодлоор угтаа хар туг-сүлд бол Мөнх тэнгэрээс буусан шүтээн болохоор өдөр шөнийн хорин дөрвөн цаг, өвөл зуны дөрвөн улиралд хэзээд Мөнх тэнгэрийг бараалах ёстой гэдэг тэр үзэл санаатай холбоотой өнө эртний уламжлал болно. Нөгөөтэйгүүр, энд дурдсан хоёр туг-сүлдийг аль алиныг нь гэрийнхээ баруун юм уу баруун хойд талд босгодог зүг чигийн тогтсон бэлгэдэлтэй байжээ. Монгол нутагт уламжлагдан ирсэн хар туг-сүлдний тухайд Чин Ачит вангийн хошууны хар туг-сүлд нь “Чингисийн тугийн сүм” нэртэй бурханы шашны уран барилгын дурсгалын дээр мандаастай байжээ. Энэ тухай газар зүйч В.А.Смирнов бичихдээ:

“Эвгүй тахиралдсан шатаар сүмийн дээвэр дээр гарахад урт ишинд /шилбэнд/ бэхэлсэн алтан товруутай төмөр цагирагт адууны хар сүүлээр молцоглуулан хийсэн Чингис хааны хар сүлд мандаж байна.Тэндээс Хэрлэн голын өргөн хөндий эргэн тойрны уулсын гайхамшигтай байдал сайхан харагдана” гэжээ. Эндээс үзвэл бас л эртний уламжлалаа дагаад хар сүлдийг сүм дотор саатуулалгүй сүмийн дээвэр дээр тогтоон мандуулж байсан нь өмнө дурдсан хар туг сүлдийг Мөнх тэнгэр бараалуулж ил байлгах гэсэн үзэл итгэлтэй холбоотой билээ. Иймээс дөрвөн хөлт хар сүлдийн гол сүлдийг ямарваа цомцог ордон, өргөө гэрт оруулахгүй хэдэн зуун жил хээр гадаа саатуулан тахиж байжээ. Энэ нь бас тугийг анх бүтээсэн азарганы хөхөл дэл нь тэнгэрийн хур, салхи, нар, сарны гэрлээс өөр юу ч хүрдэггүй ариун онгон зүйл гэдэг үзэлтэй ч холбоотой.

Хар туг-сүлдийн тахилгын уламжлал. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр хар туг-сүлдийг тахиж байсан одоогоор мэдэгдэж буй газар орон гэвэл хуучин Сэцэн хан аймгийн Хурц ван Түдэнгийн хошуу /одоогийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум/, Засагт хан аймгийн Эрдэнэ Дүүрэгч вангийн хошуу /одоогийн Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сум/, Сэцэн хан аймгийн Чин Ачит вангийн хошууны /одоогийн Дорнод аймгийн Булган сум/ нутагт тус тус тахиж байсан мэдээ буй.

Эрдэмтэн В.А.Смирновын тэмдэглэлээс үзвэл, 1850-иад оны үед уг сүмийг барьсан бөгөөд тугийн сүм нь Хэрлэн голын баруун талын өндөр эрэг дээр голоос таван километр зайд оршдог байжээ. Ордос нутагт сүлдийн дархадын голомт Улаанмөрөн гол Хөх усан голын уулзвар-Шинаан хошуу гэдэг газар оршуулан тахиж он жил удсан байна. 1956 онд хар сүлдийг эртний заншил ёсоор шинэ онгоны баруун ордонд тусад нь залжээ. Түүнчлэн Хатгины хар туг, Хэрэйдийн хар туг, Уйгаржин хар туг, Дархадын муу мянган сүлд, Үзэмчин сүлд, Барга сүлд гэхчлэн олон хар туг-сүлд байжээ.

Хар туг-сүлдийн үүсэл. Сүлдийн дархадын домог үлгэр ярианаас үзвэл, эзэн дээдсийн дайчин шүтээн болох эл догшин хар сүлд нь хэн нэгэн зохион туурвисан биш дээд тэнгэрээс буумал юм гэж өгүүлдэг, ингэж ч итгэдэг байна. Чингис хаан нэгэн удаагийн дайнд ялагдан арга барахдаа морины хөлстэй эмээлийг тэнгэр өөд ангайлган тавьж “Тэнгэр эцэг ээ, намайгаа тэтгэж авна уу, үгүй юу” хэмээн даатган мөргөхөд агаар тэнгэрээс үлэмж дуун гарч Хан хурмаст тэнгэрээс хар сүлд саглагар модон дээр бууж ирсэн гэдэг. Ингээд Чингис хааны зарлигаар Мухулай тэр сүлдийг саглагар модон дээрээс нь хөтөлж явсан хээр азаргын онгон мундаан дээр залан буулгажээ. Мухулайгаас хар сүлдээ тайж тахих сануулга айлтгасанд Чингис хаан /Мухулайн айлтгалаар/ “мянган улаа базааж, түмэн өтгөөр тахия” гэж тангараглан есөн ес наян нэгэн хээр азаргын дэлийг навсалзуулан хөхөл зооглуулан чимж, өтгө амжихүй болбол есөн ес наян нэгэн хонины нэг шийртэй хамт тахилга өргөөд үлдсэн дутуу тоог манай Монголын мал сүргээс Хан Хурмаст тэнгэрийн хөх нохой /чоно/ чинь гүйцээн барих болтугай” хэмээн тахиад дайны туг сүлд болгосон домогтой билээ. Чингэхлээр хар сүлдийн уг эзэн нь морины хөлсөнд уяран дамжиж бууж ирэх, хээр зүсмийн онгон азаргын мундааг таалан орших даатгалтай гэдэг нь харагдаж байгаа юм.

Өмнө өгүүлсэн “Цагаан түүх”-д дурдсан ёсоор төрийн есөн их бэлгийг есөн өрлөг хариуцан мэдэх учиртай бөгөөд дөрвөн хөлт хар сүлдийг есөн өрлөгийн дотроос Мухуйлай жанжинд даатгасан учир алс холын аян дайнд морилохын цагт Улсын Гоо ван Мухулай жанжин, , түүний үр хойчис тайж тахиж, туг сүлдийг үе улируулан хадгалж дамжуулан ирсэн байна. Хожим арван гурван жилийн луу жил тохиолдох бүр догшуулгын Их тайлга хийхэд мөн л Мухулайн хойч үеийнхэн сүлдийн ямтад чинсан биеэр гардан догшуулгын ёслол журмыг гүйцэтгэсээр иржээ.

Ирээдүйн Чингис хааны зүүн гарын их жанжин Мухулай Гоо ван бол үнэндээ долоон үеэрээ өтөг боол явсан Жалайруудын удмын хүн бөгөөд хараа ихт хар туг-сүлдийг тайж тахих үүргийг уламжлан авсан тугч нар болж байгаа юм. Чухам энэ уламжлалаар туг сүлдийг тайж тахигч нар нь алтан ургийнхан биш, өөр элэг ургийн бүр доорд язгуур гаралтан байсан шиг санагдана.


АВГАЛДАЙ ШҮТЭЭНИЙ ДОМОГ
Бөөгийн шүтээний түүний зан үйлд авгалдай гэх нэг гол шүтээн байдаг. Энэ шүтээн нь хүний нүүрний төрхийг харуулсан үс гэзэг, сахал ээмэг сэлтээр чимэглэсэн аманд нь сүүлэн өөх өмхүүлэн, тамхи нэрүүлэн байх шүтээний мануул, хамгаалагч хийн байх бэлэгдэлтэй шүтээн юм.

Энэ шүтээний гол эзэн нь тухайн бөөгийн удмын нэг онго байх бөгөөд тэр онго өөрийн удам угсаагаа хамгаалан байх үүргийг авсан мөнх тэнгэрт андгай өгсөн онго байх бөгөөд улаачийн биед буудаггүй шүтээн юугаа манан байх гол үүрэгтэй. Энэ шүтээний домог нь:

Авгалдай хамниган хүн байжээ. Хоёр лусын хаан гарвалтай бөгөөд бөө болсон гэдэг. Харин эхнэр нь Гуулин хааны охин Сэтэрхэн гэж авгалдаг удган байсан гэдэг. Тэдний дундаас нэгэн хүү гарсан нь Баахан гэж нэр өгчээ. Нэг өдөр эхнэр удган нь айлд залагдаад бөөлөх болж гэнэ. Явахдаа хүү Баахан гэдэг хүүгээ бүү орхиорой, хичээн байж харж байгаарай гэж захижээ.

Авгалдай өөрөө тамхинд тун дуртай нэгэн байсан аж. Хүүгээ гэртээ ганцааранг нь үлдээж орхиод саахалт айлаасаа тамхи гуйхаар очоод нэг хоёр татах тамхи олж аваад гэрлүүгээ ирж явтал гэртээ үлдсэн Баахан хөвгүүн нь гэрээс гараад эцгээсээ буруулан цааш гүйжээ. Гуугалан дуудан нэхсээр явтал нэгэн их хуй салхи дэгдэн буугаад хөвгүүнээ аварч чадалгүй өөд болсон юм.
Эхнэр нь иргэн ирж болсон явдлыг мэдээд харамсахын ихээр харамсан нөхрөө цээрлүүлэн толгойг нь амьд үлдээн бие цогцосыг нь хөсөр хаян үүнээс хойш бүх бөө нарын шүтээн юуг манан сууж байг хэмээн цааз өгөн тангараг тавьсан учиртай. Энэхүү домгоос үндэслэн авгалдайнд тамхи татуулдаг болжээ.

АЛБИН
Хурмаст тэнгэр нэгэн хар санааны хувилгаантай байжээ. Тэр нь цаг үргэлж амьтныг хорлон бүтээснийг бүрэлгэн, асаасан галыг унтраан, урссан усыг хүртэл хатааж түйвээдэг байж гэнэ. Энэ бүхнийг хараад “Хурмаст тэнгэр би хэдийгээр энэрэнгүй тусч сэтгэлийг бүтээвч бас итгээд муу дайсантай билээ” гэж ямагт сэрэмжлэн байдаг ажээ. Хар санааны хувилгаан нь хурмастын дагиныг алтан цээжтэй, мөнгөн бөгстэй шувуу болоод нисээд явахад нь харваад алж орхижээ.

Хурмаст тэнгэр хар санааны хувилгаанд хилэгнэж, түүнийг биеэр нь зовлон амсуулж үзүүлье гээд доод тивд чөтгөрийн элч “алибан” гэдэг амьтан болгон төрүүлж гэнэ.

Алибан нь хүүхэд шиг жижигхэн биетэй, хонгор шар үстэй. Үс нь хоорондоо хувиралдан төмөр шиг хангир жингир дуугарч явдаг гэнэ. Тэр салхиар хооллож, сансраар хөвч явдаг юм байна. Чөтгөр хүний амийг авахаас урьд алибанг явуулж, сүнсийг нь авахуулаад дараа нь хорлодог гэлцдэг.

Урьд нэг анчин хүн ан хийж яваад хээр унтаж байтал нэг юм хөлийн ул уруу нь чичихэд босож харвал шар үстэй орой дээрээ ганц том нүдтэй хүүхэд шиг жаахан амьтан байв. Тэр орой дээрх ганц том нь хурмастын элч ирж хэзээ нэгэн цагт намайг авч явна гээд үргэлж тэнгэр өөд ширтэж байдаг гэнэ.

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/