Уншиж байна...

Гүн төгс нар ТББ-ын тэргүүн Ж.Одонцэцэгийн ээлжит нэгэн ярилцлага уншигч танд хүрэхэд бэлэн боллоо.
Мөнх хөх тэнгэрээ шүтсэн, байгаль эх, уул усаа хүндлэн дээдэлсэн бидний өвөг эцгийн сургааль, дэг жаяг, ёс жудаг өнөөдөр бид бүхний улан дор гишгэгдэх ёсгүй. Тэгвэл чухам эдгээр зүйлсийг хэрхэн хүндлэх, яагаад хүндлэх учиртай зэрэг сонирхолтой яриаг бид өрнүүллээ.
• Өвөг дээдэс гэх ойлголт нь яг юуг илэрхийлж байгаа вэ?


Өвөг дээдэс гэдэг ойлголт хүн бүрд өөр, өөр тусдаг. Хүндэлж боддог хэсэг байхад энгийн л мэт санах хүмүүс ч бий. Нэг талаараа өвөг дээдэс гэдэг нь өнгөрсөн цаг үед амьдарч байсан хэн нэгнийг хэлэх мэт боловч нөгөөтээгүүр бидний яс махнаас үл тасрах холбоо сүлбээг илэрхийлдэг.
Бид бүхэн өдий хугацаа хүртлээ өвөг дээдсээ харанхуй бүдүүлэг, өчүүхэн хэмээн сэтгэж бидэнд үлдээсэн ёс жудаг, өв соёлоо баримтлан ирсэн үзэл бодлыг умартан хойш тависнаар хазгай гишгэлтрүү орсон. Өвөг дээдсийнхээ бишрэм өндөр гүн ухааны үзэл онолыг дээдлэн зан заншил, үйл, соёлын өв, ёс жудагт зөв үнэлэлт өгч шинжлэх ухаанч байдлаа үнэнээр нь мөрдөх цаг нь болсон. Иймд өвөг дээдсийн минь асар гүн ухааны онолч байдал нь шинжлэх ухааны бүрэн үндэстэй. Шинжлэх ухаанаас илүү ч гарах үзэл онол байгаа.
Өвөг дээдэс минь үеийн үед үргэлжлэх тасралтгүй холбоогоор бидэнтэй холбогдсон байдаг. Тийм ч учраас бид тэдний үлдээсэн ёс жудаг, үзэл бодлыг томчууд бид үр хүүхдэдээ бага ахуй наснаас нь амьдралд нь энгийн аж байдлаар сургаж өгмөөр байна.
Өнөөдөр бид хичнээн өвөг дээдсээ хүндэлж байгаа мэт боловч уг үндсийг нь гаргаж ирэлгүй дутуу мэдлэгтэй амьдарч байна шүү дээ. Ердөө урт дээл өмсөж, Монгол гэрт аж төрөх нь дээд үеэс уламжлагдаж ирсэн ёс заншлыг дагасан хэрэг болохгүй.
Дээд үеийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байж түүний талаарх ойлголтыг энгийн аргачлалаар олж судлах хэрэгтэй. Тэгвэл амьдралынхаа алхам тутамдаа суралцах боломжтой байдаг.
Мэдээж дээл хувцаснаасаа авахуулаад эдлэл хэрэглэлийг нь судлаж өмсөж зүүх нь зөв. Орчин үед хүмүүс урьд өмнөхөөсөө ч илүү уламжлалт хувцсаа мэддэг болсон нь авууштай хэрэг. Цаг үеийн байдалтайгаа хослуулж шинэлэг дээл хувцсыг ихээр үйлдвэрлэж гаргах болсон шүү дээ.
Үүнд би нэгэн жишээ дурьдая гэж бодлоо л доо.
Өвөг дээдсүүдийн маань өмсөж зүүж ирсэн хувцас нь байгаль эхээ хайрласан, дээдэлсэн хэв загвартай байдаг шүү дээ. Тэдний нэг нь ээтэн хоншоортой монгол гутал юм. Хоншоор нь ээтэн байдгын учир нь өмсөөд явахад газар эхээ сэндийчихгүй нөгөө л байгаль эхээ хүндлэн дээдэлж буйн тод илрэл болж байна шүү дээ.
• Өвөг дээдэс гэдэг нь хэд хүртэлх үеийг хэлж байгаа вэ?
Үечлэлд хэт их ач холбогдол өгч хуруу даран тоолох бус өөрийн эцгийн эцэг мөн өвөг эцгийн ухаан буюу гал голомтоо хэрхэн цогцлоож авч явдаг байсныг нь сайн мэдэхийг л хэлж байгаа юм. Түүнчлэн энэ талаар мэдлэгтэй боллоо гэж бодоход өвөг эцгийнхээ баримталдаг байсан ёс жудаг, эрүүл мэнддээ анхаардаг байсан аргуудыг илүүтэй мэдэж авах нь чухал.
Өвөг дээдсээ судал гэдэг нь үүнийг л хэлж байгаа болохоос үе бүрээ цээжээр хэлдэг байх гол биш. Тэгж гүн гүнзгий судлах нь таны толгойг эргүүлж, судлах гэж буй гол утга учраас чинь холдуулна. Гэхдээ угийн бичиг хөтөлдөг, удам угсаагаа сайтар мэддэг хүмүүсийг үгүйсгэж буйн хэрэг биш гэдгийг ойлгох хэрэгтэй. Товч хэлбэл өвөг дээдсийнхээ өдөр тутмын амьдралдаа энгийн мэт хэрэглэгддэг байсан ёс жаяг, хүндлэл дээдлэл зэргийг алхам тутамдаа бид амьдралдаа хэрэгжүүлж хэвших хэрэгтэй байна.
• Орчин үеийн буюу өөрсдийгөө Z generation гэж нэрлэх залуу үеийнхэн өвөг дээдэс бүү хэл ургийн овгоо ч мэдэхгүй байх тохиолдол байна. Эдгээр хүүхдүүдэд хандаж өвөг дээдсээ мэдэх нь ямар холбогдолтой талаар хэлэхгүй юу?
Дээр хэлсэнчлэн алхам тутамдаа Монгол ёс заншлаа мэддэг байх хэрэгтэй. Гэхдээ энэ нь “бид бол Чингис хааны босоо монгол удам” гээд цээжээ дэлдээд байхыг хэлэхгүй.
Өвөг дээдсээ мэдэх гол ач холбогдол нь тэдний мэргэн ухаан, ахуй амьдралаас суралцахад оршдог. Улс орны хөгжил нэг хүнээс л эхэлдэг шүү дээ. Хойч ирээдүй болсон залуу үе минь дээд үеийнхээ саруул ухаан, амьдралын туршлагад суралцаж ёс жудаг, зөв амьдралын хэв маягийг нь өлгөж авах нь ирээдүйд нь маш хэрэгтэй.
Өвөг дээдсийн минь амьдралын хэв маягт утга учиргүй зүйл гэж нэгээхэн ч байгаагүй. Сууж босох нь хүртэл цаанаа гүн билэгдэл, учиртай байдаг. Дараа нь өөрийнхөө онцгой шинж чанар, амьдрах хэвшлийг олж мэдэх хэрэгтэй. Мэргэн ухаан, алсын харааг яаж амьдрал ахуйдаа энгийнээр хэрэглэдэг байсан зэргийг л өөртөө өлгөөд авчих ёстой юм.
Монгол улс минь шударга хэлэхэд Барууны болон Азийн соёлын дунд гацчихсан “эрлийз” байдалд байна. Гаднаа Монгол хүн шиг харагдах боловч цаанаа Монгол ёсоо мэддэггүй, дэг жаяггүй байдал үүсчихсэн. Үүнийг засахын тулд бид амьдралдаа заншил ёсоо хэвшүүлж, энгийн байдлаар үр хүүхдэдээ зааж зөвлөх хэрэгтэй.
• Өвөг дээдсээ мэддэггүй эсвэл ойшоодоггүй байх нь ямар сөрөг нөлөөтэй вэ?
Адаглаад л тэр хүний амьдрал, гэр бүл, ажил үйлсэд нөлөөлж байдаг. Аливаа өндөр хөгжилтэй, сайн яваа улс орныг ажаад байхад өвөг дээдсийнхээ ёс жудгыг мэддэг, амьдрал ахуйдаа хэвшүүлдэг хүмүүс байдаг нь харагддаг. Харин манай улсын хувьд цөөн хэдэн хүмүүс хүндлэн дээдэлж, ёс жудагаа яриад байгаа боловч амьдралдаа хэвшүүлж, хэрэгжүүлж байгаа нь тун ховор. Иймд өвөг дээдэс гэсэн нэршлийг голлон ярихдаа биш дээр хэлсэн бүгд буюу ёс жудаг, эрүүл зөв хооллолт зэргийг амьдралынхаа өдөр тутмын хэвшилд хэрэгжүүлэхгүй байгаа нь бидний буурай байдлын нэгэн хэмт үзэгдлийн шалтгаан болоод байна даа.
Буурай гэдэг маань манайхан оюуны хэт доройтолд орсон, дээрээс нь маш цамаан, залхуу байдалтай байгаа нь энэ нэг жишээ шууд хэлээд өгч байгаа юм. Орон нутгийн идэш бэлтгэж нийлүүлдэг зарим малчид малын гэдэс доторхоо угааж цэвэрлэхээсээ залхуурдаг юм уу гэмээр бүгдийг нь газарт булж хаяж байна. Энэ яг юу гэсэн үг вэ. Үнэхээрийн цочирдмоор зүйл биш гэж үү. Энэ мэтчилэн байдлаар бид буянт мал сүргийнхээ буяныг нь гөвж, байгаль эхээ бохирдуулж байна. Үүнийг дан ганц иргэд, малчид анхаарахаас гадна төр засаг ч анхааралдаа авч ажилламаар байна. Нөгөө л яриад байдаг байгалиа хамгаалж байна гээд хэдэн ширхэг мод тарихаас илүүтэй энэ мэтчилэн асуудалд анхаарлаа хандуулах цаг нь өдийд яг болсон байна.
Аймгийн хөгжил сумаас, сумын хөгжил багаас гэж яридаг хэрнээ хачир дээрээ таван цул газарт булсан нь төр нийгмийн томоохон албан хаагчидад жижиг мэт асуудал боловч, энгийн мэт яригдаад буй таван цул чинь бидний бие махбод, эрүүл мэндэд хэрэгтэй амин дэмүүдээ бид хаяж байна.
Өвөг дээдсийнхээ яснаас холдож, цуснаас тасарч чадахгүй. Холбоо нь үеийн үед үргэлжлэх болно.
• Өвөг дээдсээ хүндэлнэ гэдэг нь зургийг нь авдар дээрээ тавьж шүтэн бишрэхийг хэлж байна уу эсвэл сэтгэлдээ тээж нандигнахыг хэлж байна уу?
Хүндлэл гэдэг нь сэтгэлдээ тээж, захиасыг нь амьдралдаа хэрэгжүүлэхийг л хэлж байгаа юм. Сүүлийн үед хүмүүс аливаа зүйлийг бэлэнчлэх сэтгэлгээтэй болсон. Ингэснээр өвөг дээдсийн амьдралдаа хэрэгжүүлдэг байсан энгийн мэт сонсогдох агуу ёс заншлаасаа холдоод байна. Бид бүхэн эв найрамдал гэж амаараа их яридаг ч, чанар дээрээ хамгийн их дутагдаад байгаа нь энэ юм. Гэтэл өвөг дээдэс минь хонины гэдэс гаргах үедээ саахалт айлууддаа тэнцүү хувааж өгдөг сайхан заншилтай байж. Тэр нь эв найрамдлыг эрхэмлэж, харилцаагаа улам нягт болгож буй их ухаан юм. Үүнийг нь хүүхэд багачууд хараад их зөв үлгэр дуурайлал авдаг. Хүндлэл гэдэг ийм энгийн аргачлалаар л бий болдог зүйл.
Харин одоо энэ бүхэн алдагдаж гадаадын соёлд хэт их уусаж байгаа нь л өвөг дээдсээ хүндлэхгүй байгаагийн гол илрэл юм. Хэрэв бид түрүүний дурдсан шиг энгийн зүйл дээр ч уламжлагдаж ирсэн алт шиг үнэтэй ёс заншлуудаа хэрэгжүүлж хэвших юм бол тэднийг хүндэлж байгаа хэрэг юм.
Нөгөө талаас хүн бүрийн яс маханд өвөг дээдсийнх нь өгөгдөл оршиж байдаг юм. Гэр бүлийн хэлхээс дунд нь байсан дайчин нэгний хүч зарим хүний дотор оршиж байдаг. Сайн яваа хүний үйл хэрэг хойч үедээ хадгалагдан үлддэг шиг өвөг дээдсийн онгод сүнс ч хүний дотор оршиж байдаг. Тиймээс хүн гэдэг өөрийн зөн совин, дотоод дуудлагад итгэж байх хэрэгтэй юм.
• Өвөг дээдэс үгүй бол бид ч байхгүй нь адил, эдэлж хэрэглэж байгаа бүх зүйлс минь тэр бүхнээс улбаалан үүссэн байх. Харин дотоод өгөгдөл гэдэг ойлголт их өвөрмөц юм. Энэ талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.
Бид агуу өвөг дээдэстэй улс. Түүнээс ирсэн өгөгдөл гэдэг нь оюун ухааны чадамж, увдис, шударга зан, амны билэг зэргээр илрэн гарч байдаг. Зургаа дахь мэдрэхүй нь өндөр хөгжсөн эсвэл өвдсөнийг илааршуулах чадвартай онцгой хүмүүст өвөг дээдсээс нь өгсөн өгөгдөл нь өндөр байдаг гэсэн үг.
Нэгэн цагт махан биетэй явсан нэгний сүнсэн бие хойч үе дээ очихдоо сайн сайхан зүйл хийхэд нөлөөлж, дотроос нь илэрч гарч байдаг.
Хүний биеийг хэд базаад хамаг өвчнийг нь авчихдаг нэгнийг улсууд “бариач” гэж дорд үзэнгүй ханддаг. Гэтэл цаад утгадаа тэр хүн чинь өвөг дээдсээсээ авсан хүч, өгөгдлийн бүрэлдэхүүн юм шүү дээ. Түүнийг дорд үзнэ гэдэг нь өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаагаас өөрцгүй. Анагаах ухаан талаас нь эмчлэгдэх боломжгүй гэсэн оноштой өвчтөнийг харж, мэдэрч, эдгээж чаддаг увдистай хүмүүс цөөнгүй бий. Бас зарим талаараа уламжлалтын хийж чадаагүй зүйлийг ч анагаах ухаан хийж чаддаг.
Уг өвөг дээдсээс ирж буй өгөгдлийг улан доороо гишгэж байгаа нь манай улсын хөгжил хоёр тийшээ ганхахад нөлөөлж байгаа гэдэгт итгэлтэй байна.
• Өгөгдөлтэй хүн өөрийгөө ухаарч ойлгосон бол цаашид чадвараа хэрхэн хөгжүүлэх ёстой вэ?
Зөв аргачлалаар хөгжүүлэх ёстой. Магадгүй зарим хүмүүс авьяасаа мэдмэгцээ хэдэн төгрөг олчихъё, баян больё, би гэсэн үзэлрүү хэт автдаг. Гэтэл оюун бодлоо ариун байлгахгүй бол онцгой чадварынх нь хэрэг ч гарахгүй. Хичнээн дээд үеэсээ сүнслэг бэлэг авсан ч махан бие нь булингартай байх юм бол хөрсөндөө орох хугацаа хүртлээ буруу замаар явсаар дуусна.
• Сүүлийн үед айл гэрт “нэг бөө, нэг орифлеймчин байна” гэж шоглох болсон. Хэдий тоглоом ч гэлээ бөө нарын тоо эрс ихсэж байгаа нь үнэн. Эдгээр хүмүүс бүгд өгөгдөлтэй гэж ойлгож болох уу?
Тухайн хүн нь өөрийнхөө дотор үнэхээр өгөгдөл байгаа эсэхийг нягталж үзэх л хэрэгтэй. Бусад хүн таныг шүүхээс урьтаж та өөрийгөө шүүх нь чухал. Сэтгэлийн угаас гарч байгаа үг тань зөв байна уу, эргээд зөв бодол болж амнаас тань гарч байгаа эсэхийг анхаарч хараарай.
Болчимгүй зүйл хийх санал ирэх үед нь яаж хүлээж авч байна гэх мэт олон талаас нь өөрийгөө тунгааж бодох хэрэгтэй. Хүний бие л болсон хойно огт сэвгүй байна гэж үгүй. Нийгэмтэйгээ харилцаанд орохын тулд өмсөж зүүхдээ анхааралгүй яах билээ. Гэхдээ эдгээр зүйлсийг зөв хандлага, сэтгэлээр хийж байгаа эсэхээ л бодож үзээрэй. Тэгж бодолгүй бие, сэтгэлийн булингартай хүн мөнгө олохын тулд бөө болох үедээ хүний сэтгэлзүй, амьдралаар тоглож маш их хохирол учруулдаг.
• “Өвөөгийн сүнс бууж ирэх гэж байна” гэж хэсэг ярьчхаад дараа нь би бөө биш байсан байна гээд явж байдаг хүмүүс бас байдаг шүү дээ. Тэр яг ямар учиртай вэ?
Утга учраа олоогүй хүмүүс ийм зүйлээр оролдохгүй л байх хэрэгтэй байна. Нэг удаа биедээ сүнс оруулчхаад түүндээ төөрөгдөөд яваад байвал их аюултай. Аажимдаа тэр нь амьдралд нь нөлөөлөөд буруу замаар будаа тээж эхэлнэ.
Монгол түмэн минь эдийн засгийн хувьд дорой гэхээсээ илүү оюуны хувьд л доройтож байна. Жишээ нь эмнэлэгт үзүүлэхэд маш их зардал гарч удаан эмчилгээ хийлгэх байсан толгойдоо гэмтэлтэй хүүхдийг өөрийн гэсэн увдистай бариач бариад эдгээж байхад тэр хүнийг хүмүүс дорд үзэж, дооглох хандлага гарч байна. Энэ нь ямар их оюуны доройтолд орсныг нь харуулж байна.
Бид асар баян байгальд амьдарч байгаа ядуу улс болж. Нэгнээ сайн явахыг харж тэвчдэггүй, унагаж, хэмхэлж орхидог.
Бусдад муу санасан сэтгэл нь эргээд өөрийг нь ороож ажил төрлийг нь нураах, өвчин зовлонд орох шалтгаан болдог. Өвөг дээдсээ үл тоосон энэхүү мунхаг зангаа ухаарч ойлгож чадахгүй бол нийгмээрээ өөдлөхгүй шүү дээ.
• Хүмүүс өөрийн оюуны чадамжаасаа ч илүү материаллаг зүйлсээр өөрийгөө “чигжих” болж. Энэ бүхэн нь өвөг дээдсээ үл хүндэлж байгаа хэрэг гэж ойлгож болох уу?
Дотоод өгөгдөл, өөрт заяагдсан мэргэн ухаанаа ашиглаж чадахгүй махан биеийн хүсэлдээ автаж байгааг нь харахад л ойлгомжтой. “Хүн” гэхэд дотоод үзэлрүүгээ орж чадалгүй гадна байрлах “бие” үзэлдээ автчихсан.
Гаднаа хичнээн гоё сайхан хувцас өмсөж, үнэтэй эд хогшил зүүлээ ч махан дотор байгаа бүхнийг халхалж чадахгүй.
Адаглаад л амруугаа хийж байгаа хоолноосоо эхлэх хэрэгтэй. Агуу соёлтой Монгол хүнсээ хэрэглэж гэмээнэ өвөг дээдсээ хүндэлж, дотоод “бие”-ээ зөв бүрэлдүүлэх эхлэл тавигдана.
Хүмүүс үр хүүхдээ асар өндөр төлбөртэй сургуульд сургаад мундаг хүн болгочихно гэж боддог. Хүн чанарт суралцахгүй бол мянга үнэтэй сургуульд яваад яах юм бэ?
Амар аргаар мөнгө олох гэсэн, хүн муутай бол өндөр боловсрол эзэмшээд ч нэмэргүй.
• Адаглаад хоолоо зөв идэх хэрэгтэй гэдгийг арай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөөч? Яг ямар хүнсийг “зөв” гэж тодотгож байна вэ? Монгол хүн ямар хоол идэх ёстой бэ?
Монгол хүн монгол хоолоо л идэх хэрэгтэй. Монгол улс нь өргөн уудам нутагтаа өсөж үржих олон малын эзэн. Бүгд байгаль дээр өссөн эрүүл малнууд гэхээр уг нь бидний хувьд том тансаглал шүү дээ.
Хүн төрөлхтөнд байгаль эхээс заяагдсан хоол болох өвсөн тэжээлт таван хошуу малаа иддэг. Идэхдээ хүртэл ёс жудагтай, зохицуулж иддэг. Зарим хүмүүс махыг, зарим нь цагаан хоолыг илүүд үзэх нь бий. Гэхдээ махыг хэт ихэсгэж болон хориж болохгүй. Манай монголын бэлчээрийн малын мах чанар сайтай. Гэхдээ үүнийгээ зөв зохицуулж идэхгүй болсноос бол хойш биеийн ядаргаа, тамирдал үүссэнээс болж нэмэлт витамин, тариа, эмийг хэрэглэх болоод байна.
Манай Монгол малын мах тэр аяараа нөгөө яриад байгаа байгаль эхийн ургамал.
Монгол малын махаар ямар ч хоол хийж идсэн биед эм болно.
Тэр махаа л идэж байвал бид эрүүл саруул, айх зүйлгүй амьдарна. Даан ч химээр бордуулсан гахайн махаа халуун ногоонд хуурч идсээр байгаад гэдэс ходоодны өвчлөл нь тэргүүн эгнээнд жагсдаг болчихсон.
Бидний эцэг эх шинэ махаар шөл гаргаж, өөхөн тосонд боорцог хайрч биднийг хүн болгосон шүү дээ. Таван хошуу малаа ихэд дээдэлж хүндэлдэг, элдэв бодис шахдаггүй улсууд юм. Бэлчээрт гаргахдаа хоёр энгэрийг нь шилж сонгож байж бэлчүүлдэг сайхан ард түмэн.
Гэтэл бид гадаадын юманд хошуурч байгаа нь нөгөө л өвөг дээдсээ үл хүндэтгэж байгаа хэлбэр юм.
Бидний өвөг дээдсийн агуу ген одоо ч бидний дотор байгаа. Жижиг зүйл дээр ч бид өвөг дээдэс, ёс заншлаа дээдэлж байх хэрэгтэй.
Өвгөдийн минь ариун сургааль, ёс жудаг, шударга зан, хүндлэл өнөөдөр алт, мөнгөтэй ч зүйрлэшгүй үнэт өв юм шүү.

Үргэлжлэл бий…

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/