http://www.zoofirma.ru/

УИХ-ын гишүүн асан, “Мөнхчулуун” сангийн тэргүүн, “Бидний цөөхөн Монголчууд” төслийн санаачлагч М.Зоригтын Баян-Өлгий аймгийн оршин суугч, олон улсын харилцааны судлаач, доктор Г.Энхбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

 


Өнөөдөр нэгэн залуутай танилцах гээд, бас уншигчиддаа танилцуулах гээд уулзаж байна. Сайн байна уу?

Сайн, сайн байна уу? Хувьтай хүн хурнаар гэдэг шиг сайхан өдөр та Өлгий хотод маань ирсэн байна. Намайг Г.Энхбаяр гэдэг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын уугуул. Тува хүн байна. Гэр бүлийн хүн маань Өлгий хотод “Арвин” нэртэй ресторан ажиллуулдаг.

Эхнэр нь ресторан ажиллуулдаг юм байна. Нөхөр юу хийж байна?

Нөхөр бизнесийн салбарт туршлага багатай.Төрийн албанд ажиллаж байгаад, улмаар бизнесийн салбарт ороод 3 жил орчим болж байна. Суралцаад л явж байна. Ресторанаас гадна өөр шинэ бизнес рүү орох санаатай. Хийж буй ажлаараа дамжуулж, орон нутгийн хөгжилд дэм болоод, чаддаг зүйлээрээ тусалчих санаатай л явж байна даа.

Аав, ээж нь бас Цэнгэл сумын уугуул хүмүүс үү? Өвөг дээдсээ хөөвөл аль нутгийн хүмүүс байна?

Тийм ээ. Аав ээж маань ч Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх. Ер нь Цэнгэл суманд голдуу Тува хүмүүс амьдардаг. Баян-Өлгий аймгийн Цэнгэл сум бол Монгол Улсад амьдардаг Тува хүмүүсийн өлгий нутаг гэж явдаг л даа. Дээр үед 3 том хошуу байсны Шар Даагийн буюу Хөх Мончоогийн Хошуугаар нутагтай хүмүүс л дээ, аав ээж минь. Аав минь Цэнгэл сумын урд талын Хар уулаар нутагтай. Ээж маань Хар уулын цаахан талд Улаан хус сумын Баян уул гэж бий. Тэр хавиар нутагтай. Ийм л угсаа гаралтай хүмүүс дээ.

Монголд ойролцоогоор хичнээн Тува хүн амьдарч байна?

Зарим нь хэл усаа мэдэхгүй, дээрээс нь энд тэнд тархаж амьдраад,яг тэд гээд тоо гаргахад хэцүү болчихсон. Сүүлийн үед зарим нь өөрийгөө Тува гэхээ ч больчихсон. Ер нь бол ойролцоогоор 10-15 орчим мянган хүн бий байх гэсэн багцаа тоо байдаг.

Тэгвэл дэлхий дээр Тува хүн ер нь хэд байна вэ?

ОХУ-д 360,000 орчим, БНХАУ-ын Шинжаан Уйгарын Өөртөө Засах Оронд 10,000 орчим Тувачууд бий. Тэд бол Алтайн Урианхайн 7 хошууны гурван хошуу Тува байсан хүмүүсийн үргэлжлэл. Хил тогтооход Шинжаанд үлдчихсэн хүмүүс юм.

Цөөхүүлээ байна шүү. Түүхэнд Тувачуудын талаар юу гэж өгүүлсэн байдаг вэ?

Түүхийн хувьд Чингис хааны үеэс л улбаатай. Сүбээдэй баатрыг Тувачууд бидний өвөг дээдэс, Тувачуудын баатар гэж ярьдаг.

Урианхай, Тува хоёр бол нэг гарал үүсэлтэй, ах дүү хүмүүс. Нэршлийн хувьд Тува ч гэдэг, мөн ерөнхий том утгаар нь Урианхай ч гэж нэрлэх нь бий.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Тува хэлээр ярьдаг хүн байна гэхээр нь хамт машинд суугаад явсан л даа. Нэг ч үг ойлгоогүй?

Тува хэл бол Алтай язгуурын хэл л дээ. Зарим нь Түрэг угсааны хэл гэдэг ч Монгол хэлнээс ч үг бий, мөн Түрэг үг ч бий. Гэхдээ би Алтай язгуурын хэл л гэж боддог.

Алтай язгуурын хэл Японоос эхлээд, Иран, Ирак гээд яваад байх шиг?

Тэгэлгүй яахав. Урал Алтай гээл аргагүй том л доо. Гэхдээ түүн дотроо “Өвөг” Алтай гэх юм уу даа, ОХУ-ын Алтайн улс байна. Хакасууд байна.Тэгээд Тувачууд, цаашлаад Якутууд бол хэл, гарал угсааны хувьд ойролцоо хүмүүс шүү дээ.

Аав, ээж нь ямар мэргэжилтэй хүмүүс вэ?

Аав маань Орос хэлний багш хүн. Цэнгэл сумандаа, мөн аймгийн төвд, Ногоон нуур суманд багшилж байсан. МУИС төгсөөд, нутагтаа ирж, насаараа л багш хийсэн дээ. Ээж маань гэрийн сайн эзэгтэй. Ах дүү бид 6 хүүхдийг өсгөж хүмүүжүүлэн, бүгдийг нь дээд боловсрол эзэмшүүлж, сайхан Тува ахуйгаар хүмүүжүүлж хүн болгосон ачтай буянтай хүн дээ.

Зарим нь Тува гэдгээ хэлэхээс эмээж байхад танай гэр бүлийнхэн бол би Тува хүн гээд бардам зогсож байхаар л хүмүүжиж дээ?

Тэгэлгүй яахав.Бид чинь Тува ахуйд төрж, өссөн.Тэр орчиндоо л хүн болж, амьдралын ухамсар, үнэ цэнийг олж авсан. Би нэг ах, хоёр эгчтэй. Хоёр охин дүүтэй.

Ах, эгч, дүү нар бүгд дээд боловсролтой гэсэн. Та хэд маань ямар мэргэжил эзэмшсэн бэ?

Том эгч маань аавын мэргэжлийг өвлөж, нийгмийн ухааны багш болсон. Ах маань эрдэм шинжилгээний ажилтан, хэл судлаач хүн байгаа. Би өөрөө хуульч, олон улсын эрхзүйгээр мэргэшсэн. Хоёр охин дүүгийн нэг нь багш, нөгөө нь эмч мэргэжилтэй. Аав ээж хоёр минь зургаан хүүхдээ бүгдийг нь дээд боловсролтой болгосон...

Таны хувьд төрийн албанд олон жил зүтгээд, 3 жилийн өмнөөс л хувийн салбарт хүч үзэж байгаа гэсэн?

Тийм ээ. Би төрийн тусгай албанд ажиллаж байсан. Мөн сүүлд нь дипломат албанд ажиллаж байгаад, одоо хувийн бизнест хүч үзээд явж байна.

Хаана хаана очиж ажиллаж байсан бэ?

Баян-Өлгий аймагтаа арваад жил, мөн Улаанбаатар хотод ажилласан. Турк Улсын Анкара хотод Монгол улсаас суух Элчин сайдын яаманд 4 жил ажилласан.

Та чинь тэгвэл Турк хэлтэй, аягүй бол Казак хэлтэй байх нь ээ?

Тэгэлгүй яахав. Би Турк Улсад дээд сургууль дүүргэсэн. Мөн Турк улсад 4 жил дипломат албанд ажилласан учраас Турк хэлний мэдлэг бол нэлээн боломжийн.

Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд амьдардаг Тува айлд орж хэсэг ярилцахад хүүхэд нь сургууль дээрээ Монгол хэл, Тува хэл үздэг. Мөн Казак хэл заалгадаг гэж байсан ?

Цэнгэл суманд Тува бага сургууль бий. Уг бага сургууль нь хос хэлний хөтөлбөрөөр хичээллэдэг. Бага сургуулиа төгсөөд дунд сургуульд суралцахдаа зөвхөн Монгол хэлээр хичээл нь ордог юм. Ингээд Монгол хэлээ албан ёсны боловсролын хөтөлбөрөөрөө сурчихна. Мөн Казак айлууд байдаг учир амьдарч байгаа орчиндоо Казак хэл сурчихна. Тува хэлийг гэр бүл дотроо сурчихдаг. Энэ бол маш том давуу тал.

Та гэр бүлийн хүнээ танилцуулахгүй юу?

Манай гэр бүлийн хүнийг н.Пүрэвсүрэн гэдэг. Урианхай гаралтай. Оорцогын хүн л дээ. МУИС-ийн Эдийн засгийн сургуульд суралцаж байхдаа танилцаж гэр бүл болсон. Эдийн засагч мэргэжилтэй. Арваад жил банкинд ажилласан. Одоо хувийн бизнестээ анхаараад явж байгаа ийм бүсгүй байна даа.

Танай гэр бүлийн энэ бизнесийг хүмүүс их сайшааж, магтахыг сонсоод эхнэрээс тань анх ярилцлага авья гээд ирэхэд манай нөхөр л ярилцлага өгнө гэж байсан. Тэгээд хийдэг нь өөрөө, хэлдэг нь нөхөр юм уу? гээд тоглоом хийж байлаа. Та хоёр маань хэдэн хүүхэдтэй вэ?

Манайх гурван охинтой. Том нь 11-р анги. Удаах нь 10-р анги. Бага нь 6-р ангид сурч байна.

Тэгэхээр та хоёр маань залуу гэр бүл юм байна шүү дээ?

Залуу ч гэж, ер нь хожуу гэр бүл болсон. Үеийн нөхдийн маань хүүхдүүд эхнээсээ их, дээд сургууль төгсчихлөө л дөө.

Баян-Өлгий аймаг үнэхээр л нэр шигээ, аль ч суманд нь очсон дуу алдахаар үзэсгэлэнтэй, Монголчууд маань зайлшгүй очиж үзэх ёстой нутаг юм даа гэж бодогдлоо?

Би өөрөө төрж өссөн болоод ч тэр юм уу, дэлхийн хэд хэдэн оронд очиж үзсэн хэдий ч Алтай нутгаа улам илүү таньж мэдэх ёстой гэж санагддаг. Сэрүүн Алтай гэж ярьдаг шүү дээ. Зундаа сэрүүхэн, өвөлдөө өндөр уулсаараа хүрээлүүлсэн нөмөртэй сайхан газар. Алтай нутаг маань Монгол орны үүц юм болов уу гэж боддог.

Нутаг усаа магтаад, гурван зүйлийг нь онцлоод хэлээч гэвэл?

Алтайн сүрлэг уулс, эрэлхэг дайчин иргэд.Яагаад эрэлхэг дайчин иргэд гэхээр Алтай нутаг сүрлэг сайхан хэдий ч нөгөө талдаа цаг агаар, уур амьсгал нь амаргүй, бэрх, эрс тэс уур амьсгалтай. Энэ нөхцөлд мал ахуйгаа, ажил хөдөлмөрөө эрхлээд амьдарна гэдэг амаргүй юм.Гуравдугаарт, сайхан гол, ус мөрөн элбэгтэй. Та гуравхан зүйлийг онцолж хэлээч гэсэн учраас энэ гурвыг онцоллоо. Түүнээс ер нь олон зүйлийн араатан жигүүртэн гээд бахархам онцлогтой зүйлс ихтэй нутаг даа.

Баян-Өлгий, Ховд, Увс нутгийг олон ястны өлгий гэж ярьдаг шүү дээ. Та бүхэн маань соёлын хүрээнд ч тэр, бусад салбарт ч хоорондоо яаж хамтарч ажиллаж, амьдарч байна вэ?

Баян-Өлгий аймаг 1940 онд байгуулагдсан. Хүн амын дийлэнхи нь Казак түмэн. Уугуул иргэд нь бол энэ нутагтаа хэдэн үеэрээ амьдарч ирсэн Урианхай, Тува, Дөрвөд ястнууд. Сүүлийн үед мөн ажил албаны шугамаар өөр олон үндэстэн, ястнууд амьдарч байна.
Мэдээж энэ олон үндэстэн, ястнуудад соёлын болон сэтгэлгээний, мэдлэгийн гээд ялгаатай зүйлс олон бий. Үүнээс үүдэлтэй жижиг сажиг үл ойлголцол байдаг. Гэхдээ энэ бол хаана ч байдаг зүйл байх. Ерөнхийдөө хоорондын эв найрамдал, хүндэтгэл, харилцаа сайн байдаг шүү. Цахим орчинд Баян-Өлгий аймагт амьдарч байгаа үндэстэн, ястны асуудлыг дэвэргэж, хөөргөх үйлдэл цөөнгүй байна. Магадгүй зарим нь янз бүрийн бодолтой хүмүүс ч байдаг байх. Баян-Өлгий аймагтаа цөөнх болоод амьдарч байгаа Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн хувьд бэрхшээлтэй асуудлууд байдаг л даа. Ялангуяа сонгох, сонгогдох асуудал дээр хэн нь сонгогч олонтой байна, тэр нь л гараад ирнэ ч гэдэг юм уу? Үүнээс улбаатайгаар төлөөллөө зохих түвшинд гаргаж чаддаггүй гэдэг ч юм уу? Улстөрд төлөөлөлтэй байж төрөөс ирж байгаа боломжуудыг тэгш хүртэх, түүнийг авах орчин бүрдэнэ ч гэдэг юм уу? Иймэрхүү хүндрэлтэй асуудлууд бий...

Баян-Өлгий аймгийн иргэдийн хуралд Казак үндэстнээс өөр төлөөлөгч бий юу?

Өнгөрсөн 4 жилийн хугацаанд байхгүй байсан. 2020 оны АИТХ-ын сонгуулиар Буянт сумаас нэг Монгол нэр дэвшигч сонгогдож, төлөөлөгч болсон.

Тэр хүн маань яаж сонгогдсон байна?

Буянт сумын хүн амын 50 гаруй хувь нь Урианхайчууд л даа. Өмнө нь ч Аймгийн ИТХ-д Урианхай хүмүүс сонгогддог л байсан юм.

Би УИХ-ын гишүүн байхдаа Монгол-Хятадын парламентийн бүлгийн дарга байсан. Тэр үед БНХАУ-д хэд хэдэн удаа айлчлал хийж байсан. БНХАУ-д эмэгтэй квот гэж байдаг. Гурван даргын нэг нь эмэгтэй байх. Мөн Өвөрмонгол, Шинжаан Уйгарт ч юм уу гурван даргын нэг нь заавал үндэсний цөөнхи байна гэх мэтээр үндэстэн, ястны оролцоог бүрдүүлдэг квот байдаг?

Баян-Өлгий аймагт одоогоор тийм зүйл алга. Ардчилал гэдэг утгаараа хэн олонхийн санал авч чадсан байна, тэр тал нь удирдлагаа бүрдүүлээд явчихдаг. Энэ асуудлыг улстөрийн намууд дотроо илэн далангуй, сайн хэлэлцэж ярилцах ёстой болов уу. Үүнийг нууж хаах зүйлгүй шүү дээ. Зөвхөн үндэстэн, ястны асуудал ч биш, өөр өөр эрх ашиг, сонирхолтой хүмүүсийн эрх ашгийг нь тэгш хангахийн тулд намууд хэлэлцээ явуулдаг шүү дээ. Үүнтэй адилаар цөөнхи дотроо цөөнхи болж амьдарч байгаа, сонгох сонгогдох эрхээ эдэлж чадахгүй байгаа иргэдийнхээ эрхийг хангасан бодлогыг намууд дотроо сайн хэлэлцэж, зөв төлөвшүүлээд, дэмжээд явчихад болмоор санагддаг. Жишээ нь: Баян-Өлгий аймаг дотроо квот олгож болмоор санагддаг юм. Манай аймаг бусад аймгаас онцлог зүйл нилээн бий. Жишээлбэл Аймгийн Засаг дарга нь 2 орлогч даргатай. Үүний нэг орлогч даргыг нь аймгийнх цөөнхи иргэдээс томилох ч гэдэг юм уу? Ингэж байж цөөнхи иргэддээ хүрч ажиллах, тэдний орхигдоод байгаа, зөрчигдөөд байгаа эрхийг нь, асуудлуудыг нь төрийнхөө бодлогод тусгах боломж бий болох болов уу?

Таны хувьд ямар намын гишүүнчлэлтэй вэ?

Би нам бус.

Сонгох сонгогдох эрхийн асуудал ийм байгаа юм байна. Сурч боловсрох, мэдлэг авах эрх ямар байна? Үндэстэн, ястны хэлээ сурах боломж нь хэр байна вэ?

Боломж нь бий. Төр засгаас, яамны түвшинд ч, боловсролын асуудал эрхэлсэн байгууллагуудын түвшинд ч энэ асуудал байнга яригддаг. Ялангуяа Баян-Өлгий аймгийн хувьд хос хэлний хөтөлбөрийг нутагшуулах гээд зориод явж байгаа. Өөр хос хэлтэй улс орны туршлагийг нэлээн судалдаг. Миний мэдэхээр Казахстан улсаас туршлага судлаад ирсэн, Киргизээс туршлага судалсан. Гэх мэтээр гадны орнуудаас туршлага судлаад, үүнийгээ нутагшуулах гээд явж байна л даа. Гэхдээ тодорхой хэмжээнд хүндрэл бэрхшээл байлгүй яахав.

Хос хэлний боловсрол гэдэг нь Казак хүүхэд Монгол, Казак хэлээр сурах, Тува хүүхэд Монгол, Тува хэлээр сурах асуудлыг л яриад байна уу?

Тийм ээ.

Гол асуудал нь манай аймагт “Цөм” хөтөлбөрийн хүрээнд бүрэн дунд боловсрол Монгол хэлээр явагдана гэдэг шугамаар явж байгаа юм. Гэхдээ үүнийг Казак хүүхэд ойлгохгүй бол Казак багш нь Казак хэлээр тайлбарлаад явчихаар нөгөө хүүхэд маань Монгол хэл сурах боломж нь, эрх нь хязгаарлагдмал болчихоод, дунд боловсрол эзэмшсэн хэр нь Монгол хэлний мэдлэг нь тааруу байдаг нь үүнтэй л холбоотой юм л даа.

Баян-Өлгий аймгаар явахад Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байранд байрлах тохиолдол цөөнгүй байсан л даа. Тэгээд дотуур байранд байгаа хүүхдүүдтэй ярилцах гэхээр бага ангийн хүүхдүүд нь Монгол хэлийг огт мэдэхгүй шахам. Орчуулагч багшаар дамжуулж харилцдаг ч юм уу? тийм тохиолдол их. Харин ахлах ангийн сурагчид нь их, дээд сургуульд сурахад шаардлагатай гэдэг утгаараа ч юм уу? Монгол хэлээр харьцангуй сайн ярих нь ажиглагдсан л даа?

Тийм зүйл байгаа. Орчин бүрдэхгүй байна. Хос хэлний хөтөлбөрт энэ асуудлыг хэрхэн шийдэх талаар ойлголт алга байна. Мэдээж арай дэвшилттэй, шинэлэг гэсэн зүйлийг туршиж байгаа болов уу? Намайг Анкара дахь Элчин сайдын яамд ажиллаж байхад Баян-Өлгий аймгаас очиж суралцаж байгаа олон хүүхэд байсан л. Тэдгээр хүүхдүүд дунд харамсалтай нь Монгол хэлээ мэдэхгүй нь ч байсан. Тэгээд нутгийн хүүхдүүд гэдэг утгаар нь цуглуулж байгаад, та нар маань энд сурч байгаа Монгол оюутнуудтайгаа найзалж, дотносож, тэднээсээ Монгол хэлээ суралцах хэрэгтэй. Энд сургууль төгсчихөөд зөвхөн Баян-Өлгий аймагт л ажиллана гэж жижиг орчноор амьдралаа төсөөлж болохгүй. Монгол бүү хэл дэлхий даяарчлагдсан энэ үед Монголын шилдэг компаниудад ажиллах шаардлага гарна. Тэр үед Монгол хэлээ сайн мэддэг байхгүй бол ажил олгогчийн шаардлага хангахгүй шүү дээ гэж хэлж байсан.

Энэ асуудал ганц Баян-Өлгийд ч биш, жишээлбэл Улаанбаатарт гадаад хэлний сургалттай сургуульд хүүхдээ багаас нь явуулчихсан чинь нөгөө хүүхэд нь Англи хэлээр ярьдаг, зүүдэлдэг, боддог болчихсон. Өвөө эмээтэйгээ ч ойлголцохоо болиод ирэх гэх мэт асуудал үүсээд байна л даа?

Бид дэлхийтэй хөл нийлүүлж алхах ёстой нь үнэн. Тэгэхээр гадаад хэл, ялангуяа Англи хэл сурах шаардлагатай. Гэхдээ Монгол хэлээ бүрэн төгс сурч, эзэмших зайлшгүй шаардлагатай л даа.

Энэ асуудал зөвхөн Баян-Өлгий аймагт биш, Монгол Улсад тулгарчихаад байгаа асуудал юм шиг санагдаад байгаа учраас хөндөж ярилаа л даа. Намайг УИХ-ын гишүүн байхад, ер нь түүнээс ч өмнө, арван даргын нэгийг нь Казак хүнээр тавих ч гэх юм уу? үндэсний цөөнхөө илүү анхаарах, илүү хүндлэх харилцаа байсан. Өнөөдөр эргээд бодоход тэгж онцгойлон анхаарах асуудал биш юм шиг надад санагдаж байна. 21 аймгийн л нэг. Адилхан Монгол Улсын л иргэд. Заавал ингэж онцгойлох шаардлага юу билээ гэж бодогдох болсон. Үүнийг та үгүйсгэх үү?

Энэ бол улс орон бүрийн үндэсний цөөнхийнхөө талаар барих бодлого, жанжин шугамтай холбоотой асуудал байх л даа. Шаардлагатай тохиолдолд төр үндэсний цөөнхдөө дэмжлэг үзүүлэх ёстой байх.

Хамгийн сүүлд гэхэд Х.Баделхан гишүүн сайд боллоо шүү дээ?

Тийм ээ. Цөөнхийн төлөөлөл тэнд байгаа гэж бодохоор энд амьдарч байгаа Казак ард түмний сэтгэл нь өег гэдэг ч юм уу, социалист нийгмийн үед ч явж байсан бодлого юм билээ. Түүнтэй адилаар төр засаг Баян-Өлгий аймагт амьдарч буй Казак түмнийг үндэсний цөөнх гээд дэмжиж байгаа бол түүн дотор амьдарч байгаа Дөрвөд, Урианхай, Тува иргэдэд ч мөн адил хүлээлт байгаа юм л даа. Төр засгаас явуулж байгаа бодлогын үр шим бидэнд ч тусах ёстой гэдэг ч юм уу? Аймагтаа, сумандаа, амьдарч байгаа орчиндоо нөгөө төлөөлөл байх гэдэг асуудал гараад ирж байгаа юм л даа.

Цөөнхийн цөөнхи?

Яг энэ цөөнхийн цөөнхи гэдэг нэршил бол надад зөв нэршил биш санагдаад байгаа юм. Яг өнөөгийн хэвшсэн олонхийн сонгуулиар энэ асуудал шийдэгдэж чадахгүй байгаа. Иймээс намууд нь тусгайлсан бодлого гаргадаг ч юм уу, квот үүсгэдэг ч юм уу, янз бүрийн шийдэл байгаа.

Жишээ нь: Цэнгэл сумын сонгуульд өрсөлдөх намууд хоорондоо тохироод, Урианхай, Дөрвөд, Тува иргэдээсээ хэд, хэдэн хүн нэр дэвшүүлье гээд тохирчих нь байна шүү дээ?

Тийм ч байж болно. Ер нь олон шийдэл байгаа. Мэдээж хэрэг аль нэгэн намыг дэмжигч Урианхай, Дөрвөд, Тува иргэд байж л байгаа. Үүнийгээ сайхан хоорондоо ярилцаад, нэгнээ сонсох хэрэгтэй. Ингэж байж дундын шийдэл гарах болов уу.

Энэ асуудлыг яагаад хөндсөн бэ? гэхээр социализмын үеэс өнөөдрийг хүртэл олонхи нь цөөнхөө гэдэг бодлыг тээж шийдвэр гаргадаг. Энэ бодлого одоо ч байгаа. Яг үүнтэй адилхан Баян-Өлгий аймагт олонхи нь болчихсон байгаа Казак иргэд маань бас цөөнхөө бодож шийдвэр гаргадаг байгаасай гэж л таныг өдөж асуусан юм?

Энэ асуудлаар сонгуулийн дараа шинээр томилогдсон Баян-Өлгий аймгийн Засаг Дарга, ИТХ-ын даргатай цөөнхийн төлөөлөл болсон Урианхай, Тува, Дөрвөд иргэдийн төлөөлөл уулзаж, нилээн ярилцаад, та бүхэн минь тулгамдаад байгаа асуудлууд дээр анхаарч өгөөрэй. Мөн төр засгийн сонорт хүргэж, шийдэж өгөөрэй гэдэг хүсэлт тавсан. Яг өнөөдрийн байдлаар шийдчихсэн зүйл алга. Гэхдээ шийдлийг нь хайж, эрэлхийлж байгаа болов уу гэж бодож байна.

Таныг энэ төвөгтэй асуудлаар бага ч гэсэн яриулсандаа миний хувьд баяртай байна. Яагаад вэ гэхээр яг энэ асуудлыг хөндөж байгаа хүмүүс их цөөхөн байна. Та бид хоёр багагүй эр зориг гаргалаа гэж бодож байна?

Бодит байгаа асуудлыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр ил гаргаж ярих ёстой гэж боддог юм. Та ч мэдэх байх. Чингис хаан Хэрэйд аймгаас туслалцаа аваад, нөгөө найман аймагтай, Хонгирадуудтай харилцаад явж байсан түүхтэй шүү дээ. “Нууц товчоон”-д ч энэ талаар орчуулагчаар дамжуулж харилцаж байсан гэсэн зүйл байдаггүй шүү дээ.Тэгэхээр хэл ус, бүх л зүйл нь ойролцоо байжээ.Дэлхийд өнөөдөр бид бүгд эсгий туургатны соёлын гол төлөөлөл хүмүүс.

Сэтгэлгээний хувьд, Алтайн соёл, эсгий туургатны соёл гээд олон талаараа ойролцоо.Тийм учраас өнөөгийн орчин цагийн нөхцөлд тааруулж, хоорондоо ойлголцоод, бие биенээ дэмжээд, эв найрамдалтайгаар, уламжилж ирсэн зүйлээ хадгалаад цаашаа явах бүрэн боломжтой.

Олон хүний дотор яваад байдаг хэр нь ил гаргаж ярьдаггүй сэтгэл зовнил байдаг. Ил харагдаад байдаггүй энэ төвөгтэй асуудлыг хоёулаа зоримог сайхан ярилаа. Үүнийг олон хүн уншаасай. Ялангуяа шийдвэр гаргах түвшний хүмүүс нэгийг бодож, шийдвэр гаргаасай гэж хүсч байна. “Бидний цөөхөн монголчууд” төслийн маань гол зорилго бол энэ цагийн Монголчуудаа түүхчлэн авч үлдэх, тухайн хүнээ нилээн ухах зорилготой юм. Гэхдээ өнөөдөр таныг нэг их ухсангүй. Нөгөө асуудлаа голлож ярьсаар байгаад таарлаа. Гэхдээ сайхан яриа боллоо. Тантай ярилцсандаа маш их баяртай байна. Та бүхэндээ ажилд нь амжилт, хамгийн дээд, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Та бүхэнд бас баярлалаа. Монгол Улс төдийгүй, хил даваад, гадаадад амьдардаг өнөө цагийн Монголчуудынхаа ахуй амьдрал, бодит байдлыг эрэн сурвалжилж, сум бүрээр, баг бүрээр очиж, хүн бүртэй уулзаж байгаа нь танин мэдэхүйн маш том ач холбогдолтой гэж хардаг. “Бидний цөөхөн монголчууд” төслийн бичлэг, зураг, яриа хөөрөөг байнга үздэг. Бидний мэдэхгүй олон зүйлийг үзүүлж, таниулдаг энэ сайхан төслийн хамт олонд сайн сайхан бүхнийг хүсэе.

Таны аавын талаар ярихад надад нэг Тува өвгөний түүх санагдсан юм. Өнгөрсөн жил ковидын улмаас ОХУ-ын нийслэл Москва хотод би нилээн удаан хугацаагаар хөл хорионд байсан. Тэр үедээ бас зүгээр суулгүй олон хүнтэй уулзаж ярилцлага хийсэн л дээ. Энэ үеэрээ н.Гомбо гэж өвгөнтэй танилцсан юм. Увс аймгийн Давс сумын хил залгаа нутагт төрсөн. Ер нь Монгол хүн юм билээ.

Санхүүгийн мэргэжил эзэмшээд сумандаа нягтлан хийдэг, унаган Монгол хэлтэй. Нутгийн Тува хэлтэй. Гэтэл нэг өдөр Москвагаас яриад Москва хотын Хилийн цэргийн академид орчуулагч, багшаар ажилд авчихаж. Тэр сургуульд нь Монголын хилийн цэргийн албан хаагчдын ихэнхийг нь бэлддэг юм байна. Орос багш нар, Монгол оюутнууд хооронд орчуулгыг хийж өгдөг. Монголын хилийн цэргийн албан хаагчдын 400-500 нь тэр хүний шавь нар. Нөгөө өвгөн би Монгол явахад паспорт хэрэг болохгүй. Манай шавь нар намайг мөрөн дээрээ өргөөд л явна гэж надад дэгсдүүлж онгирч байгаа юм. Таны аавыг Орос хэлний багш гэж ярихад тэр хүн санаанд орлоо. Аливаа хоёр орны харилцаанд хэл гэдэг маш чухал юм. Тува Улсын Ерөнхийлөгч байсан Шолпан дарга, өөр олон хүмүүстэй уулзаж байхад нэг сонин зүйл сонссон.Тува улсын төрийн дууллыг Баян-Өлгий аймагт амьдардаг хоёр Тува залуу бичсэн гэж. Энэ үнэн үү?

Тэр үнэн шүү. Одоо тэтгэвэрт гарчихсан, тухайн үедээ хилийн цэрэгт алба хааж байсан хоёр хилчин хүн бий.Энэ хоёр хүний Тува түмнээ, Тува нутгаа магтаж, омогшлоороо бичсэн дуу л даа. Хилийн цэрэгт, заставуудаар ажиллаж явж байхдаа бичсэн. Тэр сайхан нутаг ус, байгаль дэлхийгээ хараад онгод нь ороод бичсэн юм болов уу даа. Нэг нь ая оруулаад энэ сайхан дуу бүтсэн юм билээ. Тэр дууг Цэнгэл сумын Тувачууд маань сүлд дуугаа болгоод, дуулаад их олон жил болсон. Тэгээд ОХУ-ын Тува Улсын уран бүтээлчид ирээд, нөгөө дууг сонсоод маш их сонирхож сураад, нутагтаа очоод түгээн дуулсан байгаа юм. Тэгээд Тувагийн алдарт дуучин Андрей Монгуш мөн дуулж алдаршуулаад, ингэж явсаар байгаад тухайн үеийн Тува Улсын Ерөнхийлөгч энэ дуу бол их сүнслэг, Тува хүнийг дэлхийд алдаршуулсан дуу байна. Энэ дууг төрийн дууллаа болгоё гээд шийдвэр гаргасан байдаг юм. Ингээд уг дууг зохиосон хоёр хүнд Тува улсын Гавьяат цол олгож, нилээн дэмжсэн.

Таны хувьд Тува үндэстнийхээ ёс заншлыг түгээн таниулахад анхаарал их хандуулдаг юм шиг анзаарагдсан л даа. “Бидний цөөхөн Монголчууд” төслийн баг Баян-Өлгийн Цэнгэл суманд ажиллах үеэрээ Тува үндэстний хурим, найр, наадам гээд ёс, зан заншилтай холбоотой бүхий л зүйлийг бүрэн дүрсжүүлж авсан байгаа. Үүнийгээ удахгүй нэвтрүүлэг болгох гээд ажиллаж байна. Бэлэн болсон үед нь уг сайхан соёл, ёс заншлыг олон түмэнд түгээх, таниулах ажилд бид таны хамтрагч шүү гэдгийг хэлэхэд таатай байна.

“Бидний цөөхөн Монголчууд” төслийн хамт олонд маш их баярлалаа. Уншиж байгаа хүмүүстээ сонин болгоод товчхон хэлэхэд Тува хэлийг Түрэг гаралтай гэж их ярьдаг л даа. Миний хувьд Түрэг биш, Алтай язгууртай гэж хэлнэ. Тувачууд бол Өвөг Алтай хэлний тээгч ард түмэн юм. Бөөгийн шүтлэгтэй, нэлээн хожуу Алтайн хязгаарт Буддын шашин дэлгэрэхэд уг шашинд орсон. Уул овоогоо тахиж шүтдэг. Ёс заншил бүх зүйлээрээ нийтлэг. Баруун Монголын үндэстэн, ястнуудтай ижил ард түмэн дээ.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд маш их баярлалаа.Таныг, хувь хүнийг нь л ухаж амжсангүй...

Дараа дахин ирээд ухах байх аа гэж бодож байна.

Баярлалаа.