Уншиж байна...

ХҮН ҮНДЭСТЭН БА ИХ МОНГОЛ ТӨР (1)

Монгол Улсын ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр танд болон Монгол Улсынхаа Хүн үндэстэн ард түмэнд СИЭ ТББ-ын долоон жилийн суурь судалгааг тоймлон “Хүн үндэстэн ба Их Монгол төр” нийтлэлээр энэ удаа хүргэнэ. Энэхүү нийтлэлээ Ж.Энхбаяр дарга Танд хандсан үгээр төгсгөсөн болно.
Мал аж ахуйтны нийгэм байгууламж дахь үндэстэн, төр гэх хоёр чухал ухагдахууныг, мөн энэхүү хоёр ухагдахууныг ялгаж салгахгүйгээс урган гарч буй өнөөгийн төөрөгдлийг та бүхэндээ тайлбарлана.


Монгол Улсын түүхчид Үндэстэн, Төр гэх хоёр чухал ухагдахууныг ялгаж салгалгүй, өрнийн тариаланч угшлын судлаачдын номоор түүхээ бичсэнээс Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн XIII зуунаас эхлэх нэгэн төрийнхөө түүхээр 2300 орчим жилийн баримтжуулагдсан, үндэстнийнхээ түүхийг охорлож байна. Зүй нь үндэстний түүх нь тухайн үндэстний үүсгэсэн төдийгүй харь үндэстний үүсгэсэн төрийн түүхээс ч иж бүрдэнэ. СИЭ-ий судлаачид эх сурвалж, эх баримтад түшиглэн Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур, Их монгол болон түүнээс дараах төрүүдийн түүхээс Хүн үндэстний түүх иж бүрдэхийг нотлов. Бүхэл бүтэн 2300 жилийн он дараалан баримтжуулагдсан үндэстнийнхээ түүхээ үгүйсгэж, зөвхөн XIII зууны Их монгол төрийн түүхийг онцлон тасалж, Их монгол улсаас хойших түүхийг буруу найруулснаас Монгол Улсын Хүн үндэстэн ард түмэн буруу найрлагатай, тайрмал охор түүхтэй болоход хүрч байна. Тиймээс үндэстний журамт түүхгүй Монгол Улсын төр XIII зууны төрийнхөө түүхэнд төөрөв.
Монгол Улсын өнөөгийн төр Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутагт Монгол Улсын халх, буриад болон бусад ард түмний дээдэс XIII зуунаас урьд нутаглаж байгаагүй, Алтайн уулсад өнөө ч аж төрөх Монгол улсын иргэдийн ойрд дээдэс нь XIII зуунаас урьд нутаглаж байгаагүй, зөвхөн XIII зуунд Хамаг Монголын Тэмүүжинтэй хамт дээрх хоёр нутгийг байлдан дагуулсанд тооцох болов. Монгол Улсын төр Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийг гал голомт нутаг гэж зарлах учиртай бөгөөд энэ сайхан нутгаа гадны төртэй хуваалцан зарлаж хэрхэвч болохгүй билээ. Үтүгэнийг ингэж зарлаваас Алтайн уулс харь шашинт ард түмэнд Үтүгэний “хачир” нь болж, харь шашинтны үндсэн нутаг болно.
Үүний тод илрэл нь БНТУ-аас явуулж буй үсэг бичиг, түүх соёлын түрэмгийлэл мөнөөс мөн. Үндэстнийнхээ түүхээс төрийнхөө түүхийг ялгаж салгах чадваргүй байх аваас Монгол Улсын төрд БНТУ-аас явуулах Хүн үндэстний үсэг бичиг булаах, түүх соёл түрэмгийлэх бодлогын эсрэг сөргүүлэн тавих үндэслэл үгүй болох билээ.
Тэгэхээр “Үндэстэн”, “Төр” гэх хоёр ухагдахууныг хамтаар ухаж, тодорхойлохыг хичээцгээе.
Үндэстэн
Үндэстэн нь дундын хэл, түүх, соёл, угсаа, нутагтай олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэнэ. Тухайн үндэстэн тодорхой цаг хугацаанд өөрөө үүсгэсэн төрийн доор эсвэл бусдын үүсгэсэн төрийн доор аж төрнө. Төр солигдох болох ч үндэстэн үл солигдоно. Үндэстэн урт хугацаанд, төр нь богино хугацаанд оршино.
Хэл, түүх, соёлоо үгүй хийсэн, угсаа гарлаа (урьдас дээдсээ) мэдэхээ больсон үндэстэн нь үндэстэн биш, зөвхөн ижил гентэй бүлэг хүмүүс болох бөгөөд бүлэг хүмүүс нутгаа бусдад алддаг жамтай.
ТӨР
Мал аж ахуйтны төр – тодорхой нэг овог их улс байгуулж, байгуулсан улсаа тухайн овгоос, мөн түүний салбар овгоос үе залгамжлан удирдах эрх мэдэл болно. Төрт улс нь өөрийн хүн ам, мал, хөрөнгө тоолох, татвар ногдуулах тогтолцоотой бөгөөд төр нь аливаа нэгэнд татвар төлдөгггүй. Хэрэв төр нь аливаа гадны төрд татвар төлвөөс бүрэн эрхт, тусгаар тогтнол гэх ухагдахуун үгүй болж, төр гэх ухагдахуун үгүй болно. Хүн үндэстний түүхэнд төр барихын тулд тэд заавал Үтүгэний ард түмнийг хураадаг, мөн Үтүгэнд өргөөгөө заавал байгуулдаг ажээ. Хүн ам, мал сүрэг, амуй тарианы нөөц Үтүгэнд орших тул Мал аж ахуйтны төр нь Үтүгэнд оршино. Өнөө Монгол Улсын нийслэл Улаанбаатар нь Туул голын савд Үтүгэн газар оршино. Төрт улсыг байгуулахын тулд хэн нэгэн нь овог үүсгэх ёстой. Нэгдсэн төргүй үед байгуулсан овгоор бусад овгийг хурааж аймаг байгуулна. Нэгдсэн төртэй үед аймаг удирдах түшмэлийг томилно. Байгуулсан аймгаар төрийг цохиж шинэ төрт улсыг үүсгэнэ. Үүсэж үгүй болох олон түмэн овгоос ганц л овог төр байгуулах боломжтой.
ОВОГ
Овог нь мал аж ахуйтны нийгэм байгууламжийн үндсэн нэгж. Овог нь ясту хүмүүс болон иргэд хоёроос иж бүрдэнэ. Аль нэгэн нь байхгүй бол овог байхгүй. Овгийн ясту хүмүүс эд агуурс болон иргэдийг өмчилнө. Иргэдэд нь өмч гэж үгүй. Иргэд татвар төлөхгүй. Овгийн ясту хүмүүс хоорондоо татвар өгдөггүй. Овгийн ястан татвараа аймгаар дамжуулан төрдөө төлнө. Овгийг Их хүнийх нь нэрээр нэрэлнэ. Овог тогтворгүй, богино настай, мөн байнга салбарлана. Тухайн овог үгүй болох нь хэвийн үзэгдэл.
АЙМАГ
Аймаг нь олон мянган өрхөөс иж бүрдэх төрийн захиргаа. Төрөөс аймаг удирдах түшмэлийг томилно. Бүх овог, өрх аймагт тоологдож, татвар төлнө. Аймаг нь татвараа төрд тушаана. Төр үймэх үед аль нэг аймаг төрийг булааж авдаг бөгөөд тэд байгуулсан төрөө аймгийнхаа нэрээр нэрэлнэ. Аймгийг газар усных нь нэрээр (Түрэг, Сяньби, Архангай) мөн хэрхэн бүрэлдсэн явцаар нь (Халх, Уйгур) нэрлэх нь элбэг. Шинэ төр үүсэх бүрд хуучин аймгийн удирдлага, аймгийн нэр өөрчлөгдөнө.
ҮНДЭСТЭН
Үндэстэн нь урт удаан буюу олон мянган жилийн хугацаанд оршино. Манай он дарааллаар баримтжуулагдсан 2300 орчим жилийн түүхэнд “үндэстэн” гэх үг ганц ч тааралдаагүй ч, ямар ч төрөөс удаан орших, хэд хэдэн төрийнхөө үүсэл мөхлийн гэрч болох үндэстэн гэх тодорхойлолтод тохирох Хүннү, Тэлэ гэх ухагдахуун бий. Энэ удаа үндэстэн, төр гэх хоёр ухагдахууныг тодорхой болгох үүднээс зөвхөн Тэлэ гэх ухагдахууныг бид эх сурвалжаас тайлбарлана.
НОТ 551-554-р онд Вэй Шоу-гийн бичсэн Вэй Шу буюу Вэй улсын ном нь Умард Вэй төрийн (НОТ 386-535), Өрнөд Вэй төрийн (НОТ 534-550) түүхийг үгүүлэхээс гадна умрын мал аж ахуйтан Өндөр тэрэгтэн Тэлэ, Жужан төрийн түүхийг үгүүлжээ.
Уг номд Умард мал аж ахуйтны доторх өндөр тэрэгтэн Тэлэ-гийн тухай үгүүлэхдээ НОТ-оос урьдах цаг хугацаанд хамруулжээ. “Тэдний хэл нь Хүннүгийн хэлтэй ерөнхийдөө ижил боловч жаал зөрүүтэй”, “Зарим нь тэдний овгийг үүсгэн байгуулагчийг Хүннүгийн охиноос төрсөн нэгэн гэнэ...” гэх мэт мэдээлэл Вэй улсын бичигт оржээ. Олон аймаг өөрсдийгөө Тэлэ гээн нэрлэдэг ажээ. Дээрх баримтаас Тэлэ нь Хүннүг хүчтэй байх үед үүсжээ гэж дүгнэж болно. Тэлэ үүссэн үе нь НОТ-оос урьдах цаг хугацаа болно.
IV зуунд өмнөөс цөл (говь) гаталж Тэлэ-гийн нутагт ирсэн Шэлүн тэргүүнтэй Жужанчууд Тэлэ-г хурааж, 100-т, 1000-тын системд хуваажээ. Тэлэ-гийн төв нутаг нь Туул гол болохыг уг номоос мэдэж болно.
НОТ 569-р онд хэвлэгдсэн Умард төрийн түүх номны Түрэг Тэлэ шастирт “Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүнтшээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду ло хэ голын хойгуур Пү Гү, Тун Ло, Вэй хэ, Ба е гү, Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ. Мэн чэн, То Рү хэ, Жин ши, Хун Ху ше зэрэг олон овог буй. Цэрэгт мордох эр хоёр түм буй. И у-гаас баруунтшаа Ян чэ-гээс хойшоо, Цагаан уулын хажууд Чи би, С-но, Н хэ, У ху, Чи гү, Е ши, Ю ни гү зэрэг буй. Цэрэгт мордох эр хоёр түм буй. Алтан уулын баруун өмнө Шю ян то, Үи лэ до, Ши пань, Да чи зэрэг буй. Түмэн өнгөрүү цэрэгтэй...” гэж оржээ. Энэ нь Жужан төрийн сүүл үе мөн бөгөөд 540-552 он байх магадал өндөр. Тэлэ нь Жужанаас хараат биш болсон үе ажээ. Дээрх мэдээллээс олон аймаг буюу захиргаанууд бүгд дундын Тэлэ гэх нэртэй ажээ. Уг эх сурвалжид “Тэлэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно” гэж оржээ. Тэгэхээр Тэлэ нь Хүннүгээс салбарласан уг нэрийн гарал үүсэл НОТ-оос урьдах II зууны сүүлд хамрагдах болов уу. (НОТ-оос “Урьдах” гэвэл Хүннүгийн хойчис бус Хүннүгийн үед үүссэн болчихож байна.)
НОТ 941- 945-р онд бичигдсэн Хуучин Тан төрийн бичигт: “Тэлэ язгуур нь Хүннүгийн өөр удам (Хүннүгээс салбарлаагүй, Хүннү Тэлэ хоёр дээдэс нэгтэй гэх утга). Түрэгийн үеэс эхлэн хүчирхэгжин мандав. Тэлэ-гийн олон аймаг сарниж бутран харьяат олон өнчирч доройтов. У дэгийн эхний үе (НОТ 618-620-р он орчим) хүрээд Шө янь то, Чи би, Хүй хэ (уйгур), Ду бо, Гу ли гань, До лань гэ, Пу гу, Бае гу (Баргу), Тун ло, Хун аймаг...цөлийн (говийн) араар тархана” гэж оржээ. Аймаг бүр өөрийн нэртэй боловч үндэстний нэр нь Тэлэ ажээ. Хэрэв Тэлэ нь Хүннүгээс салбарлаагүй, Хүннүтэй дээдэс нэгтэй бол Тэлэ-гийн гарал үүсэл НОТ-оос урьдах 318-р оноос урагшилна.
XII зууны Е Лүн ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” номд “Гадны эзэмшлийг хянах тогтолцоо” хэсэгт “Шамофу нь цөлийн (говийн) умард орших газар усыг хянана. ...Дадань (татар), мэнгу, дилэ аймгийг хянах зорилготой” гэж оржээ.
Тэлэ-гийн тухай эх сурвалжуудад Тэлэ Хүннүтэй нэг дээдэстэй, Хүннүгийн хойчис Тэлэ гэх хоёр өөр утга агуулах мэдээлэл орших боловч Тэлэ Хүннүтэй нэг хэлтэй, нэг үндэстэн болох нь тодорхой тэмдэглэгджээ. Энэ удаа Тэлэ-гийн тухай баримтыг эх сурвалжаас цуглуулсан тул “Хүн үндэстэн” гэх ухагдахууны оронд “Тэлэ үндэстэн” гэх ухагдахууныг түр хэрэглэнэ. Гол нь ухагч танд Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууны хялбар тайлбарлахын тулд, олон эх сурвалж дахь мэдээлэлд таныг төөрүүлэхгүйн тулд ийм шийдэлд бид түр хүрлээ.
Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын савд үеэс үед орших, мөн хамгийн их хүн амтай Тэлэ үндэстэн нь Үтүгэнд оршсон Хүннү төр, Сяньби төр, Жужан төр, Түрэг төр, Уйгур төрийн үүсэл мөхлийн гэрч бөгөөд XII зуунд цөлийн умар нутагт оршиж байсан тухай баримт эх сурвалжид тэмдэглэгджээ. Тэлэ нь Хүннү, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур төрийн захиргаанд олон хуваагдаж байсан ч XII зуунд Тэлэ гэх үндэстнийнхээ ерөнхий нэрийг 1700-гаас 1300 жилийн турш хадгалсаар байжээ.
XIII зуунаас хойш буюу Их Монгол улс байгуулсан цаг мөчөөс Тэлэ үндэстэн хайчив? Энэхүү асуултад одоо хариулъя.
Хамаг монголчууд хүн ам цөөтэй байсныг XIII зууны “Алтан Дэвтэр” /Монголын нууц точвоон/ түүхэн эх сурвалжид бичжээ. Энэ тухай материал хүргэсэн билээ. Хүн амын олонх Найман нь Уйгур гаралтай тухай баримт Судрын чуулганд бйй. Уйгур нь Хүннүгийн хойчис болно. Харин Хэрэйд нь загалмайтны шашин авсан Йогур (Уйгур) болох тухай Плано Карпины номдоо бичсэнийг СИЭ та бүхэнд хүргэсэн билээ. Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийн буюу өргөн утгаар Үтүгэн нутгийн ард түмэн XIII зуунд хаачсан, өнөө хаана байна вэ? Тэлэ үндэстний хойчис хаана байна вэ?
Хэрэв бид Тэлэ үндэстний үр хойчсыг олбоос үндэстнийнхээ түүхийг сэрээж чадна. Эс олбоос XIII зуунаар үндэстнийнхээ түүхийг огтолсон, үндэстний түүхгүй, зөвхөн төрийн түүхтэй ард түмэн болж хувирна. Энэ нь манай оршихуйг богиносгоно.
Энэхүү асуултад хариу олцгооё!
ХЭЛ
Хамгийн түрүүнд Тэлэ үндэстний үр хойчсых нь хэлийг олж тогтоох ёстой. Үндэстэн гэх ухагдахууны нэгдүгээр шалгуур нь хэл. Үндэстэн нь заавал дундын хэлтэй олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
Хэл гэх ухагдахууныг “Хэл нь харилцах хэрэглүүр буюу утга гаргах зүй тогтлоор холбогдсон үгс” гэж академик түвшинд тодорхойлжээ.
Үгсээр утга гаргадаг хэлний зүй тогтолд тухайн үндэстний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цаг орно. Халх, буриад ард түмний утга гаргах хэлний зүйн тогтол нь хамаг монголчуудын утга гаргах хэлний зүй тогтлоос их зөрүүтэй. Энэ зөрүү нь аялгын зөрүү биш, хэлний зөрүү буй. Тэмүжин, Жамух хоёрын Хамаг монгол хэл нь тунгус, манж хэлний бүлэгт багтана. Харин халх, буриад ард түмний хэл зүй нь VII-VIII зууны Түрэг, Уйгур төрийн хадан бичээст өнөө орших бөгөөд Үтүгэний ард түмний үндсэн хэл болно. Халх, буриад ард түмний хэлийг Хүн хэл гэж нэрлэх бүрэн үндэслэлтэй. Ойрд дээдэстэй өнөөгийн Алтайн уулс дахь Монгол Улсын иргэдийн хэл нь Хүн хэлээс өөр хэл биш Хүн хэлний баруун аялга болно. Үндэстэн хэлээ хадгална.
Төр нь хэлэнд хэрхэн ханддаг тухайг төрийн тодорхойлолтоос эргэн харцгаая.
Мал аж ахуйтны төр – тодорхой нэг овог их улс байгуулж, байгуулсан улсаа тухайн овгоос, мөн түүний салбар овгоос үе залгамжлан удирдах эрх мэдэл. Мал аж ахуйтны төрийн гол үүрэг аливаа төрийн гол үүрэгтэй ижил ард түмнийг удирдах үйл. Төр барих нэгэн нь ямар ч үнээр төрөө үргэлжлүүлэн барихыг хичээнэ. Үтүгэнд төрт улсаа байгуулсан Чингис хаан уйгур хэл, уйгур бичгийг эрдэм мэдлэгийн оргилд өргөмжилснийг, мөн өөрийн үсэг бичиггүй учир монгол хүүхдэд уйгур үсэг бичиг зааж сургах зарлиг буулгасныг Ата Малик Жүвэйни “Ертөнцийг эзлэгч” номдоо бичжээ. Төрөө барихын тулд Үтүгэний ард түмнийг удирдахын тулд Чингис хаан үсэг бичиг, хэлийг нь төрийнхөө үсэг бичиг, хэл болгожээ. Харин Чингис хааны ач Мөнх хаан Рубрукт уйгур үсгээр, өөрийнхөө хамаг монгол хэлээр найруулсан бичиг өгснийг тэр “Дорны улсаар аялсан минь” номдоо бичжээ. Мөнх хааны төрийн бичгийн хэл болгосон хамаг монгол хэлийг 1947 онд БНМАУ Үтүгэн дэх ард түмний Хүн хэлээр сольжээ. Үтүгэний ард түмэн XIII зуунаас 1947 он хүртэл аман хэлээ хадгалжээ. Зарим төр нь Үтүгэний ард түмний хэлийг төрийнхөө албан хэл болгодог, зарим төр нь өөрийнхөө хэлийг төрийнхөө албан хэл болгодог ч Үтүгэний ард түмэн Хүн хэлээ үеэс үед хадгалсаар өнөөд иржээ.
Иранд төр барьсан Хүлэгийн хойчис төрийнхөө хэлийг перс хэл рүү шилжүүлжээ. Хубилайн хойчис ханз үсгээр төрийн албаа явуулах болжээ. Перс, Бага Азид X-XII зуунд төр байгуулсан Сельджукууд буюу Үсүни мал аж ахуйтан ард түмэн төрийн үйлээ перс хэл дээр явуулж байжээ.
Өнөө Хүн хэлний үгийн санд хамаг монголчуудын олон үг бий. Үсүний ард түмний үгийн санд олон перс үг оржээ. Үг ижилсэхээс хэл үл ижилсэнэ.
Эзэмшил улсаа удирдахын тулд төр баригч овгийнхон хүн амын дийлэнх ард түмний хэлийг сонгодог түүхэн жамтай юм байна. Төр баригчдад төрөө удирдах нь чухал. Үндэстэнд хэлээ хадгалах нь чухал. Өнөө Үтүгэний буюу Хүн хэлийг Орчин цагийн монгол хэл гээн манай хэлний нөхөд буруу нэршив. Хамаг монгол хэл нь Хүн хэлээс өөр хэл болно. Үүнийг СИЭ-гийн судлаачид батлав.
ТҮҮХ
Үндэстэн гэх ухагдахууны хоёрдугаар шалгуур бол түүх. Үндэстэн нь заавал дундын түүхтэй олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
Хүн үндэстний он дараалан баримтжуулсан түүх нь 2300 орчим жилийг хамарчээ. Хүн үндэстэний түүх Модун жангар, түүний аав Түмэн жангараас эхлэлтэй.
НОТ-оос урьдах III зуунаас НОТ II зуун Хүннү төрийн хүн амын дийлэнхийг хүннү, тэлэчүүд бүрдүүлжээ.
НОТ 89-105-р онд (Хэди-гийн Юн Юаны дунд үеээр) Сяньби төр Хүннүгийн үлдэгдэл арав илүү түмэн өрхтэй нийлж хүчирхэг болжээ. НОТ II-III зуунд Хүннүчүүд төрийнхөө нэрээр өөрсдийгөө Сянби хэмээцгээжээ.
НОТ IV зууны сүүл, НОТ V зууны эхэнд Жужаны Шэлүн Үтүгэний ард түмнийг хурааж, төрт улсаа байгуулжээ. Жужан төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь тэлэ, хүннүчүүдээс иж бүрджээ. Бүгд өөрсдийгөө төрөө даган Жужан гэнэ.
НОТ 552-р онд Түрэг аймаг Түрэг төр байгуулжээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Тэлэ, Янь да (Цагаан хүннү) нар ажээ. Тэлэ, Янь да-гийн хүчээр Үсүний газар усыг эзэлж, Баруун Түрэг буюу Түргэс улсыг байгуулжээ.
НОТ 744-р онд Же ли ту фа Басмалыг дарж, өөрийгөө Котлог билгэч хаанд өргөмжилснөөр Уйгур төр үүсэв. “Уйгурын дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үед Тэ лэ аймаг нэртэй байв” гэж Хуучин Тан төрийн бичигт оржээ. Уйгур төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь уйгурчууд болно.
XII зууны Е Лүн ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” номд “Гадны эзэмшлийг хянах тогтолцоо” хэсэгт “Шамофу нь цөлийн (говийн) умард орших газар усыг хянана. ...Дадань (татар), мэнгу, дилэ (тэлэ) аймгийг хянах зорилготой” гэж оржээ. Энэ нь Кидан төрийн сүүл үе буюу НОТ XI зууны сүүл үед хамарна.
XIII зууны эхэнд Тэмүжин Их монгол төрийг байгуулж, Чингис хаанд өргөмжлөгджээ. Их монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнхийг Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэд, Баргу ард түмэн бүрдүүлжээ. Тэд төрийнхөө нэрээр өөрсдийгөө Монгол хэмээх болов.
УГСАА
Үндэстэн гэх ухагдахууны гуравдугаар шалгуур бол угсаа. Үндэстэн нь заавал дундын угсаатай олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
Угсаа нь өнөөгийн аж төрөх бүлэг хүмүүсийн эртний дээдэс болно. Дээдсийнхээ, хэл, соёл, зан заншлыг тээж буй бүлэг хүмүүсийг угсаа залгамжлагчид буюу угсаатан гэнэ.
Өнөөгийн халх, буриад болон ойрдын хойчис Этүгэн болон Алтайд аж төрөх ард түмний угсаа нь Хамаг Монголын буюу Тэмүжин, Жамух хоёрын угсаанаас өөр ажээ. Энэ бол факт. Өнөөгийн халх, буриад, түүхэнд бичигдсэн ойрд ард түмний угсаа гарлыг зөв тодорхойлбоос Хүн үндэстний эх түүх зөв сэрнэ.
Ойрд нь маш эртний төртэй, хүн амаар олон улс ажээ. “Ойрд ястны нутаг нь Секизмөрөн [Найман мөрөн] болно. Эрт дээр үед эдгээр голын саваар Тумат улс нутаглаж байжээ. Уг нутгаас эхээ авах олон гол нийлсээр Кэм [Енисей] мөрөн болно. Кэм мөрөн Ангар мөрөнд цутгана. Тэдгээр [найман] голын нэрсийг Көк мөрөн, Он мөрөн, Кара усун, Саби тун, Укри мөрөн, Акар мөрөн, Джурчэ мөрөн, Чаган мөрөн гэнэ. Эдгээр овог нь эрт дээр үеэсээ олуул, өөр өөрийн нэртэй мөн олон салбарлажээ. Ойрдууд эрт үеэсээ өөрийн эзэнтэй улс ажээ. Чингис хааны үед тэд [монголчуудад] зарим эсэргүүцэл үзүүлсэн ч удахгүй эвлэрэн номхорчээ. Чингис хаан тэдний охидыг бэр болгож, мөн охидоо тэдэнд өгч худ ургийн харилцаа үүсгэжээ. Тэр зуунд [XII зууны сүүл үе] ойрдын эзэн нь Кутук бэки гэгч байжээ. Тэр Иналчи, Төрэлчи хоёр хөвүүнтэй, мөн Огул Каймиш охинтой нэгэн ажээ. Охиныг нь Мөнх хаан авжээ” гэж Рашид “Судрын чуулган” номдоо бичжээ. Ойрдууд маш эртний ард түмэн бөгөөд тэд Хамаг монголчуудаас угсаа гарвал өөр. Тэднийг Хамаг монголчууд XIII зуунд хураасан тул, тэд Их монгол төрийн албат болсон тул тэд өөрсдийгөө төрийнхөө нэрээр “Монгол” гээн дуудах болжээ. Ойрд ард түмний XIII зууны хаан Кутуг бэки нь “дурбан” овгийн хүн гэж Рашид номдоо бичжээ.
Баргу, кори, тумат нь Хүн үндэстэн болно. “Баргуджин тохумын хавиар нутаглах кори, баргут, тумат ойн овгууд нь хоорондоо ойрхон овгууд болно. Тэдний овог, салбар овгууд жинхэнэ монголчуудад үл хамаарна” гэж Рашид номдоо бичжээ.
“Тэ Лэ-гийн дээдэс нь Хүннүгийн хойчис болно. Төрөл зүйл нь хамгийн олон. Өрнө далайгаас зүүншээ уул хавцал даган амьдардаг. Тоогүй олон аж. Ду Ло хэ голын хойгуур ...Ба е гү (баргу), Дян Ло бүгдээр Ай жин гэж нэрлэгдэнэ” гэж Умард төрийн түүх дэх Түрэг, Тэлэ шастирт бичигджээ. Кори, тумат, баргу бүгд хоорондоо ойрхон овгууд тул тэд Хүннүгийн хойчис болно.
Хэрэйдийн угсаа нь Уйгур, Уйгурын угсаа нь Хүннү ажээ.
“Тэдэнд өөрийн овгуудаас гаралтай нэр хүндтэй олон эзэд (хаад) байжээ. Эрт үед тэд бусдаас хамаагүй хүчирхэг байжээ. Тэдэнд Ийсусын дуудлага ирж, тэд түүний шашныг авав” гэж Рашид Судрын чуулгандаа бичжээ. Хэрэйд нь хамгийн олон овог, салбар овогтой ажээ.
Хэрэйдийн Джиркин овог нь Ван хааны овог ажээ. Хэрэйдэд Конкаит, Сакаит, Тумаут, Албат гэх мэт олон овог бий. Хэрэйд ард түмний угсаа нь хамаг монголчууд буюу Тэмүжин, Жамух хоёрын угсаанаас өөр ажээ. Энэ тухай баримтыг XIII зууны Алтан дэвтэр буюу “Монголын нууц товчоон” түүхэн эх сурвалжид бий.
“Тодорхой хугацаанд амарсны дараа Чингис дахин аян дайныхаа бэлтгэлийг хангаж Уйгурын нутаг руу дайрав; тэр хүмүүс-несториан урсгалын загалмайтнууд; тэр тэднийг хураав, Татарууд урьд нь бичиг үсэггүй байсан тул тэдний үсэг бичгийг аваад Монгол гэж нэрлэв...” гэж 1246 онд Поп Иннокентий IV –ийн элч, Үтүгэнд ирсэн Плано Карпины “Монголын түүх” номдоо бичжээ. Плано Карпины үсэг бичигт уйгуруудад Үтүгэнд орших неосториан шашинт Хэрэйдийг тодын тодоор тооцжээ. Плано Карпины Таримын хөндийд аж төрөх Буддын шашинт уйгуруудаас неосториан шашинт Хэрэйд ард түмнийг маш сайн ялгажээ.
XIII зууны “Алтан дэвтэр” түүхэн эх сурвалжид Жамух хоёр түмэн цэрэг, Ван хаан дүү Жакахамбутай хамт хоёр түмэн цэрэг дагуулан замдаа Тэмүжинтэй нийлж болзол газраа хоцорч очжээ. Жамух “Монгол за андгартан бусуту? За дэсээ хочитагсаныг дэргэдэсээ гаргая гэх саналыг” Ван хаанд тавьжээ. Үүнд “Болзал газара гурбан үдүр кочит байв гээн котулакуйи (завшаан болгохыг), чимарлакуйи (чамлахыг) Жамука дүү мэдэтүгэй” гээн хариулжээ.
Жамух дөрвөн хүнээс хоёр нь хэрэйд, хоёр нь монгол тул хэлсэндээ хүрээгүй нөгөө монголоо буюу Тэмүжинг дэргэдээсээ гаргах зөвшөөрлийг Ван хаанаас авах санаатай дээрх үгүүлбэрийг хэлэв. Тэмүжинээр дамжуулж Ван хаан өөртэй нь харьцсанд эгдүүдсэн Жамух цаашид Ван хаантай шууд харьцахын тулд энэхүү санааг гаргав. Жамухын санааг сайтар ухаарсан Ван хаан хоёр түмэн цэрэг хөдөлгөж ирсэн маань сайн үйл үү, чамлах үйл үү гэдгийг өөрөө мэд гэж Жамухад захирах өнгөөр хэлэв. Жамух эс хариулав. Ван хаан том үйл хийх үед хоёр монголын хооронд орших жижиг зөрчлийг орхи гэх санааг тойруу замаар, хоёргүй сэтгэлээр хэлжээ. Хэрэйдүүдийн угсаа гарал нь монголчуудын угсаа гарлаас өөр ажээ. Хамаг монголчуудын угсаа гарал нь хэрэйдүүдийн угсаа гарлаас өөр ажээ.
НАЙМАН НЬ УЙГУРЫН ХОЙЧИС АЖЭЭ
“Чингис хаан наймануудтай дайсагнахаас эрт урьд Найманы хааныг Инанч-Билгэ Буку хан гэдэг байжээ. Инанч гэдэг нь итгэх; билгэ гэдэг нь “аугаа” гэсэн цол. Буку-хаан эрт үеийн аугаа хаан байжээ. Түүнийг уйгур болон олон овог ихээр хүндэлдэг бөгөөд тэд нэг модноос гаралтай гэж өгүүлнэ” гэж Судрын чуулганд бичигджээ. Уйгур, Хэрэйд, Найман нь нэг модноос, буюу нэг үндэстэй гэдгийг хоёргүй санаагаар ийнхүү бичжээ. Инанч билгэ Буку хаан нь VII зууны хаан бөгөөд түүний тухай “Хуучин Тан төрийн бичиг” дэх “Уйгурын шастир”-ын “Түргийн шастир дээд”-д, мөн Жүвейнигийн “Ертөнцийг эзлэгч” номонд тодорхой бичжээ.
Алтан дэвтэр түүхэн эх сурвалжид Найманы Таян хаан “энэ дорона цөөхөд монгол буй гэгдэмүй” гэж бичжээ. Найманы Таян хаан сургаар дорно зүгт цөөхөн монгол бий гэдгийг сонсжээ. Найманы хүн ам XIII зуунд хамаг монголчуудаас хамаагүй олон байжээ.
Ингээд Үтүгэн, Алтай, Найман мөрний XIII зууны ард түмэн нь хамаг монголчуудтай угсаа гарал өөр гэдгийг бид хөдөлшгүй баримтаар батлав. Үүнийг батлах эх сурвалж дахь олон баримтыг бид энэ удаа хэт нуршихгүйн тул эс дэлгэв.
ХАМАГ МОНГОЛЧУУДЫН УГСАА
Хамаг монголчуудын дээд угсаа болох Монгу Шивэй болон бусад олон Шивэй нар Түрэг төрийн хур байж, төрөөс 3 тоотон түшмэл Шивэйг хариуцан байжээ. Түрэг төр Тан төрд дагах үед Шивэй нь Танг төрийн хур болжээ. Уйгур төрийн дараа Шивэй нь Тангийн хураас Хятанд шилжсэн ба нийт 270 жил Хятаны хур оршин байгаад Жүрчиний Алтан улс байгуулагдахад бусдын хураас гарчээ.
Рашид монголчуудын угсааг хоёр салбарлуулан тэмдэглэжээ. Эхний салбар угсааг хоёр дэд хэсэгт Рашид мөн хуваасан байна.
Эхний дэд хэсэг нь Эргүнэ гүнээс гаралтай жинхэнэ монголчуудын угсаа салбарлалд: нукуз, урянкат, кунгират, икирас, олкунут, куралас, элджигин, кункулаут, ортаут, конкотан, арулат, килингут, кунджин, ушин, сулдун, илдуркин, баяут, кингит овгууд оржээ. Эргүнэ нь Хөлөн нуураас эхээ авч Шилка голд (хуучнаар Онон голд) цутгана. Энэ нь эртний Монгу Шивэй-гийн нутаг ажээ. Дээрх нь Монгу Шивэйгийн овгууд болно.
Хоёрдугаар дэд хэсэгт Добун Баяны Алан гоа гэргийгээс төрсөн гурван хөүдийн овгийг буюу IX зуунд үүссэн овгийг Рашид оруулжээ. Энэ овог нь хоёр дэд хэсэгт салбарлана: нирун мөн түүний арван зургаан салбар: катакин, салджиут, тайджиут, хартакан, сиджиут, чинос мөн түүнийг нукуз гэнэ, нуякин, урут, мангут, дурбан, баарин, барулас, хадаркин, журъят, будат, дуклат, йисут, сукан, кингият.
Хоёрдугаар угсаа нь хиад нэртэй нирунууд болно. Хиад нь мөн хоёр салбарлана. Ерөнхий хиад буюу үүнд юркин, чаншиут, хиад ясар, хиад боржигон буюу цэхэр нүдэн гэх утга. Энэ салбар нь Чингис хааны ааваас үүдэлтэй.
Бодончар мунхаг бүлэг иргэдийг ах нартайгаа хураасан мөчөөс буюу IX зуунаас Бөртөчинын хойчис анх овогтой болжээ. Рашидын дээрх баримт XIII зууны Алтан дэвтэр дэх баримтаар мөн давхар батлагдана.
Харин Тэлэ, Хүннү хоёрын холбоосыг эх сурвалжид хоёр өөрөөр бичжээ. Хүннү Тэлэ хоёр дээдэс нэгтэй, Тэлэ-гийн дээдэс Хүннүгийн хойчис гэх хоёр хувилбар бичигджээ. Хэрэв Хүннү Тэлэ хоёр нэг дээдэстэй бол бид өөрсдийгөө Ху үндэстэн гэнэ. Хэрэв Хүннүгээс Тэлэ салаалсан бол бид Хүн үндэстэн болно.
СОЁЛ
Үндэстэн гэх ухагдахууны дөрөвдүгээр шалгуур бол соёл. Үндэстэн нь заавал дээдсээсээ өвлөсөн уламжлалт соёлтой олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой.
Соёл нь тухайн нийгэмд орших зан үйл, уламжлал, хүлээн зөвшөөрөгдөх үйл хөдлөлөөс иж бүрдэхээс гадна уг нийгэмд орших хэсэг бүлгийг төлөөлөх хувь хүмүүсийн мэдлэг, итгэл үнэмшил, урлаг, хууль, дэг жаяг, ёсоос мөн иж бүрдэнэ. Соёл нь өргөн утгатай ухагдахуун буй.
Үтүгэнд ирж төр барих аль ч овогтон заавал Үтүгэний соёлыг төрийнхөө зан үйлд шингээнэ. Эх сурвалж бүрд Хүн үндэстний тухайн төр бүрийн соёлыг бичжээ. Энэ бүхнийг нийлүүлээд та бүхэндээ товч толилуулъя.
Цаг оны 5-р сарын тахилга
Хүннү төр: 5-р сард Лун хотод их найр хийж дээдэс, тэнгэр, газар, навдаг, савдгийг тахина.
Түрэг төр: Бас 5-р сарын дундуур бусад хүмүүсийг цуглуулан тэнгэр сахиусаа тахина.
Монгол Улс: 5-р сарын дундуур буюу Григорян тооллоор 7-р сарын дундуур наадам хийнэ.
Хоол, хүнс, хувцас
Хүннү төр: Мал агуурсанд нь голдуу адуу, үхэр, хонь буй. Хөвгүүн нь ... саадаг нум татаж хулгана, шувуу харвана. Баахан өсөөд үнэг, туулай намнаж хүнсэнд хэрэглэнэ. Айраг бялслаг иднэ. Арьсаар хувцас хийж өмсөнө.
Түрэг төр: Мал хариулах, ан агнаж харвахыг адал (ажил) болгоно. Мах идэн айраг ууж арьсан дах өмсөнө.
Хандлага
Хүннү төр: Хүчтэй чадвартай нь өөх тостой сайн чанарын хоол иднэ. Үлдэгсэд тэдний дараагаар үлдэгдлийг нь хүртэнэ. Залуу бөгөөд чийрэгдүүг илүүд хүндэлнэ. Хөгширсөн сул доройгоо бага хүндэлнэ.
Түрэг төр: Хөгшнийг хөнгөвчилж, залуусыг хүндэлнэ. Бэлэвсрэхийг ичгүүрт үзнэ.
Сарыг шинжих
Хүннү төр: Хэрэг үйлдэхдээ од сарыг шинжинэ. Сар дүүрвээс дайран байлдана. Хиртвээс цэргээ татна.
Түрэг төр: Сар дүүрэхийг ажиглана. Дээрэм тоноо хийнэ.
Эрүү шийтгэл
Хүннү төр: Тэдний хуулиар илдээ тохой урт сугалбаас үхмүй. Хулгай зэлгий хийвээс байсныг нь татна. Бага ял болбоос үе мөчийг нь даруулна. Ил ял болбоос ална. Гянданд ирэхдээ арваад л хононо.
Түрэг төр: Уравсан, хүн алсан болон бусдын эмийг хүчирхийлсэн, адуу хулгайлсныг бүгдийг нь ална. Садарлаваас бэлгийг нь хэрчиж, ууцыг нь хугална. Бусдын охиныг хүчирхийлэн хүнд болговоос эд хөрөнгөөр нь торгож, охиныг эхнэр болгож авна. Нүдийг нь шархдуулбаас охиноороо төлнө. Охин үгүй болбоос эхнэрийн эд хөрөнгөөр төлнө. Үе мөч хугалсан бол адуугаар төлнө.
НАРАН УРГАХ ЗҮГИЙГ ХҮНДЛЭХ ЁС
Хүннү төр: Шанью өглөөгүүр суугаа газраасаа гарч ургах наранд ёслоно. Сууваас үргэлжид зүүн зүгт хандан хойморт сууна.
Түрэг төр: ...хаан нь Үтүгэн ууланд байнга байна. Эсгий гэрээ зүүн зүг хандуулна. Наран ургах зүгийг хүндэлж байгаа шиг байна.
“Умард төрийн түүх” номны Түрэг, Тэлэ шастирт Түрэг төрийн зан заншлыг Хүннүтэйгээ ихэнхдээ адил гэж бичжээ.
УРТЫН ДУУ
Вэй улсын бичигт “Хожим тэдний үр хойчис үржин олширч төрт улс байгуулав. Тэд ийм учир чоно шиг ульж уртын дуу дуулдаг” гэж Тэлэчүүдийг бичжээ. Уртын дууны өв соёл Үсүнь буюу казак, киргиз, узбекийн нутагт үгүй. Уртын дууны соёл үеэс үед Үтүгэнд оршсоор өнөөг хүрэв.
Дээрх баримтуудыг Сыма Цяний “Түүхэн тэмдэглэл”, Ли Янь Шоу-гын “Умард төрийн түүх”, Вэй Шоу-гын “Вэй төрийн түүх” номноос цуглуулан нийтлэв. Дундын соёлын талаар маш их баримт дээрх гурван номд бий. Мөн бидэнд буй, бидний судалж буй эх сурвалжуудад Хүн үндэстний соёлыг тэмдэглэсэн олон сонирхолтой баримтууд бичигджээ. Энэ болгоныг энэхүү нийтлэлээр хүргэх боломжгүй, мөн үндсэн сэдвээсээ хэт хазайх тул үүгээр зогсооё.
Үтүгэнд ирж Их улсаа байгуулах төр бүр Үтүгэний ард түмний зүрх сэтгэлийг өөртөө татахын тулд тэдний соёлыг төрийнхөө зан үйлд хэрэглэсээр иржээ.
НУТАГ
Үндэстэн гэх ухагдахууны тавдугаар шалгуур бол нутаг. Үндэстэн нь заавал дээдсээсээ өвөлсөн нутагтай олон овог, аймгийн хүн амаас иж бүрдэх ёстой. Нутаг нь мал аж ахуйтан үндэстний мэдэлд үеэс үед орших түүхэн газар ус. Тухайн үндэстэн өөрөө төр байгуулах үед ч, өөр төрийн хур болох үед ч нутаг нь тухайн мал аж ахуйтан үндэстний хувиарт газар ус болж үлддэг ажээ.
НОТ-оос урьдах I зуунд Сыма Цяни мал аж ахуйтны газар усны тухай “Өвс ус дагаж нүүдэллэнэ. Өөр өөрийн хуваарьт газартай” гэж тэмдэглэжээ. Сыма Цяни “хуваарьт газар” гэх ухагдахууныг олж харжээ.
Мал аж ахуйтан Хүн үндэстний хуваарьт газар буюу 2300 жилийн он дараалан баримтжуулагдсан түүхтэй гал голомт нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутаг юм.
НОТ-оос урьдах III зуунаас НОТ II зуун Хүннү төрийн хүн амын дийлэнхийг хүннү, тэлэчүүд гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
НОТ 89-105-р онд (Хэди-гийн Юн Юаны дунд үеээр) Сяньби төр Хүннүгийн үлдэгдэл арав илүү түмэн өрхтэй нийлж хүчирхэг болжээ. Хүннүгийн үлдэгдэл арав илүү түмэн өрх гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
НОТ IV зууны сүүл, НОТ V зууны эхэнд Жужаны Шэлүн Үтүгэний ард түмнийг хурааж, төрт улсаа байгуулжээ. Жужан төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь тэлэ, хүннүчүүд Үтүгэн буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
НОТ 552-р онд Түрэг аймаг Түрэг төр байгуулагджээ. Хүн амын үнэмлэхүй дийлэнх нь Тэлэ, Янь да (Цагаан хүннү) нар Үтүгэн нутагтаа аж төрсөөр байжээ.
НОТ 744-р онд Же ли ту фа Басмалыг дарж, өөрийгөө Котлог билгэч хаанд өргөмжилснөөр Уйгур төр үүсэв. “Уйгурын дээдэс нь Хүннүгийн хойчис бөлгөө. Хойно Вэй улсын үед Тэ лэ аймаг нэртэй байв” гэж Хуучин Тан төрийн бичигт оржээ. Уйгур төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх нь уйгурчууд Үтүгэн гал голомт нутагтаа аж төрсөөр байжээ.
XII зууны Е Лүн ли-гийн бичсэн “Кидан улсын түүх” номд “Гадны эзэмшлийг хянах тогтолцоо” хэсэгт “Шамофу нь цөлийн (говийн) умард орших газар усыг хянана. ...Дадань (татар), мэнгу, дилэ (тэлэ) аймгийг хянах зорилготой” гэж оржээ. Энэ нь Кидан төрийн сүүл үе буюу НОТ XI зууны сүүл үед хамаарна. Тэлэчүүд XII зуунд Үтүгэн нутагтаа аж төрсөөр байжээ.
XIII зууны эхэнд, Тэмүжин Их монгол төрийг байгуулж, Чингис хаанд өргөмжлөгджээ. Их монгол улсын хүн амын үнэмлэхүй дийлэнхийг Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэд, Баргу ард түмэн бүрдүүлжээ. Их монгол төрийн үед Хүннүгийн хойчис Хэрэйд, Найман, Мэргэд ард түмэн Үтүгэн нутагтаа аж төрсөөр байжээ. Баргу ард түмэн Баргужин тохум, Ойрд ард түмэн Найман мөрнийнхөө сав нутагт аж төрсөөр байжээ.
Хүннү төрийг хүчирхэг болгогч Их Модун жангар “Нутаг төрийн минь ул. Эс барь” гэж хойч үедээ захижээ.
Ингээд СИЭ-ээс Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууныг та бүхэндээ тайлбарлав. СИЭ ТББ-ын судалгаанаас түүвэрлэн оруулсан дээрх мэдээллийг дүгнэн базацгаая.
Үндэстэн нь урт хугацааны ухагдахуун, төр нь богино хугацааны ухагдахуун. Тэмүжин, Жамух хоёрын дээдсийн түүх Үтүгэний ард түмний түүхтэй тодорхой төрийн үед нийлж, тодорхой төрийн үед салжээ. Хүннү төр, Сяньби, Түрэг төр, Их монгол төрийн доор Хүн үндэстэн, Тэмүжин, Жамухын Шивэй дээдэс хамт аж төрж байжээ. Жужан төрийн үед хүннүчүүд Жужан төрийн доор, харин Шивэйчүүд ангид аймаг, Уйгур төрийн үед Шивэйчүүд Тан улсын доор аж төржээ. Кидан төрийн сүүл үед Шивэйчүүд аж төрөх үед Хүн үндэстэн Тэлэ аймгийн ард түмэн Киданаас хамааралгүй оршжээ.
Өнөөгийн халх, буриад болон эртний ойрдын хойчсынх нь хэл нь хүн хэл болно. Хүн хэл нь хамаг монгол хэлээс тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар өөр бөгөөд Үтүгэн хэлний ангилалд багтана. Хамаг монгол хэл нь тунгус - манж хэлний ангилалд багтана. Хамаг монгол хэл нь хөгжөөд хүн хэл болоогүй гэдгийг Түрэг, Уйгур төрийн хүн үсэгт хадан бичээс дэх тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагаар СИЭ-ий судлаачид батлав. Энэ бол хөдөлшгүй, эргэж буцашгүй нотолгоо юм.
Тэмүжин, Жамух хоёрын буюу Хамаг монголын угсаа нь Монгу Шивэй болно. Харин өнөөгийн халх, буриад болон ойрд ард түмний өнөөгийн хойчсын угсаа Хүннү болно.
Хүн үндэстний Буган сүлдэт дээдэс Гүй төрийг НОТ-оос урьдах 1600-аад оны орчим байгуулжээ. Үтүгэний ард түмэн НОТ-оос урьдах 1600-р оноос өөрийн байгуулсан төрийн доор, мөн бусдын байгуулсан төрийн доор оршсоор өнөөг хүрэв. Үтүгэнд төр солигдох боловч үндэстэн нь үл солигдоно.
Хүн үндэстэн нь маш эртний үсэг бичгийн соёлтой ард түмэн. Хамаг монголчууд XIII зуун хүртэл үсэг бичиггүй аж төржээ.
Хүн үндэстний гал голомт нутаг нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй буюу өргөн утгаар Үтүгэн нутаг болно.
Хамаг монгол ард түмний гал голомт нутаг нь Эргүнэ мөрөн болон Эргүнэ мөрөн рүү цутгах голуудын сав болно. Харин Тэмүжиний өөрийн нутаг нь Онон голын дээд бие болно.
Зарим хүнийг энэхүү судалгаа цочирдуулна гэдэгт СИЭ-ий судлаачид эргэлзэхгүй байна. Зарим нь харин үнэн түүхтэй болсондоо баярлана. СИЭ-ий судалгааг зөвхөн судалгаагаар л няцаана. Судалгаа хэн нэгэнд таалагдах, үл таалагдах ёсгүй. Судалгаа үнэн зөв, баримт нотолгоон дээр үндэслэгдэх ёстой. Ийм журамт судалгааг СИЭ-ий судлаачид хийв.
XIII зууны Их монгол төрийнхөө түүхээр Хүн үндэстний 2300 орчим жилийн баримтжуулагдсан түүхээ орлуулсны хор уршгийг одоо авч хэлэлцье.
Үндэстнийнхээ ой санамжаар биш XIII зууны төрийн ой санамжаар үндэстэн орших, эс орших чухал асуудалд хандаж буй байдлын хор уршгууд:
1-р хор уршиг: Гал голомт нутаг гэх ухагдахуун үгүй болов.
XIII зууны ой санамжаар цэнэглэгдсэн нэгэн нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийг хүчтэй үедээ буюу XIII зуунд ирж эзэлсэн нутаг, мөн хүчтэй нэгэн нь эзэлж болдог нутаг гэж харна. Тэд Үтүгэн нутгийг “гал голомт нутгаа” гэж хэзээ ч харахгүй.
Үндэстнийнхээ ой санамжаар харах нэгэн нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутгийг гал голомт нутгаа гэж харж, хайрална. Манай дээдэс мянга мянган жилийн турш гал голомт нутгаасаа хаашаа ч яваагүй, хаанаас ирээгүй гэдгээ эх сурвалж дахь баримтаар баталж чадна.
2-р хор уршиг: Ганц төрийн буруу найрлагатай түүхтэй болов.
XIII зууны ой санамжаар сэтгэх нэгэн нь үндэстнийнхээ түүхийг Их монгол улсаас эхлүүлж, Чингис хааны узаорыг (урьдсыг) өнөөгийн Монгол Улсын Хүн үндэстэн ард түмний эхлэл гэж үзнэ. Тэд Тулгар төр үүссэний 2231, Их монгол улсын 816 жилийн ойн Баяр наадам хийхдээ Хүннү төр, Их монгол төр хоорондоо яаж холбогдож буйг үл тайлбарлана. Тэд үүнийг тайлбарлаж чадахгүй. Тэд Хүннү төрийн Модун шанью (жангар), Их Монгол Улсын Чингис хаан хоорондоо ямар сэжмээр холбогдохыг мөн үл тайлбарлана. Тэд Хүннү төрийг өөрийн болгох хүсэлтэй ч, Сяньби, Жужан, Түрэг, Уйгур төрийг харийн төр буюу харь улс нүүж ирэн суурьшиж байгаад буцаад явсан гэж үзнэ. XIII зууны төрийн ой санамжаар сэтгэх нэгэнд XIII зууны Их Монгол төрд эртний бүх төр харшилна. Төр төрдөө харшлах нь зүй ёсны хэрэг билээ.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэн Их монгол улсыг Хүн үндэстний XIII зууны ээлжит нэг төр гэж үзнэ. Чингис хааныг манай XIII зууны Их монгол төрийг үүсгэн байгуулагч гэж тэд харна. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэн нь Хүннү төрийн Модун, Сяньби төрийн Тайзун, Жужан төрийн Шэлүн, Түрэг төрийн Түмэн, Уйгур төрийн Буку, Их монгол төрийн Тэмүжин нарыг ижил хэмжээнд үзнэ. Учир нь Хүн үндэстэн өнөөгийн халх, буриад, дөрвөд, баяд, өөлд ястны дээдэс дээрх бүх төрд алба хааж, татвараа төлж байсан учир тэд өөрийн төр гэж харна. Хүн үндэстний буюу Үтүгэний ард түмний үүсгэсэн төр нь Хүннү, Уйгур төр мөнөөс мөн. Үтүгэнд гаднаас ирж төр үүсгэсэн аймгуудад жужан, түрэг, хамаг монгол орно. Модун шаньюгийн үед Тэмүжингийн дээдэс шивэйчүүд Хүннү төрийн хур байсан учир, Чингис хаан XIII зуунд Модун жангарын хойчис Үтүгэний ард түмнийг хураасан учир буюу ийм сэжмээр дээрх хоёр хаан холбогджээ. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэнд нэг төр нөгөө төрдөө харшилна. Үндэстэнд төр үл харшилна..
3-р хор уршиг: Үсэг бичгээ үгүйсгэх үйл
XIII зууны төрийн ой санамжаар номлогдсон нэгэн нь XIII зуунаас урьдах үсэг бичиг хамаг монголчуудад хамаагүй гэх сэтгэхүйгээр харийнх гэж үзнэ. Тэд XIII зуунаас урьдах үсэг бичгийн өвийг судлах дургүй, дэмий цаг үрэх ажилд тооцно. Эртний гэх тодотголтой үсэг бичигт үл мэдэгч сэтгэхүйгээр хандаж, монгол гэх үгэнд хамаатуулж өмчлөхийг урьтал болгоно.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нэгэн Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичгийг судалсаар өнөөгийн халх, буриад, дөрвөд, өөлд ард түмний тийн ялгал, үйлийн явц, үйлийн цагтай ижил болохыг тогтоов. Хүн үндэстэн ард түмний хэл зүйн үнэт өв орших Түрэг, Уйгур төрийнхөө хадан бичээсийг үндэстнийнхээ ой санамжийг тээгчид хайрлана.
4-р хор уршиг: Буруу ухагдахуун, буруу нэршил хэрэглэх үйл
XIII зууны төрийнхөө ой санамжаар номлогдсон нэгэн нь Хүннүгийн үе, Сяньбигийн үе, Жужаны үе, Түргийн үе, Уйгурын үе, Их монголын үе гэх түүхэн баримттай огт нийцэхгүй нэршил хэрэглэсээр байна. Сяньбигийн үе, Түргийн үе, Уйгурын үе, Их монголын үе гэхээр Үтүгэнд буюу Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутгаар Сяньбигийн үед зөвхөн сяньбичууд, Түргийн үеэр зөвхөн түргүүд, Уйгурын үед зөвхөн уйгурчууд, Их монголын үед зөвхөн хамаг монголчууд аж төрсөн болно. XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нэгэн нь түүхийг эх сурвалж дахь баримтаас ангид буюу өөрийн сонссон болон ойлгох хүрээнд л харна. Тэд өөрөөр харж үл чадна.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх нь нь Хүннү төрийн үе, Сяньби төрийн үе, Жужан төрийн үе, Түрэг төрийн үе, Уйгур төрийн үе, Их монгол төрийн үе гэх нэршлийг хэрэглэнэ. Хүн үндэстэн ард түмэн Үтүгэнд оршсон дээрх бүх төрийн хүн амын үнэмлэхүй дийлэнх тул, төр нь солигдохоос ард түмэн нь үл солигдох тул Жужаны үе биш Жужан төрийн үе, Түргийн үе биш Түрэг төрийн үе гэх ухагдахууныг хэрэглэнэ. Төр нь солигдсоноос ард түмэн нь эс солигдов.
5-р хор уршиг: Үндэстний түүх сэрэхээр Чингис хааны ач холбогдол буурахаас болгоомжлох үйл
XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нэгэн нь өнөөгийн монголчуудыг дэлхийн хүн ам зөвхөн Чингис хаанаар мэдэх учир XIII зууны төрийнхөө түүхээр явах нь зөв гэх бодлыг баримтална. Үндэстний түүх бидэнд хэрэггүй. “Удахгүй Чингис хаан дахин мэндэлж монголчууд мандан бадарна” гэх санаа олон нийтийн зарим хэсэгт хоногшсоор байна.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс Чингис хааныгаа XIII зууны Их Монгол Улсын аугаа их хаан гэдгээр тодорхойлно. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс эх сурвалжаа өөрсдөө судалж, он дараалан баримтжуулагдсан 2300 жилийнхээ түүхийг дэлхий нийтэд түгээх байр суурийг баримтална. Дэлхий нийт зөвхөн XIII зууны Чингис хаанаар манай түүхийг мэддэг бол Хүннү төрийн Модун, Сяньби төрийн Тайзун, Жужан төрийн Шэлүн, Түрэг төрийн Түмэн, Уйгур төрийн Буку, Их Монгол төрийн Чингис, Ойрд төрийн Галдан бошигтоор мэдэх ёстой.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс өнөө доройтлын байдалд орших Монгол Улсаа “удахгүй Чингис хаан дахин мэндэлж Монгол Улс сэргэнэ” гэх ухагдахуунаар үл тайвшруулна. Манай Хүн үндэстний баримтжуулагдсан 2300 орчим жилийн түүхэнд төрийн муугаас, байгалыийн гамшгаас улс орон доройтож байсан үе олон бий. Жил дараалсан царцааны нүүдлээс Хүн төр доройтсон, түрэг Жэ Ли хааны охор ухаанаас болж Тан төрийн хур болсон, Уйгур төрийн Са тэ лэ хааны буруу үйлээр Кыргизийн цэрэгт бут цохиулж, хотоо шатаалгуулсан гэх мэт түүхэн баримтуудаас гарах судалгаа нь доройтлоос гарах гарц, мөн ийм төрлийн алдааг хойшд давтахгүй байхын ой санамж мөнөөс мөн. Хүнд үедээ үндэстнийнхээ хүнд үе бүрийг, мандах үедээ мандалтынхаа үе бүрийг судалдаг үндэстэн урт удаан оршино.
6-р хор уршиг: Харийн улс орон өнөөгийн биднийг гал голомт нутаггүй золбин монголчууд гэж харах болов.
XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нэгэн нь Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй сав нутагт өнөөгийн монголчууд Чингис хаантай XIII зуунд ирж, уг газар усыг булааж авсанд тооцно. XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх Монгол Улсын өнөөгийн түүхчид үүнийг баясгалантайгаар хүлээн зөвшөөрнө. Турк улсын төр, Орос улсын түүхчид Монгол Улсын халх, буриад, өөлд, дөрвөд, баяд болон бусад олон ястныг өөрийн гал голомт нутагтаа биш хүний газар усанд түр аж төрөн буй нөхөд гэж харна. Тэд Монгол Улсын хүн үндэстэнг өөрийн нутаггүй золбин монголчууд, Тэмүжинтэйгээ Үтүгэнд ирсэн “цыганууд” гэх нүдээр харах болов.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс XIII зуунд Хамаг монголын Тэмүжин Үтүгэн нутгийн ард түмнийг хурааж “Чингис” хэмээн өргөмжлөгдсөн нь түүхэн баримтаар батлагдсан үнэн гэдгийг мэднэ. Харин XIII зуунд Чингис хаанд хураагдсан ард түмэн нь өнөөгийн халх, буриад, өөлд, дөрвөд болон бусад олон ястны дээдэс мөнөөс мөн гэдгийг баримтаар нотлов. Хүн үндэстний дээдэс XIII зуунд Үтүгэнд Чингис хааныг дагаж ирсэн ард түмэн огт биш, мөн гал голомт нутаггүй золбин ард түмэн биш, цыганууд шиг харь улсын нутагт аж төрдөг ард түмэн биш гэдгийг эх сурвалжаар, мал аж ахуйтны нийгэм байгууламжийг зөв сэрээн нотлов.
Энэ мэтээр дурдах хор уршиг тоо тоомшгүй олон бий.
ҮР ХОЙЧИСДОО ҮЛДЭЭХ ӨВ
XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх хүмүүс хойчисдоо ямар өв үлдээх үү? Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэх хүмүүс хойчисдоо ямар өв үлдээх үү? Энэ хоёр асуултад хариулцгаая.
XIII зууны төрийнхөө түүхээр буюу ганц төрийн түүхэнд баригдаж, уг төрийнхөө түүхийг Хүн үндэстнийнхээ түүхээс ангилж сэтгэдэг хүмүүс үр хойчисдоо XIII зууны Их монгол төрийг үүсгэгч Чингис хааны намтрыг л үлдээж байна. Чингис хааны музей, Чингис хааны зургийг өрх бүр залах гэх мэт үйлээр тэдний үлдээх өв хязгаарлагдана. XIII зууны төрийнхөө ой санамжаар сэтгэх нөхөд үр хойчисдоо Чингис хааныхаа намтрыг л өвлүүлнэ.
Үндэстнийнхээ түүхээр сэтгэх хүмүүс үр хойчисдоо Хүн үндэстэн бид Үтүгэн нутагтаа мянга мянган жилээр оршсоор буйг ухааруулна. Уг нутагт өнөөг хүртэл олон мянган жилийн турш төр нь солигддог ч Хүн үндэстэн аль нэг үндэстнээр солигдоогүй гэдгийг ухааруулна.
Үндэстнийнхээ түүхээр сэтгэх хүмүүс Орхон, Туул, Сэлэнгэ, Хүнүй, Хануй голын сав нутаг нь түүхэн ямар ч Их хаанаас үнэтэй нутаг гэдгийг үр хойчисдоо ухааруулна. Үтүгэн нутаг нь XIII зууны Чингис хаанаас, өнөө түүний намтраас үнэтэй гал голомт гэдгийг үр хойчисдоо ухааруулна.
XIII зууны төрийнхөө түүхээр буюу ганц төрийн түүхэнд баригдаж, уг төрийнхөө түүхийг Хүн үндэстнийнхээ түүхээс ангид сэтгэдэг хүмүүс XIII зууныхаа түүхийг үр хойчисдоо зөв тайлбарлаж чадахгүй байна. Төрийнхөө түүхийг ард түмнийнхээ буюу Хүн үндэстнийнхээ түүхээс салгасны учир түүхээ зөвөөр харах боломж тэдэнд хаагдав. Тэд Чингис хаан ертөнцийг байлдан дагуулсан баримтыг л үр хойчисдоо үлдээж байна.
Төрт улс бүрийнхээ түүхийг үндэстнийнхээ түүхэнд суурилуулж судалдаг хүмүүст 2300 жилийн баримтжуулагдсан түүх бүтэн харагдана. Ийм хүмүүс үр хойчисдоо бүтэн түүхээ өвлүүлнэ. Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэдэг хүмүүс төр бүрийн их хүний алдаа оноог үр хойчисдоо хэлж өвлүүлнэ. Олон мянган жилийн хугацаанд бидний дээдсийн гаргасан оноо алдаа нь үр хойчсын маань урт удаан оршихуйн дархлаа мөнөөс мөн.
XIII зууны төрийнхөө түүхээр буюу ганц төрийн түүхэнд баригдаж, уг төрийнхөө түүхийг Хүн үндэстнийнхээ түүхээс ангид сэтгэдэг хүмүүс үр хойчисдоо угсаа гарлыг нь зөв тайлбарлаж дийлэхгүй. XIII зуунд Чингис хаанд хураагдсан ард түмэн бүгд монголчууд, мөн монгол үндэстэн болох ёстой гэдэг байр сууринаас тэд хандаж байна.
Үндэстнийнхээ ой санамжаар сэтгэдэг хүмүүс тухайн төрийнхөө нэрээр тухайн төрийн ард түмэн угсаа үл харгалзан нэрлэгддэг ёсон буйг мэднэ. 100 түм илүү хүннүчүүд Сяньби төрд хураагдаж, өөрсдийгөө сяньби гэж нэрэлж байсан баримт Хожуу Хань төрийн түүхэнд бий. Их Монгол улсын бүх иргэд, Их Монгол төрдөө албах хааж, татвараа төлж өөрсдийгөө монгол гэжээ. Төрт ёсон тийм. Харин угсаа гарал нь өөр. Угсаа гарлаа хадгалах нь үндэстэн оршихуйн баталгаа. Угсаа гарал нь нутаг усны түүх, үсэг бичгийн түүх, үндэстний түүх, газар усны дархлаатай шууд холбоотой. Иймд үндэстнийнхээ ой санамжаар сэтгэдэг хүмүүс үр хойчисдоо угсаа гарал, үсэг бичгийн соёл үндэстнийнхээ түүхийг өвлүүлж байна.
Манай Өвөр монгол ахан дүүсийн угсаа гарлын талаар хэдэн үг хэлье.
Бээжингийн хойно аж төрөх дагуур, хорчин ард түмэн нь хамаг монголчуудтай ижил тунгус манж хэлний бүлэгт багтах болов уу (Хэл зүйн судалгааг СИЭ-ээс хийгээгүй тул бид одоогоор таамаглан буй). Харин говиос өмнөшөө орших өвөр монголчууд хэл зүйгээрээ, түүхэн баримтаараа Хүн үндэстэн болно. Тэнгэр уулын араар нутаглах монголчууд Ойрд ард түмний хойчис тул Этүгэнээс баруун аялгат Хүн үндэстэн болно.
Энэ мэтээр шүүмжлэх, ухаарах зүйл олон бий.
СИЭ ТББ юу хийв? Энэ асуултад хариулна.
Та бидний мэдэх XX зууны эхэн үеийн сэхээтнүүдийнхээ ахуйн сэтгэлгээгээр илэрхийлсэн итгэл үнэмшлийг нь СИЭ ТББ-ын судлаачид эх сурвалжийн баримтад тулгуурлан шинжлэх ухаанчаар тайлбарлав.
Их зохиолч Д.Нацагдорж:
“Манай Монгол улс, маш эртний улс аа
Монголын яруу түүх, магад их гэрэлтэй
Гэгээн наран мандсаар, хангай говийг гийгүүлсэн
Хэдэн мянган жилээс, бид энд оршсоор
Хэдийнээ балар цаг, таван мянган жилийн өмнө
Хойд газар оршиж, хол ойрыг хувьсгасан
Хүннүгийн үе хүрээд, хүчирхэг улсыг мандуулсан
Хянган уулын тэндээс, Тэнгэр уулыг тулсан
Энэхүү Хүннүгийн улс, хоёр мянган жилийн тэртээ
Өмнө Нанхиадыг сүрдүүлж, урт хэрмийг цогцлуулсан
Ромын улсыг хүрч, Европ дахиныг сандруулсан
Өөрийн дурсгалт зүйлээ, Монгол орондоо хоцроосон
Сяньби Тобагийн Монгол, шастир түүхийг залгамжилсан
Түрэг, Уйгуртай нийлж, төрөлх орноо сахисан
Харь хязгаар газар дор, Хитан улсыг байгуулсан
Гадаадын дайсан алин дор, хэзээд эрэлхэг явсан
Хаан Чингисийн үе дор, хамаг улсын тэргүүн дор
Хөх Монголын үрс, хуяг дуулгаа засацгаасан
Хоромсого саадгаа агсаж, хүлэг морио ташуурдсан
Холхи ойрхийг нэгтгэж, хүмүүний түүхнээ манлайлсан” гэх шүлгийн цаад мөн чанарыг Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууныг ялгаж салгасны үр дүнд бид өнөөгийн та бүхэндээ, мөн ирэх үр хойчисдоо тодоос тод болгож чадав.
Монгол улсын ерөнхий сайд асан Агданбуугийн Амарын 1934 оны “Монголын товч түүх” номны утга санааг СИЭ ТББ-ын судлаачид эх сурвалжаар, баримт нотолгоогоор батлав.
Их зохиолч Д.Нацагдорж, ерөнхий сайд Агданбуугийн Амар тэргүүтэй XX зууны эхэн үеийн сэхээтнүүдийн сэтгэлдээ тээж байсан итгэл үнэмшлийг нь СИЭ ТББ-ийн судлаачид хөдөлшгүй түүхэн баримтаар, өөрийн судалгаагаар батлав.
Одоо Монгол Улсын Үндэстний Аюулгүй Байдлын зөвлөлийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр таны ажлын үүрэгтэй шууд холбоотой “үндэстэн” гэх ухагдахууны талаар хэдэн үг хэлье.
1990-ээд оны эхэн үеийн манай парламентын гишүүдын баталсан Монгол Улсын Үндсэн хууль үндэстнийнхээ ой санамжаар бичигджээ.
Монгол Улсын Үндсэн хуулийн тунхаг хэсэгт: “ – ... төрт ёс, түүх, соёлынхоо уламжлалыг нандигнан өвлөж ... ” гэж бичигджээ.
Мөн Үндсэн хуулийн долоодугаар зүйлийн нэгд: “Монголын ард түмний түүх, соёлын дурсгалт зүйл, шинжлэх ухаан, оюуны өв төрийн хамгаалалтад байна” гэж оржээ. Энд “Монголын ард түмний” гэх бичвэр нь хэл зүйгээр Монгол төрд харьяалагдах ард түмэн, Монгол улсад харьяалагдах ард түмэн гэх утгаар тайлбарлагдана. “Монголын” гэх бичлэг нь Үндэстэн, Төр гэх ухагдахуунтай утга зүйгээр таарч буй.
Үндэсний Аюулгүй Байдлын Үзэл Баримталын 1.1.6-аад “ Үндэсний түүх, хэл, соёл, өв уламжлал, зан заншлаа хадгалж, хамгаалж хөгжүүлэх нь монгол үндэстний оршин тогтнохын үндэс, амин чухал дархлаа мөн” гэж оржээ. Учир иймд Монгол нь төрийн нэр болохоос үндэстний нэр огт биш гэдгийг ард түмнээрээ ухаарах цаг ирэв. Зөв ухагдахууныг хуулиндаа зөв хэрэглэх нь үндэстэн оршихуйн дархлаа мөнөөс мөн.
Монгол Улсын Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлийн тухай хуулийн Хоёрдугаар зүйлд “Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл нь /цаашид "Зөвлөл" гэх/ үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах, энэхүү зохицуулалт нь хэрхэн хангагдаж байгаад хяналт тавих төрийн зөвлөлдөх байгууллага мөн” гэж оржээ. Тэгэхээр СИЭ ТББ-аас хийж гаргасан Үндэстэн, Төр гэх хоёр ухагдахууны тайлбар судалгаа нь “үндэсний аюулгүй байдлыг хангах төрийн нэгдмэл бодлого боловсруулах үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх явдлыг уялдуулан зохицуулах” гэх заалттай шууд холбоотой тул үүнийг зохицуулах байгууллага нь Монгол Улсын ҮАБЗ мөнөөс мөн болно.
Үндэсний ой санамжийг эртний үсэг бичиг, түүхэн эх сурвалжаар сэрээгч багш хүний хувьд Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие Монгол Улсын ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр таныг үндэстэн гэх ухагдахууныг төр гэх ухагдахуунаас ялгаж салган харахыг хүсэж байна. Өнөө Монгол Улсад Төрийн Тусгай Хамгаалалтын тухай хуулиар Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн үйл ажиллагаа зохицуулагдаж буй. Уг хуулийн зургадугаар зүйд Төрийн тусгай хамгаалалтад байх албан тушаалтан, иргэнийг заажээ. Төрийн тусгай хамгаалалтын газрын үндсэн үүрэг нь төрөө, төрийн аппаратаа хамгаалахад оршино.
Монгол Улсын Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөлийн гол үүрэг нь үндэстэн оршихуй, эс оршихуйн асуудал мөнөөс мөн. Тэгэхээр “Үндэстний аюулгүй байдал” гэх ухагдахуун нь “Төрийн аюулгүй байдал” гэх ухагдахуунаас хамаагүй өргөн, хамаагүй гүн, цаг хугацааны хувьд хамаагүй урт ухагдахуун болно. Монгол Улсын төрийг сонгуульд ялсан нам нь барьдаг. Таван сонгуулийн дараа, арван сонгуулийн дараа үндэстэнд тулгарах аюулыг Үндэстний Аюулгүй Байдлын Зөвлөл харах үүрэгтэй. Үндэстэн нь урт хугацааны ухагдахуун, төр нь харьцангуй богино хугацааны ухагдахуун мөнөөс мөн.
Иймд Монгол Улсын ҮАБЗ-ий нарийн бичгийн дарга Ж.Энхбаяр та ажил үүргийнхээ дагуу өнөө Монгол Улсын хэл, түүхийн салбарт орших төөрөгдлийг нэг мөр болгох үүрэгтэй. Хэл, түүхийн салбарын нөхдийг СИЭ ТББ-ын судалгаатай танилцуулж, эрдэм шинжилгээний хурлыг үе дараалалтайгаар хийх шаардлагатай байна. Өөрөөр хэлбэл хэл, түүхийн нөхдийг эх сурвалж дээр ажиллуулж сургах хэрэгтэй байна . Үндэстнийнхээ ой санамжийг гадны судлаачдын заавар, нөлөөнөөс ангид байлгах шаардлагатай байна.
Монгол Улсад Үндэстний эх сурвалж судлал бий болов. Хүн үндэстний ой санамж тунгалаг, ариг цэвэр байх болтугай.
Монгол Улсын төрд үндэстэн орших, эс оршихуйн талаар хэлж болох үг гэж бий, хэлэх ёсгүй үг гэж бий. Монгол төр хэлэх ёсгүй үгээ хэлбээс үндэстэндээ аюул учруулах нөхцөл бүрдүүлнэ. СИЭ-ий судлаачдад Монгол төрөөс хэлж чадахгүй үгийг хэлэх “зөөлөн хүч”-ний боломж бий. Сэргэлэн Интэрнэшнл Экспедишн нь төрийн бус байгууллага учир ийм боломж бидэнд бий.
Монгол Улсын иргэн хүний хувьд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй нэгэн гэдгээ Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн миний бие мэднэ. Үндэстнийнхээ ой санамжийг сэрээгч багш хүний хувьд олон нийтийн хэрэгслээр юу хэлж болохгүйг мөн ухамсарлаж байна. Иймд хэлээгүй үгээ эхний ээлжинд төр засагтаа нүүр тулж хэлнэ.
Үндэстний ой санамжаа сэрээгч, багш Хурган овогт Сэрээнэндагвын Сэргэлэн.

 

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/