Уншиж байна...

Хавдартай тэмцэх дэлхийн өдөр жил бүрийн хоёрдугаар сарын 4-ний өдөр тохиодог. Энэ жил хавдрын эсрэг өдрийг дэлхий нийтээр “Тэгш боломж: Дуу хоолойгоо нэгтгэе, үйлдэл хийе” уриан дор тэмдэглэж байна.

 

Монгол Улсад 2022 онд 6885 хүн хорт хавдраар шинээр оношлуулж, 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Манай улсад өвчний улмаас жилд дунджаар 16-18 мянган хүн нас бардаг ба нас барсан таван хүн тутмын нэг нь хорт хавдрын шалтгаантай.

Эрүүл мэндийн хөгжлийн үндэсний төвөөс гаргасан статистикаар манай улсад зүрх, судасны өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог бол хорт хавдар хоёр дахь шалтгаан болж байна. Энэ үзүүлэлт сүүлийн 20 жилд тогтвортой байгаа бөгөөд 2014 онд манай улсад хавдрын өвчлөл 100 мянган хүн ам тутамд 185 байсан бол өнөөдөр 230 болж нэмэгджээ.

Үндэсний статистикийн хорооноос тоон гаргасан мэдээгээр 19 жилийн өмнө Монгол Улсын хүн амын тоо 2.5 сая ба тухайн жилд хорт хавдраар оношлуулсан хүний тоо 4625 байсан бол 3.4 сая хүн амтай өнөөгийн Монголд хорт хавдраар жилд бараг 7000 хүн оношлуулсан гэх харамсалтай тоо мэдээ гарлаа.

Монгол Улс элэгний хавдрын өвчлөл болон нас баралтаар, ходоодны хавдрын өвчлөлөөр дэлхийд тэргүүлж байна.
Хавдраар оношлогдсон 6885 хүний 87 хувь нь 45-аас дээш буюу ид ажил хөдөлмөр эрхлэх насныхан байна. Хавдрын өвчлөлийг бууруулах чиглэлээр төр засгаас дорвитой арга хэмжээ авахгүй бол 2040 онд хавдрын өвчлөл, нас баралт 96 хувиар нэмэгдэнэ гэсэн тооцооллыг ДЭМБ-аас гаргаж, сануулга өгчээ.


НИЙТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛИЙН 33.2 ХУВИЙГ ЭЛЭГНИЙ ХОРТ ХАВДАР ЭЗЭЛЖ БАЙНА

Графикт дээрх хорт хавдрын өвчлөлийн бүтцийг харахад Монгол Улсад нийт хавдрын 33.2 хувийг элэгний хорт хавдар эзэлж байна.
Элэгний хавдрын өвчлөл 7-8 жилийн 38-40 хувийг дангаараа эзэлж байсан бол жил ирэх тусам хавдар дотор элэгний хорт хавдрын өвчлөлийн хувь аажмаар буурсаар буй нь Засгийн газраас хэрэгжүүлсэн “Элэг бүтэн Монгол” хөтөлбөрийн үр дүн хэмээн ХСҮТ-ийн Бүртгэл, тандалт, эрт илрүүлгийн албаны дарга Т.Ундармаа дүгнэж байв.

Н.ЭРДЭНЭХҮҮ: ХСҮТ 2022 ОНД 150 МЯНГАН ХҮНД ҮЙЛЧИЛСЭН
Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Н.Эрдэнэхүүгээс тус эмнэлгийн үйл ажиллагаа болон өвчлөлийг бууруулах ямар гарц шийдэл байгааг тодруулсан юм.

Тэрбээр, Монгол Улсад хатуу хяналттай хавдрын эрт илрүүлгийн тогтолцоог бүрдүүлэх ёстой гэж хардаг. Манай улс 3.4-хөн сая хүн амтай. Цөөхөн хүн амтай Монгол Улсын хувьд хамгийн чанартай амьдрах, хийж бүтээх насандаа хавдар болон бусад өвчний улмаас эрт нас барах, эсвэл баялаг бүтээх бус групп тогтоолгон халамжийн гэх ангилалд шилжиж байна. Энэ бол хувь хүний амьдралын чанар хийгээд улс орны нийгэм, эдийн засаг, айл өрхийн ахуй амьдралд ч сөрөг үр дагавартай. Эдийн засагчид үүнийг тооцох ёстой юм.


-Хавдар судлалын үндэсний төвөөр өдөрт хэчнээн хүн үйлчлүүлж байна вэ?
-Хавдар судлалын үндэсний төв 2022 онд 150 мянган хүнд үйлчилсэн, энд үйлчлүүлэгчийг дагаж ирж байгаа хүний тоог оруулаагүй. Долоо хоногт 120-140 мэс засал хийж байна. Хамгийн их хүлээлэгтэй нь элэг, хоёрдугаарт ходоодны хорт хавдрын мэс засал ордог. Энэ хоёр хавдар манай улсад тэргүүлж буй учир ачаалал ихтэй байна. Элэгний мэс засал жилд дунджаар 500-600-г хийдэг байсан бол 2022 онд 1000 хүрсэн.

-Яагаад ингэж огцом нэмэгдэв?
-Тавдугаар сарын 1-нээс орон даяар эхлүүлсэн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх хөтөлбөр тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Ходоодны мэс заслын тоо мөн адил нэмэгдсэн. Тэгэхээр эрт илрүүлэх арга хэмжээ чухал байгаа юм. Гэхдээ нэг удаагийн улс төрийн шийдвэрээр хийх биш, улс орны эрүүл мэндийн салбарын тогтсон тогтолцоо бүрдүүлэх ёстой юм гэлээ.

ХОРТ ХАВДРЫН ӨВЧЛӨЛ МОНГОЛД /100 МЯНГАН ХҮН АМ ТУТАМД/ 2022 ОНД 4548 ХҮН ХОРТ ХАВДРЫН УЛМААС НАС БАРЖЭЭ

2022 онд 4548 хүн хорт хавдрын улмаас нас баржээ. Үүнээс 1636 буюу 36 хувь нь элэгний хорт хавдрын улмаас хорвоог орхиж байна. Хорт хавдрын улмаас нас барсан иргэдийн 2635 нь эрэгтэй, 1913 нь эмэгтэйчүүд. Хорт хавдраар оношлогдсон хүмүүсийн 66 хувь нэг жил хүрэхгүй хугацаанд амьдраад нас барж байна. 42.4 хувь нь 5 болон түүнээс дээш жил амьдарч байна.

Элэг, ходоодны хорт хавдрын өвчлөл хүйс харгалзахгүй хамгийн өндөр байгааг та зургаас харж болно. Эрэгтэйчүүд дунд уушгины хавдар өвчлөлийн гуравдугаарт орж байгаа бол энэ төрлийн өвчлөл эмэгтэйчүүдэд тохиолдох хавдрын шалтгааны долоодугаарт эрэмбэлэгджээ. Харин эмэгтэйчүүдэд тохиолдох хорт хавдрын өвчлөлийн гуравдугаар шалтгаан нь хүний папиллома вирусийн халдварын улмаас үүсдэг умайн хүзүүний хорт хавдар эзэлж байна.



ХАВДРААР ОНОШЛОГДСОН ИРГЭДИЙН 70.4 ХУВЬ НЬ ӨВЧНИЙ ХОЖУУ ҮЕДЭЭ ЭМНЭЛЭГТ ХАНДСАН
Иргэд хорт хавдрын өвчлөлийн аль үе шатандаа оношлогдсоныг дараах графикаас харж болно. Эмнэлэгт хандсан иргэдийн 70.4 хувь нь өвчний сүүлийн шат буюу III-IV үедээ оношлогдож, жил хүрэхгүй хугацаанд амьдраад хорвоог орхиж байгаа эмгэнэлтэй мэдээ энэхүү статистикаас харагдаж буй юм.
Монголд зонхилон тохиолдож буй хавдруудаас нойр булчирхайн хавдраар оношлогдсон иргэдийн 86.6 хувь нь хавдрын сүүлийн үе шатандаа оношлогдсон нь анхаарал татаж байна.


УЛСЫН ХЭМЖЭЭНД 26347 ХҮН ХАВДРЫН ЭМЧИЙН ХЯНАЛТАД БАЙНА
Улсын хэмжээнд 2022 оны байдлаар 26347 хүн хорт хавдрын улмаас аймаг, дүүргийн хавдар судлаач эмчийн хяналтад байна.


ХОРТ ХАВДРЫН НАС БАРАЛТЫН 70 ХУВЬ НЬ БУУРАЙ ХӨГЖИЛТЭЙ УЛС ОРНУУДАД ТОХИОЛДОЖ БАЙНА

ДЭМБ-аас 2040 он гэхэд хорт хавдрын өвчлөл, нас барсан хэд болох тооцооллыг улс орнуудын хүний хөгжлийн индекстэй холбон гаргажээ. Монгол Улсад жил бүр 3000 гаруй хүн хорт хавдраар оношлогдог бөгөөд 2040 онд энэ тоо 5000 давна гэж тооцоолжээ. Эрэгтэйчүүдийн дунд хорт хавдар 90.8 хувиар өсөх гэсэн тооцоолол гарчээ. 2040 он гэхэд Монголд нийт хорт хавдрын өвчлөлд 11 мянгыг давах нь гэсэн тооцоолол хийж, урьдчилан анхааруулсан байна.
Хорт хавдрын улмаас дэлхий дахинд жилдээ 10 сая гаруй хүн хорт хавдраар өвчилж байна. Хавдрыг бууруулах тулд улс орнууд юу ч хийхгүй бол энэ тоо 13 сая хүрнэ.
Хавдраас урьдчилан сэргийлэх ажиллагаа зохион байгуулбал хорт хавдраар өвчлөх эрсдэлтэй иргэдийг эрт илрүүлэн эмчлэх боломжтой. Хорт хавдрын нас баралтын 70 орчим хувь нь буурай хөгжилтэй улс орнуудад тохиолдож байна. Үүнд Монгол Улс багтаж байна.
Дэлхийн хүн амын тал хувь нь эрүүл мэндийн нэн шаардлагатай бүх төрлийн тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд эрүүл мэндийн нэн шаардлагатай тусламж үйлчилгээг хүртэж чадахгүй байгаа бөгөөд ихэнх нь хорт хавдрын тусламж үйлчилгээ авах татгалздаг. Тиймээс бүх хүнд ээлтэй эрүүл дэлхийг бүтээе гэсэн уриалгыг дэвшүүлж байна.
Амь насыг хамгаалбал мөнгийг хэмнэдэг. Хэрэв урьдчилан сэргийлэхэд 11.4 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийвэл ирээдүйд хавдрын эмчилгээнд зарцуулах 100 тэрбум доллар хэмнэх боломжтой гэсэн тооцооллыг гаргажээ. Хавдрын өвчлөлийг үл тоовол дэлхий нийтээр хөдөлмөрийн бүтээмж муудаж, эмнэлгийн тусламж үйлчилгээний зардал өснө, айл өрхийн орлого буурна хэмээн анхааруулж байна. Тиймээс урьдчилан сэргийлэхэд хөрөнгө зарцуулахаас бүү ай хэмээн ДЭМБ-аас улс орнуудад уриалж байна.
Инфографикийг А.Эрхэмбаяр

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/