Уншиж байна...

Монгол улс бол Ази тивийн орон. Монгол хүн бол Ази царай зүстэн. Гэхдээ Азийн хүн амыг монголоидууд гэж нийтэд нь нэрлэдэг. Оюун ухаант хүн анх Азийн өндөрлөгт үүссэн нь үнэн бол монголчууд тэр анхдагч хүмүүсийн шууд удам, анхдагч сүргийн шууд, өнөөгийн нь үргэлжлэл мөн.


Ази, Европ, Африк, Австрали, Америк хүмүүсийн бие эрхтний бүх үзүүлэлтийн алтан дундаж нь монгол төрхтөн (монголоид). Өндөр намын дундаж, арьсны өнгөний дундаж, биеийн жингийн дундаж, хамар, ам, нүд, чихний дундаж, зөв царай зүсний дундаж нь монгол хүнийх гэсэн үг...
Дэлхийн хүн амын дунд ази хүмүүс л байнгад олонхи нь байжээ. Одоо ч тийм байна.

Дэлхий даяарт хэрэгжсэн бүх нүүдлийн чиг Азиас л дөрвөн зүг, найман зовхист байсан нь үнэн юм. Ингэхлээр Азиас л хүмүүс тархан тархсаар Европ хүрчээ, Африк хүрчээ, Австрали хүрчээ, Америк хүрчээ. Хүйтэн, сэрүүн бүс нутагт байршаад аажимдаа цагаан арьстай, өндөр нуруутай, халуун дулаан бүс нутагт удаад хар арьстай, намхан нуруутай, Америк тивд нүүдэллэн очоод улаан арьстан, Австралид удаад аборигенүүд болжээ. Яг иймэрдүү өөрчлөлт бусад хөхтөн амьтны хувьд ч гарчээ. Жишээ нь өндөр сэрүүн газарт аргаль, янгир мэт, нам доор газарт хонь, ямаа адил, бие нь том бага, жин нь их бага, зүс нь өөр өөр байдаг. Баавгай гэхэд л цас, мөсний оронд бие томтой, зүс цагаан, халуун дулаан оронд бие жижиг, жин бага, зүс нь хүрэн бор, алаг...

Монголчууд бие бялдрын хувьд, царай зүсний хувьд, хувцас хунарын хувьд Ази төрх, маягийн байхын дээр оюун санааны амьдралын хувьд ч мөн Азийн, Дорно дахины шинжтэй байж иржээ. Энэнийг гэрчлэх баримтууд бүр нийтийн тооллын өмнөх үеэс, одоогоос 2500 жилийн өмнөх үеэс эхлэн олдсоор байна.

Жишээ болгон үзүүлэх, дурдагдах археологийн олдвор, эд өлгийн зүйлс ч олон бий. Ер нь Ази тивийн гол гол үндэстнүүд шашин суртал, гүн ухаан, анагаах ухааны хувьд эрт дээр цагаас холбоо, харилцаатай байж, нэг нэгэндээ хүчтэй нөлөөлж ирсэн нь аман түүх, домог, бичмэл түүхээр ч нотлогддог.

Энэтхэгт анхны эзэнт гүрнийг байгуулсан Ашока хааны (МЭӨ 265-232) үед эдийн болон оюуны соёл ихэд хөгжиж, нийгмийн амьдралд үзүүлэх шашин суртлын нөлөө нэн хүчтэй болжээ. Энэ үеийн Энэтхэгт Эллиний соёл, Персийн төрийн байгууллын нөлөө, ер МЭӨ III-II зууны үеийн Европын болон Азийн урлаг, шинжлэх ухаан, уран барилга, хот байгуулалтын ололтууд нэвтэрч, биежжээ. Ашокын эзэнт гүрний зонхилох шашин нь буддизм байв. Ашока хаан буддизмыг аль болохоор өргөн дэлгэрүүлэхийг хичээж ойр зэргэлдээ орших бүх улс оронд номлогчдыг илгээж байжээ. Буддизмын энэ үеийн дэлгэрэлт Ойрх Дорнотоор дамжин хүннүчүүдэд мөн хүрчээ. Хүннүгийн ихэс дээдэс, язгууртнууд Буддагийн үзэл санаа, сургаалтай чухамхүү энэ үед анх танилцсан байна. Түүхэн энэ үед Хүннү болон Хятад улсын хооронд болсон дайны үеэр хятад цэргүүд хүннүчүүдээс алтан бурхан (Будда) олзлон авсан баримт тэмдэглэгдэн үлджээ. Энэ үед хүннүчүүд Энэтхэгийн Ашокын эзэнт гүрэн төдийгүй Грек, Ром зэрэг Европын улсуудтай ч харилцаж байсныг гэрчлэх археологийн олдворууд, эд өлгийн зүйлс мөн олдсон юм. Тэгэхлээр тэр үед ч гэсэн монголчууд хорвоогоос хоцрогдсон нүүдэлчид биш байжээ. Европын болон Өмнөд Азийн материаллаг хийгээд оюуны соёлтой хүннүчүүд танил байсан төдийгүй бүр харилцан суралцах, ойлголцох түвшинд холбоотой байж, тэр цагийн нэр, цуутай сэтгэгчдийн бүтээл, сургаалыг судалж, ашиглаж иржээ. Монгол улсын өнөөгийн болон өмнөх үеийн түүхэн газар нутгийн хөрснөөс МЭӨ үеийн сүлжмэл хивс, бүс даавуу, шаазан аяга, шилэн эдлэл, гоёл чимэглэлийн зүйлс олдсоор л байна.

Энэтхэг, Жагарын суут сэтгэгчид, нэртэй оточ нар, анагаах ухааны ном судар, мөн эрхтний Хятадын суут сэтгэгчид, анагаах ухааны бүтээлүүд, шашны том зүтгэлтнүүдийн нэр, цуу, Төвдийн эрдэмтэн лам нарын бүтээлүүдтэй Монголын хаад, оюунлаг хүмүүс цаг цагтаа танил байж, заримыг нь урьж уулзаж, хаадын ордонд ажиллуулж иржээ. XIII-XV зуунд Чингис хаан, Өгэдэй хаан, Өгэдэй хааны хөвгүүд, Мөнх хаан, Хувилай хаан, түүний залгамжлагчид цаг цагийнхаа нэрд гарсан сэтгэгчдийг, оточ нарыг, одон орон судлаачдыг урьж уулзаж, ордондоо үлдээн ажиллуулж, тэдний бичсэн ном судрыг барлан олшруулж, төр ба иргэний хэрэгт өргөн ашиглаж байжээ. Монголын эзэнт гүрний нийслэл Хархорин хотод тэр цагийн олон шашны лам нарын дунд ярилцлага, мэтгэлцээн хүртэл зохиож байсан мэдээ, баримт үлджээ. Монголд уригдан ирж байсан, хааны ордонд үлдэж ажиллаж байсан харь орны эрдэмтэн, мэргэдийн нэрсийг тоочих аваас наад зах нь хориод хүн нэрлэгдэж байна. Харь орны эрдэмтэн мэргэдийн бичсэн зохиол бүтээлийг хэвлэсэн, орчуулж хэвлэсэн тоо, баримт гэвэл наад зах нь 400 хүрэхээр олон бий. Тэдний дунд олон хуудастай том суурь бүтээлүүд ч цөөнгүй буй.

Байгаль орчин, нар, сар, од мичид, ган, зуд, цасан болон шороон шуурга, ус үер, өвчин тахлын талаарх монголчуудын мэдлэг цаг цагтаа бусад аль ч ард түмнийхээс ер дутаж байсангүй. Дайн тулалдааны үед, бүр алс хол руу аялсан зөөврийн дайны үед ч монголчууд байгалийн бэрхшээлийг өөрсөддөө ашигтайгаар, эсрэг этгээддээ хортойгоор гэтэлж чадаж байжээ.

Нар сарны байрлал, од мичидээр баримжаалж дадсан цэрэг, арми нь ер төөрч будилж байсангүй. Монголын цэрэг, армийн нэгэн том давуу тал бол орчны байдлыг ашиглан маневарлах чадамж, түүний өндөр хурд, хүчээ задлах болон зангидах олон хувилбар, таахад хэцүү элдэв мэх, занга, отолт, хуурамч ухралт, гэнэтийн цүүцэн цөмрөлт, өдөөх хуурамч давшилтууд зэрэг байжээ. Бага хохиролтойгоор том ялалтанд хүрч байсан арга, тактик нь тэр цаг үеийн харийн жанждыг гайхшруулж, мохоож байв. Энэ талаас нь үзэж дүгнэлээ ч гэсэн нүүдэлчин монголчууд зэрлэгүүд, бүдүүлгүүд биш байжээ.

Монголчууд нь X-XII зуунд хүй нэгдлийн байгуулалд байсан гэж Орос, Зөвлөлтийн академичид голдуу эрдэмтэд үзэж, бичиж байснаас болж нэн эртний түүх, соёл, уламжлал, төр, ёс бүхий монгол угсаатныг саяхны бүдүүлгүүд мэтээр ойлгох, дүгнэх нь ихэд газар авчээ. Наад зах нь 3000 гаруй жилийн төр, ёсны түүхтэй, Хүннү улс, Хүннүгийн эзэнт гүрэн, Сүмбэ гүрэн, Их Нирун улсыг байгуулж Төв Азидаа жанжилж ирсэн Монголчуудыг, нүүдлийн соёл-иргэншлийг дутуу таних, доошлуулж үнэлэх энэ дутагдал одоо ч бүрэн арилаагүй байна. Энэ алдаа, дутагдал нь танин мэдэхүйн хийгээд улстөрийн шалтгаантай байсан нь үнэн юм. Орос, Зөвлөлтийн, мөн Хятадын зарим судлаачдынхаар бол монголчууд МЭӨ бараг л бичин хүмүүс байсан, Хятадын Ся, Шан, Чжоу улсын жанжид чулуун зэвсэгтэй хүй нэгдлийн монгол эрчүүдтэй тулалдаж ялж, ялагдаж явсан болж таарч байна. Гэтэл үнэндээ бол Хятадын Ся (НТӨ XXI-XVI), Шан (НТӨ XVI-XI), Чжоу (НТӨ XI-III), анхны хүчирхэг эзэнт гүрэн Цинь (НТӨ III), мөн Хан (НТӨ III- НТ III зуун) гүрний дайчидтай тэр үеүдийн Монголын дайчид эн тэнцүү цэрэг-улстөрийн хүчин байжээ. Энд түүх гуйвсан шиг гуйвжээ. Түүх энэнээс илүү ихээр гуйвж байсан тохиолдол бараг л үгүй болов уу. Энэ гуйвуулгыг манай ихэнхи түүхчид 1990 он хүртэл хүлээн зөвшөөрч, давтан, дууриан бичсээр, ярьсаар иржээ.
Монголчуудын эртний түүхийг танин мэдэж чадаагүйн улмаас гуйвуулах, охорхон болгох нь уучилж болох үзэгдэл мөн хэдий ч харин цэвэр улстөрийн зорилгоор, санаатайгаар гуйвуулах, охорхон болгох үзэгдэл нь нийт хүн төрөлхтний ёсзүйн үүднээс бол гэмт хэрэг мөн болно.

х х х

Хүннү гүрний хувьд гэхэд л Хятадын нэг бус жанжид ялагдаж, олзлогдоод Хүннүгийн шаньюгийн ордонд үлдэж, эхнэртэй болж, хүннүчүүдэд зөвлөж байжээ. Хятадын хааны ордны том түшмэл Хүннүд урваж ирсэн удаа ч гарч байжээ. Хүннүчүүдэд ялагдаж олзлогдсон, эсвэл том алдаа гаргаж олон цэргээ алуулсан, олзлуулсан жанждын ар гэрийнхнийг гурван үеэр нь цаазлан хороож байсны улмаас олзлогдсон хятад жанжид Хүннүгийн хаанд зүтгэхээс өөр замгүй болдог байв. Хожуу үеийн баримт гэхэд л Даогийн сурталтан том лам, Кунзын сурталтан том лам, Төвдийн сажа бандида Гунгаажанцан, Пагва лам гэхчилэн олон жишээ дурдаж болох байна. Чингисийн үе гэхэд л Чан чун бумба, хожуу үе гэхэд Рашид-ад-дин гэхчилэн олон нэр бий.

Монголчуудын түүхэн уламжлалаар бол эрдэм номтой, их туршлагатай хүмүүсээ, ахмад үеийнхнийгээ хүндэлж, дээдэлж, тэдний үг, зөвлөгөөг дагаж ирсэн түүхтэй. Гэрийн сургалтаар эрдэм номтой хүмүүсээ бэлдэж байсан нь үнэн билээ. Харин Монголд шарын шашин дэлгэрснээр нас барагсдын хойд дүрийг тодруулах, ухаалаг цовоо сэргэлэн хүүхдийг хэн нэгний хойд дүр гэж зарлах, тэр мөртөө ингэж тодруулсан хүүхдүүддээ өөдтэй боловсрол олгож ч чаддаггүй бурангуй ёс тогтжээ. Хутагт, гэгээнтэн гэгчдийн хойд дүрийг эцэсдээ VIII Богд мөнгө, хандив авч, үнэлж, худалдаж тодруулах болсноор жинхэнэ эмгэнэлт байдал буй болжээ. Нэр цол, албан тушаал, хэргэм зэргийг худалдах бусармаг ажиллагаа ийнхүү эртний улбаатай ажээ.
Америк тив, Австрали тив, томоохон арал дээр амьдардаг хүмүүсийг Азийнхан, Еюропынхан мэддэггүй, тэр тивүүүд нээгдээгүй байх үед (XIII зуунд) тэр цагийн дэлхий дахиныг бүхэлд нь шахам эзэлсэн монгол хаад, монгол жанжид мөн л мэдлэг, мэдээллээр илүүрхэж байж л том том ялалт байгуулжээ.

Цэрэг удирдах, зөөврийн дайн хийх, эсрэг этгээдээ бүх талаар аргагүй байдалд оруулах, элдэв зэвсэг хэрэглэх, хана хэрэм нураах, худал мэдээлэл тараах, сэтгэлзүйд нь нөлөөлөх сүртэй үйлдлүүд хийх талаараа монгол жанжид үнэхээр хосгүй байж чадсан юм.

Одоогоос 2000 гаруй жилийн өмнө Хүннүгийн нийслэл байсан Луут хотын тууриас олдож буй эд өлгийн зүйлсээс үзэхэд хүннүчүүд бичиг үсэгтэй, олон барилга, байгууламж бүхий том нийслэл хоттой, барилгын материалыг өөрсдөө бэлддэг, цэргийн том байр-казармтай, цэргийн агтны том хашаа хороотой, ус ба тэжээлийн нөөц, сантай байсан нь илэрчээ. Хятадын Цинь, Хан мэтийн том улсууд хүннүчүүдээс ихэд болгоомжилж, хэлэлцээр хийж, гэрээ байгуулж, найрамдал-ургийн харилцаа тогтоож байсан нь тэр цагийн нүүдэлчин монголчуудын хөгжлийн түвшин, цэрэг-зэвсгийн чадавхи, мэдлэг, мэдээллийн өндөр чадамжийг илтгэн үзүүлж буй юм.
Нүүдэлчин монголчууд нэн эртнээс эхлэн цаг цагийнхаа онцлогт нийцэх, дүйцэх мэдлэг, мэдээллээр бусад улс орноос ер дутуугүй, зарим талаараа бүр илүүрхэж байсныг түүх, түүхэн баримтууд ийнхүү нотолсоор, гэрчилсээр байна.


Судлаач, профессор Д.Чулуунжав

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/