Уншиж байна...

Монгол Улсад дээд боловсролын тогтолцоо үүсч хөгжсөний 75 жил, Монгол Улсын Их сургууль үүсэн байгуулагдсаны 75 жилийн ойд зориулсан “Зиндаа” сэтгүүлийн тусгай дугаарын хоймор “Эрхэм зиндаа” булангийн хүндэт зочноор Монгол Улсын Төрийн соёрхолт, Ардын багш, Хэл шинжлэлийн ухааны доктор (Sc.D), Монгол Улсын Их сургуулийн Зөвлөх профессор Шаравын ЧОЙМАА уригдлаа.

-АНХ МОСКВА ХҮРТЭЛ ГАЛТ ТЭРГЭЭР ЯВАХДАА “32 МОДОН ХҮНИЙ ҮЛГЭР”-ИЙГ АМТАРХАН УНШИЖ БАЙЛАА- Монгол бичиг, Монгол судлалаар бахархам амжилтад хүрч чадсан тан шиг хүн багадаа ямар хүүхэд байсан бол гэдэг сонирхол татаж байна. Та сургуульд орохоосоо өмнө монгол бичиг, кирилл бичиг, бас төвөд бичиг ч сурсан гэдэг. Энэ үнэн үү? Би Говь-Алтай аймгийн Шарга сумын хүн. Манай хойд залгаа Дарви сум бол Сутай хайрханы наад талын сум л даа. Тэр сумын Ванчиг гэдэг сайхан монгол бичигтэй хүнээр аав минь надад монгол бичиг заалгасан. Одоо санахад, яаж гарыг минь засаж залж байсан юм гэдгийг санах юм алга. Бичүүлээд л байдаг, муруй саруй бичээд л байсан. Мөн ингэж бичдэг, ингэж уншдаг гэхэд нь түүнийг нь тогтоогоод, холбон уншиж эхэлсэн. Өөрөө уншаад ирэхээр хүүхэд урам орно шүү дээ. Мэдэхгүй юмаа асуугаад ямар ч байсан дунд сургуульд орохоосоо өмнө уншиж бичиж сурсан. Аав минь лам хүн байлаа. Кирилл бичгийг аав өөрөө эхэлж долоо хоногт сураад, дараа нь надад зааж өгсөн юм. Төвөд бичгийн тухайд сургуульд орсон хойно аав Дорж гуайн сурах бичгээр зааж анхны мэдлэгтэй болгосон. Монгол бичгээр анх ямар ном уншиж байв? Анх уншсан арай том номоо тод санаж байна. Улаанбаатарт их үер болдог жил, 1966 он юмдаг. Би хөдөөний хүүхэд сумынхаа Ядамцоо багшийн хамт ЗХУ-ын Крымын хойгт байдаг олон улсын хүүхдийн Артек зуслан явахаар анх Улаанбаатар хотод орж ирсэн. Нэг аймгаас нэг хоёр хүүхэд л явж байсан. Галт тэргээр явж байгаад бараг хил дээр, Сүхбаатар хотод зогсоод хүүхдүүдийг гадаа гаргасан юм. Тэр үед Өвөрмонголд хэвлэсэн номуудыг чөлөөтэй худалддаг байлаа. Тэндээс “32 модон хүний үлгэр” гэдэг ном аваад вагон дотор Москва хүртэл их амтархан уншиж дууссан юмдаг. Тэгээд “32 модон хүний үлгэрийг би тэндээс худалдаж авлаа” гээд дээр нь бичсэн байдаг. Миний номын санд одоо ч байгаа даа. Та анхнаасаа л монгол хэлний мэргэжил эзэмшье гэж бодсон уу? Говь-Алтай аймгийн төвийн 10 жилийн дунд сургуулийг алтан медальтай төгссөн тул хамгийн эхэнд орж, гадаад дотоодын аль ч их, дээд сургуульд явах эрхтэй байсан ч өөрийн сонгосон МУИС- ийн монгол хэл, уран зохиолын ангийн хуваарийг авч билээ. Хотоос элсэлтийн шалгалтаар ирсэн профессор багш нар гадаадын хуваарь авахгүй юм уу гэж гайхаж байсан. Та бол МУИС-ийн төгсөгч. Анх оюутан болсон үеийн дурсамжаасаа хуваалцвал их сонин байна. Залуу нас, оюутан цаг гэдэг хүний амьдралын алтан үе. Сурагчийн ширээнээс шууд оюутны амьдрал, их сургуулийн сургалтад шилжиж бас хөдөө нутгийн амьдралаа хотын төрх байдлаар солиход олон зүйлд тулгамдаж, шинэ орчин, хот газрын ахуйд дасан суралцах хэрэгтэй болсон. Гэвч энэ бүхэн нь түвэг бэрхшээл бус сонирхол татсан, хөөр хөгжөөнтэй баяр баясалтай үе байлаа. 8 сарын 1 гэхэд МУИС дээр бэлэн байх ёстой тул 7 сарын дундуур дөрвөн ханатай жижиг гэрээ хотын замын машинд зохих хөлс тохирон ачаад, Улаанбаатар хот руу гарч байсан маань саяхан мэт санагдана. Яармагт хамаатныхаа хашаанд гэрээ барьж, хэрдээ л төвхнөж аваад, 8 сарын 1-нд МУИС- ийн төв байрны үүдээр алхан орж билээ. “Хөдөө САА явах бэлтгэлээ хий! Хоёр өдрийн дараа явна” гэсэн тул модон хайрцагт ойр зуурын юмаа хийж, хөнжил пүүгээгээ аваад ЗИЛ-130 машинд суугаад газар газраас ирсэн олон оюутнуудтай дуулалдан шуугилдан замд гарсан юм. САА-д хоёр сар шахам болоход МУИС-ийн олон салбарт суралцахаар ирсэн залуустай танил нөхөд болсон. САА-д явах, оюутны намрын ажил гэдэг хувь хүндээ ч, улс эх орны цаг хавчсан их ажлыг түргэн амжуулахад ч тун хэрэгтэй зүйл байсан даа. Оюутны намрын ажилд явж “ургацын далай”-г ишийг нь матсан хөнгөн цагаан шанагаар хутган идэж, өлсөх даарахыг мартан ажлыг уралдан хийж явсан оюутан нас үнэхээр сайхан дурсамж шүү. Анхны хичээлийн өдөр ямагт сонин содон байдаг. Тэр тухайгаа яривал? Намрын нарлаг сайхан өдөр МУИС-ийн хичээлийн 2-р байрны дөрвөн давхарт анхны хичээл эхэлж, ардын багш Д.Чойжилсүрэн монгол бичиг зааж билээ. Монгол хэл шинжлэлийн гол хичээлүүдийг академич Ш.Лувсанвандан, төвөд хэлийг профессор Х.Гаадан багш зэрэг алдартай ахмад багш нараар эрдэм ном заалгаж явсан азтай үе минь оюутан нас. Таван жил хичээлийн танхим, Улсын номын сан хоёроос өчүүхэн ч холдолгүй явсаар, сургуулиа Д.Сүхбаатарын нэрэмжит цалинтай төгссөн. Оюутан ахуйн таван жил миний амьдралд үнэхээр мартагдашгүй, давтагдашгүй дурсамжийг үлдээж дээ. Миний бие оюутны таван жилд тасралтгүй зун, намрын ажилд явсан төдийгүй багш болоод ч даасан ангийн оюутнуудтайгаа энэ ажилд байнга явсан даа. Ялгаа нь гэвэл өмнө нь заалгаж захируулж явсан бол багш болсон хойноо хашаа хороо барих, хадлан тэжээл авах, ургац хураах зэрэг ажилд оюутнаа удирдаж явж байлаа. Эхний хэдэн жилд оюутнуудтайгаа зэрэгцээд л ажиллачихдаг байв. Тэр нь захирч хэлснээс хамаагүй дээр. Учир нь 1970-аад оны үед их, дээд сургуульд 35 хүртэлх насны хүмүүс элсэх боломжтой байсан тул залуу багш надаас ахмад оюутнууд ч байсан. Сургуулиа төгсөөд МУИС- даа багшилж эхэлснээс хойш таны бүхий л амьдрал их сургуультайгаа холбогдсон байх. Их сургуулиа төгссөн даруй тэр оны 7 сарын 1-ээс МУИС- ийн Монгол хэл, уран зохиолын тэнхимд шууд багшаар томилогдон ажилласан. Тэр үед дагалдан багш гэж байгаагүй. 8 сарын 1-нээс Монгол хэл, уран зохиолын ангид шинээр элссэн оюутнуудыг авч САА-д явж байлаа. САА-аас бууж ирээд долоон хоногт 36 цагийн хичээл зааж эхэлсэн. Тэр үед бямба гарагт ч бүтэн хичээлтэй байдаг байсан. Гол заадаг байсан хичээл маань монгол бичиг, төвөд хэл, сонгон мэргэших болон түүхэн хэлзүй зэрэг хичээлүүд байсан. Тэнхимд маань уул шиг нөмөртэй, тал шиг сэтгэлтэй ахмад буурал багш нар байсан болохоор хичээл номоос эхлээд, хувийн ахуй амьдралын зүйлийг хүртэл хэлж сургаж байлаа. Үнэндээ өдөрт 6 цагийн хичээл заачихаад шууд л маргаашийн хичээлдээ бэлтгэж шөнө дүл хүртэл суудаг байв. Энэ маягаар явсаар нэг жил өнгөрөхөд нэлээд бэлтгэлтэй болчихсон байсан юм даг. Гавъяат багш Б.Бор МУИС-ийн залуу багш нарт “Их, дээд сургуульд багшлах арга зүй” гэсэн хичээлийг бүтэн жил заан реферат бичүүлж, шалгалт авч үнэмлэх олголоо. Энэ нь ч их хэрэгтэй зүйл байсан юм. Яваандаа Улсын номын санд суух цаг маань ч арай бага болсон. Учир нь ахмад багш нараасаа мэргэжлийн ховор ном бичгийг гуйж үздэг болчихсон хэрэг л дээ. Мөн оюутан цагаасаа цуглуулж эхэлсэн номын сан маань ч байнга арвижих боллоо. -ХОЙЧ ҮЕИЙНХЭН МААНЬ “МУИС” ГЭДЭГ ЭРХЭМ НЭРИЙГ ӨНДӨРТ АВЧ ЯВНА ГЭЖ ИТГЭЖ НАЙДАЖ БАЙНА- МУИС-ийн багш болсноор таны амьдралд ямар содон өөрчлөлт гарсан бэ? Оюутан сургах, өөрөө судлах, суралцахыг хослуулснаар таван жилийг ардаа орхих үед БНАГУ- ын Гумбольдтын Их Сургуульд зочин багшаар томилогдож герман оюутнуудад монгол хэл, монгол бичиг гэх мэт монгол судлалын хамаа бүхий хичээлүүдийг зааж бас ч юм үзэж нүд тайлж билээ. Германаас буцаж ирээд өмнө нь зааж байсан хичээлүүдээ үргэлжлүүлэн заахын зэрэгцээ судалгаа шинжилгээний ажил хийхийг эрмэлзэн хичээх болж сонин сэтгүүлд юм бичиж нийтлүүлэх, эрдэм шинжилгээний хурлуудад оролцсоор заах, суралцах, судлах ажил маань өрнөж нэлээд туршлагатай багш болох шинжийг олсон доо. 1992-1995 онд ХБНГУ-д хоёр жил зочин профессороор ажилласнаас бусад он жилүүдэд МУИС-даа л ажиллажээ. Одоо бодоход оюутан цагийн 5 жилийг нийлүүлбэл 45 жил МУИС-ийн II байрны босгыг элээж, энэ хэрээр “Багш” хэмээх энэ эрхэм алдрыг өргөж явах чадвартай болж, үе үеийн шавь нараа заах арга, эрдэм судлалын ажилд залж хөтөлж явна даа. 1995 онд хүү Лодойравсал маань их сургуульд орж магистр, докторын сургалт гүйцээгээд одоо хүртэл МУИС-даа багшилж бас чамгүй зүтгэж байгаа. Их сургуульдаа хайртай болохоор хүүгээ залгамжлан яваад баяртай байдаг. МУИС-ийн II байр бол миний хувьд гэр шиг минь л санагддаг. Тийм ч учраас хагас сайн, бүтэн сайн өдөр, зуны амралт гэлгүй эндээ л ном судар эргүүлж суусаар өдий хүрлээ. Ер нь миний сурч мэдсэн, хийж бүтээсэн энэ бүхэн маань МУИС-ийн минь л ач буян юм даа. Германд байхдаа та номын санд нь их суудаг байв уу? Өмнө нь нэрийг нь дуулж байсан ч барааг нь харж байгаагүй олон ном зохиолуудыг Берлин хотын номын санд сууж үздэг байлаа. Тус номын сангийн Азийн салбарт Монгол Улсад шинээр гарсан Монгол судлалын холбоотой ном зохиолууд тогтмол ирдэг байсан тул монголынхоо номуудыг ч үзчихдэг байв. Энэ л үед өөрийнхөө судалгааны ховор номуудыг хуулбарлаж авах боломж нээгдсэн. Тэр дундаа Хайссиг гуайн Монголын түүхэн сурвалж бичгийн эртний эхийг гэрэл зургаар хэвлүүлсэн ном судрын хуулбар, Монголын түүхэн сурвалж, түүхэн хэлзүй, алтай хэлний судлал зэрэгт холбоотой ховор ном зэргийг хувилан авсан маань хожим миний судалгаанд тун ч их хэрэг болсон доо. Тухайлбал, “Монголын түүхэн сурвалж”-ийн цуврал 30, 33 ботийг шавь нарын хамт кирилл үсэгт буулгаж, үг хэллэгийн бүрэн тайлбар хийж хэвлүүлэхэд судалгааны хэрэглэгдэхүүн болсон. Таныг залуухан багш байх үед МУИС ямар байв? Намайг залуу байхад МУИС бол Монгол Улсын сургалт судалгааны тэргүүлэх том төв нь байлаа. Одоогийн Техникийн их сургууль, Хүмүүнлэгийн их сургууль чинь МУИС-ийн салбар нь байсан. Монгол Улсад анхны үндэсний дээд мэргэжилтэн бэлтгэх үүргээ МУИС нэр төртэй биелүүлсээр ирсэн юм. Зөвхөн дээд мэргэжилтэй боловсон хүчин төдийгүй олон салбарын эрдэм шинжилгээний ажилтан, эрдэмтдийг бэлтгэж эхэлсэн. 1980-аад оны дунд үед Монголын эрдмийн цол зэрэгтэй бүх хүний гуравны хоёр нь МУИС төгсөгчид байсан. ХАА, Анагаах ухааны нэртэй эрдэмтэд бүгд МУИС-ийн төгсөгчид байлаа. Учир нь ХАА, АУИС чинь хожим МУИС-аас салбарлан гарсан. Ингэхлээр МУИС чинь өнөөгийн олон их, дээд сургуулиудын өлгий нь юм шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд, өнөөгийн Монголын төр засаг 75 жилийн түүхтэй МУИС-ийг арай өөрөөр л харж үзэх ёстой. Өөрөөр хэлбэл, өнөөгийн олон хувийн их, дээд сургуультай адилхан үзэж яавч болохгүй шүү дээ. Тэр үеийн Эрдмийн зөвлөлийн хурал ямархуу уур амьсгалтай болдог байсан бол? Залуу багш байхдаа их сургуулийн Эрдмийн зөвлөлийн хурал болоход хааяа бас оролцдог байсан. Тэгэхэд алдар цуутай профессор багш нар өмнүүр дүүрэн суучихсан байдагсан. Бид мэт нь тээр хойно сууж тэдний хэлж ярихыг чимээгүйхэн сонсдог байлаа. Тэр үед манай ректораар Цэвэгмид гуай, Содном гуай хоёр ээлжлээд ажиллаж байсан үе. Содном гуай их ч донжтой, нухацтай ярина. Тэр ахмад багш нарын хэлж байгаа үг, сайшааж, муушааж байгаа нь цаанаа л нэг утга төгс, сонсоод баймаар юм ярьдаг байлаа. Тэр үед их сургууль үнэхээр мундагчуултай байжээ. Одоо хорвоогийн жамаар ихэнх нь бурхан болж дээ. Залуу халаа шавь нар нь их сургуулиа аваад явж байна. Энд бас нэг зүйл тэмдэглэн хэлэхэд, миний залуу байхад МУИС-ийн багшийн үүрэг хариуцлага үнэхээр өндөр байсан. Ер нь эрх, үүрэг, хариуцлага гэдэг гурван зүйл тэгш хэрэгжиж чадвал, МУИС төдийгүй Монгол Улс маань дэгжиж дээшилнэ шүү дээ. Их сургууль одоо харьцангуйгаар их залуужиж. Бүх ахмад багш нар тэтгэвэртээ гарчихсан. Сүүлийн үед эрдэмтэн багш нарыг 60 хүрэнгүүт бүгдийг нь тэтгэвэрт гаргачихдаг болсон. Энэ маань хэр зөв юм дээ. Уг нь залгамж халаа гэж байх ёстой. Их сургууль бол улс төрийн байгууллага биш. Олон жилийн турш тухайн салбартаа зааж сургах, судлан шинжлэх ажлыг хийж ирсэн ахмад профессор багш нарын мэдлэг чадвар, туршлага дадлага ямар нэгэн хэмжээгээр дараагийн үедээ их хэрэг болох ёстой баймаар. Энэ боломжийг зохих хэмжээгээр ашиглах тогтолцоо байвал зүгээр юм шиг байдаг юм даа. Авьяас, эрдэм тэтгэвэрт гардаггүй гэдэг. Гадаадын их, дээд сургуулиудад ахмад профессор багш нар нь ажиллаж л байдаг шүү дээ? Ер нь бол гадаадын их сургуульд ахмад буурал профессорууд нь ажиллаж чадаж л байвал ирэн очин юмаа хийгээд, дагалдсан шавь нар нь тэр профессорын судалгааг үргэлжлүүлж байдаг. Тэгэж байж л шинжлэх ухааны дэг сургууль буй болж, мэдлэг туршлага үе дамжин уламжлан өвлөгддөг биз ээ. Гэхдээ би их сургууль гэдэг энэ айлд, эрдмийн их өргөөндөө үнэхээр их хайртай. Анх багш болоход хангай шиг түшигтэй сайхан өвгөн багш нар маань намайг угтаж авч байсныг мартдаггүй юм. Ардын багш Чойжилсүрэн, хуучин хамба байсан төвөд хэлний Гаадан багш, академич Лувсанвандан багш, Японы хурандаа, алдартай хүн Шайрийбуу багш, гавьяат Далхжав багш гээд сайхан буурал өвгөчүүдийн дунд би яваад орчихсон. Тэр сайхан улсууд надад их нөмөр нөөлгө түшигтэй, амьдралын сайхан сургамж өгдөг байсан. Гаадан багш надад анх маш сонин нэг сургамж хэлсэн юм. “За хүү минь, чамайг энэ олон багш нарын дунд орохоор ахмад багш нар, энэ улсууд янз бүрийн юм ярьдаг юм. Хүний тухай их ярина. Хүнийхээ тухай муулж ярина, сайлж ярина. Сонсоод л байдаг юм шүү. Нэгнээс нь дуулсныгаа нөгөөд нь бүү ярь” гэж билээ. Түүнийг би тэр үеэс л хэрэгжүүлсэн. Хэнд ч ямар ч мэдээлэл дамжуулдаггүй. /инээв/ Та их сургуулиараа бахархдаг уу? Бахархалгүй яахав. Дэлхийн II дайны гал ид маналзаж байхад Монгол Улсын Их сургууль 1942 онд байгуулагдсан гээд бод доо. 1942 онд бол Орос орон дайнд ялах, ялагдах нь хутганы ирэн дээр байсан үе. Тэр үед Монголд их сургууль байгуулж, Москвагийн их сургуулийн шилдэг профессорууд ирж багшилж байсныг тэр үеийн ахмадууд бүгд хэлдэг. Тэд бол үнэхээр хүнийг сургахын төлөө ирсэн нэртэй профессор, эрдэмтэд байсан гэдэг. Үнэхээр тийм байсныг нэг юмаар мэдсэн. МУИС-ийн 40 жилийн ойгоор Дорж захирал намайг МУИС-ийн архив шүүж хэдэн зүйл ол гэсэн юм. МУИС тухайн үед Сайд нарын зөвлөлд харьяалагдаж байсан тул СнЗ-ийн архивын 1940- өөд оны баримт хэрэглэгдэхүүнийг үзэж байтал Старков гэдэг биологийн ухааны доктор, МУИС- ийн биологийн факультетийн деканы албан бичиг байсан. Тэр хүн засгийн газарт хандаж 4 хуудас албан бичгийг бичгийн машинаар цохиж гарын үсэг зурж, тамга дараад явуулсан байлаа. Тэр профессор жил болгон биологийн дадлагаар Тэрэлж, Богд уулын сав газарт шинжилгээний анги удирдаж явдаг байсан юм билээ. Монголын Богд уул, Туул голын эх орчмын байгалийн зүй тогтол, ургамал амьтан, түүний жил жилийн өөрчлөлтийг бүгдийг нь маш нарийн бичиж, хамгаалах ёстой учрыг, хэрхэн хамгаалах тухай нь ч тодорхой санал бичсэн байсан. Та тэр баримтыг хуулж авсан уу? Түүнийг нь гараар хуулж аваад, ганц бичсэн эхээ сонинд орчуулж тавиарай гээд Балдоржид өгсөн чинь их л сонирхоод авсан. Тэр үе бол Ц.Балдоржийн бичсэн “Далай ээж маань цаазын тавцанд” нийтлэл шуугиан тарьж байсан цаг л даа. Талийгаач Балдоржийн зав нь бололгүй талаар өнгөрсөн. Старковын Засгийн газарт хандсан албан бичиг бичиж байсан үе бол Туулын эхээс маш их хэмжээгээр мод унагаж сал урсгаж байсан үе. Ингэж модыг нь сүйдлэх юм бол байгалийн зүй тогтол алдагдана гэдгийг анхааруулж, Туул голын сав газрын байгалийн бүтэц оршин тогтнох нарийн судалгааг хийж, хэрхэн хадгалж хамгаалах тухай маш нарийн зааж, яг л өөрөө монгол хүн юм шиг бичсэн байсан. Одоо тэр материал Сайд нарын зөвлөлийн архивт байгаа. Тэгэхээр Монголд их сургууль байгуулахаар ирсэн тэр үеийн профессорууд үнэхээр хүнийг сургахын төлөө, тэр битгий хэл Монголын байгалийг хамгаалж хадгалахын төлөө сэтгэлтэй сайхан хүмүүс байсныг ингэж мэдсэн. Та залуухан багш байхдаа ахмад багш нараас ихийг суралцсан байх. Тэр үеийн багш нарт одоогийн багш нарт тэр бүр харагддаггүй ямар онцлог ялгаа ажиглагддаг байв. Ер нь их сургуулийн маань үе үеийн эрдэмтэн багш нар хоорондоо их сайхан харилцаатай байжээ. Тэд нэр томьёоны талаар олонтоо ярилцдаг байсныг нь санадаг юм. Одоо бол байгалийн ухаан гээд салбар бүр өөр өөрийн дураар нэр томьёо гаргаад л явж байна. Тэр үед математикийн багш Санжмятав гээд ахмад профессор манай Лувсанвандан багшийг байхад тэнхимээр орж ирээд л зөвлөлдөнө. “Энэ үг уг нь ийм утгатай юм. Тийм үг би оноочихоод байна. Та нар хэлний улсууд, энэ болж байна уу, үгүй юу? Нэрийг нь нэг зөв оноочихмоор байна” гээд хэлний багш нартай зөвлөлдөж байгаад нэр томьёогоо оноодог байсан юм. Тэр өвгөн багш нар, профессорууд хоорондоо тэгж их холбоотой ажилладаг байж. Энэ нь манай ахмад багш нар, байгалийн ухааны эрдэмтэд маань монгол нэр томьёог нь зөв тогтоочих юмсан, монгол хэлний үүднээс нь зөв нэрлэчих юмсан гэсэн эрмэлзэлтэй байсны л баталгаа юм. Их сургуульд өмнө нь 5 жил сурдаг байсан. Одоо 4 жил сураад төгсөж байгаа. Үүнд ямар нэгэн ялгаа ажиглагдаж байна уу? Ер нь сургалтын хөтөлбөрийг хэт их өөрчлөөд байх нь их, дээд болон дунд сургуулийн алинд нь ч таатай зүйл биш юм. Их сургууль маань 5 жилийн сургалттай байхад нэлээн чамбай байсан. Сүүлдээ 4 жил болоод ирэхэд сургалтын чанар сулдах шиг санагддаг. МУИС анх байгуулагдахдаа Европ дээд боловсролын тогтолцоог нэвтрүүлсэн гэж ойлгодог. Энэ үнэхээр тийм үү? Европт аль эрт их сургууль байгуулсан тэр хэв хэлбэрийг Германаас шууд хуулбарлаж Ломоносовын их сургуульд авсан. Түүнийг нь шууд МУИС-д буулгасан хэрэг. Тэгэхээр үндсэндээ Европын сонгодог дэг хэлбэр энд хэрэгжсэн юм. Их сургууль анх байгуулагдахдаа гуравхан ангитай байсан. Багшийн анги, мал эмнэлэг, хүн эмнэлэг гэж үнэхээр гурван гол юмыг нь барьж авсан. Тийм болохоор ХААИС, АУИС-ийн мал, хүн эмнэлгийн чиглэлийн ахмад эмч, эрдэмтэн профессор багш нар цөм л их сургуулийн дипломтой байсан шүү дээ. Тэгэхээр Монголд дээд боловсролтой боловсон хүчин бэлтгэх анхны үүр уурхай бол МУИС юм. Их сургууль маань олон арван жил Монголд том үүрэг гүйцэтгэж гавъяа байгуулсан. Одоо ч би их сургуулийнхаа ирээдүйг сайхнаар төсөөлдөг. Цаашдаа ч гэсэн Монголын ирээдүй залуу үеийг эрдэм номын гэрэл гэгээгээр гийгүүлж, МУИС гэдэг эрхэм нэрийг өндөрт авч явна байх гэж итгэж найдаж байна. -МОНГОЛ БИЧГИЙН ГАР БИЧМЭЛ СУРАХ БИЧИГ МААНЬ 120 МЯНГАН ХУВЬ ХЭВЛЭГДЭЖ ЖИЛИЙН ДОТОР БОРЛОГДСОН БАЙДАГ ЮМ- Та Эх бичиг судлалын тэнхимийг анх байгуулсан. “Эх сурвалж судлал” гэсэн үг биз дээ? Энэ тэнхимийг 90-ээд оны эхэнд байгуулахад тэр үеийн ректор Дорж захирал их сайхан хүлээж авсан. “Бид монгол бичиг, төвөд, манжаар байгаа асар арвин сурвалжийг судалдаг боловсон хүчнийг бэлтгэе. Сурвалж судлал буюу Эх бичиг судлалын тэнхим байгуулъя. Хуучны их, бага таван ухааны чиглэлд багтах арвин сурвалж бичгүүд байна. Монголын түүхэн сурвалж гэхэд тун их шүү дээ. Тийм болохоор нийгэм, хүмүүнлэгийн болон байгалийн ухааны чиглэлийн салбарын нэгдүгээр ангиа онц төгссөн хүүхдүүдээс саналыг нь аваад, элсэлт авах боломж өгөөч” гэсэн. Эхний удаад үнэхээр тэгэж шүүж аваад оюутнаа элсүүлсэн. Анхны төгсөгчид маань одоо бүгд эрдэмтэд болцгоожээ. Дараагийнхаас нь бол ЕБС төгсөгчдөөс элсэлтээр авахаас өөр аргагүй болсон. Тэр цагаас эхлээд өнгөрсөн жил хүртэл тус салбараар чамгүй олон оюутан төгсжээ. Жилдээ 20 орчим оюутан элсүүлэн бэлтгэж байсан. Төгсөгчид маань одоо Үндэсний төв номын сан, Үндэсний төв архив, ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэн, Түүхийн хүрээлэн, Археологийн хүрээлэн, их, дээд сургуулиудад гол боловсон хүчин нь болоод ажиллаж байна. Зөвхөн манай Монгол хэл шинжлэлийн тэнхимд гэхэд Отгонтуул, Даваасүрэн, Дэмчигмаа, Мөнх-Учрал, Энхсувд нарын таван багш ажиллаж байна. Уг нь их хэрэгтэй анги салбар байсан юмсан. Дахин нээгдэх эсэхийг нь хэлж мэдэхгүй л байна. Их сургуулийн багшийн онцлог гэвэл та юуг хэлэх вэ? Нийт ард түмний зуршсан ойлголтоор МУИС-ийн багш гэдэг нь эрдэмтэн, бараг бүх юмыг мэддэг хүн гэж боддог. Тийм болохоор ард түмний итгэлийг бодсон ч, сургалт судалгаагаа бодсон ч их сургуулийн багш хүний мэдлэг, чадвар, ёс зүй тун сайн байх ёстой. Их сургуулийн багш хүн хичээл заахын зэрэгцээ байнга өөрөө суралцана гэсэн үг шүү дээ. Улсын төв номын сангаас салахгүй. Хичээлдээ шинэ ном бүтээлүүдээс шинэ юм олж тусгах хэрэгтэй. Сурвалжийг судалдаг хүний тухайд хуучин цагийн номтой эрдэмтэн лам нараас эхлээд өвгөн буурлуудтай дотно нөхөрлөж, бас ховор хуучин ном судар эрж олж үзэх, бас өөрөө олж авахын төлөө байнга хичээнэ шүү дээ. Багш гэдэг хүн бол өөрөө мөнхийн сурагч, байнга суралцаж байдаг хүн. Тэр тусмаа сурвалж судалдаг хүн бол нэг мэдэхгүй үгний утга учрыг олж чадахгүй, хам сэдэв, хойнох өмнөх үгнээс нь утгыг тааварлаад орхичихсон байдгийг хожим ном судар үзэж байгаад гарцаагүй нөгөө үгээ олж мэдэж утгыг нь тодруулж авахаараа бүр жигтэйхэн их баярлана шүү. Одоо хүртэл би сурч л явна. Та олон нийтэд зориулж монгол бичиг заах ажлаа хэрхэн эхэлж байв? 80-аад оны төгсгөлд Л.Түдэв гуайг “Үнэн” сонины эрхлэгч байх үед “Сэтгүүлч” гэдэг сэтгүүл гарч байсан. Түүнийг нь Чинагийн Галсан эрхэлж байлаа. Галсан намайг монгол бичгийн цуврал хичээл гараар бэлдээд сэтгүүлдээ тавиач гэж санал болгосноор нэлээн хэдэн хичээл явуулсан. Гэтэл бас Үндэсний телевиз монгол бичгийн хичээл заагаач гээд бүх орон даяар монгол бичгийнхээ хичээлийг заасан. Монголын үндэсний телевизээр заасан таны хичээл тэр үед шууд эфирээр явдаг байсан уу, бичлэг хийдэг байв уу? Ихэнхдээ шууд эфирээр явуулдаг байсан. Таван минут дутуу байхад дохино шүү л гэдэг. Телевизээр хичээл заасаар байтал цагийн баримжаатай болдог. Хичээл маань өдөр бүр гардаг байсан учир монтаж хийхээр цаг нь амжихгүй байсан уу, монтажгүй л хийдэг байлаа. Залуу ч байсан, олон гэрлүүд тусгачихаар бас л амаргүй. Техникийн саатал гарах үед эхнээс нь дахиад л хичээлээ заана. Ийм үед нэг хичээл бичих гэж тав зургаан цаг болно. Миний гурван удаагийн 60 гаруй цагийн хичээл байсныг 90- ээд оны эхэнд олон удаа давтаж гаргасан. Анх телевизэд том дамар хальсанд бичиж авсан байсан. Хожим телевизийн техник шинэчлэгдэж фондод хадгалагдаж байгаа олон бичлэгээ шилжүүлэн хуулж хадгалах үесэд миний анхны хичээлүүд алга болсон байна билээ. Ямар харамсалтай юм бэ? Одоо бол интернэтэд таны хичээл байдаг шүү дээ. Тэр чинь 1995-1996 онд бичсэн хичээл. 2000 оны орчим байх даа тухайн үеийн телевизийн даргатай уулзаж, телевизийн хичээлийг минь хуулж өгөөч гэсэн, тэр дарга ч зөвшөөрсөн. Тэр үед л өмнөх хичээлүүд байхгүй байгааг мэдсэн. Байгааг нь жижиг кассетанд хуулуулж авсан юм. Түүнийг миний хүү Лодойравсал мэргэжлийн нөхөдтэйгөө нийлж сэргээж CDнд буулгасан. Одоо интернэтэд байрлуулсан хичээл бол тэр. Анх телевизээр хичээл зааж байхад маш олон хүн сурсан шүү. Одоо хөдөө гадаа, хот суурин хаана ч явсан танихгүй хүмүүс мэндэлж, та Чоймаа багш мөн биз дээ гэдэг. Ямар ч хүн намайг “багш аа” хэмээн дууддагт би баярлаж явдаг. Тэр үед монгол бичиг сурсан нэг хүн тохиолдлоор дайралдаж сонин түүх ярьсан юм. Тэр хүн цэргийн дарга байхдаа цэргүүддээ монгол бичгийн хичээл заадаг байж. Телевизээр өнөөдөр гарсан хичээлийг маргааш нь аймагт зөөж аваачиж цацдаг байсан үе. Миний өнөөдөр заасан хичээлийг маргааш нь аймагтаа телевизээр өөрөө сураад, түүнийгээ маргааш өдөр нь цэргүүддээ заадаг байжээ. Урьд өдрийн хичээлийг нь заачихаад, дараагийнхыг нь хүлээж байж сурч заасаар байгаад өөрөө ч монгол бичиг сайн сурч, цэргүүдээ ч монгол бичигтэн болгосон юм билээ. Иймэрхүү тохиолдлыг бас цөөнгүй л ярьдаг. Ямар мундаг юм бэ? Санаанд орсон бас нэг сонин юм ярья. Би гуравдугаар эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байхад сувилагч эмэгтэй “Би тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг. Таны хичээлээр сурсан” гэлээ. Яагаад тэмдэглэлээ монгол бичгээр бичдэг юм бэ? гэхэд “Манай гэрийнхэн уншдаггүй амар байдаг юм” гэсэн. /инээлдэв/ Та телевизээр монгол бичгийн хичээл зааж олны танил болсон. Олны танил байхын хэцүү талыг хэр их мэдэрч байв? Тэр үед би сургуулийн болон телевизийн хаягаар мөн ч олон захиа авч байжээ. Тэр болгонд яаж хариу өгөх вэ дээ. Тэнхимдээ байж байхад дандаа л хүн орж ирнэ. Зарим нь нэг ном барьчихсан учрыг нь асууна. Зарим нь нэг үг асуух гэж ирнэ. Зарим нь монгол заншлаараа өөрөө залуу цагтаа яаж сурсан, одоо яаж сургавал дээр талаар хуучлах гээд суучихна. Настай хүн ирэхээр завгүй байна гэж хэлэх хэцүү. Тэр мэт учрыг тайлбарлах, судар номын үг уншиж өгөх, бичиж өгөх гэх мэтэд цаг орно шүү дээ. Зарим нь утсаар хүртэл тийм үгийг монгол бичгээр яаж бичих вэ, хүүхэддээ нэр өгөх гэсэн юм, та нэр хайрлаач гэх мэтээр холбогдох юм. Би боломжийнхоо хэрээр л тэр бүхэнд хариу өгдөг. Хүнд нэр өгч байгаа юм, бас утга учиртай нэр өгчихье гэж бодоод жаахан бодож байгаад хариу хэлье гэж дараа нь ярьдаг. Миний сургах, судлах цагаас ч нэлээдийг энэ бүхэнд зориулсан даа. Хүний нэр гэхээс, 2010 онд ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн “Монгол бичгийн албан хэрэглээг нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” 155-р зарлиг гарч түүнд төрсний гэрчилгээ, бүх шатны сургуулийн дипломыг хос бичгээр бичих тухай заасан. Тэр үеэс хүний нэр, овгийг бичүүлэх, бичсэнээ шалгуулах гэж манай тэнхимтэй байнга холбогдох болсон. Харин Иргэний бүртгэлийн ерөнхий газар манай тэнхимтэй хамтарч тэдний бүртгэлд байгаа бүх хүний нэр, овгийг монгол бичгээр бичүүлж, компьютерт оруулж авсан. Энэ ажлыг хийх явцад өөрийн шавь, багш нартайгаа хамтарч “Монгол хүний нэрийн тайлбар толь” гаргасан. Уг тольд нэрийг монгол бичгээр хэрхэн бичихийг заасан төдийгүй гарал, утга учрыг нь тайлбарлаж өгсөн. Их, дээд сургуулиудын дипломыг бичих ажлыг манай тэнхимийн багш нар хэдэн жил хийсээр саяхнаас л цэгцэрч байна. Монгол бичгийн анхны сурах бичгээ бичсэн түүхээсээ сонирхуулна уу? Айл бүхэнд л таны сурах бичиг харагддаг байлаа. Монгол бичгийн анхны сурах бичгийн ном бичсэн нь их сонин түүхтэй л дээ. Телевизээр хичээл заалаа. “Хөдөлмөр” сонин нэг нарийхан булан гаргасан. Тэнд нь гараар бичиж өгөөд хэвлүүлдэг байсан юм. Хүмүүс энэ хичээлийг маань хайчилж аваад ном болгочихсон ч байсан. Тэгсэн чинь удалгүй “Хөдөлмөр” сониныхон хичээлийг чинь ном болгож хэвлэе гэсэн. Тэгээд Монгол бичгийн 25 хичээлтэй жижиг цэнхэр ном гаргасан. Монгол бичиг, кирилл бүгдийг нь гараар, хар түүшээр бичиж өгсөн. Тэд 60 мянган хувь хэвлэсэн юм. Гэтэл нэг их удалгүй ном чинь дуусчихлаа, ахиад хэвлэе гэж байна. Хоёр дахь хэвлэлд нь Шагж гуайн “Эрдэнэ мэт үсгийг хялбар эвлүүлж чимэг болгон хэрэглүүлэх амар хөтөлбөр хэмээх оршвой” сургаал гэх мэтийг хавсаргаад бас л гараар бичиж өгсөн. Ахиад 60 мянган хувь хэвлэсэн. Нийтдээ 120 мянган хувь хэвлэгдсэн юм. Тэгсэн чинь бүгдээрээ дуусчихсан. Эх нь одоо надад ганц хоёр ширхэг л бий. Айлуудад хуучирчихсан, наачихсан байдаг юм билээ. Одоо бодоход 120 мянган ширхэг хэвлээд жилийн дотор борлогдсон ном бол тийм ч их байхгүй шүү. Тэр үед хүмүүс хэчнээн их идэвхтэйгээр Монгол бичиг сурч байсны гэрч юм даа. Монгол бичгийн сурах бичиг тань гадаадад хэвлэгдсэн үү? Монгол бичгийн сурах бичиг гээд бүр нэлээн том нэг далбагар сурах бичиг гараар бичээд, Тайваньд жижигхэн толь бичиг, дүрмийн хураангуйн хамт хэвлүүлсэн. Энэ бол тэр үеийн Гэгээрлийн яамны шугамаар тусламжаар хэвлүүлсэн хэрэг л дээ. Тэр сурах бичгийг Д.Б.Улымжиев гэдэг ОХУ- ын Буриадын монголч эрдэмтэн “Учебник старописьменного монгольского языка” гэсэн нэр өгөөд урд нь нэр томьёоны орчуулга, удиртгал оросоор бичиж оруулаад, бусдыг нь эхээр нь хуулж хэвлүүлсэн байсан. Надад түүнийгээ явуулж “Энэ сурах бичгийг чинь манай Буриадын их сургууль болон зарим дунд сургуульд үзэж байгаа. Их хэрэг болж байгаа шүү” гэсэн билээ. Түүнд нь би баярлаж л байсан. (Сурах бичгийг үзүүлэв) Ёстой л олон аялгууг нэгтгэн тэмдэглэдэг монгол бичиг үсгийн маань гавьяа гарч байгаа нь тэр юм. Харин Дүрмийн хураангуйг нь бол Америкийн Индиана их сургуульд тэндхийн монголч эрдэмтэн Ж.Крюгер товч оршил бичээд бусдыг нь тэр чигээр нь буулгаж ном болгон хэвлэсэн байсан. Миний телевизийн хичээлийг бас видеогоор нь Япон, Солонгосын монгол хэл судлалынхан хэрэглэж байдаг юм билээ. Франц хэлтэй хүн монгол бичиг сурахад зориулсан Монгол бичгийн сурах бичгийг Францын монголч эрдэмтэн Альенде Жактай хамтарч, ОХУ-ын монголч эрдэмтэн Л.Г.Скородумоватай хамтарч орос хэлтэй хүн монгол бичиг сурахад зориулж Монгол бичгийн сурах бичиг хэвлүүлсэн. Гадныхан монгол бичиг сурахад зохих тус нэмрээ оруулж байгаа. Дунд сургуулийн сурах бичгийг бол 90-ээд оноос эхлээд өнөөг хүртэл хийж ирлээ. Дөнгөж саяхан есдүгээр ангийн сурах бичгийг дуусгаж хүлээлгэж өгчихөөд байна. Бүгдийг нь зангидаж, монгол бичгийн сурах бичиг бол үнэндээ миний зохиомжоор явж ирсэн. Дунд сургуулийн сурах бичгийн ажил бол буянтай, бас хэрэгтэй ажил. Дунд сургуулийн монгол бичгийн хөтөлбөр, заах арга, зөвлөмж гэх мэтэд бас нэлээд цагаа зориулдаг. Та хүүхдүүдэд зориулж өөр ямар сурах бичиг гаргаж байв? Өөр сурах бичиг гэвэл дунд сургуулийн Иргэний боловсролын сурах бичигт зөв монгол хүн болгон төлөвшүүлэх тухайд 1-12- р анги хүртэлх бүх л сурах бичигт “Монголын уламжлалт иргэний боловсрол” гэсэн хэсгийг нь удирдаж өөрөө голлож хийсэн. Монголынхоо уламжлалт шашин шүтлэгийн тухай учрыг мэдээсэй билээ гэж Төвдийн сангийн дэмжлэгээр “Сэтгэлийг ариусгахуй” гэдэг сурах бичгийг шавь Янжинсүрэнгийн хамт хийсэн. “Төвөд хэлний сурах бичиг”-ийг шавь Д.Бүрнээгийн хамт хийсэн. Сурах бичгээс гадна Толь бичиг, Сорил, Дүрмийн хураангуй гэх мэт зөндөө юм бий. -БАГА АНГИЙН БАГШ НАР 21 ХОНОГТ МОНГОЛ БИЧГЭЭ САЙН СУРСАН ТӨДИЙГҮЙ ЗААХ ЧАДВАРТАЙ БОЛЖ БАЙСАН- БНМАУ-ын УБХ-ын 1991 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 36-р тогтоолоор 1994 оноос эхлэн монгол бичгээр албан хэргийг хөтлөн явуулах бэлтгэл ажлыг хангахыг даалгасан байдаг. УБХ-аар энэ асуудлыг хэлэлцэж байхад та оролцсон уу? Улсын Бага Хурлаар энэ асуудлыг хэлэлцэж байхад би өөрөө оролцож гурав хоног тайлбарлаж, хэлэлцэхэд нь сууж байсан. 90-ээд оны үед үндэсний ухамсар, үзэл бодол нь сэргэсэн нэг тийм давалгаа өрнөсөн үе байв. Тэр бага хуралд сууж байхад гишүүд нь энэ монгол бичгийг сурахгүй бол болохгүй юм гэдгийг маш сайн ойлгосон байсны нэг жишээ ярья л даа. Өөлд гэдэг Бага хурлын гишүүний яг ард талын суудалд би суудаг байлаа. Гурав хоног хуралдаж байхад Өөлд гишүүн босоод үг хэлэхээрээ монгол бичгээр албан хэрэг хөтлөхийг эсэргүүцнэ. Харин өөрөө болохоор монгол бичгээр гучаад онд хэвлэсэн уран зохиолын номыг уншаад талд нь хүргэчихсэн. Түүнийгээ ширээн доогуураа тавина. Тэгээд гаргахгүйгээ эргээд надаас асууна. Гурав хоногт уг номоо бараг уншиж дууссан байх аа. Бас сурахгүй бол болохгүй гэдгээ мэдээд байгаа юм. Харин босоод ярихаараа эсрэгээр нь ярина. Миний бүр санаанаас гардаггүй юм. /инээлдэв/ Өөлд гуай юу, ямар хөгжилтэй юм бэ? Танаар төрийн том албаны хүмүүс хичээл заалгаж байв уу? Хамгийн анх 80-аад оны төгсгөлд Цагдаагийн генерал Пүрэв гуай Сайд нарын зөвлөлийн нэг том албатай байсан юм. Өөрийн албаны хүмүүстэйгээ хамт надаар монгол бичиг заалгаж байсан. Дараа нь ерөнхийлөгч Очирбат гуай зөвлөхүүдтэйгээ хамт 45 хоног монгол бичиг заалгасан. Өглөө 7 цагт намайг машинаар аваад, үдийн өмнө 10 цаг хүртэл хичээллэнэ. Залуу ч байж, зоригтой ч байж дээ. Анхнаас нь “Та ерөнхийлөгч хүн. Гэхдээ та шавь, би багш” гэж хэлээд өгсөн даалгаврыг яг хийнэ шүү гэж тохиролцсон. Хувааж бэлтгэсэн цаасан дээр гэрийн даалгаврыг хүний тоогоор бэлдэж очино. Маргааш нь өнөөхийг нь улаан цоохор болгоод засаад авчраад өмнө нь тавина. Ингэж заасаар 20-иод хоногийн дараа чөлөөтэй уншиж, бас чамгүй сайн бичиж эхэлсэн. Академич Ц.Дамдинсүрэн гуайн “Монголын уран зохиолын дээж Зуун билэг оршвой” гэдэг зузаан номоос сургаалын голдуу зохиолыг хүний тоогоор хувилж уншуулдаг байлаа. Очирбат гуай “Та минь ээ, энэ их сайхан юмнуудаа дунд сургуулийн хүүхдүүдэд уншуулдаг юм уу? Энэ чинь их сайхан юм аа” гэдэг байлаа. Зөвлөхүүд нь цөм маш сайн сурсан шүү. Очирбат гуай сайн уншдаг бичдэг болсон. 45 хоногийн хичээл дуусах үед тэдэнд унших ном бэлэглэж байснаа санаж байна. Саяхан Очирбат гуайтай гудамжинд таараад, амар мэндийг асууж энэ тэрийг ярих зуураа нөгөө миний заасан монгол бичгээ үзэж байна уу гэсэн чинь, “Монгол бичгийн хэрэглээ байхгүй болохоор бичих маань муу болсон. Харин сайн уншиж чадна” гэж байна лээ. Бага ангийн багш нар нэгдүгээр ангиас эхлээд монгол бичиг заадаг байсан. Багш нарт монгол бичгийг зохион байгуулалттайгаар зааж сургасан уу? Тийм ээ. Дунд сургуулийн бага ангийн багш нарыг зуны амралтаар нь монгол бичигт сургах болж их, дээд сургуулийн багш нар голдуу хүмүүс тэдэнд хичээл зааж, 9 сарын 1 гэхэд монгол бичиг сурсан төдийгүй заах чадвартай болгох үүрэг хүлээсэн юм. Би хотын бага ангийн багш нарт ч заасан, бас хөдөө аймагт ч очиж заасан. Тухайн үеийн бага ангийн багш нар чинь монгол бичгийн талаар тун бага төсөөлөлтэй улсууд байлаа шүү дээ. Зарим нь нас нь нэлээд явчихсан, гар нь ч сайн эвлэж өгөхгүй багш ч байсан. Гэхдээ л бүгд сайн сурч чадсан. Нохой хамартаа хүрэхээр усч гэдгийн үлгэрээр тэр үеийн бага ангийн багш нар “Би одоо энэ хичээлийг энэ намраас заана, зааж чадахгүй бол ажилгүй болно” гэхээр өөрийгөө дайчлаад сурч байгаа юм. Бага ангийн багш нар бол 21 хоногт монгол бичгээ сайн сурсан төдийгүй заах чадвартай болж байсан. Өглөөний ургах нарнаас оройн нар шингэтэл хичээллэнэ. Яг л хүүхдийн дэвтэр засаж байгаа юм шиг улаан эрээн болгоод, хүүхэдтэй ажиллаж байгаа юм шиг л заасан. Тэд эхний долоо хоногтоо жигтэйхэн халшираад, дунд долоо хоногт нь тун урамтай сонирхон сураад, гурав дахь долоо хоногт нь ингэж заавал зүгээр юм байна гэж ярилцаж байсан. УБХ-ын тогтоолын дагуу бэлтгэл ажил эхэлж, 1991 оны намар монгол бичгийг нэгдүгээр ангиас нь бидний бэлдсэн багш нар зааж эхэлсэн юм. Тэр үед монгол бичгээр амлан заалгасан хүүхдүүд одоо энд тэндэхийн гадаадын сургууль төгссөн атлаа бүгд л монгол бичигтэй хүмүүс явж байна. Монгол бичгээ богино хугацаанд сурах боломжтой л юм байна шүү дээ. Суралгүй л яахав дээ. Ямар харийн хэл бичиг сурч байгаа биш. Өөрийн хэлийг кириллээс өөр үндэсний бичгээрээ л бичиж байгаа хэрэг шүү дээ. Монгол бичиг суръя гэж байгаа хүмүүст миний захидаг юм бол, Хэл сурна, бичиг үсэг сурна гэдэг бол онолын хичээл шиг зав гарахаар нэг ном барьж авч уншаад, за ерөнхий агуулгыг нь ойлгож аваад иймэрхүү юм байна гээд тавьчихдагтай адилгүй. Бичиг үсэг сурна гэдэг чинь гар, нүд хоёр хэвшиж дадал болж суудаг учраас 21 хоногт сурчихаад, түүнээс хойш өдөрт наад зах нь 15 минут бичих, унших хоёрыг тасалж болохгүй. Тэгсэн цагт та сайн монгол бичигтэй болж чадна. Нэг эрчимтэй сураад дунд нь завсарлаад орхичихвол мартагдчихна. Ингэж байж л хэл бичгийг өөрийн болгож авна шүү дээ. Мартахгүйн тулд ямар дадлыг сайн эзэмших хэрэгтэй вэ? Хөдөлмөрийн баатар Дашцэдэн багш маань “Монгол бичгээр буруу бичсэн юм харахад л буруу харагддаг” гэдэгсэн. Адуу гэдгийг адугу гэж бичдэг тэр бичлэгийн хэлбэр бат нүдлэгдчихсэн учир, буруу бичсэнийг хараад л мэдэж байгаа хэрэг. Нүдлэн тогтоох, цээжлэх гэдэг муу юм биш шүү дээ. Монголчуудын нүдлэн тогтоох чадвар гэдэг их онцгой юм л даа. Жишээ нь, мянга шахам хоньтой малчин айлын гэрийн эзэгтэй хотлуулсан хонин дотроо ороод нэг хоёр эргээд л, өө нэг халзан төлөг алга, хаана орхичихоод ирэв гээд хонь хариулсан хүүхдээ дуудах жишээтэй. Тийм л нүдлэх, тогтоох ойтой ард түмний үр сад бол монголчууд шүү дээ. Тухайн үед монгол бичгээр албан хэрэг хөтлөх ажил яагаад хойшлогдсон юм бол? Хүүхдүүд нэгдүгээр ангиасаа монгол бичиг сураад, бараг хүн болгон монгол бичгээ сурч мэдээд эхлэхээр тухайн үеийн Бага хурал, Их хурлын гишүүд зэрэг төр засгийн эрх барьж байсан хүмүүс өөрсдөө гүйцэж сурч чадахгүй болоод ирэхээрээ “Арай эрт байна. Нөхцөл нь бүрдээгүй байна, жаахан хойшлуулъя” гэх мэт ухарсан тогтоол шийдвэр гаргаж, бүх нийтээр монгол бичгээ сурч байсан эрчмийг хумьсан юм. Гэвч түрүүний их хурлын үед М.Батчимэг, Н.Энхболд нарын гишүүд санаачилж Монгол хэлний тухай хууль батлуулсан. Ажлын хэсэгт нь би орж ажилласан. Их хурал дээр мөн хуулиа хамгаалж асуултанд нь хариулж байсан. Ганбат гэдэг гишүүн монгол бичиг чинь араб бичгээс авсан гэж тэнэг юм ярьж маргаж байсан юм. 2015 онд батлагдсан уг хуульд монгол бичгээ авч үлдэх талаар чамгүй сайн тусгасан. -ЭЗЭН ЧИНГИС ХААН МОНГОЛ БИЧГИЙГ ТӨРИЙН БИЧИГ БОЛГОСНЫ 800 ЖИЛИЙН ОЙГ 2004 ОНД ТЭМДЭГЛЭЖ БАЙЛАА- Монгол бичгээ сурч судлахын зайлшгүй шаардлага нь юу вэ? Хамгийн гол нь өөрийн удам угсаа, язгуур үндсээ үл хайхрахаа больж, өвөг дээдсийнхээ оюуны их соёлоор бахархах сэтгэлтэй болно. Монгол бичиг бол үсгийн хэв, тиг зурлага, үсэг холбох ёс, бичих чиглэл зэргээрээ өвөрмөц сонин. Ийм бичиг үсэгтэй өөр улс үгүй. Өөрөөр хэлбэл, монгол бичиг бол дэлхийн бичиг соёлт бусад үндэстнээс монгол угсаатныг ялгах нут гэрч юм. Монгол бичиг нь хөгжлийнхөө явцад бичих ур маяг, тиг зурлагын олон зүйл хэлбэрийг буй болгосон бөгөөд хурдан бичиж тэмдэглэх өргөн боломжийг өөртөө шингээсэн байдаг. Орчин цагийн монгол хэлний дуудлага адил, утга өөр үгс болон адил дуудагдах хэлзүйн хэлбэрийг ялган бичих боломжтой. Харин шинэ үсэгт ийм боломж үгүй бөгөөд дуудлага дагуулан бичих тул бодох сэтгэх шаардлага гардаггүй. Наад захын жишээ авахад, сурагчид гэвэл монгол бичгээр бичихдээ сурагч хүнд үү, олон сурагч уу гэдгийг эрхбиш бодох ёстой. Энэ бүхэн хүүхдийг багаас нь бичиг үсгийн үйл хэрэгт нягт нямбай ханддаг болгож, хам сэдвээс нь утгыг ялгаж мэдэх бүтээлч чадамжийг олгоно. Монгол бичгийн хэлний дүрмийн онцлог гэвэл? Монгол бичгийн хэлний зөв бичих дүрэм нь үгийн язгуур, залгавар бүтээврийн хэлбэрийг огт эвддэггүй, залгамал хэлний онцлогийг бүрэн тусгасан тул монгол үгийн бүтцийг тодорхой хадгалж ирсэн. Олон зуун жил зөв бичих дүрэм нь тогтвортой байж, улам боловсронгуй болсон тул монгол үгийн уугуул бүтэц, гарал хувьслыг тов тодорхой мэдэх боломж олгодог. Энэ онцлог нь үгийг задлах, хувилгах, хөрвүүлэх, орчуулах зэрэг программ хангамж зохиоход тун тохиромжтой. Өөрөөр хэлбэл, зөв бичих зүй нь монгол хэлний зүй тогтлыг нарийн чанд тусгасан гэсэн үг. Хамгийн гол нь үе үеийн бичгийн хүмүүсийн зохиол бүтээлийг уншиж, сонгодог монгол бичгийн хэлний найруулга, ур маягийг эзэмших бололцоо олгодог. Энд нэг зүйлийг тэмдэглэн хэлэхэд, монгол бичгээр анх туурвисан зохиол бүтээлийг шинэ үсгээр хөрвүүлэхэд шүлэг найргийн үе бадаг, холбоц, хэмнэл зэрэг нь алдагдаж, найруулгын тэгш хэм, өнгө аяс нь өөрчлөгддөг. 1940- өөд онд бичиг үсгээ сольж, шинэ бичиг үсгээрээ өмнөх олон зууны судар шастирыг хөрвүүлж олны хүртээл болгоогүйн улмаас бичгийн хэлний үг хэллэг, утга найруулгыг үл ойлгогчид өнөө цагт олширчээ. Гэвч ахмад болон залуу үеийн залгамж холбоо тасарчихаагүй байгаа дээр монгол бичгээ сурах нөхцөл боломж бүрэн байна. Монгол бичгийн олон улсын кодыг бид 2000 онд батлуулж, олон улсын оюуны өмчид бүртгүүлсэн. Үүний үр дүнд монгол бичгийг цахим хэрэгслээр боловсруулах, цахим сүлжээгээр дэлхийн аль ч оронд илгээх боломжтой боллоо. Өөрөөр хэлбэл, компьютер, монгол бичиг хоёр ойр дотно нөхөрлөх болсон тул өнөөгийн залуучууд цахимаар бичих, харьцах боломж бүрдсэн гэсэн үг. Монгол бичиг сурахад хэцүү гэдэг ойлголт амь бөхтэй байдгийн шалтгааны тухай таны бодлыг сонсъё? Монгол бичгээ сурахын тухайд бол ингэж бичдэг, ингэж дууддаг гэдэг чинь хэцүү зүйл биш. Үнэнийг хэлэхэд, хүн гэдэг чинь аль болох амарчлах, хялбарчлах, залхуурах сэтгэлгээ ихтэй. Тийм л учраас “Монгол бичиг уул нь хэв хэлбэр нь их гоё юмаа. Яг одоогийнхоо энэ дуудлагаар бичиж болдоггүй юм уу” гэж надад хэлдэг хүн зөндөө л байдаг. Сургуулийн хүүхдүүдийн шог ярианд “sugar гэж бичээд, шүүгээ гэж дуудаад, чихэр гэж ойлгодог хэлийг англи хэл гэнээ” гэж ярьдаг биз дээ. Үнэхээр тэс өөрөөр бичээд, өөрөөр дууддаг, үг болгоны ард дуудлагын галигийг нь хаддаг англи хэлийг тун хурдан сураад байгаа. Тэгсэн атлаа орчин цагийн монгол хэлний урт эгшгийг –га, -гэ –гээр тэмдэглэдэг жаахан зөрөөтэй үндэсний бичгээ их хэцүү гэдэг нь, шалтгаан биш харин шалтаг, залхуурал юм. Аль ч эртний бичиг үсэгтэй улсад бичлэг дуудлагын зөрөө бий. Тухайн хэлний зүй тогтол, үгийн бүтцийг тусгасан зөв бичих дүрэм бол тогтвортой уламжлан хадгалагддаг. Харин ярианы хэлний дуудлага бол маш амархан хувьсаж өөрчлөгддөг. Нэмж хэлэхэд, би Монгол хүн юм чинь өөрийнхөө үндэсний монгол бичиг үсгийг мэдье, энэ бичгээр бичсэн олон судар шастир байна. Түүнийг үзье, мэдье, хүүхдээ ч сургая гэсэн үндэсний ухамсар, үндэсний сэтгэлгээ тэр хүнд бас алга л даа. Монгол бичгийг өнөөгийн хэллэгээр галиглаж болдоггүйн учир юу вэ? Хэрэв одоо хэлж бичдэгээр нь бичиж болдог юм бол англи, франц, герман гэх мэт хэлний зөв бичих дүрэм нь өнөөгийн дуудлагатайгаа яагаад адил байдаггүй юм бэ? Яагаад тэд хялбарчилж засдаггүй вэ гэхээр, тухайн хэлний зөв бичих дүрмийн цаана нь үг бүрийн гарал язгуур, үндэстний сэтгэлгээ нь хадгалагддаг учиртай. Ийм учраас л аль ч соёлт гүрний хэл өнөөг хүртэл бичлэг, дуудлага нь зөрөөтэй байгаа юм. Хятад хэл, бичиг үсгийг манайхан сайн сурч байна. Гэтэл хятад бичиг бол дүрс бичгээс үүсэлтэй утгын бичиг шүү дээ. 10 мянган ханзыг тогтоосон хүн бол хятад бичгийн хэлэнд саадгүй болдог гэдэг. Бичиг үсгийг чинь дүрс бичиг, утгын бичиг, үеийн бичиг, авианы бичиг гэж ангилдаг. Нэг хэлний үгийн утга ялгаж байгаа нэг авиаг нэг дүрсээр тэмдэглэдэг бичиг үсэг бол хамгийн хөгжингүй нь. Газрын дундад тэнгисийн зүүн эрэг орчимд манай эриний 10-р зууны үед байсан Финик улсад анх авианы бичиг үүссэн. Монгол бичиг маань авианы бичиг. Яг л англи, франц, герман, итали хэлтэй адилхан их эртний бичиг. Өнөөгийн хэллэгээр монгол бичгээр бичиж болдоггүйн шалтгаан гэвэл 1000-аад жилийн тэртээ тогтоосон үг зүйн зарчимд тулгуурласан монгол бичгийн зөв бичих дүрэм нь монгол хэлний үг бүрийн язгуур утгыг чанд хадгалсан байдаг тул, хэрэв өөрчилбөл уугуул монгол сэтгэлгээ, монгол үгийн бүтцийг эвдэнэ гэсэн үг. Энгийн жишээ хэлэхэд, хутга гэдэг үгийг хидуга гэж монгол бичгээр бичнэ. Хядах гэдэх үгийг хидуху гэж бичнэ. Энэ хиду гэсэн үйл үгийн үндсэнд нэр үг бүтээх –га дагавар залгаад, хидуга /хутга/ гэдэг үг бүтжээ. Тэгвэл үүнээс үзвэл хядаж хяргадаг юмыг хутга гэдэг байна. Энэ мэт маш олон жишээ хэлж болно. Монгол бичгийн хэл бусдаас ялгарах ямар онцлогтой вэ? Монгол хэл маань өөрөө гарал үүслээрээ Алтай овгийн хэлэнд багтах бөгөөд үүнд түрэг, манж- түнгүс, солонгос зэрэг хэлийг хамруулдаг. Хэв шинжийн хувьд залгамал (agglutinative) хэл юм. Тийм учраас нугармал (flexional) хэв шинжтэй англи, орос, франц зэрэг Энэтхэг-Европын хэлнээс эрс ялгаатай. Монгол хэлний үг бүтэх ёс нь үгийн язгуурын хойноос үг бүтээх дагаврууд угсран залгадаг зүй тогтолтой. Монгол хэл нь түүхэн хөгжлийн явцад өвөг, эртний, дундад, орчин үе хэмээсэн хөгжлийн 4 үе шатыг туулсан эртний хэлний нэг. Өнөөгийн байдлаар харьцангуй цөөн хүн хэрэглэж байгаагаар нь хэмжүүр болгож үнэлж дүгнэж, дорд үзэн басамжилж үл болно. Ер нь хэлийг том, жижиг хэмээн үзэх нь тухайн хэлээр хэдэн хүн харьцаж байна вэ гэдгээр нь бус, хэр зэрэг эртний хэл вэ?, хэдийд бичиг үсэгтэй болсон бэ?, тэрхүү бичгээр нь хэдий хэр оюуны өв хадгалагдсан байна вэ?, хэзээнээс ном барлаж хэвлэж эхэлсэн бэ?, бичгийн хэл нь хэдий үеэс бүрэн цэгцэрсэн бэ?, ямархуу түүхэн хөгжлийг туулсан бэ?, хэр баян үгийн сантай вэ? гэх мэт олон талыг харгалзан үзэх шаардлагатай. Ингэж бодож үзвэл, монгол хэл маань яах аргагүй хүн төрөлхтний оюуны соёлын нэг хэсгийг тээж ирсэн эртний том хэл мөн юм. Аливаа улс гүрэн хэл соёлоо эрхэмлэн дээдэлж, харь хэлний нөлөө, хар ярианы хэлний тусгал зэргээс сэрэмжлэхдээ юун түрүүнд бичгийн хэлээ цэвэр ариун байлгах тухайд анхаарч, төрийн бодлого ч үүнд чиглэдэг. Бичгийн хэл гэдэг нь зөв бичих зүй, зөв дуудах зүй, хэл зүй, найруулга зүйн тогтсон хэм хэмжээтэй сайтар боловсорсон хэл юм. Монголч эрдэмтдийн үечилж тогтоосноор монгол бичгийн хэл нь эртний, дундад, орчин цагийн хэмээсэн гурван үе шатыг туулж иржээ. XVI зууны сүүл гэхэд монгол бичгийн хэл маань зөв бичих дүрэм, хэл найруулгын хувьд тогтсон хэм хэмжээтэй, харь үгийг тэмдэглэх тогтолцоот галиг бичигтэй, орчуулгад баримтлах нарийн чанд зарчимтай сонгодог бичгийн хэл болсныг бид биш, дэлхийн алдартай монголч эрдэмтэд судлан тогтоосон байдаг. Өнөө үед бичгийн хэл, ярианы хэл хоёрын зааг ялгаа нэлээд бүдгэрч байгаа нь харамсалтай л хэрэг. Наад захын хэдэн жишээг хэлэхэд, бичгийн хэлэнд –хийх гэхийг – үйлдэх, -хэлэх, ярих-ыг –өгүүлэх, -яах гэхийг –хэрхэх, -бизээ гэхийг –буй за, -билээ гэхийг –бүлгээ, -хязгааргүй гэхийг –цаглашгүй гэх мэт олныг хэлж болно. Цагтаа монгол хэл маань одоогийн англи хэл шиг нөлөөтэй байсан гэдэг биз дээ? Олон улс орныхон зайлшгүй хэрэгцээгээ болгон сурч эзэмшиж, монгол бичгээр бичсэн албан бичиг тив дамжин өртөөлж байсан түүхтэй. Нэгэн сонин баримтыг дурдвал, Египетийн Мамлюк /1250-1517/ улсын хаад Алтан ордны улсын хаадтай харилцсан албан захидлаа их төлөв монгол хэл, монгол бичгээр явуулж байжээ. Энэ нь дундад зууны үед Монголчуудын нөлөө, хүч нэн их байсныг харуулахын хамт, бичиг соёл, тогтсон уламжлал нарийн чанд байсны илрэл юм. Өрнө зүгт оршин тогтнож байсан Ил хаант улсаас Европын хаад, Ватиканы пап-д бичсэн албан бичиг нь өнөөдөр эхээрээ хадгалагдаж байна. Бас нэгэн баримт хэлэхэд, Чингис хаантан 1221 онд Гуулин улс /Солонгос/-ын ванд зарлиг илгээж, бэх, бийр, янтай, цаас 10 түмэн хуудас явуул хэмээсэн баримт Гуулин улсын судрын 22 дугаар дэвтэрт байна. Тэгэхээр Чингис хааны үеэс аль сайн цаасыг сонгон байж албан бичгээ хөтөлдөг, илгээдэг байсан нь тодорхой юм. Монгол бичгийг албан хэрэглээнд оруулсан он цаг яг хэдийд байдаг вэ? Нэрт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцовын бичсэнчлэн Чингис хаан бээр “боловсорчихсон бичгийн хэлийг” Их Монгол улсын хэмжээнд албан ёсоор хэрэглэсэн түүхтэй. Нийгмийн түүхийн нугачаанд ороо бусгаа цагийн аяс элдэв янзаар нөлөөлж байсан боловч, ерөнхийдөө сонгодог бичгийн хэл уламжилсаар өнөөг хүрсэн юм. Монголчууд аль 1000- аад жилийн өмнө аваад хэрэглэж байсан бичгийг эзэн Чингис хааны үед анх төрийн бичиг болгосон түүхтэй. Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойн өмнө 2004 онд “Чингис хаан монгол бичиг 800 жил” өгүүлэл бичсэнийг “Зууны мэдээ” сонинд нийтэлсэн юм. Гадаад, дотоодын дөрвөн академичийн судалгаанд тулгуурлан Чингис хаан 1204 онд Монгол бичгийг төрийн бичиг болгосон гэдэг баримт, мөн “Юань улсын судар” хэмээх сурвалжид ингэж бичсэн гэх мэт бүх учир шалтгааныг нь гарган тавьсан энэ өгүүллийг маань тэр үеийн Н.Багабанди ерөнхийлөгч, ЕТГ, яамдуудын түвшинд судлан үзэж ухаарсан гэж боддог. Их том ёслол болж “Үндэсний бичиг соёлоо дэмжигч” гэдэг яамны хэмжээний Соёлын тэргүүний ажилтантай эн зэрэгцэх шагнал бий болгоод, төрийн ордонд Үндэсний бичиг соёлынхоо том ойг нь их сайхан тэмдэглэсэн. Түүнээс хойш жил болгон тавдугаар сарын эхний ням гарагт “Үндэсний бичиг үсгийн баяр” тэмдэглэдэг уламжлалтай боллоо. Монгол бичгээр янз бүрийн үзэсгэлэн, уралдаан, олимпиад зохиогдоод харин тэр маань сайн явж байна. Хэдэн шавь нар маань залуучуудад их сайн түгээж байна. Бас бийрээр бичиж уран бичлэг хийхэд залуучууд их дуртай болсон шүү дээ. Бичгийн хүний хувьд монгол бичгээ сурч судлах талаар манай уншигчдад хандаж юуг онцлон хэлэх вэ? 1990-ээд оноос буй болсон эрх чөлөөт боломж нөхцөлийг өөрийн үндэстний эрх ашигт нийцүүлэн ашиглаж төр засаг ч, хувь хүн ч хичээл зүтгэл гаргаж, өөрийн оюуны өв хөрөнгөө сурч судлах нь монгол хүний үүрэг хариуцлага юм. Энэ бүхний ганц түлхүүр нь үндэсний монгол бичгээ л сурах явдал. Учир юунд буй хэмээвээс, нэгдүгээрт: хэдэн улсад хуваагдсан монгол үндэстнийг нэгтгэж ирсэн ганц зүйл нь нэг зөв бичих дүрмээр бичээд, өөр өөрийн аялгуугаар уншдаг монгол бичгийн хэл, хоёрдугаарт: монгол хэлний үгийн бүтцийг өчүүхэн ч алдагдуулалгүй хадгалж ирсэн тул монгол бичгийн хэлнээс монголчуудын сэтгэлгээний түүхэн хөгжил болсон үгийн гарлыг мөшгиж болдог, гуравдугаарт: энэ бичгийг зөвхөн монголчууд л хэрэглэж ирсэн өвөрмөц содон ганц бичиг үсгийн тогтолцоо тул монгол үндэстний бусдаас ялгарах онцлог нь болдог юм. Ер нь монгол бичгээ сурна гэдэг чинь монгол хэлээ л эрт цагаас нь эдүгээ хүртэл бүрэн эзэмшинэ гэсэн үг шүү дээ. -ИРЭЭДҮЙ ГЭДЭГ ЧИНЬ МАРГААШ. ӨЧИГДӨР, ӨНӨӨДӨР ГЭДЭГ ОЙЛГОЛТ БАЙХ ЦАГТ МАРГААШ БИЙ БОЛНО- Таны зочноор нь оролцсон “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлгийг үзээд “Монгол туургатнууд бүгд монгол бичгийг яг адил ойлгож уншдаг. Тэдэнтэй ойлголцох хамгийн дөт зам нь Монгол бичиг юм байна” гэж ойлгосон. Үнэхээр тийм. Академич Ш.Лувсанвандан бээр “Монгол бичгийн хэл нь долоон зуугаад жилийн турш тасралтгүй хэрэглэгдэж ирэхдээ ямагт үе үеийн ардын ярианы хэл, нутгийн аялгуугаар тэжээгдэн хөгжсөөр ирсэн тул мөхсөн хэл болсонгүй, болох ч нөхцөлгүй юм” хэмээн бичсэн байдаг. Ер нь олон нутгийн аялгуу оршин байх нь тухайн үндэстний хэлний дархлаа нь болдог учиртай. Монгол хэл гэдэг бол монголын олон аялгууны ерөнхий нэр бөгөөд тэдгээрийг лавтай 800 жил нэгтгэн зангидаж байгаа бодит юм нь монгол бичгийн хэл, монгол бичиг юм. Нэг сонин жишээ хэлэхэд, Монгол судлалыг ихэд урагш ахиулсан Б.Я.Владимирцов гэж Оросын алдартай монголч эрдэмтэн байсан. Тэр эрдэмтэн маань Чингис хааны тухай 1929 онд Берлинд хэвлүүлсэн номноосоо болж сүүлд нь хэлмэгдэх л байсан байх. Даанч удаагүй хөөрхий, залуугаараа өөд болсон. 1928 онд Халимагт бичиг үсгээ солих бодлогыг хэрэгжүүлэх зорилготой эрдэм шинжилгээний хурал болоход академич Б.Я.Владимирцов оролцож “Монгол болон Ойрд овог аймгуудын утга зохиол ба хэлний эдүгээгийн байдал” гэсэн илтгэл тавьсан нь уг хурлын үзэл санаанд харшилсан тул илтгэл нь олон жил архивт дарагдсан байдаг. Бичгийн машинаар бичсэн энэ илтгэл гараар бичсэн өөрийн засвартай. Халимагийн архивт устгагдчихгүй шиг дараатай байсныг нь Араи Юкияасү гээд Японы залуухан эрдэмтэн 2004 онд олж хуулбарыг нь хэвлүүлсэн юм. Би үүнийг олж хараад, өөрийн шавь Даваасүрэн багшаар орчуулга хийлгэж сэтгүүлд хэвлэсэн. Тэр илтгэлд юун тухай бичсэн байв? Илтгэлийн гол санааг хураангуйлан өгүүлбэл, “Монгол бичгийн хэл гэдэг бол Монгол хэлний хамгийн олон зуун жилийн амттай шимттэй бүх л сайхан найруулга, энэ бүх шимийг тээж яваа хэл юм. Монгол бичгийн хэл өнөөгийн монгол хэлийг нэгтгэн зангидаж байдаг гол хүчин зүйл нь юм.” гэсэн байгаа. Одоо бичиж байгаа монгол бичгийн зөв бичих дүрмийг олон зуун жил огт өөрчлөлгүй хэрэглэж ирсэн учир 800 жилийн тэртээгээс уламжилсан монгол бичгийн зөв бичгийн дүрмийг Өвөрмонголд ч, Түвдийн өндөрлөг дэх Хөх нуурын монголчуудад, Барга, Буриад, Халимагт ч бүгд ив ижилхэн бичнэ. Нэгэнт л зөв бичгийн нэг дүрмээр бичиж байгаа юм чинь тэдний бичсэн юмыг бид ямар ч саадгүй ойлгоно. Уулзаж учраад ярилцвал, монголын олон аялгуутан чинь хоорондоо ойлголцож чадахгүй үе зөндөө гарна. Харин монгол бичгээрээ бичвэл шууд ойлголцоно. Тархан суурьшсан монголчууд бичиг үсгээрээ нэгдмэл байна гэдэг үнэхээр гайхалтай. Владимирцовын илтгэлд энэ тухай байгаа юу? Б.Я.Владимирцов илтгэлдээ “... Энэ бичиг үсэг урт удаан он жилийн туршид оршин тогтносон, олон төрөл зүйлийн уран зохиол бичигдсэн байдгийн ач үрээр тун нарийн боловсронгуй хэл болон хөгжсөн байх юм. Монголчуудын хувьд үнэ цэнэтэй болгож байдаг нэг онцлог шинж чанарыг монгол бичгийн хэл өөртөө хадгалж байдаг. Энэ нь монгол үсэг бичиг тэдний хувьд нийт дундын байдагт оршино. Буриад хүний бичсэнийг Бээжин хотын гудамжинд яваа монгол, Ховд аймгийн дөрвөд угсааны хүний бичсэнийг Төвд орны уулын дэвсгээр амьдрах монгол хүн тус тус төвөггүй уншиж ойлгож чадна. Энэ бол нэгдмэл нийтийн өв сан” хэмээн бичсэн байдаг юм. Өвөг дээдсийн ухааныг бишрээд баршгүй нь. Хүн төрөлхтний бичгийн соёлыг “гадаад далай” хэмээн зүйрлэвээс түүний нэгэн тасаршгүй цутгал нь монгол бичиг, түүгээр туурвисан судар шастир мөнөөс мөн. XIII зууны Монголын олон аймгуудын бичиг соёлын гол горхийг “Их Монгол улсын бичиг” хэмээх голдиролд оруулан, гадаад далайд цутгах их мөрөн болгохын эх үндсийг тавьсан гавьяатан бол Эзэн богд Чингис хаантан юм. Чухамдаа Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан монгол угсаатныг ном соёлоор холбох “алтан аргамж” нь “монгол бичиг” мөн билээ. Монгол бичгээ сурах нь л хамгийн чухал юм байна шүү дээ? Тэгэлгүй яахав дээ. Өнөөдөр бид дэлхийд 10-аад сая монголчууд байгаа. Эх хэлээ мартчихсан хэдэн сая хүн байна л даа. Гэхдээ 6-7 сая нь бол мартаагүй байгаа. Нөгөө талаас бид хойшоо харж бидний өвөг дээдэс, бичгийн мэргэд юу туурвисан, ямар их бичиг соёлын өв үлдээснийг санах ёстой. 800 жилийн тэртээгээс өнөөг хүртэл олдоод байгаа монгол бичгээрх асар их өвийг бид жаахан ч болов төсөөлж бодох хэрэгтэй юм. 90-ээд оны үед монгол бичгээр унших юм олдохгүй байна гэж хүмүүс хэлдэг байлаа. Үнэхээр нөгөө худгийн мэлхий тэр худгийнхаа усны хэмжээгээр далайг хэмжээлдэг гэдэг шиг, тийм юм ярьж байгаа хүн надтай таарч л байсан. Нэг баримжаа хэлэхэд, Оросын монголч эрдэмтэн А.Г.Сазыкин зөвхөн Ленинград /одооны Санкт Петербург/ хотын Дорно дахины номын санд байгаа монгол номын нэрээр гарчиган каталоги хийгээд «Каталог монгольских рукописей и ксилографов ЛО ИВ АН СССР» гэсэн гурван боть /1988 онд I боть 508 хууд., 2001 онд II боть 415 хууд., 2003 онд III боть 280 хууд. Ред./ ном хэвлүүлээд бурхан болсон шүү дээ. Цаана нь дахиад ч байх ёстой. Тэр чинь зөвхөн жагсаалт биз дээ? Каталогид номын нэр, зохиогч, цаасны хэмжээ, төгсгөлийн үг, бийр үү гар бичмэл үү гээд олон улсын стандартын дагуу товч мэдээллийг бичсэн байдаг. Японд байгаа монгол номын каталог бол хоёр ботиор гарсан. Өвөрмонголд явж байхад БНХАУ-д байгаа номын нэрсээр хэдэн боть каталог гаргачихсан байсан. Харин манай улсын номын санд байгаа номын каталогийг дэлхийнхэн өнөөг хүртэл шаарддаг. Би удаа дараа үүнийг шаардаж “Би энэ каталогийг шавь нарынхаа хүчээр хийе. Монголд хэрэгтэй. Чадалтай байхдаа би дотор нь сууж зөвлөе” гэсэн л дээ. Тэр номыг чинь ялгаж учир утгыг нь хэлж өгөхгүй бол нэг ном дотор хоёр, гурван өөр ном хамт нийлүүлээд, эхний зохиолын нэрийг хавтсан дээр нь биччихсэн байдаг. Гэвч БСШУС- ын яам Үндэсний төв номын санд хөрөнгө мөнгө тусгаж өгдөггүй юм билээ. Баруун Европт гэхэд Герман, Англи, Швейцарт байгаа номуудыг Германы нэрт монголч эрдэмтэн В.Хайссиг хоёр ч том ботиор каталогийг нь хийснээ гаргасан. Монгол номууд дэлхийн номын сангуудаар тарчихсан байна. Гэтэл бас Дундад Ази юм уу, эсвэл хүнд олдоогүй, харагдаагүй энд тэндхийн номын санд монгол ном зөндөө бий. Хувь хүний гарт, гэрт нь далд ямар ч бүртгэлгүй ном бас олон байгаа шүү дээ. Монголчууд уг нь гурван цагийн хэлхээс гэж ярьдаг. Гэтэл өнөөгийн бидэнд “ирээдүй” гэдэг үг л олонтоо дуулдах юм. Ирээдүй гэдгийг та хэрхэн тодорхойлж хэлэх вэ? Ирээдүй гэдэг маань хамгийн гол нь өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн огтлол дээр байдаг учраас өнгөрснөө гүйцэд харж ухаарч мэдээд, өдгөө цагаа бүрэн дүгнэж нягтлаад, ирээдүйгээ зөв төсөөлөн төлөвлөх л бидэнд чухал байгаа юм шүү дээ. Гэтэл бид зөвхөн ирээдүй гээд байгаа нь хоосон цагаан цаасан дээрээс л цоо шинэ зүйл гарах юм шиг яриад байгаа харагддаг. Урьд нь юу ч байгаагүй юм шиг. /инээлдэв/ Ирээдүй гэдэг чинь маргааш. Өчигдөр, өнөөдөр гэдэг ойлголт байх цагт маргааш бий болно. Яг үнэн. “Хүн төрөлхтөн өөрийн уг үндэс, язгуур удмаа үл мэдэн урьдас дээдсийн үйл явдал ба нэр овгийг эс мэдээд, үүнээс гадна хэдий тэнгэрийн утга, газрын зүйг цөм ухаж, дэлхийн ёс, орчлонгийн учрыг цөм нэвтрэвч, түүнийг төө ямхын модыг өндөр асрын нуруун дээр тавиад, тэр модыг асраас өндөр хэмээх мэт уг үндэсгүй лүгээ нэгэн адил болмой” гэж Инжиннашийн Хөх сударын товчит толтод бий. Хэрэв чи өөрийнхөө уг удам, өвөг дээдсийнхээ түүх намтар, тэдний хийсэн бүтээсэн, алдсэн эндсэн тэр бүгдийг мэдэхгүй атлаа орчлон дэлхий, олон улсын тухайд ийм тийм хэмээн ярих нь нэг төө ямх модыг асрын орой дээр босгочихоод “Өө, энэ мод асраас өндөр байна” гэдэгтэй л адил уг үндэсгүй болно гэсэн үг л дээ. Уг үндсээ сайтар мэдэхийн тулд бид яах хэрэгтэй вэ? Монголчуудын төр улс нь ч бай, хувь хүн нь ч бай яаж явсан, юу бодож сэтгэж байв, тухайн үед нь ямар гай зовлон, хагацал тэмцэл, дайн дажин монголчуудын дунд тохиолдов, түүний шалтаг шалтгаан юу байв, үнэн худлын үр нь хэрхэн боловсров гэдгийг уран цэцнээр бичиж, хэдий үед нь юуг санаарай, бодоорой гэж захив гэдгийг элэгдэж шарласан судар номын хуудаснаас л бид өөрсдөө монгол бичгээрээ түлхүүрдэж байж олж мэднэ. Үе үеийн бичгийн мэргэд оюунаа чилээн, санаагаа зовоон байж, түмэн бэрхшээлийг туулан байж бичиж туурвисан тэр олон судар шастирыг өнөөдөр унших ч үгүй, ухаарах ч үгүй, тэгээд л “Би монгол” гэж цээжээ дэлдээд байвал бүтэхгүй л болж байгаа юм даа. Одоо үед археологийн олдвор олоод шуугиад л, сонин сайхан нэвтрүүлэг хийж ярилцах юм. Гэтэл яг түүнтэй адил алт шиг сайхан монгол үг хэллэг, бичгийн хэлний сайхан найруулга, өнөөдөр хэрэглэчихмээр оноосон нэр томьёо зэргийг мэдэх ч үгүй, хэлээд ч ухаарахгүй байх юм. Тэр судар номын сайхан үг газрын хөрсөн доор байгаа археологийн олдвор шиг булагдчихаад байна. Өөрөөр хэлбэл, “Өө нэг шороотой уранхай ном байна” гээд л харах ч үгүй, уншиж чадах ч үгүй явж байгааг хэлж байна. Гэтэл үе үеийн монголчуудын жинхэнэ монгол сэтгэлгээг нь тээж яваа, монгол хүн монгол бичгээрээ монгол хэлээрээ бичсэн тэр олон бүтээлийг бид өнөөдөр мартчихаад, уншаад ч үгийг нь мэдэхгүй явж байна. Тийм учраас тэр бүхнийг бид жинхэнэ эхээр нь өөрсдөө уншиж ухаарах хэрэгтэй байдаг юм. Тэгэж байж бидний яриад байгаа монгол бичгийн хэл гэдэг чинь уламжлагдан үлдэнэ. -ӨӨРИЙН ОЮУНЫ ӨВ ХӨРӨНГӨӨ СУРЧ СУДЛАХЫН ТҮЛХҮҮР НЬ ҮНДЭСНИЙ МОНГОЛ БИЧГЭЭ Л СУРАХ ЯВДАЛ ЮМ- Та эрдэм шинжилгээний ажлын гараагаа хэзээ анх эхэлсэн бэ? Миний эрдэм шинжилгээний ажил бол анх оюутан байхдаа илтгэл тавьж байр эзэлж байсан үеэс эхэлдэг. Залуу багш байхад Орчин цагийн монгол хэлний сурах бичигт “Монгол хэлний үг бүтэх ёс” гэдэг бүлгийг нь 1987 онд бичиж байсан юм. Тэр үеийн залуу багш нарт сонинд юм бичиж хэвлүүлнэ гэдэг бол олон шалгалтаар ордог их том даваа байлаа. Анхны боломж гарсан үед хэвлүүлсэн нэг сонины тасархай алга болчихгээд байхаар нь номондоо оруулсан. Хамгийн анх “Эх орныхоо тухай эргэцүүлэн бодоход” өгүүллээ 1988 оны 4-р сард “Залуучуудын үнэн” сонинд хэвлүүлэхдээ Ж.Батмөнх даргын МАХН-ын XIX их хуралд тавьсан илтгэлээс “малгай” хийж байгаад бичиж байлаа. Дараа нь “Үгийн ид шид” өгүүллээ 1988 оны 7 сарын 29-ний өдрийн “Утга зохиол, урлаг” сонинд нийтлүүлсэн юм. Мөн л жанжин Сүхбаатарын номын багш О.Жамьян гуайн үгийг ишлэн эхэлж байсан. Тэр үед бол урд нь ийм нэг халхавч хэрэгтэй шүү дээ. /инээв/ Тэр үеэс хойш би сонин хэвлэлд өгүүллэг бичиж эхэлжээ. Бас монгол хэл, монгол хэлний түүхэн хэлзүйн талын судалгааны өгүүллэгүүд байна. Монгол ёс заншил, уламжлалын тухай бүх нийтэд зориулсан эрдэм шинжилгээний хялбаршуулсан маягтай, зарим нь бол судалгааны бүтээлүүд ч байгаа. Мөн өөрчлөн байгуулалт яриад юм чөлөөтэй болж эхлэх үед цэнхэр дэлгэцээр олон удаа монгол ёс заншил, уламжлал, түүхэн сурвалж, хэл соёлоо хайрлах хадгалах тухайд цуврал нэвтрүүлэгт оролцож, үндэсний хэл соёлоо хайрлан хамгаалах, эзэмших сурч мэдэхэд нь тус дэм болох нийтийг хамарсан ажилд бас их хүчээ зарцуулсан. Та олон сайхан бүтээл туурвисан хүний хувьд, зарим бүтээлийнхээ тухай ярьж өгнө үү? Ганц жишээ хэлэхэд, XIII зуунаас XX зууны эх хүртэлх үед монгол мэргэд, монгол бичгээрээ туурвисан зөвхөн Монголын түүхэн сурвалжийг сорчлон дээжилж 30 боть цуврал болгон Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор 2006 онд бид хэвлүүлсэн. Энэ бол өчүүхэн хэсэг нь шүү дээ. Энэ бүтээлийг шавь нартайгаа хамт кирилл бичигт хөрвүүлж, өнөөгийн хүн ойлгож чадахгүй үг хэллэгт нь өдий төдий тайлбар хийж, олон хоног нойр хоолгүй зүтгэж байж гаргасан даа. “Монголын түүхэн сурвалжийн цуврал”-д маань Монголын нууц товчооноосоо авахуулаад XX зууны эхэн үед Амар гуайн бичсэн түүх хүртэл орсон байгаа. Зарим нь ганцхан хувь хулсан үзгээр бичсэн, зарим нь олон эхтэй, олон хувилбартай бүтээлүүдийг хооронд нь харьцуулж тулгаж хэвлүүлнэ гэдэг бол, яг түүхэн сурвалжийг судалж байгаа хүн л ингэж хөөцөлдөнө үү гэхээс биш, зүгээр энгийн уншигчдад тийм боломж бололцоо олдохгүй. Тийм учраас хойч үе, хожмын улсуудад маань Монголынхоо түүхийг монгол хүн яагаад бичсэн, тэнд юу гэж сургаж захьсан байна гэдгийг уншихад дөхөм байх болов уу гэж бодон байж хийсэн бүтээл юм. Тэгээд яахав олны хэрэгцээг хангаж л байх шиг байна. Монголчуудын өөрсдөө бичсэн түүх ямар онцлогтой байдаг вэ? Энэ олон түүхэн сэдэвтэй зохиолд, хожмын хүмүүс удам угсаагаа бүү умарттугай хэмээн захиж гэрээсэлсэн айхавтар нарийн нандин үг сургаал бий. Энэхүү түүхэн сурвалжуудыг яагаад бичих болов? гэдэг асуудал гарч ирж байгаа юм. Үүнийг ажаад байхад, Монголын ноёд өөрийн эрх ашгийн төлөө хоорондоо зөрчилдөж, хүчээ султгаж доройтсоор байгаад сүүлдээ Манж чин улсын эрхшээлд орох дөхөж ирсэн тэр цагт энэ олон түүхийн зохиол маш олноороо гарсан байдаг юм. Манай бичгийн хүмүүс Монголынхоо үүх түүхийг ухаарч сэхээрч, нэгдэж нийлж, Монгол Улсынхаа тусгаар тогтнолыг, Монгол Улсаа авч тээж явах ухамсар, сэтгэл бодол нь сэрээсэй билээ гэдэгт л нойр нь хүрэхгүй зүтгэж бичсэн ийм утга учиртай байдаг юм. Бас их сонин шүү. Яг улс доройтож байхад, харин нөгөө талаар тэр олон зохиол бөөн бөөнөөрөө гарч ирдэг чинь, тэр хүмүүсийн сэтгэл юм даа хөөрхий. Бас л их санаа зовж, бичгийн хүн өөрийн үүргээ биелүүлж байгаа хэрэг шүү дээ. Гэхдээ тэр олон Монголын түүхийн сурвалжийг XX зууны эх хүртэл тасралтгүй бичиж, бас дам хуулан уншиж, бичиж, түүнийг үе үед ухаарч сэхээрч явсны хүчээр 1911, 1921 оны хувьсгал гарсан шүү дээ. Эх бичгийн дурсгалууд ихэвчлэн гараар бичигдсэн байдаг уу? Монголын түүхэн сурвалжуудыг хулсан үзгээр, бийрээр бичсэн хуулбарууд маш их бий. Уншсан хүмүүс нь бичмэл зохиолуудыг гараар хуулаад, тэр нь маш их тархсан байдаг юм. Би түрүүн хэлсэн, тэр түүхэн сурвалжийн олон хувилбаруудыг хооронд нь харьцуулсан гэж. Гол нь дам дам хуулсан хуулбарууд зарим нь алдаа ташаатай болж, жинхэнэ эх нь тэр бүр олдохгүй болсон. Тэр олон хувилбаруудыг хооронд нь харьцуулаад л байхаар алдсан оносныг нь тунгааж “Энэ зохиол дахь энэ үг нь зөв юм байна” гээд учрыг нь олж авдаг. Ер нь бол Европт ном барлах арга гарахаас 100 жилийн өмнө монголчууд модон бар сийлээд ном барлаж хэвлэж эхэлсэн түүхтэй байдаг. Модон бараар барласан ном нь голдуу бурхны шашны номууд дийлэнх харагддаг. Харин түүх, уран зохиолын номууд нь гар бичмэлээр тархсан байдаг юм. Том сурвалжийг хичээнгүйлэн хуулж бичсэн тэр хүн бол бас л нэг Монголоо гэсэн сэтгэлтэн, дараа нь нэг хүн ч болов уншаасай гэсэндээ цаг заваа гарган, нойр хоолоо баран байж бэх бийр нийлүүлж хуулж бүтээсэн хэрэг шүү дээ. Тухайлбал, нэг зохиолоос хэдэн хувилбар олддог юм бэ? Эртний “Эрдэнийн товч” гэхэд л 30- аад хувилбар олдож байгаа. Цагийн эрхээр 30 битгий хэл өдий төдий хувь тархаж байсан юм билүү, бүү мэд шүү дээ. Хуучин цагт номоо дээдлэх, бичиг соёлоо эрхэмлэх үзэл гэдэг чинь бас их нарийн нандин ёс журамтай байсан. Ер нь ном бүтээж байгаа хүн, номыг бүтээлгэж байгаа хүнийг ч хүндэлдэг байсан. Гэрт байгаа олон номуудаа өөрсдөө уншиж чадахгүй бол монгол бичиг мэддэг хүнээр уншуулдаг. Нөгөө хүн нь ч сайхан тайлбарлаж уншиж, тэр хүмүүсийн хүсэл эгээрлийг хангадаг ийм уламжлалтай байлаа. Бурхны шашин дэлгэрсэн хожуу үед ч гэсэн айл болгонд наад зах нь “Үлгэрийн далай” гэдэг хөлгөн судар байдаг. Тэгээд монгол бичиг мэддэг хүнийг бүр лам шиг залж ирээд л хэд хоног суулгаж дуустал нь уншуулаад, оройд нь хот айлынхан үр хүүхэдтэйгээ сонсож суудаг ёстой байсан юм. Эртний бичгийн сурвалжууд судалж байхад монгол хэлний ямар онцлог их тод ажиглагддаг вэ? Бичгийн сурвалжууд, ардын аман зохиолын далай баян санд байгаа уран яруу үг хэллэгийг харахад “Монгол хэл бол өөрөө найруулга нь, хэлж ярих нь маш уран тансаг, зүгээр нэг энгийн хэдэн үгээр биш холбож хоршиж хэлдэг, түүнийгээ толгой холбож хэлдэг, утга лавшруулаад дахин давтан өгүүлдэг, үг болгондоо бас нэг хэлц үг, зүйр цэцэн үгээр дүгнэлт шиг, баталгаа шиг дотор нь шигтгэж өгдөг” онцлогтой. Ер нь монгол хэлний хамгийн яруу тансаг юм гэвэл монгол хэлний хэлц хэллэг, зүйр цэцэн үгүүд юм. Тухайлбал, ямар онцлогийг нь та энд дурдмаар байна вэ? Монгол хэлний оньсого, зүйр цэцэн үг, хэлц үгийн цаана монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн онцлог агуулагдаж байдаг. Ямар ч зүйр цэцэн үгийг аваад хэлэх юм бол цаана нь бэлчээрийн таван хошуу малын тухай үг хэллэг гарч ирнэ. “Хүн болох багаасаа Хүлэг болох унаганаасаа”, “Хүний сайныг ханилж мэддэг Хүлгийн сайныг унаж мэддэг” гээд л эхэлнэ шүү дээ. Жишээ нь, “Уурган дээгүүр гишгэдэггүй юм, нүгэл” гэдгийн цаана морио дээдлэх соёлыг хүүхэддээ багаас нь шингээж өгч байна. Эрт цагаасаа монгол хүн морьгүйгээр дэлхийг донсолгож чадахгүй л байсан шүү дээ. Морьтон монголчууд гэдэг нэр яагаад дэлхийд алдаршлаа? Тийм учраас морь гэдэг юмыг дээдлэх ёстойг тэгэж л хүүхдэд сургаж байна. Мөн хазаарыг нь аваад шороон дээр хаядаггүй гэх мэт ёс заншил. Энд би аман зохиолын тухай зарим жишээ татлаа. Нөгөө миний яриад байсан монгол бичгээрх их өв дотор чинь бичгийн хэлний яруу тансаг үг хэллэг, ухаарал үй түмээрээ хадгалагдаж байгаа шүү дээ. Та Инжиннашийн “Хөх судар”- ыг кирилл бичигт хөрвүүлж 3 ботиор хэвлэн гаргасан. Ийм бичгийн сурвалжуудад энэ онцлог хэрхэн тусгагдсан байдаг вэ? Ванчинбалын Инжиннаш бол Хятадын нэлээд гүнд суурьшсан Алтан ургийн 28 дахь үеийн монгол хүн. Инжиннашийн үед тэр нутгийн монголчуудын түүх, хэл соёлоо мэдэх нь муудаад ирэхэд санаа нь зовж, “Хөх судар”- аа бичиж, дотроо маш их гасалж байгаагаа олон талаар илэрхийлсэн байдаг л даа. Инжиннаш маш олон судар ном, монгол түүхэн сурвалжуудыг харьцуулан уншиж зарим үгийн утгыг ойлгохгүй болохоороо нутгийнхаа хүрээ хорооны хөгшдөөр тойрон явж асуугаад, болохгүй болохоор нь Ар газраас ирсэн жинчдээс хүртэл асууж лавлаж явснаа бичсэн байдаг. Инжиннашын Хөх сударт олон сайхан хэлц үг, зүйр цэцэн үг бий. Ганц жишээ хэлэхэд, “Адуунд чинь уурга бариагүй ээ Сүүнд чинь хуруу дүрээгүй ээ” гэсэн хэлц үг чинь яах аргагүй нүүдэлчин монголчуудын үг байгаа биз дээ. “Чамд би өчүүхэн ч гэм хийгээгүй шүү” гэдгийг үүнээс илүү яаж хэлэх вэ дээ. Энэ үг нүүдэлчин монгол хүний сэтгэлгээнд бол тов тодорхой бууна. Монгол бичгийн хэлний яруу тансагийг илэрхийлсэн жишээ татвал? 1662 онд Ордосын Саган цэцэн гэдэг бичгийн хүн “Эрдэнийн товч” хэмээх Монголын түүхэн зохиолыг бичсэн байдаг юм. Энд бичсэн дөрвөн мөртөөр жишээ авъя. Язгуур төрөөд сац өгтөгсөн /өгөгдсөн/ энхрий нэр Идэр бүхий алдарыг зөөсөн дуурсах нэр Ямагт хойтосоо /хойтост/ дурдахуй мөнх нэр Илт бүрдвээс хүний биеийн гавьяа тэр Монгол хүн болж төрөөд даруй өгөгдсөн багын нэр байна. Дуудах нэрийг аав, ээж өгдөг. Дуурсах нэрийг өөрөө олдог гэдэг биз дээ. Идэр залуудаа чи сайн муугаар дуудуулахыгаа өөрөө зөөж авчирах нэр. Ямагт хожим хойтостоо дурдагдах мөнх нэр. Нэг тийм хүн байсан гээд мөнхөд дурдагдаж байх нь ээ. Энэ гурван нэрийг сайнаар бүрдүүлж чадвал хүний биеийн гавьяа тэр мөн гэж “Зөв монгол хүн” гэдгийг л ерөнхийд нь тодорхойлсон байгаа юм. -НҮҮДЭЛЧИН ӨВӨГ ДЭЭДСИЙН ТЭНЭГЭЭР ГАДАРЛАЖ, УХААНААР ДОТОРЛОСОН СЭТГЭЛГЭЭНИЙ ОНЦЛОГ ГЭЖ БИЙ- Монгол хэл соёлоо уламжлуулан үлдээхийн тулд нүүдлийн соёлоо авч үлдэх нь маш чухал юм байна шүү дээ? Тэгэхээр барах уу. “Хэл өөрөө соёл оршин тогтнохын боломж нөхцөл нь юм” гэж үг байдаг шүү дээ. Тэгэхээр нүүдлийн соёл иргэншил гэдэг оршин тогтнож байж монгол хэл соёл маань оршин тогтноно. Аль ч улс үндэстэн өөрийн соёлоо хадгалан хамгаалж, хөгжүүлэн алдаршуулах хэмээвээс тухайн соёл оршихуйн язгуур үндэс болсон эх хэлээ анхааран үзэж, үндэстнийхээ сэтгэлгээний өвөрмөц дүр төрхийг мэдэх нэвтэрхий толь болсон аман болон бичгийн хэлнийхээ өв санг сайтар эзэмшиж, судалж, сурталчилж, хойч үедээ залгамжлуулах ёстой байдаг юм. “Зөв монгол хүүхэд” хөтөлбөрийг та бичсэн. Энэ хөтөлбөрийн гол амин сүнс нь юу вэ? “Монгол оронд монгол хүний үр сад болж заяасан юм бол монгол хүн болж төлөвших ёстой” хэмээн үздэг нь уламжилсан бичигдээгүй хууль юм. “Сурсан бүхэн эрдэм” хэмээн үздэг тул хөлд орохоос эхлээд чинээ чинээнд нь тохирсон юм хийлгэдэг, зааж засаж өгдөг ёстой. “Эрхмийн дээд эрдэм ном” гэдэг тул эрдэм номд сургахыг хамгаас чухалчилдаг заншилтай байжээ. Энэ мэтээр үр хүүхдээ, залуу үеэ бэлтгэн боловсруулдаг олон зүйлийн ухаан, арга барилтай байсан билээ. Өнөөгийн бид уламжлал, шинэчлэл хоёрыг зөв хослуулж байж л ирээдүйн зөв монгол хүнийг буй болгоно. Бидний хийсэн “Зөв монгол хүүхэд”-ийн шинж төрхийг уншаад, энэ чинь ерөөсөө зөв монгол хүнд байх шинж төрх л байна гэх байх. Өнөөгийн болоод ирээдүйн хүүхэд гэдэг чинь “Зөв монгол хүн” л байх ёстой шүү дээ. Харин хүүхэд насанд нь ямар хэмжээнд төлөвшсөн байх вэ гэдэгт л гол нь байгаа юм. Хүн гэдэг амьтан насан туршид сурч, мэдэж, хүмүүжиж байдаг. Энэхүү тасралтгүй явцын гол суурь нь хүүхэд насанд буй болно. Хүүхдүүдэд монгол хэл соёлоо багаас нь зааж ойлгуулах арга барилаа бид өнөөдөр олж чадсан уу? Монгол хэл соёлоо багаас нь эзэмшүүлэх гэдэг яах аргагүй чухал зүйл. Гэтэл хүүхдүүдэд телевиз асаагаад хүүхэлдэй тавьж өгнө. Dream Box гэдэг сувгаар гарч байгаа хүүхэлдэйнүүд гадны л нэг далайн амьтан энэ тэр үзүүлдэг. Монгол хэлнийнхээ хичээлийг заахгүй байж англи хэлний хичээл заана. Монгол бичгээ байг гэхэд, зүгээр л монгол хэлний энгийн сайхан зөв үг хэллэг, ойролцоо утгатай үгс гэх мэтээс эхлээд хэлц үг, зүйр цэцэн үг хүртэл хэлж өгч болно шүү дээ. Манай зээ цэцэрлэгтээ “Төрийн дуулал” дуулсны дараа “Өвөө, мандуулах гэж юу гэж байгаа юм” гээд надаас асууж байсан. Уул нь багш нь үг бүрийг тэдэнд ойлгогдох үгээр тайлбарлаж өгөх хэрэгтэй л дээ. Тэр цэцэрлэг бас англи хэл заадаг. Өнөөгийн хүмүүсийн нэлээд нь хүүхэддээ багаас нь гадаад хэл эзэмшүүлэх гэдэг болсон. Энэ ер нь хэр зөв юм бэ? Европт бол 13 наснаас нь гадаад хэл заадаг. Хүүхдийн сэтгэлгээ гэдэг чинь эх хэлний үгийн сангаар буюу үгээр сэтгэдэг. Юмыг монголоороо ухаарч бодож, үгийнхээ сангийн хүрээгээр бичиж ухаарч байж 12-13 насандаа, монголоор бол жил ороход бүрэн баттай болж төлөвшдөг. Түүний дараа тэр хүүхдэд гадаад хэлийг хамгийн зохистой заах аргаар зааж эзэмшүүл л дээ. Эх хэлээрээ сэтгэх сэтгэлгээ нь төлөвшиж бүрэн чадаагүй байхад нь нэг гадаад хэл заачихаар, аялгагүй /хуучнаар бол акцентгүй/ гоё ярьж сурах л байх. Тоть шиг ярьдаг хүний хэрэг гэж юу байхав дээ. Тэр хүүхэд чинь сурч байгаа хэлээрээ сэтгэж чадахгүй, дээр нь эх хэлээрээ сэтгэлгээ нь царцанги байдалд орчихно. Ингээд хүүхдээ баллачихаж байгаа юм. “За миний хүү англиар дуулчих, өө бас японоор дуулнаа” гээд хүүхдээ жүжиг шиг болгож байна. Тэр тулга тойрсон хэдэн үг яахав дээ. Эцсийн эцэст нэг гадаад хэлээр аялгагүй ярьж чаддаг хүн хэрэгтэй юм уу, бодож ухаарч сэтгэдэг хүн хэрэгтэй юм уу? Энийг л өнөөдөр бид үнэхээр анхаарахгүй байна. Хүүхдэд багаас нь монгол сэтгэлгээг суулгах нь чухал юм байна. Тэгвэл монголчуудын сэтгэлгээний онцлогийг та хэрхэн тодорхойлж хэлэх вэ? Монгол хэл бол өдгөө монгол сэтгэлгээ юм. Монгол хэл маань эртний хэл, элбэг баян үгийн сантай, ардын аман болон бичиг номын асар арвин өв сантай. Үр хүүхдээ хүмүүжүүлж, залуусаа залж сургаж ирсэн зүйр цэцэн үгийн далайд л гэхэд монгол хүний орчлонг таньсан сэтгэлгээний онцлог цөм бүрэн шингэсэн байдаг. Эрт цагаас төв Азийн уудам талд нүүж бууж, аж төрж ирсэн монголчуудын сэтгэлгээний онцлог гэвэл “Холч хараатай, гүн бодолтой, олон зүгээс нь эргэцүүлэх гүймэг ухаантай, тогтоох, цээжлэх, нүдлэх чадвар маш сайтай, заагаагүй байхад нь хийж байгааг нь хараад сэтгэж бодоод сурчихдаг гэх мэт олон зүйлийн шинжийг хэлж болно. Гадаадын зарим хүн монголчуудыг “задгай сэтгэлгээтэй” гэдэг юм билээ. Энэ бол хөдөө талын энгээр харж, хөх тэнгэрийн гүнээр бодож явсан нүүдэлчин өвөг дээдсийн тэнэгээр гадарлаж, ухаанаар доторлосон сэтгэлгээний онцлог юм даа. Тэгвэл “Монгол дархлаа” гэдэгт юуг ойлгох вэ? Эхлээд дархлаа гэж юуг хэлдэг, энэ үг монгол хэлэнд хэдийд буй болсныг ярья. Латин хэлний “immunitatem” хэмээх үгээс гаралтай “иммунитет” гэдэг үгийг Европт XIX зууны сүүлээр анагаах ухааны нэр томьёо болгож хэрэглэсэн. Утга нь хүний бие махбодын өвчнийг сөрөх эсэргүүцлийг нэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүний биед харь бичил биет нян орж ирэхэд, түүнтэй тэмцэх, өөрийгөө хамгаалах хүний бие махбодын чадвар юм. Анагаах ухааны энэ нэр томьёог орчуулахдаа “дархлаа” гэдэг үг бүтээн хэрэглэжээ. Уг монгол үгийн утга, үг бүтэх ёс зэрэг аль ч талаасаа зөв үг оноосон. Монгол хэлэнд дархан, дархлах гэдэг үг их эрт байсан. Дархлаа гэдэг шинэ үг үүсгэсэн дархлах гэдэг үйл үг XIII зуунд, тухайлбал “Монголын нууц товчоо”-нд 9 удаа тохиолддог. Тэмүжинийг багад нь Тайчууд барьж, дөнгөлөн хорьж байх үед Сорхон шар, түүний хүү Чулуун, Чимбай нарын ач тусаар суллагддаг. Чингис хаан 1206 онд Их Монгол улс байгуулсан хойно тэр ачийг хариулахдаа “Соёрхвоос нутаг дархласу. Мэргидийн газар Сэлэнгийг нутаглаж дархласу (дархлая)” гэх мэт өгүүлсэн буй. Сонгосон нутгаа дархан эрхтэй эзэмшихийг нутаг дархлах гэж байжээ. Мөн аливаа алба гувчуураас бүрэн чөлөөлөгдөж, өөрийн дураар аж төрөх бүрэн эрх олгохыг дархлах гэдэг байжээ. Өөрөөр хэлбэл дархан эрх олгох юм. Иймд “Монгол дархлаа” гэдэгт монгол хүн хэмээхэд байх ёстой бүх л зүйлийг, түүнийгээ хадгалж өвлөн эзэмшиж хамгаалах төрөлх чадварыг хэлнэ. Тухайлбал? Юуны өмнө Монгол хэл, сэтгэлгээ. Би туурга тусгаар Монгол Улсын иргэн шүү гэдгээ гүнээ ухамсарласан үндэсний үзлийн мэдрэмж нэн чухал. Үндсэрхэг үзлийг хэлээгүй шүү. Монгол хүн, айл өрх, Монгол Улсад монгол дархлаа байгаа, байх ёстой. Монгол дархлаа байх цагт монгол хүн өөрийгөө бусад үндэстнээс ялгаатай нэг цул үндэстэн гэдгээ мэдэрч, түүнийгээ эрхэмлэн дээдэлж явна. Би ярианы эхэнд “иммунитет” гэдэг анагаахын нэр томьёоны тухай ярьсан. Тэр утгыг л монгол дархлаа гэж бид сүүлийн үед ярих болсон. Тэгэхдээ монгол дархлаа гэдэг маань монгол хүний халдашгүй дархан шинж, хадгалж хамгаалж, өвлөж эзэмшиж явах ёстой тэр л зүйлийг хэлээд байна. Харин энд бодууштай нэг зүйл байна. Урьд өмнө ярьдаггүй байсан монгол сэтгэлгээ, монгол дархлаа, монгол хэлний дархлаа гэж сүүлийн үед яагаад их ярих болов? Монгол хүн бүхэнд байсан тэр ариун нандин, эрхмийн дээд зүйлсэд сэв сууж, Монголоо гэсэн хүн бүрийн сэтгэлийг зовоох болсон юм биш биз гэдгийг хувь хүн ч, төр засаг ч бодож болгоох ёстой доо. Монгол дархлаагаа авч үлдэх тухайд наад захын жишээ гэвэл? Наад захын жишээ гэхэд хүүхэддээ цэцэрлэгээс нь гадаад хэл заалгаж, телевизээр харь орны хүүхэлдэйн кино үзүүлж, нохой муур гэртээ тэжээн эрхлүүлж сууна. Их зохиолч Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга”-ыг өнөөгийн хотын хүүхэд хараад эрхлүүлэх биш айх байлгүй. Сайн, муу үйл буюу буян нүглийг таниулсан, үйлийн үрийг ухааруулсан, “үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцдэг”-ийг жишээлсэн Монгол ардын үлгэр, ухааныг задалж эргэцүүлэн бодох чадвар олгодог оньсого, монгол ухааны хураангуй цөм болсон зүйр цэцэн үг, хэлц үг, монгол ёс заншлын цагаан толгойг ач зээ нартаа ярьж, таниулж зөв монгол хүн болгодог өвөө, эмээ нар нь телевизийн хов жив, солонгосын олон ангит кино зэргээр өөрийгөө саатуулах болжээ. Гэхдээ нийт өвөө эмээ нарыг яалаа гэж ингэж хэлэх вэ? Хөдөөгийн голдуу өвөө, эмээ нар бас чадах чинээгээрээ хэлж, ярьж, сургаж, хүмүүжүүлж байгаа. Насны тэтгэврээ аваад, ач зээгээ харж суугаа өвөө эмээ нар минь үр хойчоо жинхэнэ монгол дархлаатай хүн болгон төлөвшүүлэхэд та бүхний хувь нэмэр тун их шүү, тэр чинь та бүхний Монголдоо оруулж байгаа том хөрөнгө оруулалт шүү л гэж сануулсан хэрэг. Аливаа халдварт өвчнөөс сэргийлж, дархлаа тогтоох вакцин хүүхэд багачуудад хийдэг. Харин монгол дархлаа тогтоох бэлэн вакцин байхгүй л дээ. Хэлд орох, хөлд орохоос нь эхлэн ийм дархлааг тогтоон суулгах учиртай. Таны ярьж буй бүхнийг хүүхдэд ойлгуулах нэг арга нь монгол хүүхэлдэйн кино. Манай залуучууд хийж чадна даа. Гэхдээ тан шиг хүний туслалцаа их хэрэгтэй байх. Тэр киног чинь манай залуучууд одоогийн 3D гээд ямар л арга технологи байна түүгээр нь хийж чадалгүй яахав. Манай хүү найз нөхөд, мэргэжлийн хүмүүстэй хамтраад “Чагаа хүү” гэдэг хүүхэлдэйн кино хийсэн. Аятайхан л болсон. Бас их мөнгө орох юм билээ. Конрад Аденауэрийн сангаас дэмжлэг авч энэ киног хийсэн. Уг нь манай Боловсролын яам жил бүр өдий төдий тэрбум төгрөг янз бүрийн юманд зардаг. Түүнээсээ жилд арван хүүхэлдэйн кино хийлгэж болмоор л харагддаг. Монгол ардын үлгэрээс нэг баатар гаргаж ирээд, цуврал хүүхэлдэйн кино хийж болно шүү дээ. Эргээд түүнийг нь гадаадынхан худалдаж авахаар хэмжээнд хийж чадна гэж боддог. Тийм зураач, зохиолч, техникийн боломж, хийж чадах залуучууд гээд бүгд л байна. -“МОНГОЛ НУТАГ, ГАЗАР ШОРООГОО ХАМГААЛАХЫН ТУЛД ЭР ХҮН БИ ОРОЛЦОХ ЁСТОЙ” ГЭСЭН МОНГОЛ ДАРХЛАА Л 1921 ОНЫ ПАРТИЗАНУУДЫГ ТӨРҮҮЛСЭН- Хүүхэлдэйн киногоор дамжуулж хүүхдэд монгол соёлоо ойлгуулахын ач холбогдол гэвэл та юуг онцлох вэ? Хамгийн гол нь юмыг ухаарч, нүдэнд нь шинэ содон юм дасч эхэлж байгаа 3-4 насанд нь хүүхдэд харуулж байгаа гэдгээрээ их ач тустай. Бид хоёрын яриад байгаа монголын нүүдлийн соёл иргэншил, монгол ахуй, уламжлалт ёс заншил зэргийг тусгасан, зөв монгол хүн болоход нь хэрэгтэй зүйл, дотор нь бас хүүхдийг баясгах хөгжөөх юмыг нь оруулаад үлгэрийн хүүхэлдэй хийх бүрэн боломж бий. Жилдээ 10 хүүхэлдэйн кино хийгээд байхад нэг сайдын үед 40 хүүхэлдэйн кинотой болчих юм. Та сайд, дарга нартай уулзахдаа энэ тухайгаа хэлж байв уу? Над мэтийн хүмүүс сайд, дарга улсуудтай уулзаад энэ мэтийн юм ярихаар, “Энэ багштай сөрж яриад ч яахав. Зүгээр нэг амыг нь дагуулж яриад гаргая” гэсэн байдал ажиглагддаг. Тэд сүйд болоод угтдаг ч “Үнэхээр хийчих юмсан” гэсэн хүсэл эрмэлзэл нүдэнд нь харагдахгүй болохоор би тэгсгээд үгээ төгсгөдөг. Гэхдээ зарим сэтгэл зүтгэлтэй улс төрийн албаны хүмүүс бий л дээ. Нүүдэлчдийн соёл одоохондоо биднийг харж байхад бол байна. Цаашдаа яаж хадгалж авч үлдэх вэ? Монголчууд хэдэн мянган жил бэлчээр ус хоёроо хайрлаж хамгаалж, таван хошуу малаа адуулан бэлчээж, түүнийхээ л ашиг шимээр нүүж бууж амьдарч байсан улсууд. Монголчуудын тухайд малаа, бэлчээрээ хайрлана гэдэг нь газар шороогоо хайрлан хамгаална гэсэн үг юм. Малчин монголчуудын суудаг орон сууц болох гэр нь газрын хөрсөнд ямар ч гэм суулгадаггүй онцлогтой. Монголчууд нүүхдээ гэрийн буурь, ойр орчмын хог хаягдлаа юу ч үлдээлгүй цэвэрлэдэг тогтсон заншилтай. Морины уяа, аргамжааны гадсыг сугалан авахдаа нүхийг нь заавал шороогоор булдаг уламжлалтай. Монголын газрын хөрс, өвс ургамал, уур амьсгалын онцлогоос шалтгаалж нэг газар олон мал байнга бэлчээрлэвэл хөрс, өвс ургамал нь амархан талхлагддаг төдийгүй, нөхөн сэргэх нь маш удаан. Тийм учраас зайлшгүй нутаг сэлгэн нүүх шаардлагатай байдаг. Энэ бүхнээс шалтгаалан бэлчээрийн мал аж ахуйтай Монгол оронд газрыг өмчлөх боломж бараг байхгүй. Ялангуяа малын бэлчээрийг хувьчилж, суурьшмал хэв байдалд оруулбал Монголын бэлчээрийн мал аж ахуйд олон талын сүйрэх аюул нүүрлэж, улмаар нүүдэлчдийн уламжлалт соёл үгүй болоход хүрнэ. Тэгэхээр цаашдаа Монгол орон энэ уудам нутагтаа бэлчээр усаа цэвэр ариунаар нь хамгаалаад, таван хошуу малаа маллаад, түүнийхээ хариуд малаас гардаг мах, ноос, сүү, ашиг шимийг нь боловсруулах хөнгөн үйлдвэрийг түлхүү хөгжүүлээд явах нь зөв юм. Одоо уул уурхайгаас болж малын бэлчээргүй, өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржааны нутаггүй болсон малчид бий болж байна. Гэхдээ уул уурхайг хөгжүүлэх нь бас гарцаагүй юм шиг байна. Яаж хөгжүүлэх нь зөв юм бол? Бэлэнчлэх, залхуурахаас үүдэлтэй хамгийн осолтой, хамгийн дорой арга бол Монголынхоо газар шороог ухаж ашиг олох гэж эрмэлзэх явдал юм. Өнөөдөр бид уул уурхайгаа ингэж шавхаж ухаад, сайн сайхан болчихдог юм бол Африкийн орнууд хөгжих нь яагаав? Ухаад үлдсэн эзгүй газар, уул уурхайн сэг, өлсгөлөн зовлон, өвчинд нэрвэгдсэн ард түмэн л тэнд үлдсэн. Өнөөдөр монголчууд түүндээ хүртэл ядраагүй байна. Тэгээд ч алтаа ухна гэдэг бол хамгийн аюултай. Алт бол газрын гагнаас гэдэг. Нөгөөтэйгүүр монголчууд ерөөсөө алт гай дагуулдаг гэж ярьдаг. Эр хүн гартаа алт зүүдэггүй юм шүү гэж миний аав ч сургадаг байсан. Тийм учраас монголчууд газрынхаа гагнаасыг салгахад бүү яараасай л гэж боддог юм. Гэхдээ хамгийн зөв арга зам нь юу байж болох вэ? Монгол оронд Эрдэнэт шиг тодорхой хэдэн том үйлдвэрийн бүс байгуулж, байгальдаа хал багатай хэлбэрээр ашиглах ёстой. Хамгийн гол нь бэлчээрээ хамгаалж, байгалиа унаган төрхөөр нь хадгалж чадах юм бол Монголын таван хошуу малаар гурван сая битгий хэл гучин сая хүн чөлөөтэй сайхан амьдрах бүрэн боломжтой хөрөнгө шүү дээ. Нөгөө талаас өнөөдрийн малчид хуучных шиг дэнгийн гэрэлд байсан үеийг өнгөрөөчихсөн. Нарны зайгаа тавиад л хаана ч бууж суусан хөргөгчөө ажиллуулаад, телевизээ үзээд явж байгаа. Дэлхийд өнөөдөр хүний гар хүрээгүй цэвэр ариун газар устай газар нутагт нүүж амьдардаг хүмүүсийг сонирхъё гэсэн үй түмэн хүн бий. Аялал жуулчлалаар ирсэн хүмүүст “Монголчууд нүүдэлчин соёл иргэншлээ ингэж хайрлаж, хамгаалж, хадгалж явдаг” гэвэл гадныхан бас соёлтой, усыг нь уувал ёсыг нь дагана. Тэднийг айлынхаа дэргэд гэрийг нь буулгаж, бариулж, унагыг нь татуулж, айраг уулгаж, морио унуулж зоос мөнгийг нь аваад байхад Монголд хангалттай том хөрөнгө оруулалт болно. Аялал жуулчлалыг манайхан их зөвөөр хөгжүүлэх хэрэгтэй юм. Дээрээс нь монголчуудын сэтгэх чадвар сайн. Одоогийн мэдээлэл технологийн эрин үед манай залуучууд компьютерийн ард суугаад гадаадын захиалгатай янз бүрийн төсөл программуудыг боловсруулаад, гадагш нь гаргаж, толгойгоороо мөнгө олох тэр боломжийг залуучууддаа нээж өг л дөө. Тэр бол том зах зээл, тэгээд ямар ч хог хаягдалгүй, хор хохиролгүй мөнгө олох арга. Монгол дархлааны тухай энд дахин ярих хэрэгтэй болох байх, тийм үү? Өнгөрсөн түүхээ сөхөж харах хэрэгтэй юм. Хүннүгийн Модун Шаньюй хаан өөрийн хайртай хүлэг морь, хатнаа хүртэл өгчихөөд, газар нутгаас нь авъя гэхэд цэрэглээд мордсон тухай домог байдаг. Ерөөсөө монголчууд дээр үеэсээ өөрийн нутгийн газар шорооны төлөө бол малаа маллаж байгаа хүн нь ч зэвсэг бариад тэмцдэг байсан. Яагаад газар шороогоо тэгэж хайрлаж хамгаалдаг юм гэхээр, үе дамжин амьдрах арга хэрэгсэл болсон таван хошуу мал, онгон байгаль, амьдрах орчинд нь аюул учирвал, амьдрах нөөц боломжоо үгүй хийхгүйн төлөө л тэмцэж байгаа хэрэг шүү дээ. Жанжин Сүхбаатараар удирдуулсан партизан цэргүүд чинь хонио хариулж явсан малчид. Гэтэл цахиур буугаа үүрээд сайн дураараа хэдэн зуугаараа нэгдсэн нь юуны төлөө вэ? “Монгол нутгийг эзэмшиж байсан харийнхныг гаргаж Монгол нутаг, газар шороогоо тайван амгалан байлгахын тулд эр хүн би оролцох ёстой” гэсэн, ёстой л нэг яс маханд нь шингэсэн монгол дархлаа л тэр хүнийг ийм юманд түлхэж явуулсан хэрэг шүү дээ. Одоо малын тоо толгой 60-70 сая болж бэлчээрийн даац хэтэрлээ гэж их ярьдаг болжээ. Энэ талаар та юу хэлэх вэ? Би хөдөөгийн малчид, танил хүмүүстэй ярьж үзсэн. Энэ бас худлаа тоо юм шиг билээ. Хуучин нэгдэл гэж байхад яг им тамгаар нь толгойг нь тоншиж тоолдог байсан. Одооных бол амаар авч байгаа тоо. Хаан банкнаас зээл авахад л тус болдог бололтой юмаа даа. /инээлдэв/ Малын тоо толгойноос гадна сүргийн бүтэц алдагдсаныг засах хэрэгтэй. Хуучин бол хоттой хонин дотор ямаа 20 хувиас хэтэрдэггүй байсан. Ямаа бол бэлчээрийн соргогийг түргэн олж сүргээ дагуулж очдог. Чоно нохой ирвэл юуны өмнө чимээ өгдөг гэх мэт олон талын ач тустай. Цөөн ямаа бол олон хонин дотор ороод хэвтчихдэг учраас өвлийн хүйтэнд даардаггүй. Ингээд зохилддог байсан. Харин олширвол бэлчээрийг талхлана. Зуданд хамгийн түрүүнд хорогдоно. Зөвхөн ноолуурын үнэ дагаж ямааны тоо толгой олширсон нь зохисгүй л дээ. Бусад малаа, ялангуяа тэмээн сүргийг онцгой анхаарах хэрэгтэй юм шиг санагддаг. Бэлчээрийн малаа бусад орон шиг фермийн болгочихвол сүйд болно шүү дээ. Гэтэл телевизээр ярьж байгаа зарим хүн “Монголд олон мал хэрэггүй. Сэлэнгэ хавьд ч юм уу хэдэн том мах, сүүний чиглэлийн ферм байгуулчихъя” гэх юм. За тэгэх юм бол монгол нүүдлийн соёл, бүр Монгол өөрөө сүйрнэ. Нөгөө талаас бидний идэж байгаа мах, сүү гэдэг бол ерөөсөө хоол биш хор болно. Ёстой тийм байх. Хүчжүүлсэн тэжээлээр бордсон мал амьтны махыг, бэлчээрийн малын махтай яаж зүйрлэх вэ дээ? Манай тэнхимийн Дашцэдэн багш Германд хэдэн жил зочин профессороор ажилласан юм. Герман шавь нар нь Монголд ирээд гэрт нь очиж л дээ. Мах идэж байхад нь “Багш аа, та ногоо сайн идэж бай. Янз бүрийн витамин, амин дэм хүнд хэрэгтэй. Дан мах идэх муу” гэж. Тэгэхэд нь Дашцэдэн багш “Манай энэ мал чинь та нарын хэлээд байгаа витамин, амин дэм битгий хэл эмийн ургамлыг хүртэл идээд, тэр нь энэ маханд нь шингэчихсэн байдаг учраас би үүгээр нь дамжуулаад шууд идчихэж болно” гэж хариулснаа ярьж байсан юм. Үнэн л дээ. Бэлчээрийн мал бол онгон байгалийн эмийн ургамлыг хүртэл идэж байгаа. Тэр нь маханд нь шингэчихсэн, түүнийг нь өнөөдөр бид хэрэглэж байна. Энэ бол дэлхий дахинд давтагдашгүй, мөд бас байхгүй болчихож мэдэх ийм л сод (брэнд) бүтээгдэхүүн. Үүнийг зохиомлоор хийнэ гэж байхгүй шүү дээ. Тэгэхээр төрийн удирдлагууд монгол соёл, монгол ахуй, уламжлалаа сайн мэддэг байх хэрэгтэй юм байна. Хэт барууныг шүтсэн нэгэн бол сүйд хийх нь ээ? Төрийн удирдлагууд өөрсдөө сайн мэдэхгүй байж болно. Өссөн орчин, амьдардаг орчин бас нөлөөлнө. Гэхдээ олон хүнийг харьцуулаад “мэдэх хүн”, “мэдэмхийрдэг хүн”- ийг ялгаж зааглаад, жинхэнэ мэдэж байгаа, амьдрал дээр хэрэгжүүлж байгаа олон хүний үгийг сонсож, тэр үгнээс нь үнэн цөмийг нь олж, түүнийгээ бодолдоо тунгааж чаддаг хүн байх ёстой. Өөрөө мэдэхгүй ч гэсэн мэддэг хүний үгнээс үнэнийг олж шүүн тунгаагаад, бодлого, үзэл бодолдоо шингээж хэрэгжүүлэх нь л чухал юм. -ЧИНГИС ХААНТАН БИЧИГ СОЁЛЫН ГЭГЭЭН МӨРИЙГ МОНГОЛДОО ДЭЛГЭРҮҮЛЖ, ДЭЛХИЙН ОЛОН СОЁЛ ИРГЭНШЛИЙГ ХОЛБОН НЯГТРУУЛЖ ӨГСӨН- Даяаршилд хэрхэн Монголоороо үлдэх вэ? Даяаршил гэдэг бол үнэндээ өнөөдрийн хувьд, нэг талаар бол яах аргагүй зүйл гэж хэлж болох байх. Яагаад гэвэл дэлхийд өнөөдөр олон улсын харилцаа тэлж, мэдээллийн технологи хөгжихийн хэрээр улс орнууд өөрийн эрхгүй их холбогдох шаардлагатай болчихож. Гэвч даяаршил гэдгийг хөөргөдөж ярьж байгаа улсуудын цаана дандаа том улсуудын өөрсдийн эрх ашиг байдаг. Аливаа улс том ч бай жижиг ч бай өөрсдийнхөө улсыг улам баян чинээлэг, сайн болгохын төлөө л ажиллана, тэр улсуудын буруу биш. Гэвч үүний хөлд бага буурай орнууд хохирдог. Би Монголоо бага жижиг улс гэж хэлэхэд дургүй. Монгол Улс түүхийнхээ тухайд ч, хэл соёлынхоо тухайд ч, дэлхийн түүхийг бүтээж явсныхаа тухайд ч том улс, асар уудам газар нутагтай, хүн амын тухайд цөөн ийм л улс. Монгол шиг ийм цөөн хүн амтай улсын хувьд даяаршил гэдэг алгаа ташиж урдаас нь угтах юм биш. Харин өөрийн эрхгүй нөмрөөд ирж байгаа аюулын өмнөөс бид яаж өөрсдийнхөө монгол төрхөө, монголыг монголоор нь аварч үлдэх вэ гэдгийг Монгол Улсын иргэн бүрээс эхлээд төрийг түшиж байгаа түшээд, төр засгийн тэргүүнүүд хүртэл сайтар ухаарч, ёстой хар хайрцагны бодлого болгох хэрэгтэй юм. Монгол бичиг гадныханд их сонин санагддаг. Танд монгол бичигтэй холбоотой хөгжилтэй явдал тохиолдож байв уу? 1994 онд Германд багшилж байх үед Фрайбург гээд Герман, Францын хил орчим байдаг эртний жижиг хотод кино фестивалийн үеэр очсон юм. Тэнд “Нохойн орон” билүү дээ нэг хачин муухай кино аваачаад уралдаанд оруулах гээд, элчингийнхэн түүнийг монгол ёс заншлын талаас нь тайлбарлаж өгөөч гэсэн юм. Зохиогч нь Төрмөнх билүү, бас нэг гадаадын хүнтэй хамт хийсэн юм билээ. Би ч үнэн байдлыг нь л ярьсан. Элчингийн нэг хүн орчуулагчаар хамт явсан юм. Хоёулаа буудалд буусан чинь буудлын хүн нь “Та Монгол хүн үү? Сэтгэгдлээ бичээрэй” гээд л сайхан ааш зан гаргаад байсан. Би тэнд хоёр хоноод явах болж “Сэтгэгдэл” гэсэн дэвтэр аваад ирэхэд нь үзсэн чинь урьд нь Чинагийн Галсан ирээд монгол бичгээр сэтгэгдэл, германаар шүлэг бичсэн нь хоёр хуудас дүүрэн юм байв. Би бас монгол бичгээр тэр буудлын тухай сайхан сэтгэгдлийн үг бичсэн. Ирээд Чинагийн Галсанд хэлсэн чинь “Хээ, чамайг очно гэж яаж мэдэхэв. Бурхангүй газрын бумба галзуурна гэгчээр зөндөө алдаатай хачин юм хийсэн байх даа” гээд л инээж байсан юм. /инээлдэв/ Чинагийн Галсан гуайн бичсэн сэтгэгдлийг та уншсан уу? Томоо бичгээр сайхан л юм бичсэн байсан. Өнөөхийг нь буудлын хүн их олзуурхаж, монголчууд ийм бичиг үсэгтэй гэж мэдэж аваад, дахиад монгол бичгээр бичээд өгөх хүн ирлээ гэж их баярласан юм билээ. Азаар харин тэр нь би таарч. /инээлдэв/ Азтай тохиолдол гэвэл? “Чингис хааны бие хүний онцлог” гэсэн илтгэлийг 2006 онд Германд “Чингис хаан ба түүний өв” сэдэвт олон улсын хуралд тавьсан. Германы Бонн хотод болсон энэ хурал нь “Чингис хаан ба түүний өв” гэсэн маш том үзэсгэлэнгийн нээлттэй хамт болсон юм. Тэр үзэсгэлэнгийн үзмэрээр том альбом гарсан байдаг. Уг үзэсгэлэнд дэлхийн улс орнуудад нандигнан хадгалж байдаг нэн ховор үзмэрүүдийг жинхэнэ эхээр нь тавьснаараа онцлогтой. Тухайлбал, Оросын Санкт Петербургийн Эрмитажид байдаг Чингисийн чулууны бичээс, Тайваньд байдаг Монголын их хаад, хатдын хөрөг гэх мэт. Үзэсгэлэн нээх ёслол үдээс хойш болж Германы канцлер, Монгол Улсын ерөнхий сайд нар үг хэлж, бүх хүмүүс хурлын танхимд орсон. Би хүүтэйгээ явсан. Тэр зургийн аппараттай. Үзэсгэлэн нээлттэй байсан. Бид хоёр тухтай үзэж зөндөө зураг авсан. Одоогоор олдоод байгаа монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох Чингисийн чулууны бичээсийг маш сайн үзэж зургийг нь авсан. Манай нэрт түүхч Х.Пэрлээ гуай 1960-аад онд бичсэн өгүүлэлдээ “Чингисийн чулууны бичээсийг нүүр тулан үзэхэд цэгийг хожим сийлсэн нь мэдэгдэж байна” гэж тэмдэглэсэн. Би ч цэгийг нь гараараа тэмтэрч үзээд яах аргагүй хожим сийлснийг мэдсэн. Манай хүү ч хараад, нээрээ тийм байна гэж байсан. Маргааш өглөө нь дахиад орох гэтэл бүх хүмүүсийн цүнх, аппарат зэргийг хураан авч оруулж байсан. Тэр ёстой азтай тохиолдол доо. Албан ёсоор нийтэд үзүүлж эхлээгүй, бүх хүмүүс хурлын танхимд орчихсон, харуул хамгаалалт нь тодорхой үүрэг аваагүй л үе байсан юм билээ. Бид чинь Чингис хаанаа мэдээд байгаа юм шиг атлаа огт мэддэггүй юм байна гэдгийг таны бичсэн номыг уншаад ойлгосон. Та энэ судалгаа руугаа хэрхэн орж байв? Билиг сургаал, Чингис хаан, бичиг соёл, түүхэн сурвалж руу яагаад оров оо гэвэл, өнөөдөр чинь Чингис хааныг ч гэсэн дурын хүн цээжээрээ, эсвэл Монголыг муулж санааны зоргоор юм бичдэг гадныхны үзэл бодлоор харж, түүхийг дураараа гуйвуулдаг болжээ. Тийм учраас би эрхбиш жинхэнэ сурвалжийг нь судлаад үзчихсэн хүний хувьд “Тэмүжин хөвгүүнээс Тэнгэрлэг эзэнд” бүтээлээрээ дамжуулж их хааныхаа үнэн түүхийн мөрөөр явахыг хичээсэн минь энэ юм. Сүүлийн үед “Биеэ засаад гэрээ зас. Гэрээ засаад төрөө зас” гэсэн билиг сургаалыг нь олонтоо ишлэх болжээ. Уг нь “Улсаа зассугай” хэмээгчид юуны урьд гэрээ тэгшилнэ, “Гэрээ тэгшилсүгэй” хэмээгчид юуны урьд биеэ засна. “Биеэ зассугай” хэмээгчид юуны урьд сэтгэлээ төв болгоно. “Сэтгэлээ төв болгосугай” хэмээгчид юуны урьд үзлээ чин бат болгоно гэсэн Дорно дахины сургаалаас сурвалжтай. Чингис хаантан бээр орон орны алдартай мэргэдийг урьж уулзаж, тэдний үг сургаалаас санаанд нийцсэнийг нь хөвгүүд, дүү нар, өрлөг жанжиддаа хэлж сургадаг байсан. Энэ түүний нэг юм даа. Рашид ад Диний “Судрын чуулган”-д тэмдэглэсэн “Чингисийн билиг сургаал”-ын дотор “Айл гэрээ засаж чадагсад төр улсыг засаж чадна. Арван хүнийг захирч чадагсад мянга түмэн хүнийг захирч чадна” гэж ийм утга агуулга бүхий сургаалыг Чингис хаан өгүүлдэг байжээ. Ер нь Чингис хаантны гүн ухааны сэтгэлгээ нь уг удмын язгуур ухаан, урсах цагийн явцад төлөвшсөн төлжмөл ухаан, уудам дэлхийд алдаршсан гүн ухаантнаас суралцсан олдмол ухаан сэлтээс буй болжээ хэмээн дүгнэн өгүүлж болно. Чингис хааны бичиг соёлын бодлогын онцлогийг дурдвал? Чингис хаантан бээр бичиг номын үйл хэргийг болгоон соёрхож, Их Монгол улсыг нэгдмэл бичиг үсгээр соён гийгүүлж, монгол бичгийг төрийн бичиг болгон засаглан зарлигласны ач гавьяа, хожим хойч үеийн ургийн урагт хүргэсэн соёл гэгээрлийн тус буяныг онцгойлон үзвээс зүйд нийцнэ. Өдгөөгөөс 800 жилийн тэртээ Монголын нэлээд хэдэн аймаг хэдэн зуун жил хэрэглэж дадсан монгол бичгийг Их Монгол улсын төрийн үйл хэрэгт хэрэглэж, “Мөнх тэнгэрийн хүчинд, Их Монгол улсын далайн хааны зарлиг, Эл /өөрийн харьяаны/, булха /харьяаны бус/ иргэнд /улс, аймаг, хүмүүст/ хүрвээс биширтүгэй, айтугай” хэмээсэн үгийг монгол бичгээр сийлсэн хасбуу тамга хэрэглэж, “Их засаг” хэмээх алдарт хуулиа Улсын заргач Шихихутугт зөвлөн журамлаж, найруулан бичүүлж, өөрөө биеэрээ хянан зөвшөөж, Хөх дэвтэрт дэвтэрлүүлж, ургийн урагт бүү бүү егүүтгэтүгэй хэмээн зарлигласан байдаг. Эзэн Чингис хаан ийнхүү айлдсан нь, Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан монгол угсаатан бидний оюуны соёл, ухаарал гэгээрлийн “алтан аргамж” болсон монгол бичгийг таалан соёрхсоноор үл барам алс ирээдүйн гэрэлт мөрийг тольдож, хожим хойчийн үед бүү егүүтгэтүгэй хэмээн зарлигласан болохын бат гэрч юм хэмээн бардам үгээр өгүүлэх бүрэн үндэстэй юм. Чингис хаантан бичиг соёлын гэгээн мөрийг Монголдоо дэлгэрүүлж, дэлхийн соёл иргэншлээс сурч мэдэх үндсийг буй болгож, бас дэлхийн олон соёл иргэншлийг холбон нягтруулж өгсөн суут хүмүүн юм. -ЛУВСАНДАНЗАНЫ “АЛТАН ТОВЧ” БОЛ ЗӨВХӨН ГАНЦ ХУВЬ БӨГӨӨД МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООНЫ 80 ОРЧИМ ХУВИЙГ АГУУЛСАН БҮТЭЭЛ- Сурвалж судлалын ажил Монголд Судар бичгийн хүрээлэн байгуулагдсанаар эхэлж байсан түүхтэй гэдэг. Тэр үеийн талаар ямар сонирхолтой баримт байдаг вэ? Судар бичгийн хүрээлэн 1921 онд байгуулагдаж анхны даргаар О.Жамьян гүн томилогдсон түүхтэй. Жамьян гуай тэр даруй Монгол оронд энд тэнд байгаа ховор ном судрыг цуглуулах ажилд орсон. Тэр бүү хэл Бээжин хүртэл явж арвин ном судрыг авчирсан байдаг. Түүний дотор Шунхан барын Ганжуур, Данжуур орсон. Энд онцлон дурдах нэг зохиол бол 1925 онд одоогийн Дорнод аймгийн Дарий тайж гэдэг хүнээс Лувсанданзаны “Алтан товч” гэдэг алдартай бүтээлийг авчирсан. Энэ бол яах аргагүй О.Жамьян гүний гавьяа зүтгэл байсан юм даа. 20-иод оны тэр зурвасхан чөлөөтэй үед Судар бичгийн хүрээлэнгийн гадаад гишүүнээр П.Пеллио, Б.Я.Владимирцов, В.Л.Котвич нарын монголч эрдэмтдийг сонгож хамтран ажиллаж байсан нь Цэвээн гуайн буян л даа. Ж.Цэвээн гуай чинь Петербургийн их сургуульд багшилж байсан хүн. Тийм учраас Судар бичгийн хүрээлэнгийн гол чиглүүлэгч нь байсан. Тэр үед Лу. “Алтан товч”-той ив ижилхэн яг тийм хэмжээгээр нь хулсан үзгээр бичээд Францын монголч эрдэмтэн П.Пеллио-д 1927 онд явуулсан байдаг юм. Пеллио гуай хэвлэж болохгүйг нь мэдээд ашиглаж байсан бололтой юм. Хожим монголч эрдэмтэн Э.Хэйниш бүтээлүүдийг нь Францын номын санд өгөхөд, “Монголын нууц товчоо”-г судалдаг Австралийн монголч эрдэмтэн Рахевильц зургийг нь аваад надад явуулсан. Би тэрийг харахад яг л Лу. “Алтан товч”- оо харж байгаа юм шиг. Ямар айхтар хөдөлмөрөөр хуулж явуулсан юм бэ гэж бодож байлаа. Лу.“Алтан товч”-той холбоотой сонин түүх байдаг уу? Нэгэн түүхийг ярих хэрэгтэй болов уу. 1932 онд Лу “Алтан товч”-ийг ЗХУ-ын ШУА-ийн Дорно дахины судлалын хүрээлэнд аваачиж гэрэл зургаар татсан бөгөөд өдгөө тэрхүү хуулбар Дорно дахины судлалын хүрээлэнгийн Петербургийн салбарын гар бичмэлийн хөмрөгт хадгалагдаж байдаг. Энэ тухай профессор Н.Поппе 1953 онд бичихдээ: “...Судар бичгийн хүрээлэнгийн номын сангийн өмч болох тус гар бичмэл судрыг 1932 онд ЗХУ-ын Ленинград дахь ШУА- ийн Дорно дахины хүрээлэнд илгээсэн бөгөөд гурван жилийн туршид Жамсрангийн Цэвээн бээр судалж гэрэл зургийн хуулбар хийсэн билээ. Энэ үед Ж.Цэвээн, В.А.Казакевич болон миний бие уг гар бичмэлийн гэрэл зургийн хуулбарыг хэвлүүлэхээр төлөвлөж ШУА-ийн хэвлэх үйлдвэрээс боломжийн хэдэн хуудас гаргуулаад байсан боловч тэднийг 1937 онд баривчилж, эхлүүлсэн уг ажил орхигдсон юм...” гэж бичсэн байсан. Харин золоор Цэвээн гуай “Алтан товч”-ийн зургийг нь авахуулчихаад авчирсан байдаг юм. Тэр үеийн Судар бичгийн хүрээлэнгийн шаардлага ч тийм байсан байх. Таны хамгийн гол бүтээл гэвэл юуг хэлэх вэ? Миний хийсэн хамгийн гол ажил бол сурвалж судлал. 1225 оны Чингисийн чулууны бичгээс авахуулаад 20-р зуун хүртэлх монгол бичгээр түүхэн сурвалжийн хэлний талын судалгааны бүтээлүүд л гол нь юмуу даа. “Монголын нууц товчоо хийгээд монгол сурвалж бичгийн судлал” гэсэнг бүтээлийг маань Өвөрмонголд хэвлэсэн. Чимэддорж гэдэг Өвөрмонголын нэртэй профессор их сайхан дэлгэрэнгүй оршил бичиж хэвлүүлсэн. Бас Өвөрмонголд “Шашин соёлын тайлбар толь” 2 ботийг маань монгол бичигт буулгаж хэвлэсэн. “Кирилл, монгол бичгийн зөв бичих дүрмийн харьцуулсан судалгаа” ном хэвлэгдсэн. Өвөрмонголчууд кирилл бичгээрх бичгийг сурахад нь их тус болдог юм билээ. Монгол бичгийн сурвалжийг судална гэдэг бол монгол бичгээр байгаа юмыг бичгийг нь мэддэг байхад болоо юм бишүү гэж хүн хэлэх байх. Тийм биш. Үе үеийн эртний бичээсийг уншина гэдэг бол, тэр олон зууны өмнөх бичгийн тиг хэлбэр нь ондоо болж хувирсан эртний олон үг хэллэгийн утга учрыг, үгийн гарлыг олж ухаарна гэдэг амаргүй. Дэлхийн монголч эрдэмтэд ч энэ ажилд их хүчээ зориулсан. Тэдний судалгааг харахын зэрэгцээгээр өөрийн нүдээр шинийг олж харах, алдсан эндсэнийг нь залруулах, тэр бүхнээр нэгдсэн судалгаа хийнэ гэдэг маш их чимхлүүр ажил байдаг л даа. XV, XVI, XVII, XVIII, XIX зууны энэ бүх сурвалжууд чинь өөр өөрийн газар нутагт зохиогдсон. Нутаг нутгийн бийр бичлэгийн тиг хэлбэр гэж бий. Хэдийгээр монгол бичгийн дүрэм нэг тогтолцоотой ч, нөгөө бичээч хүний чадвар, өөрийнх нь дадсан бичлэгийн зурлага зэргээс хамаарсан онцлог бий. Бас л хүний гараар бичсэн хойно алдаж эндэж ташаарсан, өөрийн бичгийн тиг нь их хэцүү бэрх, одоогоор бол татлаад янз бүрийн өөрийн хэв маяг оруулж бичдэг хүн байдаг. Тэр бүгдийг харьцуулж ухаарна гэдэг үнэхээр чимхлүүр ажил юм. Лу. “Алтан товч”-ийг ЮНЕСКО-д бүртгүүлэхэд та оролцсон уу? ЮНЕСКО-гийн ховор хуучин номын бүртгэлд Лу “Алтан товч”- ийг бүртгүүлэхэд би бүх юмыг нь гардаж хийж өгч зүтгэсэн. “Лу. Алтан товчийг Монголын нууц товчоотой харьцуулсан эхийн судалгаа” гэдэг бол миний Төрийн шагнал хүртсэн гол бүтээл маань юм. ЮНЕСКО-д бичиг баримт бүрдүүлж өгөхдөө хаанаас олсон, хэрхэн судалсан, ямар үнэ цэнэтэй гээд бүх л шаардлагынх нь дагуу бичиж, англиар орчуулаад явуулсан. Хойно аваачиж гэрэл зургийг нь авахуулсан түүхийг ч бас бичсэн л дээ. Тэгээд нэг хүн ирж үзэх боллоо. ЮНЕСКО- гоос ирсэн тэр хүн нь надтай хамт Лу. “Алтан товч”-ийн хуудас бүрийг эргүүлж үзсэн. Намайг тэр хүнд тайлбарлаж байтал хэдий үеийнх ч юм гарын хээ гарч ирэхэд, “Энэ таны хурууны хээ юу?” гээд инээж байсан юм. Би тэр хүнд өөрийн судалгааны бүтээлээ бэлэглээд, дараа нь Номын сангийн дарга Чилаажавтай хэдэн хүн хоол идсэн юм. Энэ үед тэр хүн “Яг үнэнийг хэлэхэд, бид та нарыг Орост хэвлүүлэхээр аваачсан тухай бичсэнийг уншаад жинхэнэ эх нь Орост үлдсэн, танайд хуулбар нь байж магадгүй гээд үзэх гэж ирсэн юм. Үнэхээр цорын ганц хувь байдгийг харлаа” гэж байсан. Тэгээд л удалгүй Лу.“Алтан товч” ЮНЕСКО- гийн бүртгэлд бүртгэгдсэн дээ. 2011 оны 5 сарын 25-нд ЮНЕСКО- гийн дэлхийн хосгүй баримтат өвд бүртгэгдсэн Лувсанданзаны “Алтан товч” бол зөвхөн ганц хувь бөгөөд Монголын нууц товчооны 80 орчим хувийг агуулсан бүтээл юм. Таны судалгааны бүтээлүүд дотор нэлээд том байр эзлэх өөр ямар бүтээлийг та онцлон ярих вэ? “XVII зууны Монголын түүхэн сурвалж” гэсэн 5 том ботийг их хөөцөлдөж, нухаж байж шавь нарынхаа хамт хэвлүүлсэн. Хөөцөлдсөн гэдгийн учир нь “Хураангуй Алтан товч”, “Лу.Алтан товч”, “Асрагч нэртийн түүх”, “Эрдэнийн товч”, “Шар тууж” гэсэн Монголын түүхийн гол таван сурвалжийг эхийн өнгөтэй зураг, латин галиг хөрвүүлэг, тайлбар зэргийн хамт хийж хэвлүүлсэн. Уг эх нь зөвхөн ганц хувь байгаа, эсвэл тухайн сурвалжийн хамгийн шилдэг эхийн зургийг авахад багагүй л бэрхшээл учирсан. XVII зууны эхэн үед бичсэн “Хураангуй Алтан товч” хэмээх сурвалжийн урьд өмнө олдоогүй байсан маш сайн эхийг манай нутгийн Батмэнд гэдэг хүнд хадгалагдаж байсныг олж авч, судалгааны эргэлтэнд оруулсан даа. Одоо Лу. “Алтан товч”-ийн эх зохиолыг үзье гэвэл БСШУС-ын сайдын гарын үсэг авч байж лацтай шилэн хоргоноос гаргаж үзэх хэрэг болно. Энэ бол номын сангийн хадгалалтын горим биш. Цаашдаа энэ мэт үнэт бүтээлийг яаж хадгалах, яаж үзүүлэх тухай шинийг бодож сэдэх хэрэгтэй л дээ. Та сүүлийн үед Монгол хэлний чиглэлээр ямар шинэ бүтээлүүд гаргав? Монгол хэлний чиглэлийн гол ажлын нэг бол “Монгол хэлний хэлзүйн толь бичиг” 2 боть, “Монгол бичгийн хэлний тонгоруу толь” 2 ботийг шавь нарын хамт хэвлүүлсэн. Үүнийг хийхийн тулд монгол толгойтой бүх толь бичгүүдийн үгийг компьютерт оруулсан нь 100 мянга орчим үг болсноос 55 орчим мянган үгийг шигшиж авсан. “Монгол хэлний хэл зүйн толь бичиг” гэдэг нь кирилл болон монгол бичгээр байгаа хэрэглэгдэхүүнийг өөр хооронд нь хөрвүүлэх программын суурь болсон бүтээл. Үүнийхээ үндсэн дээр компьютерийн мэргэжлийн улсуудтай хамтарч тийм программыг хийгээд бараг бэлэн болсон. Гэвч дуусгах гэхээр бас зохих хэмжээний мөнгө санхүү хэрэгтэй болчихоод зогсчихсон байгаа. За бас “Монголын нууц товчоо” тэргүүтэй сурвалжийн хэлийг судлах ажлаа үргэлжлүүлж л байна. Та МУИС-даа багшлахын зэрэгцээ энэ их ажлыг амжуулсан гэхээр итгэхэд бэрх санагдаж байна шүү? Миний бүх л ажил үйлс маань их сургуультайгаа холбоотой. Сайн багш, сайн судлаач бэлдэнэ. Багш нар, шавь судлаач нараа эрдмийн зэрэг хамгаалахад нь бэлдэх, тэднийгээ бас судалгааны дөртэй болгох гэж эрдэм шинжилгээний хар ажлаас нь авахуулаад халширтал нь суулгаж судалгаа шинжилгээ хийлгэдэг. Тэд маань ч зэрэг цолоо хамгаалдаг. Нөгөө талаас ЕБС-ийн сурах бичгийг засаж найруулахад одоог хүртэл зүтгэж байна. Мөн олон түмнийг соён гэгээрүүлэх ажилд гар бие оролцож монгол хэл, соёл, ёс заншилын талаар зөв мэдлэг, зөв мэдээлэл өгөх юмсан гэж телевиз, радио, хэвлэлд бас чамгүй цаг гаргадаг. Олон түмэнд яриа лекц хийж, бусдын бичсэн ном зохиолыг хянан тохиолдуулах ажил их хийж дээ. 80- аад ном хянан тохиолдуулна гэдэг чинь амар биш. Заримд нь нэлээн гар хүрнэ, бас заримд нь оршил, удиртгал бичиж өгнө. Тэнхимдээ ажлаа хийж суухад уулзах учрах, юм лавлах гэсэн хүмүүс байнга л орж гарна. Жишээлбэл, Цагаатгалын хууль гарсны дараа архивын гар бичмэлээс нэг хүний тухай бичсэн зүйлийг арай гэж мөнгө төлж хуулбар хийлгэснээ барьсан нэг хүн орж ирнэ. Хөдөөний болон настай хүмүүс ч байх. “Үүнийг уншаад, кирилл үсгээр хөрвүүлээд өгөөч. Бас хөрвүүлсэн гэж өөрийнхөө гарын үсгийг зураарай” гээд л суучихна шүү дээ. Тэр үеийн байцаалтын бичиг чинь жигтэйхэн таталчихсан, уншихад маш түвэгтэй. Нэлээн харж байж тэр хүний бичлэгийн хэв хэлбэрийг ухаараад уншина. Тийм зүйлийг шавь нартайгаа хамт мөн ч их хийж дээ. -ЕСӨН ЭРДЭНЭЭР БҮТЭЭСЭН “МОНГОЛЫН НУУЦ ТОВЧОО” БОЛ ЖИНХЭНЭ ЭХДЭЭ ХАМГИЙН ОЙР ХУВИЛБАР НЬ ЮМ- Миний бие "Монголын нууц товчоо"-ны анхны эхийг сэргээн бичих нүсэр ажлыг их сууж хийсэн дээ. Үүнийг хийхийн тулд XIII-XIV зууны монгол бичгийн дурсгалуудыг, үг үсгийн хэв хэлбэрийг бүгдийг харьцуулан судлах хэрэгтэй болсон. Тэгээд 1312 онд барласан Чойжи-Одсэрийн "Бодичария Аватара"-гийн үсгийн хэвийг сонгож авсан. Анх Судар бичгийн хүрээлэн байгуулахад олж авчирсан Лувсанданзаны “Алтан товч” бол таны судалгааны гол материал төдийгүй Монголын нууц товчооны 80 орчим хувийг агуулсан бүтээл гэж та хэллээ. Монголын нууц товчоо ч бас таны том судалгааны нэг. Энэ тухайд? Дундад зууны үеийн алдарт зохиолуудтай мөр зэрэгцэн оршдог “Монголын нууц товчоо” хэмээх алдарт бүтээлийг Хэрлэнгийн хөдөө аралд хулгана жилийн долоон сард Их хуралдай хурж Алтан ургийн олон ноёд дээдсийн ордос бууж байхад бичиж дууссан байдаг. Миний бие “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг бүрийг нарийвчлан судлах явцад зохиогч бол тухайн үеийн олон үйл явдал, дайн тулаанд оролцож явсан, Чингис хаантны их ойрын хүн болох нь илт байдаг. Өөрөөр хэлбэл, Алтан ургийн монгол хүн монгол бичгээрээ Хэрлэнгийн хөдөө аралд бичиж дууссан тэр эх зохиол нь өнөөгийн бидэнд уламжилсангүй. Одоо дэлхийн монголч эрдэмтдийн судалж байгаа Монголын нууц товчоо бол Юань гүрний сүүлчийн хаан Тогоонтөмөр Бээжингээс зугтаж Хятадын Мин улсыг байгуулсан эхэн үед, монгол бичгээр бичсэн эхийг хятадаар галиглаж бичсэн бүтээл юм. Яагаад ингэх болов гэвэл Мин улсын эхэн үед монгол хэл сайн мэддэг хятад хүнийг бэлтгэх зорилготой “Хуа-и- и-юй” гэдэг толь бичиг зохиосон. Тэр толь бичиг нь зүйл хуваасан монгол үгийг хятадаар авиачлан галиглаж, хажууд нь орчуулгыг хадсан ном. Үүний дараа унших бичиг болгож хааны ордонд байсан ховор нандин бүтээл “Монголын нууц товчоо”-г сонгож мөн үг бүрийг хятадаар авиачлан галиглаж, хажууд нь орчуулгыг хадаж, зүйл, хэсэг бүрийн ард нэгтгэсэн ерөнхий хятад орчуулгыг бас хийсэн ном гаргажээ. Энэ номын хэдэн хуулбар эх монгол судлаачдын гарт хүрч жинхэнэ “Монголын нууц товчоо”- ны судалгаа эхэлсэн. Дэлхийн алдартай монголч эрдэмтэн, түүн дотроо эртний хятад хэлийг сайн мэддэг судлаач нар монгол үгийг авиачилсан хятад галигийг нь латин галигаар буулгасан. Үүнд Германы Э.Хэйниш, Францын П.Пеллио, Унгарын Л.Легети, Японы Ш.Озава, Австралийн Игорь де Рахевильц, Оросын С.А.Козин зэрэг эрдэмтдийн латин галиг эх хэвлэгдсэн байдаг. Бид ч тэр эхүүдийг судалгаандаа ашигладаг. За “Монголын нууц товчоо”-ны судалгааны тухай яривал их юм бий. “Монголын нууц товчоо” судлах явцад миний олж мэдсэн нэг дүгнэлт гэвэл XIV зууны сүүл үед хятадаар авиачлан галиглахдаа XIII зууны монгол бичгийн тиг хэлбэрээр бичсэн судар эхийг харж уншиж өгснийг сонсголоороо галигласан нь тодорхой байдаг. Юунаас мэдэв гэвэл, цөөн жишээ хэлж болно. Дундад Азид байсан Нишапур гэдэг хотын нэрийг Исэбүр гэж хятадаар галигласан байдаг. Яагаад ингэв гэвэл, н үсэгт цэг тавьдаггүй байсан тул Нисабур гэж унших ёстойг Исэбүр гэж уншжээ. Энэ мэтийн баримт олон бий. “Монголын нууц товчоо”-г олон арван жил орон орны монголч эрдэмтэд судалсан боловч бидний судлах ёстой зүйл их байдаг юм. Ялангуяа Лу.Алтан товчтой харьцуулан судлах үед бас их олон зүйлийг тодруулсан. “Монголын нууц товчоо”-нд өөр ямар сонирхолтой баримт байдаг вэ? Хутагту Жүрхийн хөвүүн Сэчэ бэхи гэдэг нэр “Монголын нууц товчоо”- нд олонтоо гарна. Анх 49-р зүйлд тохиолдоход Сэчэ бэхи гэж бичээд, хойшид дандаа Сача бэхи гээд биччихсэн байдаг. Ц.Дамдинсүрэн гуайн хөрвүүлсэн “Монголын нууц товчоо”-нд Сача бэхи гэж байгаа. Үгийн эхний с үсгийн дараах шүдийг а, э алинаар ч уншиж болно. Эхний удаа зөв уншаад хойшид буруу уншсан болохыг Лу.“Алтан товч” гэрчилдэг. Лу.“Алтан товч”-д Сэцэн бэхи гэж тогтвортой бичсэн байдаг. Тэгэхээр Сэчэ гэдэг Сэц мэргийн Сэчэ юм. Энд нэг зүйлийг тэмдэглэхэд, XVII зууны түүхч Лувсанданзан ч бас эртний “Монголын нууц товчоо”-ны эхийг уншиж буулгасан тул алдаж ташаарсан зүйл их байдаг. Энэ хоёрыг харгуулан судлах явцад нэг нэгнийх нь алдаа мадгийг тодотгох боломж гарч ирдэг. “Монголын нууц товчоо”-г кирилл үсгээр хэдэнтээ хэвлэж бүр социализмын үеэс уншигчдын хүртээл болгосон. Гэтэл та хэдэн жилийн өмнө “Монголын нууц товчоо”-ны шинэ хөрвүүлэг гэж хийлээ. Үүний учир нь юу вэ? Ц.Дамдинсүрэн гуайн орчуулга бол үнэхээр яруу сайхан хэлтэй, олон үеийнхэнд “Монголын нууц товчоо”-г таниулж ирсэн сайхан бүтээл ээ. Гэвч МНТ-ны судлал их дээшилсэн өнөө цагт хүмүүст яг XIII зууны үеийн үг хэллэгээр нь, өөрөөр хэлбэл “Монголын нууц товчоо”-ны жинхэнэ эхийг хүргэх гэсэн сэтгэлийн үүднээс энэ шинэ хөрвүүлгийг хийсэн. Зүйл бүрийн ард өдий төдий үг, холбоо үгэнд тайлбар хийж өгсөн. Эртний монгол хэл, үг хэллэгээ мэдэж, ”Монголын нууц товчоо”-ны жинхэнэ эхийг судлах сонирхох хүнд тус нэмэр болоосой гэж бодсон. Үнэхээр олон хүнээс аятай үгийг сонссон. Жишээ нь, “Монголын нууц товчоо”- нд “засаг хөндөх, засаг давах” гэж гарах холбоо үгийг Ц.Дамдинсүрэн гуай “хууль цааз зөрчих” гэж орчуулсан. Энэ нь ч өнөөгийн хүнд ойлгомжтой нь мэдээж хэрэг. Гэвч үүнээс зарим эндүүрэл гардаг. Ганц жишээ хэлэхэд, 1992 онд шинэ Үндсэн хууль боловсруулахад хэл найруулгын ажлын хэсэгт нь оролцож байлаа. Анхны төслөөр “Их цааз” гэж нэрлэх саналтай байв. Би “цааз” гэдэг эртний үг биш, харин “Их засаг” гэвэл дээр биш үү гэтэл тэд “Монголын нууц товчоо”-нд байдаг хуучин үг гээд Ц.Дамдинсүрэн гуайн орчуулгын номыг авчирсан. Энэ мэтээс үүдээд “Монголын нууц товчоо”-ны жинхэнэ эхэд тун ойр шинэ хөрвүүлэг хийх хэрэгтэй гэж бодсон. “Монголын нууц товчоо”- ны шинэ хөрвүүлгийн гол ач холбогдол нь юунд орших вэ? “Монголын нууц товчоо”-ны уг эхэд юу гэж байдаг, тухайлбал XIII зууны монгол хэл ямар байсныг мэдэж, үгийн сангаа баяжуулж, бас “Монголын нууц товчоо”-ны үг хэллэг гэж иш татъя гэвэл эрхбиш шинэ хөрвүүлэгт хандах хэрэгтэй. “Монголын нууц товчоо”-ны шинэ хөрвүүлгийг сайн уншсан хүн хожмын монгол түүхэн сурвалжийг бас төвөггүй ухах чадвартай болно. Төрийн ёслол хүндэтгэлийн өргөөнд байдаг Есөн эрдэнээр бүтээсэн “Монголын нууц товчоо”-г бүтээх үйлсэд та оролцсон биз дээ? 2006 онд Их Монгол улс байгуулагдсаны 800 жилийн ойгоор “Монголын нууц товчоо”- ны сонгомол эх болон энэхүү хосгүй үнэт нэг хувь бүтээлийг хийх ерөнхийлөгчийн зарлиг гарсан. Тухайн үеийн Боловсролын сайд Цанжид гуай энэ бүтээлийг хийхэд тун их зүтгэл гаргасан юм. Тайландаас 100 жил усанд байхад идэгддэггүй модыг авчирч, бас усанд нороход гэмтдэггүй цаасан дээр товойлгож хэвлэхийг нь Англид хийлгэсэн гэх мэт. Миний бие “Монголын нууц товчоо”- ны анхны эхийг сэргээн бичих нүсэр ажлыг их сууж хийсэн дээ. Үүнийг хийхийн тулд XIII-XIV зууны монгол бичгийн дурсгалуудыг, үг үсгийн хэв хэлбэрийг бүгдийг харьцуулан судлах хэрэгтэй болсон. Тэгээд 1312 онд барласан Чойжи- Одсэрийн “Бодичария Аватара” – гийн үсгийн хэвийг сонгож авсан. Миний шавь, уран зураач, үсэг бичиг судлаач Т.Жамьянсүрэн уг зохиолын үг үсгийг компьютерт маш гайхалтай сайхан оруулж бичих тигийг бүтээсэн. Эхлээд би гараараа хэд дахин бичиж нягтлаад үүнийг Жамьянсүрэн маань компьютерээр бичсэн. XIII зууны үед дэвтэр гэсэн үг байсан болохоор 22х22 см хэмжээтэй дэвтэрлэсэн номын хэлбэрээр хийе гэтэл, хүмүүст судар хэлбэртэй бол илүү өгөөжтэй байх гэсэн тул нэг хавтсанд 3 дэвтэр эхийг оруулсан. Бүрэн хянаж нягталсны дараа Англид хэвлүүлсэн. Уг нууц товчоог бүтээх урлаачдын багийг Төртогтох ахалж, есөн эрдэнэ, алт мөнгөөр чимэж, сийлбэрлэж маш сайхан бүтээсэн дээ. Суурийг нь Дундговиос олсон том чүнчүгноровоор хийсэн. Дээр нь тавих таг болох цул ногоон хашийг Оросын Ангарскаас Цанжид гуай олж ирсэн. Үнэхээр гайхамшигтай бүтээл болсон юм. Харамсалтай нь одоо Төрийн ёслолын өргөөнд хураалгатай хадгалж, олон түмэнд дэлгэж үзүүлэхгүй юм. Тэр үнэ цэнэтэй юмыг алдана гэж айгаад байдаг юм бол харуул манаатайгаар, ядаж л Үндэсний бичиг үсгийн баяраараа олон түмэнд үзүүлж байвал зүгээр юмсан. “Монголын нууц товчоо”-г насаараа судалсан Австралийн нэрт монголч эрдэмтэн Игорь де Рахевильц өөрийн номондоо зургийг нь тавиад, энэ ордны Монголын нууц товчоог хэзээ хэвлэх гэж байна аа гэж асуусан байсан. Боломж гарвал хэвлэх юмсан гэж Жамьянсүрэнтэй ярьдаг л юм. МУИС байгуулагдсаны 75 жилийн ойг тохиолдуулан хамт олондоо болон монголчууддаа хандаж та юу хэлэхийг хүсч байна вэ? Манай их сургуулийн төв байрны ханан дээр “Эрдмийн хэт цахиваас Хөгжлийн гал бадармой” гэж монгол бичгээр товойлгон бичсэн байгаа. Энэ бол манай сургуулийн уриа. Их сургуулийн маань эрдмийн хэт улам хүчтэй цахилж эх орон даяар эрдмийн оч гэрэл нь түгэж байх болтугай гэж ерөөе. Монгол Улсын Их Сургуулийн хамт олон та бүхэндээ МУИС хэмээх эрдмийн их өргөөнийхөө нэр алдрыг улам мандуулж явахыг чин сэтгэлээсээ хүсье. Монгол түмэн минь эх хэлээ эвдэлгүй, монгол хэлээ мохоолгүй, үндэсний бичгээ үгүйсгэлгүй эзэн шиг сурч эзэмшиж хойч үедээ уламжлуулж яваарай. Ярилцсан: Ц.ОЮУНЧИМЭГ 2017 он 10 сар "Зиндаа" сэтгүүл ТУСГАЙ ДУГААР №01/506

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/