Уншиж байна...

Цусаараа төлсөн өр

Ри гуай Хэнтий аймгийн Цэнхэрмандалын уурхайд сурвалжлах ажлаар очсон үед энэ явдал болжээ.

Өвгөн буцах гэж буйг мэдсэн буудлын үйлчлэгч: -Та мөнгөө өгөөрэй.

-Юун мөнгө

-Буудлын хөлс

 

-Би өгчихсөн

-Та яасан хачин худалч хүн бэ? Надаас өөр мөнгө хураадаг хүн байхгүй. Би аваагүй. Та өгөөгүй

-Би төлөх төлөхдөө халуун улаан цусаараа төлсөн гэжээ.

-Үйлчлэгч юу ч хэлж чадсангүй. Юу гэсний нь ч ойлгосонгүй. Харин Ри гуайг явсан хойно өрөөнд нь орж үзвэл хоногийн мөнгийг орхисон төдийгүй

"Нохой бөөсөө Чонон бясаагаа Цөөлтүгэй" гэсэн зурвас үлдээсэн байжээ.


Хэл шинжлэлийн доктор, зохиолч Дожоогийн Цэдэвийн ярьсан хууч. Төвийн сонинуудын хошин буланд хэвлэгдсэн хэд хэдэн шогийг харьцуулан найруулав.


Тамхичин азарга

1960-аад онд Монголын манлайлах сэхээтний нэг нь Ж.Аминдаваа гэдэг эрдмийн зэрэггүй эрдэмтэн, их эмч, дуун хөрвүүлэгч байв. Нэг гэм нь бор дарсанд жолоо алдамхай. Гэхдээ ажил албаа цалгардуулах нь үгүй.

Түүнийг албан байгууллага, үйлдвэр, их, дээд сургууль урин аваачиж анагаах ухааны сэдэвт, тэр дундаа архи тамхины хорын тухай яриулах нь цөөнгүй. Тэр ч байтугай Ж.Аминдаваагийн баталгаа сайт, итгэл үнэмшилт яриаг сонсоод, тамхиа тантан луу шидээд гарсан хүн ч бий гэдэг.

Энэ тухай Ри багшид хэн нэг нь ярьж үг өгсөнд:

-Адуу нэг янжуурт үхдэг гэж

Аминдаваа гуай айлдсан байна лээ.

Аминдаваагийн янжуурыг авч татаад

Азарга үхэхийг үзээгүй байна лээ.

Архи тамхинаас яаж гарахыг

Аминдаваа гуай үлгэрлэвэл би ч бас баагиулахаа болино оо гэжээ.

Нэгэн насаараа АУДС, УБДС-д багшилсан том сэхээтэн "данхар" хэмээх Ц.Готовын ярьсан хуучаас найруулав.


Ам бүлээ танилцуулсан нь

Ринчен доктор шавь нарынхаа хамт Говь-Алтай аймгаар аялжээ. Тонхил сумын "Лавлагаа Гаан-жуур" гэдэг өвгөн, Ри доктороос:

-Та үр хүүхэд олонтой юу? Ухаантны удам өндөр байвал улс төрд хэрэгтэй гэжээ.

Их, багштан өөрийн үр хүүхдийг дөвийлгөн ярих дурамжхан учир:

-За би дөрвөн шар хүүхэдтэй гэж. Мөнөөх "лавлагаа" өвдөгт нь тулж суугаад:

-Хүүхдүүд чинь том дарга уу? Эрдэм номоор мэдээж овоо биз? гэсэнд:

-Том хүүхэн нүдний эмч нэртэй Хүний нүд сохлох эрхтэй.

-Удаахь нь амьтан зүйч Монголын өөхөн сүүлтэй сайхан хонийг нохой сүүлтэй болгодог мэргэжилтэй.

Хүү маань их говиор тэнэж, элс шороо ухаж, лууны өндөг хайж, лус савдаг хилэгнүүлж явдаг даа гэжээ.

Жич:

Нүд сохолдог гэдэг нь доктор Р.Нямаа

Өөхөн сүүлтийг нохой сүүлт болгодог гэдэг нь доктор Р.Индра

Лууны өндөг хайж Лус савдаг хилэгнүүлдэг гэдэг нь доктор Р.Барсболд билээ.


Бөгсөөрөө удирддаг жолоодогч

Цэдэнбал даргад зусардан бялдуучлагчид дулаан цагийн батгана шиг олширсон нь, хөөрхий буурал даргыг дураараа дургихын гулсуур болсон гэхэд хилсдэхгүй. Ямар л шударгадаа "МАХН бол Цэдэнбал мөн" Цэдэнбал бол МАХН мөн" гэж тунхаглаж байх билээ дээ. Харин гашуун атлаа үнэн үгийг хоёрхон хүнээс сонсчээ.

Нэг дэх нь Дандар баатар даргад: "Би бол цусан гавьяаны баатар. Чи бол цагаан талхны баатар" гэжээ.

Нөгөө нь Ринчен багш. Тэрбээр Цэдэнбал даргад "Улсыг бөгсөөрөө биш бөндгөрөөрө удирддаг юм шүү" гэж сануулжээ.


Жич: Худлаа байх гэж итгэж ядмаар энэ үг үнэн болохыг МАХН-ын Төв хорооны Улс төрийн товчоо Их тэнгэрийн аманд зохиолчдыг хүлээн авч уулзахад Ю.Цэдэнбал дарга өөрөө батлан ярьжээ.

Энэ тухай утга зохиолын шүүмжлэгч ЦХасбаатар "Ринчен гуайн тухай дуртгал"-даа "Цэдэнбал дарга Ринчен гуай руу хуруугаа заагаад "Энэ нөхөр Ринчен намайг толгойгоороо биш гэснээ ар доогуураа заасхийгээд "үүгээрээ боддог гэж хэлсэн" гэж ярьж байсан нь санаанаас гардаггүй юм гэж түүхэн гэрчийн ёсоор батлан бичжээ.


Гүтгэлгэн хүнс

МАХН-ын Төв хорооны тогтмолжсон ажлын нэг нь эрдэмтэн Ринченг элдвээр гоочлох явдал байв. 1976 онд "Намын амьдрал сэтгүүлд" "Эрдэмтэн хүний хариуцлага" гэдэг өгүүлэл гарчээ. Түүнийг "Новости Монголий" сонин дор нь зээлдэн нийтэлжээ.

Насан туршдаа гоочлуулсан өвгөн эрдэмтэн 1937 онд "Ардын дайсан" хаягтайгаар цаазлуулах ял сонсож байснаасаа илүү бухимдаж байв. Учир нь: зохиогчийн нэргүй тэр өгүүлэлд эрдэмтнийг дайран довтолсон төдийгүй, эцэг эх төрөл садны нь удам судраар нь гүжирдэн доромжилсон байлаа.

-Багш аа, Намын төв хэвлэлд энэ том өгүүллийг бичсэн хүн яагаад нэрээ тавиагүй юм бол оо? гэж асуухад:

-Нэл өт

Баасаар хооллодог.

Нэрээ нуугаачин

Гүтгэлгээр хооллодог гэж билээ.

Ри багшийн түншүүр, Ри багшийн билэгийн зул ном хэвлүүлэгчийн өдрийн тэмдэглэлээс


Шинэ улс

Шинжлэх ухааны Техникийн улсын хороо гээч нэгэн байгууллага 1970 оны дундуур байгуулагдаж дарга нь Майдар болсны маргааш Ри доктор, Майдар даргатай уулзаж:

-Та шинжлэх ухаан техникийн улс байгуулаад бас өөрөө хаан нь болоо юу? Баяр хүргэе гэсэнд:

Майдар доктор:

-Уучлаарай Ри гуай би ч монгол хэлэндээ тааруухан шүү дээ гэхэд

Ри: орос хэлэндээ бүр ч байхгүй шүү дээ гэжээ.

Зүй нь БНМАУ-ын Шинжлэх ухаан, техникийн хороо гэх учиртай санж. Оросоор сэтгэж, монголоор үгчилсний гайг Ри гуай тийнхүү өгжээ.

Сэтгүүлч, дуун хөрвүүлэгч, үеийн нөхөд нь Цицерон хэмээн авхайлдаг Ц.Цэрэн гүүшээс тэмдэглэв.


Эх сурвалж: "Хөх толбо" сонин

Бусад мэдээ

Mar 12, 2024 90

МОНГОЛЫН ТҮҮХ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/