http://www.zoofirma.ru/
“Монгол наадам” бол монголчуудын бахархалт түүх, өөрсдийн бүтээсэн гайхамшигт соёл, ёс заншлын илэрхийлэл билээ. Тиймдээ ч дэлгэсэн тэрлэг шиг тал нутгийн дэнж хотойлгосон “монгол наадам”-ыг сонирхох жуулчдын хөл зуны дэлгэр цагт тасрах нь үгүй.
Орчин цагийн судлаачид Монголын наадам Хүннү гүрний нэгдсэн төр байгуулагдсан МЭӨ I-II зуунд үүссэн хэмээн тодорхойлдог. Тухайн үед морь, бөх, сурыг тулгар төрийн үүсэл хэмээн үздэг байж. Учир нь газар нутаг, эх орноо хамгаалахад эр хүнд энэ гурван чадвар хэрэг болох нь зайлшгүй. Тухайлбал морийг гарамгай унахын сацуу нум сум тавьж дайснаа устгана. Харин гардан байлдаанд сэлэмгүй оролцохдоо бөхийн мэх ашиглах шаардлагатай байсныг түүхэн эх сурвалжуудад тэмдэглэн үлдээсэн нь бий.
Тухайн үеийн Хүннүчүүд бутархай овог аймгийн эв нэгдэл, цэргүүдийнхээ байлдааны ур чадварыг сайжруулах үүднээс наадам зохион байгуулдаг байсан бөгөөд түүнээс хойш монгол угсаатнууд эрийн гурван наадмыг зохиосоор иржээ. Ер нь зуны дэлгэр цагт ард олон нэгэн дор цуглаж дугуй хээтэй наадамдаа дурдан бүсээ шавхийтэл ороогоод ирдэг байсан нь хэдэн мянган жилээр хэмжигдэх уламжлал биз ээ.
Анх 1639 оноос ийнхүү зан үйлийн цогцлол болсон эрийн гурван хийх болсны гэрч нь “даншиг наадам” юм. Тус онд Занабазарыг халхын шашны тэргүүнээр өргөмжилж наадсан аж. Ширээт цагаан нуурын энэ наадамд бөх лам барилдан түрүүлж, Бонхор Донир хэмээх хүний морь түрүүлэн ирснийг түүхэнд тэмдэглэн үлдээсэн байдаг. Мөнхүү хамгийн том даншиг наадам Долоннуурт 1696 онд болсон бөгөөд энэ үеэс “Түмэн эх” дуу зохиогдсон нь наадмын сүлд дуу болсон түүх бий.
Эрийн гурван наадмын үеэр эр хүний хүч самбааг сорих бөхийн барилдаан, нум сум харвах эрдэм, хүлэг морины хурд сорих уралдаан гэсэн гурван төрлийн тэмцээн тусгай ёс журмын дагуу болдог. Бөх барилдах, нум сум харвах, морь уралдахдаа эртнээс уламжилсан дэг ёсыг баримталж, тусгай хувцас өмсгөл хэрэглэн, түрүүлсэн морь, бөхөд зориулж магтаал шүлэг хэлж цоллож алдаршуулдаг билээ. Басхүү түрүүлсэн хүчит бөх, мэргэн харваач, хурдан моринд цол, чимэг олгодог.
 Хүчит бөх

Монгол бөхийн өвөрмөц нэг зүйл нь түүний хувцас, өмсгөл юм. Монгол ардын тууль "Эрийн сайн хан харангуй"-д "буурын арьсан зодог, бухын арьсан шуудаг" гэж гарч буй нь эрт цагт зодог шуудгийг ямар нэг хүч тэнхээтэй гэгдэх амьтны арьс ширээр хийж байсныг гэрчилдэг. Барилдах бөхийн малгайг засуул нь авч нэр, алдрыг нь дуудахад тэрээр бүргэд, харцага, начин шонхор гэх мэт үлгэр домгийн шувуу хангарьдын нисэх хөдөлгөөнийг дүрслэн дэвсээр барилдах газраа очно.
Дэнж хотойлгон дэвэх хүчит бөхчүүдгүйгээр монгол наадмыг төсөөлөхөд бэрх. Асар майхны хээтэй адил, алаг эрээн зодог шуудаг өмссөн хүчтэнгүүд наадмын зүлэг ногоон дэвжээнээ уран мэхийг уралдуулан хийж түмэн олон болоод төрт ёсны их баяр цэнгэл наадмаа хөгжөөдөг билээ.
Хурдан морь

Морь. Энэ үг монгол хүн бүрийн зүрх сэтгэлд хамгийн ойрхон байдаг үгсийн нэг. Их эзэн Чингис хаан хүлэг мориныхоо хүчээр уудам тал, уул, усыг туулж агтны туураар дэлхийг тамгалж “Монголын Эзэнт гүрэн”-ийг байгуулсан түүх бидэнд буй.
Монголчуудын хурим найр, баяр наадмыг бүрдүүлэгч нэгэн төрөл нь хурдан морины уралдаан юм. Эрт үеэс мал аж ахуй хөдөлмөрийнх нь хамгийн гол салбар болсноор үл барам, уудам талын малчны амьдралыг хүлэг морьгүйгээр сэтгэшгүй билээ. Тиймээс ч манай улс үндэстний хувьд хурдан морины уралдаан маш эртний үүсэлтэй нь маргаангүй.
Хүлэг морьдын дотроос хамгийн хурданыг нь сонгон авч олон хоногийн өмнөөс хоол ундыг нь тохируулан сойж, өдөр тутам давхиулан сорьж бэлтгээд нас, насаар нь ялган газрын хол ойрыг тохируулан уралдуулдаг. Тухайлбал их насны морьдыг барагцаалбал 22-28 км, соёолон болон азаргыг 20 км, хязааланг 18 км, шүдлэнг 15 км, даагыг 10 км орчим газраас засаж бэлтгээгүй хээрийн замаар уралдуулна. Хурдан морь унах хүүхэд хөдөлгөөнд саад болохгүй, халууцахад бие барихгүй, давхихад салхи хөөрөгдөхгүй, биед тохирсон, хөнгөн авсаархан, тод өнгийн хувцас өмсөнө. Сүүлийн жилүүдэд мориноос унаж, бэртэхээс хамгаалсан хувцас хэрэглэл өмсдөг болсон билээ. Тохой зандан ташуурынхаа сурыг нь алдартал морио ороолгох жаахан хүүхдүүдийг наадамчин олон өхөөрдөж, сэргэлэн авхаалтайг нь магтан ярилцана.
Гарааны зурхайгаас хүлэг морьд эргэх агшныг бахдан биширдэггүй хүн гэж үгүй. Хүүхдийн гийнгоон дуу хөндий дүүрэн уянгалж, алтан тууртнуудын тоос тэнгэр газрыг хээлэн зурахад хүн бүрийн сэтгэл хөвсөлзөж, эрийн гурван наадмын нэг худран морины уралдааныг бахдан биширч, омогшил төрнө.
 
Мэргэн харваа

Энэхүү тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, ан авлаж, их олз олсны дараах бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.
“Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 метр орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг” тухай ном сударт олонтаа өгүүлэгдсэн нь бий.
XIII зууны үед гэр бүрт морин хуураас гадна нум сум байсан. Эр хүн бүр нумтай байхаас гадна эмэгтэй хүн ч гэсэн харвадаг байжээ. Монгол цэргийн түүхэнд хамгийн хол харвасан хүн бол Чингис хааны ач хүү Есүнгэний харвасан 330 алд газар бөгөөд ойролцоогоор 520 метр юм.
Домог үлгэрүүдээс харахад л сурын харваа нь үндэстэн оршиж эхлэхэд хамт буй болсон мэт сэтгэгдэл төрүүлдэг.
 
Төгсгөлд өгүүлэх нэгэн зүйл

Онгоцны суунагласан цагаан утаа сумын төвийн тэнгэрт уртаас урт үүл зурчихаад хойд зүг одов. Онгоц хаана буухыг нь харах гэж саарал халзан мориндоо ташуур өгөн дагаад давхичихав. Даанч удсангүй урт цагаан утаа сарнин замхарч, харин онгоц харах хүсэл минь улам ихээр дүрэлзэн асна.
Уг нь би чинь уяа морио хөлсөлж явсан хүүхэд. Нөгөөдөр наадам болох гэж байтал сойж байсан морьтойгоо онгоцны утаа дагаад хэдэн арван километр давхичихсан байдаг. Аажуухан цогиулсаар эргэн иртэл аав минь намайг өргөн буулгаж, мориныхоо хөлсийг зугуухан хусах зуураа “Миний хүү арай л ширүүдүүлчихжээ. Хүч нь тогтсон байсан юмсан. За яахав болох биз ээ” гэж байна. Онгоцны утаа тэнгэрийн салхинд задрах шиг гүн гүнзгий санаа алдсанаа аав минь “Морио нэг их гишгүүлээд яахав, хөлсийг нь хатахаар уячихаарай” гэж хэлчихээд хойд овоо руу алхав.
Түүнээс хойшхи хоёр өдөр нүд ирэмхийн зуурт өнгөрлөө. Уг нь наадам дөхөөд ирэхээр цаг явж өгөхгүй хором, минут бүр яст мэлхий шиг мөлхдөгсөн. Гэтэл мориндоо буруу ажил хийчихсэн, дотроо бөөн гэмшил тээсэн бяцхан хүү надад тийн санагдсан хэрэг. Аав минь харин урьдынхаараа инээмсэглээд л явж буйг нь харах жаахан ч гэсэн тайтгарал байв.
“Суусрын гүйдэл салхин шанхаар наадан сэвэлзсэнээс
Суурь хөлгөн асрын шашир цацаг дэрвээ юу
Сумын наадмын дэвжээг өдөржин тойрох морьтноос
Суран жолоо атгасан өнгийн цэцэг ургаа юу” гэсэн мөрүүдээс өдгөө олон жилийн өмнөх манай сумын наадам нэвт, шувт үнэртэнэ. Салхин сэвэлзэхүй дор асарт өлгөөтэй туг шархийн дуугарах нь иссэн айраг хөхүүрт шуугихтай адилхан ч сонсогдох шиг... Магадгүй би адилхан гэж бодсоноос л тийн санагдсан байх.
Түмэн адуу дүүрэн бэлчээрлэсэн Хөхүүрийн номин талын элгэн хүрэн уулсын орой руу нар явгалан мандана. Аавтайгаа адуу манана гээд байсан сүрхий эр хүн гуай нам унтчихжээ. Сэрээд харвал ээж минь арц уугисан сангийн бойпор бариад уяаны дэргэд суугаа аавын зүг явж харагдана. Эхлээд тэд арцаар морьдынхоо амгай зуузай, цулбуурыг нь хүртэл ариутган утаж, уяагаа гурав тойрчихоод дараа нь намайг болон, эмээл, сураар сүлжиж хийсэн ташуурыг минь утдаг юм. Манайх тэр жил азарга уяагүй учир ээж, аавтайгаа наадамлахаар мордов.
Монгол наадам олон зуун мянган жилийн уламжлалтай гэдэгт би бүр балчир байхаасаа итгэсээр ирсэн. Сумын баруун талыг хээлэн урсах Бүрдийн голын хөвөө даган өөр өөр аймаг, сумдаас ирсэн наадамчид буудаллажээ. Туг барьсан морьтон гарааны зурхай руу морьд гаргаж өгөхөөр наадмын талбай тойрон давхиулахад дэлхий амгалан болдог биз ээ. Миний морь өнөөдөр яах бол, би буруу ажил хийчихсэн юм чинь айраг амсаж чадахгүй болов уу гэсэн бодол гэнэтхэн зурсхийв. Яг тэр үед манай бригадын уяач залуу аавтай ирж мэндлээд “Ахын уяагаар ороод гарлаа. Саарал халзан морь хэцээ доош татаад, дөрвөн хөлөө нугалаад хэвтчихсэн байхаар нь цулбуурыг нь уртасгаад уячихсан шүү” гэснээ “Сайхан буян юм аа, ир нь орчихсон шиг санагдсан. Энэ жил ч ах, их насны түрүү магнай алдахгүй шинжтэй” гэв. Би ч дотроо баярласан гэж жигтэйхэн. Харин аав минь “Дээлтэй бүхэн барилдаад начин болдоггүй, дэлтэй бүхэн уралдаад айраг амсдаггүй” гэх нь тэр. Дотроос минь өгсөж явсан хачин их хөөр баярыг аавын үг номхотгож орхив.
Зүг зүгийн улс гүрэнд гайхуулан, зүлэг ногоон дэвжээгээ хотойлгох миний монгол наадам. Тожил хийцийн мөнгөн чимэгтэй эмээл, товруу мөнгөн хазаартай ганган алаг морьд наадмын торгон ногоон дэнж дээр толгой хаялан дүүхэлзэнэ. Гуталчин Д.Батчулуун ахынхаа хийж өгсөн цагаан ултай, шинэхэн монгол гутлыг өмсч, ээжийнхээ оёсон хөх даалимбан дээлээр гангарч өндөр шарга мориныхоо жороо гишгэгдэлд хийморь сэргэсэн би бээр аав, ээж, эгч гурвынхаа дунд ороод л наадмын талбайг гоёж явна.
Нөөлгийн  толгойн цаад хормойд тоос босч, бараан тоос тэнгэр газрыг хээлэн нэхнэ. Сүргийн манлай ирж буй нь тэр ээ. Төд удалгүй унаач хүүхдүүдийн гийнгоон дуу цангинаж, тэр нь “азарга ирлээ” гэж хашгиралдан, үймж шуугисан түмний дуу, чимээнээс давж сонсогдоно. Түрүүлж, айрагдсан хүүхдүүд, уяачдын хөл нь газар хүрэхгүй баярлаж, аргамаг хүлгүүдийнх нь тухай домог мэт яриа сумын төвөөр нэг тархдагсан. “Манай сум азарганыхаа түрүүг алдсангүй ээ. Төмөрийн халиун ч аргагүй хурдан аргамаг даа. Таван азаргаар тэлж уралдаад байхад л гүйцэгдэхгүй байсан гээд бод” гэж ирээд хүмүүс ам дамжин хөөрөлдөнө.
Их нас мордох боллоо. Аав минь тугтай машинд сууж морь дагах болов. Намайг гарааны зурхай руу явахад нэг ч зөвлөгөө өгсөнгүй. Уяач бүхэн л унаачдаа “Мориныхоо амыг сайн барьж яваарай, салхин талд нь гарч уралдаарай” гэх мэт олон зүйлсийг захиж зөвлөнө. Харин аав минь “Миний хүү өөрөө мэдээд уралдана биз дээ” гэнэ.
Борооны өмнөх тэнгэр шиг зүстэй, загалтай саарал халзан морь. Адуу адуунаас онцгойлж, аав минь хүүдээ унага байхад нь зүсэлж өгсөнсөн. Өнөөдөр бид хоёр уралдах гэж байна. Гийнгоон дуунд салхи татуулан хурдлах цаг ийн иржээ. Манай сумынхны морьд хэрхэн будлиангүй эргэж, сайхан наадаж буйг бусад сумынхан гайхдаг юм. Аргагүй шүү дээ. Ямар ч олс, шидмэс барилгүйгээр 100 гаран хүлгийг ганцхан хүн ярайтал эгнүүлэн зогсооно гэдэг амаргүй. Гэтэл хүүхэд бүр тушаал авсан цэрэг шиг морьтойгоо цуг нэг эгнээнд зогсоно. Тэнгэрийн үүлс хүртэл эгнэх шиг санагддагсан.
Морьд эргэлээ. Миний урд 90 гаруй алтан тууртнууд барианы газар өөд зуузай холбон довтолгоно. Харин би сүүлээсээ гуравт. “За яахав дээ, дэлтэй бүхэн уралдаж айраг амсдаггүй гэж аав хэлсэн дээ” гэсэн шүү юм бодож явлаа. Ташуур өгөөд үзтэл морь минь хурд нэмэн цойлж урдаа байгаа бөөн морьдын хажуугаар зогсоо юм шиг дайран өнгөрөв. Салхин талд нь гарч ташуураа эргүүлэн, гийнгоо хадаав. Хүлэг минь хоёр чихээ солбин, морьдыг бөөн бөөнөөр нь дайрч, дэргэдүүр нь өнгөрөх даанч сайхан...
Барианы газар ойртжээ. Би хоёрт явж байв. Уг нь өөрийгөө түрүүлчихлээ гэж бодтол урд минь жаахан охин унасан буурал морь километр гаруй тасарч явлаа. Надад хор шар байдаггүй юм шигээ. За ингээд хоёрт л орж дээ гэсэн бодол тээж явав. Тэр морь Нөөлгийн толгойн наад энгэрт хурдалж явсан бөгөөд цааш хэдхэн харайгаад л барианд орчих газар. Тэр үед би хэрхэн гүйцэж очсоноо мэддэггүй юм. Нэг л мэдэхэд буурал морьтой зуузай холбож явав. Тугтай машины цонхоор аав минь толгойгоо гарган “Гараараа балбаад өг” хэмээн хашгирав. Юу билээ хэмээн гайхан харвал би ташуураа гээж орхижээ. Өөрөө ч үүнийгээ мэдэлгүй хоосон гараа савчиж явснаа ойлгов. Одоо бодоход их л жаахан байж дээ.
Наадамчин олны гуугалах, “Ороолгоод өг” гэх дуун сонстоно. Мориныхоо хондлой рүү гараараа балбаж явахдаа ээжийг олж харав. “Гуядаарай, миний хүү! Гуядаарай миний хүү!” гээд л ээж минь өндөр хул морин дээрээ тогтож ядан байна. Төд удалгүй ташуураа хаячихсан намайг хараад наадамчид ихээр өрөвдсөн басхүү өхөөрдсөн болов уу. Бүгд л миний моринд хүч нэмэх гэсэн мэт чангаар гуугалцгааж гарав. Зурхайнд гишгэхийн дөнгөж өмнөхөн буурал морины дэргэдүүр нисэх мэт хурдлан орлоо. Цээжинд баяр хөөр бялхавч өөрийгөө ихээр зэмлэн ээжийн байсан зүг шогшив. Аав гүйн ирж “Миний муу шар хүү тэнгэрийн ташуур атгасан хийморьлог эр дээ” гэх нь тэр. Чөдөрөө хаячихаад ирэхэд минь хатуухан зэмлээд авдаг аав минь хамгийн чухал мөчид ташуураа гээж орхисон намайг огтхон ч зэмлэсэнгүй. “Тэнгэрийн ташуур” гэх үгсийг нь даанч ойлгох ухаангүй муу хүүгээ эцэг минь хүн шиг хүн болгожээ. Хэзээд нь зэмлэж, хэзээд нь зандрахаа аав минь мэддэг байсан юм.
Аав мориныхоо хөлсийг хусч, ах гишгүүлэхээр голын зөөлөн нуга тийш хөтлөн одов. Хүн бүхэн аав бид хоёрт баяр хүргэнэ. Өглөө “Морь хурдан, уяа эвлэг үү” гэсэн үгийг хамгийн ихээр сонсч явсан бол одоо “Баяр хүргэе, ахын морь хурдан байна даа. Манай Хуягаа мундаг унаач юм аа” гэх үгээр бөмбөгдүүлж гарлаа. Баяр гуниг, алдах, онох хосолсон тэр жилийн наадам сэтгэлээс минь огт гардаггүй юм.  Би чинь түрүүлчихсэн шүү дээ, “Балдоржийн саарал халзан, баяр наадмын түрүү магнай” гээд л цоллуулна гэж бодохоос балчир хүүгийн сэтгэл тэнгэрт дүүлж явлаа. Хүний бага нас шиг гэгээн сайхан мөчүүдийг хэн ч бүтээж чадахгүй, тийм гэрэлт өдрүүд дахин ирэхгүй юм даа.
Энэ жилийн Улсын Их баяр наадам болоход хэдхэн хоног үлджээ. Бага нас аав хоёр минь дахин ирэхгүйгээр холын холд нисэн одож. Ах минь харин аавын уяаг эзгүйрүүлэхгүй гэсэндээ аргамаг хүлгүүдийг нь сойж байгаа сурагтай. Харин адуунд дуртай, номд дуртай хүү нь зүүдлэхээс өөрийг хийж хүчрэлгүй их хотод наадам хүлээж сууна. Эргэж ирэхгүй бүхнийгээ санан дурсах бүрийд хотын дээгүүр шунгинан өнгөрөх онгоцны ард үлдсэн урт цагаан утаа сэтгэлд гуниг юүлнэ.
 
Б.Алтанхуяг