http://www.zoofirma.ru/

Монголчуудын дунд тоглож асан мөсний шагайн наадгайн талаарх түүхэн баримтын хамгийн эртний мэдээ “Монголын нууц товчоон”-д дурдагдсан нь бий. Тэрхүү баримтад өгүүлэхдээ Тэмүжин, Жамуха хоёр балчир бага насандаа Онон мөрний мөсөн дээр тоглож байсан тухай мэдээгээр гардаг. Өгүүлэн буй мэдээнд “...Тэмүжин арван нэгэн настай байхад Жамуха гурын шагай Тэмүжинд өгч, Тэмүжин нүхт шагай арилжиж анд бололцож, анд хэмээлдээд Ононы мөсөнд шагалцахуйх тэнд анд болцгоов ( Цэрэнсодном 2000) гэж дурдагдсан байна. Үүнээс үзэхэд Монголчуудын дунд мөсний шагайн наадаан 12-р зууны сүүл үед бүрэн тархсан байсан нь хоёр хүүхдийн тоглож байсан мэдээнээс харагдаж байна. Өгүүлэн буй мэдээнд мөсөн дээр тоглож асан шагайн тоглоомын үндсэн хэрэглэлийг мал, амьтны шагайгаар хийж байсан мэдэгдэнэ.

“Хожмоо Монголын засаг захиргааны бүтэц зохион байгуулалт аймаг хошууны тогтолцоонд шилжсэний дараа Сайн ноён хан аймгийн Зая гэгээн хутагтын хүрээнд тоглож байсан уламжлалтай байсан тухай нутгийн уугуул ардын дунд ам дамжигдан, тээгдэж ирсэн мэдээ багагүй таардаг. Түүний уламжлал Монгол улсын баруун хагас, Архангай аймагт багагүй хадгалагдсан бөгөөд энэ нь мөсний шагайн наадааны түүхэн уламжлалтай, цаг уур, газарзүйн нөхцөл байдлаас шалтгаалсан сонирхолтой тоглоом юм. Мөсний шагайн наадааны талаарх тусгайлсан судалгааны бүтээл, судалгааны эргэлтэд оруулсан бүтээлүүд төдий л их биш байна. “Мөсний шагайн наадааныг түүхэн хөгжлийнхөө хугацаанд “шагалцах”, “мөсөн шагай”, “өрөг харвах” гэж хэмээн тус тус нэрлэж байжээ. Мөсний шагайг тоглоход бод, богийн 4 ширхэг шагай, атгасан гарын хэртэй хушга, сум, онооны тооцоог тэмдэглэх үнсэн самбар зэргийг хэрэглэдэг байжээ. Хушгыг үхрийн засааны арьсыг хөндий хатааж хийдэг байсан нь орчин үед түүнийг хатуу цаас, материалыг бөөрөнхий хэлбэрт оруулан орлуулах болжээ. Сум буюу “захыг” эрт үедээ аргал угалзны ясан эвэр, эсвэл гуулиар цутгаж хийдэг байв (Бадамхатан, Цэрэнханд 2012) Орчин үед яс хэрэглэхээсээ илүү тугалга юм уу, ган, гуулиар гадна талыг нь бүрж хийсэн, хоёр талдаа ховилтой, дотроо хөндий, жижиг тугалга хийж дотор нь гүйж болохуйц, ойролцоогоор 120 орчим грамм жинтэй сум байна.