http://www.zoofirma.ru/

 

Эрийн гурван наадмын нэгэн төрөл нь сурын харваа бөгөөд эртний уламжлалтай юм. Энэ тэмцээн нь нум сумаа улам боловсронгуй болгон аль болох хол зайд цэцэн мэргэн онох харваачийн эрдэм чадварыг дээшлүүлж, ан гөрөөнд их олз олохыг эрмэлзэх, мөн агнуурын олзыг ёслон тэмдэглэх зан үйлийн ёслол, агнуурын бүжиг наадмын үед цэцэн мэргэн харваачдаа нум сум харвуулан цэнгэх заншлаас үүссэн байна.

 

Сур харвааны хамгийн эртний хэлбэр нь аль болох хол зайд бай шавыг цэцэн мэргэн оноход чиглэгдсэн зэв нүүлгэх тэмцээн юм. Зэв нүүлгэх хэмээн нэрлэсний учир нь болцуут сум арай хожуу үүссэн учраас эрт үед зэвт сум ихэвчлэн хэрэглэдэг байсантай холбоотой юм.

Энэ тэмцээнийг оролцогсдын тоог харгалзахгүйгээр явуулахдаа хэн хэчнээн сумыг хол харвасныг харгалзан шалгаруулдаг байжээ. Онон голын орчим Нэрч гэдэг газраас олдсон Чингисийн чулууны бичигт - Буха сочихай гэдэг газар Хамаг Монгол Улсын ард олон хуран цэнгэх үед Чингисийн ач хүү Есүнхэ гучин таван алд газар сум харвасан тухай өгүүлсэн нь зэв нүүлгэх наадам тэмцээний хамгийн хол зайг харвасан амжилтыг тэмдэглэсэн баримт байв. Өнгөрсөн зууны шувтарга үед Монголын дорнод нутгийн харваачид өөрсдийн явуулдаг нэгэн зүйл тэмцээнээ зэв нүүлгэх гэж нэрлэдэг байжээ.
Нум сумын харвуул тэмцээн нь олон зууныг дамжин уламжлагдахдаа арьсан бөмбөгийг модонд цувруулан өлгөөд морины эрч хурдаар давхих зуур бөмбөг бүрийг алдалгүй онох журамтай бөмбөг намнах, хонины арьс, үхрийн шир модонд тэлж татаад дөчин нумын газраас эр нэг бүрийг хорин сум цуваа харвуулан оноог тооцон шалгаруулдаг сарампай харвах, хонины найман нэхийг зүүж голд нь хүний дүрс зураад дөрвөлжин модонд тэлж татан "дайсан" хэмээн нэрлэж дов толгойн ар, гуу жалга зэрэг далд бөгөөд дөчин алд газраас хорин сум харваж илүү оносон нь түрүүлдэг "далдын дайсан" харвах зэрэг хэлбэрээр их түгэн дэлгэрсэн байв.

Сур харвах газрын зай нь 45 нумын буюу 75-80 м орчим газар бөгөөд нарийн зүссэн сураар сүлжиж хийсэн бортого хэлбэрийн байнуудыг хана, хасаа гэсэн хоёр янзаар үелүүлэн өрөөд болцуут сумаар хоёр тал ээлжлэн харваж цэцэн мэргэнээ сорилцоно. Ингэхдээ хүн нэг бүрийн цуваа байдлаар, эсвэл багийн гэсэн хоёр хэлбэрээр зохих журмыг баримтлан тодорхой тооны сум харвадаг ажээ.

Нум сум харвах тэмцээний үед тусгайлан аман зохиол хэлдэг тухай мэдээ баримт одоогоор үгүй. Гэхдээ туульд баатар эр нум сум харвахдаа шившлэгийн тусгай үг хэлдэг тухай түгээмэл дурдсан байдаг. Мөн орчин үеийн сур харвах наадмын үед уухайлдаг ёс бий. Энэ нь сур харвахад урьж уриалсан уухай, байгаа оносон баярын уухай, угтан авсан самбарын уухай гэж гурван янзын аялгуутай бөгөөд эдгээрийг нэгэн удаад гурав гурван удаа эгшиглүүлдэг байна. Сурын харваанд шалгарсан хүмүүст мэргэн цол чимэг олгодог байв. Тухайлбал наадамд сур сайн харвасан хүмүүст маш гайхамшигт мэргэн, хичээнгүй зоригт мэргэн, улам нэмэх хурц мэргэн, нягт идэр хурц мэргэн, өрнөн дэлгэрэх идэр мэргэн, чин итгэлт хэтэрхий мэргэн зэрэг цолыг олгож байжээ. Өнөө үед сурчдын амжилтыг өөгшүүлсэн шинэ цол олгодог журамтай болсон байна.