http://www.zoofirma.ru/

Монголчууд архи дарсыг идээний дээж хэмээн хүндэтгэн хэрэглэдэг уламжлалтай байсан. Харин эдүгээ хэн хүнгүй бор дарсанд шунан дурлах болсноос бүхий л муу муухай үүдэх болсон Тиймээс энэ цагт доор өгүүлэх сургаал үгс хэн хүнд ихийг бодуулах буй за. Юутай ч Монголын цээрлэх ёсонд архитай холбоотой ямар цээр байдгийг цухас боловч өгүүлэх доорх зүйлсийг сургамж болгон хүргэж байна.


-Архи дарс өргөн барих, хүртэхдээ хэн хэн нь ханцуй шамлах буюу хормой шуух, эс бөгөөс энгэр заам сул задгай байхыг цээрлэнэ. Хувцас хунар, малгайгаа тэгш байлгах нь ёс төрийн их идээг хүндэлж буй илтгэнэ.
-Архи анхлан барихдаа зочны өмнө шууд тавихыг цээрлэнэ, архи барьж буй хүн заавал баруун гараараа барьж зүүн гарын алгаа дэлгэн дээш харуулан барих нь хүндэтгэлийн ёс.
-Архи дарсыг амсаж уусны дараа гашуун нясуун, хатуу догшин хэмээн хэлэхийг цээрлэнэ. Идээний дээж хэмээн хүндэтгэхийн учир тэр бөлгөө,
-Архи дарсыг зоргоороо шунан уух, ухаан санаагаа баларттал хэрэглэхийг цээрлэнэ Монголчууд «Дөч хүрээд дөнгөж амс, тавь хүрээд тавьж зоогло, жар хүрээд жаргал болго» гэх буюу «Архинд донтвол амьдын тамд унана» хэмээн сургаж алив найр наадам, цэнгэлд гурван хундагаас хэгрүүлэхийг цээрлэдэг байжээ.
-Архийг зогсоогоор амсах буюу уухыг цээрлэнэ. Ёс төрийг эрхэмлэж заавал сууж амсах буюу ууна.
-Архиар хүн шахах, албадан уулгахыг цээрлэнэ. Зөрчвөөс хүндэтгэлийн идээг хүндгүй болгоно. Зочин буюу анд нөхрөө дээрэлхэн доромжилсноос ялгаагүйд тооцно.
-Архи дарс хүүхэд багачуудад амсуулах, уулгахыг цээрлэнэ. Зөрчвөөс ухаан мунхаг болно, өвчин олно гэнэ.
-Архи дарсыг ахмад настан, аав ээж, ахас дээдсийн дэргэд уухыг цээрлэнэ. Хүндтэй идээг хүндлэх учиртай хүмүүсийн дэргэд ууваас ёс алдана, цадиггүй, эх захгүй гэгдэнэ.
Х.НЯМБУУ, Ц.НАЦАГДОРЖ
МОНГОЛЧУУДЫН ЦЭЭРЛЭХ ЁСНЫ ХУРААНГУЙ ТОЛИОС