Уншиж байна...

   Ховд аймгийн Манхан, Булган сумын нутагт Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийнхэн 2008-2010 онуудад хайгуул, судалгааны ажил хийж, малтлага явуулжээ. Малтлагын явцад VII-XIV зууны үеийн нүүдэлчдэд холбогдох маш ховор хадны оршуулгын дурсгал илрүүлсэн байна. Гэвч оршуулгаас гар-сан олдворуудыг тус хүрээлэн нь сэргээн засварлах нэрээр Соёлын өвийн тухай хуулийн 20.1 зүйлийг зөрчин хил давуулчихаж. Өөрөөр хэлбэл, хил гаргах тухай ямар ч зөвшөөрөл холбогдох байгууллагуудаас аваагүй, хил, гаалийн байгууллагад мэдэгдээгүй гэсэн үг.
 
    Монгол Улс дахь ХБНГУ-ын Элчин сайдын яамны дипломат ачааг ашиглан хил нэвтрүүлснийг хууль, бус, хулгайн арга гэж үзэхээс өөр аргагүй. Түүнчлэн дипломат албаны ачаанд шургалуулан Монгол Улсаас ХБНГУ-д хүргэхдээ ямар ч гэрээ, контракт үйлдээгүй аж. Өөрөөр хэлбэл, Монголын хадны оршуулгаас гарсан ямар ямар олдворыг Германы талд хүлээлгэн өгөв, хүлээн авав гэдэг баримт үлдээгүй юм. Монголоос ингэж зөвшөөрөлгүй хил давж одсон олдворуудаар германчууд "Талын дайчид” нэртэй үзэсгэлэн гаргаж 2012-2013 онд Бонн, Амстердам зэрэг хотуудаар аялуулсан төдийгүй олдворуудын зургаар ‘Талын дайчид” нэртэй ном хэвлүүлжээ. Хадны оршуулгаас гарсан олдворууд ийм ном болсон гэсэн үг.
 
    Герман хэл дээрх уг номыг бүтээхдээ зүй зохисоор бол Монгол Улсын Засгийн газрын 23 дугаар тогтоолын дагуу манай улсаас зөвшөөрөл авах ёстой. Соёлын хосгүй үнэт өв, дурсгалаар ном хийх, хувилан олшруулж худалдан эдийн засгийн эргэлтэд оруулах бол заавал зөвшөөрөл авах талаар уг тогтоолд заасан байдаг. Ном хийж, үзэсгэлэн гаргасан нь яахав гэхэд дипломат ачаанд нууж, хулгайгаар хил гаргасан олдворууд бүгд бүрэн эргэж ирэх үү гэдэг хамгийн гол асуудал. Олдворууд дотор маш ховор, нандин дурсгал зөндөө бий. Тухайлбал, чанарын хувьд маш сайн хадгалагдсан, унаган дүр байдал, өнгө зүсээ 1500 жилийн турш алдаагүй эртний Монголын морьтон баатар эрсийн зэвсэг хэрэглэл, түүний дотор нум сум болон сумны хоромсог саадаг бий.
 
     Үүнээс гадна морин толгойтой чавхдаст хөгжмийн зэмсэг гэхэд л Монголд төдийгүй нийт нүүдэлчдийн ертөнцөд одоогоор цор ганц байгаа хосгүй дурсгал бөгөөд дээр нь сийлмэл зураг дүрс, эртний руни /түрэг/ бичиг байгаа нь Монголын хөгжмийн урлагын уламжлалаар тогтохгүй хүн төрөлхтний хөгжмийн соёлын түүхэнд тэмдэглэгдэх, шинжлэх ухааны шинэ нээлт, судлагдахуун болохоор хосгүй дурсгал аж. Энэхүү ховор дурсгалын дөрвөн талаас нь авсан гэрэл зургийг "Талын дайчид” номын 260-261 дэх хуудсуудад нийтэлсэн байна. Хадны оршуулгаас гарсан нийт 98 орчим нэр бүхий ховор нандин дурсгалыг Монгол Улсын хууль зөрчин, хулгайгаар хил гаргасан холбогдох баримтуудыг урдчилсан байдлаар цагдаагийнхан тогтоон, энэ үйлдэлд буруутай байж болох этгээдүүдэд Эрүүгийн хуулийн 175.2-т зааснаар буюу археологийн ба палеонтологийн олдвор, эд өлгийн зүйлсийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэдэг үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
 
    Дашрамд дурдахад, хадны оршуулга гэдэг нь хадны нөмөр, хөнөг, чийг орохгүй, хуурай орчинд үйлдсэн эртний оршуулгын нэгэн хэлбэр. Хадгалалтын нэн таатай ийм орчинд органик эдлэлүүд, түүний дотор мод, арьс шир, үс ноос, эсгий, нэхмэл, торго дурдан зэрэг нь онцгой сайн хадгалагдаж бидний үед эрт цагийнхаа түүхийг хүүрнэхээр хүрч ирсэн байдаг. Харамсалтай нь археологийн олдвор хэлбэрээр газар эхийн хэвлийд нуугдаж ирсэн хосгүй үнэт ийм дурсгалуудаа манайхан хэнэг ч үгүй, ямар ч баримтгүйгээр, гэрээ үйлдэлгүйгээр харь оронд найр тавиуд өгчихдөг нь гол харлуулам. Археологийн дурсгал тухайн улс, ард түмний үндэсний тусгаар тогтнолын баталгаа байдаг. Үүнийг дэлхийн ард түмэн ойлгодог учраас археологийн судалгаанд онцгой ач холбогдол өгдөг. Манайхан ийм дурсгалуудаа олж авч байгаа нь сайн хэрэг ч харь оронд найр тавиад өгчихдөг нь үнэхээр таагүй хэрэг. Өгч болох ч буцаан авах баримт сэлт үлдээж, ил тод хийж болмоор доо. VII-XIV зууны үеийн нүүдэлчдэд холбогдох хадны оршуулгын дурсгалаас гарсан олдворуудыг ийнхүү хууль бусаар хил гаргасныг сүүлд Соёл, спорт аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэл мэдэж, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Г.Тийдеманнтай энэ оны аравдугаар сарын 21-нд уулзаж байжээ.
 
     Тэдний уулзаж ярилцсан тэмдэглэлд, ховор олдворуудыг хууль бусаар хил гаргасан учрыг сайд Ц.Оюунгэрэл ноён Элчин сайдаас асуухад Элчин сайд Монголоос Д.Цэвээндорж, Ц.Төрбат, Д.Батсүх нарын хүмүүс өгсөн тухай ярьсан байгаа юм. Элчин сайдын ярианд нэр дурдагдсан хүмүүс нь ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж, тус хүрээлэнгийн секторын эрхлэгч Ц.Төрбат, эрдэм шинжилгээний ажилтан Д.Батсүх нар гэсэн. Нэр бүхий хүмүүс улсдаа мэдэгдэлгүйгээр, хил гаальд тэмдэглүүлэхгүйгээр ховор олдворуудыг хил гаргасныг сайд Ц.Оюунгэрэл мэдсэн хэрнээ хууль хяналтынханд мэдэгдэж, буруутай байж болох этгээдүүдийг шалгуулах, олдворыг буцааж авчрахаар ажиллах үүрэгтэй ч нуун дарагдуулжээ. Сайд хүн улсынхаа тусгаар тогтнолтой холбоотой ноцтой асуудлыг нуун дарагдуулсан ч цагдаагийнхан энэ тухай мэдэж, шалгаж буй нь сайн хэрэг. Түүх соёлоо хамгаалахад хамтарч ажиллахгүй байна гэдэг нь байж болохгүй зүйл учир Ц.Оюунгэрэл сайдын энэ үйлдлийн тухай дурдаж буй билээ. Цагдаагийнхны олж тогтоосноор 2008-2010 онуудад буюу “Монгол алтайн түүх археологийн дурсгалууд-2” төсөл хэрэгжих үед ийм хууль бус үйлдэл гарчээ.
 
     Дээрх төслийнхөн олдворуудыг Археологийн хүрээлэнд авчраад тэндээ байлгаж байгаад, Археологийн төв дээр Жан Бемман гэдэг герман хүнд эрдэм шинжилгээний ажилтан Д.Батсүх өгчээ. Гэхдээ энэ хоёр хүн хүлээлгэж өгсөн, хүлээн авсан гэж аль аль нь гарын үсгээ зурж баталгаажуулаагүй. Хүлээлгэн өгсөн баримт үйлдээгүй. Зөвхөн олдворуудыг англиар нэрлэсэн жагсаалт үндэслэсэн аж. Олдворын нэрийг англиар бичсэн учраас ямар ямар олдвор гэдэг нь маш тодорхойгүй, дундаас нь өөр зүйлээр орлуулах, авч үлдэх нөхцөл бүрдсэн гэсэн үг гэж хардаж буйгаа хуулийнхан хэлж буй юм. Жан Бемман гэгч энэ хүн сүүлд “Тамын дайчид” номыг эмхтгэсэн хүмүүсийн нэг болж нэр нь орсон. Жан Бемман Германы Элчин сайдын яаманд олдворуудыг аваачаад, дипломат ачаагаар хил гаргасныг цагдаагийнхан мөн тогтоожээ. Хосгүй үнэт олдворууд одоо Германд байгаа бөгөөд тус улсаас авчирч өгнө гэдгээ мэдэгджээ. Гэхдээ хэдэн олдвор гаргасныг мэдэхгүй, бүртгэл байхгүй болохоор бүрэн гүйцэд ирнэ гэдэг нь бүрхэг. Дипломат ачаагаар гарсан учир хил, гаальд ямар ч мэдээлэл байхгүйгээс яаж тулгаж авах нь ч тодорхойгүй. Үүнээс гадна ‘Талын дайчид”-ыг дипломат ачаанд шургалуулж, хулгайгаар гаргасны учир юу вэ гэдэг их л сонин. Цагдаагийнхан энэ бүхнийг шалган тогтоох биз ээ.
 
 
Ц.Эрдэнэцэцэг
 

Бусад мэдээ

Feb 14, 2024 552

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/