Эрх мэдлээ улам бататгахын төлөө БНХАУ-ын Коммунист нам хүмүүсийн шашин шүтлэгт онцгой анхаарал хандуулах болсон билээ.
________________________________________
ХЭЗЭЭНЭЭС ЭХЭЛСЭН БЭ?
Ши Жиньпин 2013 онд ажилдаа орсноос хойш ард түмний шашин шүтлэгт онцгой анхаарал хандуулж эхлэв. Хамгийн түрүүнд Шинжаан-Уйгурын исламын шашинт үндэсний цөөнхийг онилж, сүм хийдүүдийг нь нураан, одоог хүртэл ойролцоогоор нэг сая гаруй уйгурчуудыг албадан хорьсон нь өдгөө олон улсын хүний эрхийн төлөө тэмцэгчдийн анхаарлыг ихээр татаж буй.



Хятадын коммунист намын шашны эсрэг дайн зөвхөн Исламын шашнаар дууссангүй. Эрх баригчид коронавирус цар тахлын айдас, үймээнийг ашиглан Христийн шашны эсрэг үйл ажиллагаагаа эрс эрчимжүүлсэн байна. Үүнээс үзэхэд Коммунист нам гадаад улсаас гаралтай христ, ислам гэх мэт шашнуудыг ноёрхолд нь аюултай гэж үздэг бололтой. Тиймээс Ши Жиньпин шашнуудыг “нэгтгэх” ажил эхлүүлж, ислам, христ, буддын шашны тэргүүлэгчдийг номлол сургаалдаа БНХАУ-ын коммунист үзэл суртал оруулахыг тушаажээ.
Коммунист нам ард иргэдийг “Эх орноо шашин шигээ хайрладаг” болгохыг хүсч байгаа хэмээн гадаад үндэсний цөөнх, шашны бүлэглэлүүдийн хэрэг хариуцсан байгууллагын дарга Юү Чуан ярьжээ. Энэхүү “нэгтгэх” ажлын үр дүнд хэдэн мянган сүм, хийд нурж, үлдсэн цөөхөн нь орой дээрээ БНХАУ-ын далбаа хийсгэхээс өөр аргагүй болсон байна.
БНХАУ ДАХЬ ХРИСТИЙН ШАШИН
Хэдэн арван жилийн турш БНХАУ-ын католик, протестант шашинтнууд Бээжингийн сонгож, зааж өгсөн, төрийн шууд хараат сүмүүдэд явсаар иржээ. Гэвч ийнхүү Бээжингийн үзэл суртал нэвт шингэсэн сүмд явахыг хүсээгүй хүмүүс нууц сүмүүдэд харьяалагдах тохиолдол маш олон болсон аж. Тухайлбал, БНХАУ-ын 12 сая гаруй католик шашинтнуудын бараг тэн хагас нь Ватиканы нууц сүмд үнэнчээр явдаг байжээ.
БНХАУ энэ үйл явдлыг арилгахын тулд 2018 онд Ватикантай гэрээ хийн, сүмийн удирдагчдыг Бээжин томилох эрхтэй болсон юм. Чухам тэрхүү гэрээгээр олж авсан эрхээ ашиглан коммунист нам үйл ажиллагаа явуулж буй сүмүүдийн тал хувийнх нь удирдагчдыг сольж, үлдсэнд нь коммунист намын үзэл суртал номлохыг тушааж, түүнийг нь Ватикан, пап лам нарын зөвшөөрөл хэмээн зөвтгөж, тэр байтугай гэгээн Маригийн хөргүүдийг Ши Жиньпиний хөргөөр сольсон байна.
БНХАУ ДАХЬ ПРОТЕСТАНТ ШАШИН
Протестант шашин БНХАУ-д маш хурдан тархсан нь Ши Жиньпиний санааг асар ихээр зовоосон бололтой. Тухайлбал, Бээжингийн сонгож, томилсон сүмд гэхэд гурван бие даасан урсгалын 39 сая орчим итгэгч явдаг аж. Мөн түүнээс гадна Протестант шашны нууц сүмд дор хаяж 40 сая хүн явдаг гэх мэдээллээс үзвэл БНХАУ-ын нийт хүн амын 6 хувь буюу Коммунист намын гишүүдийн тоотой тэнцэх хэмжээний хүн протестант шашинтан болж таарч байна.
Тиймэээс Бээжин энэ асуудалд онцгой анхаарч, намын орчуулсан хятад хэл дээрх шинэ хувилбар гартал цахим номын дэлгүүрүүдэд Библи зарахыг хориглох зэрэг арга хэмжээ авсан байна. Мөн сүмийн удирдагчдыг төрөөс зохион байгуулдаг сургалтад албадан суулгаж, “Төр нь сургаж, сүм нь дагадаг” хэмээн заасан аж. Цаашлаад мянга мянган нууц сүмийн үйл ажиллагааг таслан зогсоож, үлдсэн цөөхнийх нь бэлгэ тэмдэг, загалмай, библүүдийг шатаан цэвэрлэжээ. Тэр ч байтугай сүмдэд царай таньдаг камер байрлуулж, итгэгчдийг мөрдөж, сүрдүүлж Түвдийн Буддистуудтай ижил байдалд оруулжээ.
ТҮВДЭД ЮУ БОЛОВ?
Бээжин Түвдийн тусгаар тогтнолыг үл зөвшөөрч, Буддын шашныг хэдэн арван жилийн өмнөөс эхлэн эсэргүүцэж байгаа билээ. Ялангуяа Ши Жиньпин төр барьснаас хойш түвдүүдэд чиглэсэн дарамт улам ихэссэн юм. Тухайлбал, хийдүүдийг хянах хяналт хоёр дахин нэмэгдэж, намын хэдэн арван мянган гишүүн Түвдийн хот, тосгод, хийдүүдийн ойролцоо суух болсон байна.
Улмаар 2016 оноос хойш 17 мянга гаруй лам хуврага төдийгүй гэлэнмааг хийдээс нь хөөж, АНУ-ын мэдээлснээр үргэлж зодож, нүдэн, тогонд цохиулж эрүүдэн шүүдэг хорих төвүүдэд хорьсон гэдэг. Ийнхүү Улс төрийн товчооны гишүүн Түвдийн хэргийг эрхэлж байсан Чен Куангуог 2016 онд ижил ажил хийлгэхээр Шинжаан руу томилсон байдаг. Хорих төвүүдэд хоригдсон сүсэгтнүүдээр “Бурхан гэж байхгүй, Коммунист нам л гэж бий” хэмээн хүчээр хэлүүлдэг хэмээн АНУ-д төвтэй Уйгурын хүний эрхийн төслийн тэргүүн Омер Канат ярьжээ.
ӨӨР ШАШНЫ БҮЛГҮҮД ЯАЖ БАЙГАА ВЭ?
БНХАУ-ын төв хэсэгт аж төрдөг хуй хэмээх 10 сая орчим ислам шашинтай иргэд уйгурчуудтай яг ижил байдлаар зовж байгаа аж. Тэдний сүм хийдүүдийг нураан бузарлаж, бэлгэ тэмдэг, дурсгалуудыг устган, залбирал үйлдэхийг хоригложээ. Мөн тэд тун удахгүй уйгурчуудынх шиг хорих төвүүд байгуулагдах вий хэмээх айдастай амьдарч байгаа аж. Өдгөө БНХАУ-д аюулгүй үлдэж буй ганц шашин бол Хятадад эртнээс нутагшсан уугуул буддизм болжээ. Гэсэн хэдий ч хятад буддизмыг ч гэсэн Коммунист нам тодорхой хэмжээгээр дарамталж буй аж. Тухайлбал, Кунгфү анх үүссэн гэгдэх 1500 жилийн түүхтэй Шаолиний сүмд Коммунист намын тушаалаар БНХАУ-ын төрийн далбааг 2018 оноос хойш хүчээр байрлуулжээ.
АНУ ХЭРХЭН ХҮЛЭЭН АВЧ БАЙГАА ВЭ?
Трампын засгийн газар Шинжаан дахь хүний эрхийн зөрчилтэй холбоотой олон арван компани, төрийн байгууллагад хориг тавьсан билээ. Мөн өнгөрсөн сард дээрх хоригийн дагуу Чен болон өөр гурван дээд албан тушаалтныг АНУ-д зорчих болон АНУ-ын компаниудтай хамтарч ажиллахыг хориглосон юм. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео “БНХАУ уйгурчуудын соёл, итгэл үнэмшлийг дарлаж, сөнөөж байхад АНУ зүгээр хараад суухгүй” хэмээн мэдэгдсэн удаатай. Гэвч гадаад орны дарамт БНХАУ-ын бодлогод нөлөөлж чадахгүй хэмээн БНХАУ-ын шашны шинжээч Карри Коесель үзэж байгаа аж. Тэрбээр БНХАУ шашнуудыг маш том аюул хэмээн үзэж байна хэмээн тайлбарлажээ.
ФАЛУН ГОНГ УСТГАХ НЬ

БНХАУ-ын засгийн газар дэглэмийг нь сөнөөх таван хорыг нэрлэжээ. Үүнд ардчиллыг дэмжигчид, Тайванийн үндсэрхэг үзэлтнүүд, Түвдийн эсэргүүцэгчид, Уйгурын салан тусгаарлагчид, уламжлалт сэтгэхүйг шинэ үеийн философитой хослуулсан шашны төрлийн бүлэглэл болох Фалун Гон нар орсон байна.
1992 онд Хятадын зүүн хойд нутагт бүрээчин асан Ли Хонжи Фалун Гон урсгалыг үүсгэсэн гэдэг. Итгэгчид нь Ли мастерын сургаалийг судалж, зөөлөн хөдөлгөөнтэй "дасгал" хийдэг аж. Лигийн энэ урсгалд 70 сая орчим хүн орсон нь Коммунист намыг ихээр түгшээсэн байна. Тиймээс Хятадын засгийн газраас Фалун Гонг 1999 онд хориглон, бузар сүсэг хэмээн нэрлэж, хэдэн арван мянган дэмжигчийг нь баривчилсан билээ.
Тэр ч байтугай хүний эрхийг хамгаалагчдын мэдээлдгээр мянга мянган Фалун Гон дагагчдыг хөнөөж, эрхтнийг нь донор болгосон гэдэг. Улмаар Фалун Гоны дасгалжуулагчид Хонгконг руу дүрвэж, тэндээ урсгалаа хөгжүүлж ирсэн ч шинээр батлагдсан үндэсний аюулгүй байдлын тухай хуулиас болж хоргодох газаргүй болоод байгаа аж.
эх сурвалж: THE WEEK

Бусад мэдээ

Sep 02, 2020 68

Үхэл

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/