2020 оны 8 сар 20 / 13 цаг 33 минут
Дэлхийн хамгийн алдартай 10 дурсгалт газруудыг та бүхэнд танилцуулж байна. Эдгээр хүн төрөлхтний гараар бүтээгдсэн гайхамшигт дурсгалт газрууд нь эртний шилдэг архитектурын ачаар өдийг хүртэл оршсоор, дэлхий дахинд гайхагдсаар байгаа юм.
Манай гариг дээрх зургаан тивийн долоон эх газрын гайхамшигт дурсгалт газруудыг Африк, Ази, Европ, Хойд Америк, Өмнөд Америк болон Австралиас сонголоо.


Эйфелийн цамхаг

Эйфелийн цамхаг (фр. Tour Eiffel) буюу Төмөр Хатагтай (La Dame de Fer) нь өнөөгийн Парисын хамгийн том доминант бөгөөд түүнийг зохиогч Александр Густав Эйфелийн нэрээр нэрийджээ. Уг цамхаг Сена мөрний зүүн эрэгт Марсын талбайд телевизийн антены хамт 324 метрийн өндөр хүртэл сүндэрлэнэ. 300м гаруй өндөртэй тус цамхаг нь 1930 оныг хүртэл дэлхийн хамгийн өндөр байгууламж байжээ. Цамхаг нийт 10000 тонн жинтэй ба тойргийн хэмжээ 88,3м.
Францын засгийн газар 1884 онд Францын Их Хувьсгалын 100 жилийн ойг тохиолдуулан 1889 онд Парис хотноо Дэлхийн Үзэсгэлэн Яармаг зохион байгуулах шийдвэр гаргасан бөгөөд уран бүтээлчдийн дунд зарласан уралдаанд түрүүлсэн уг цамхгийг 1887 оны 7-р сарын 26-аас барьж эхэлжээ. Түүнийг барихад 700-аад зураг төсөл үйлдэгдэж, 18,000 хэсэг төмөр хийцийг 2.5 сая ган холбоосоор холбож, сард дунджаар 15м өндрийн хурдтайгаар хэдэн зуун хүний хөлс хүчээр 1889 оны 5 дугаар сарын 6-нд баригдаж дуусчээ.
Цагаан хэрэм

Цагаан хэрэм гэдэгт НЭӨ 5 дугаар зуунаас, НЭ 16 дугаар зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид бэхлэлтийг хамтатган ойлгох юм.
Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ. Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн, Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил зогсож харин хамгийн сүүлчийн Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.
Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ. Эртний судлалын бүх талын судалгаануудаар болбол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.
Кремль

Кремль нь Москва хотын төвд орших өндөр хэрмэн цайзтай цогцолбор бөгөөд өмнө талд нь Москва гол, зүүн талд Гэгээн Василийн цогчин дуган, Улаан талбай, баруун талд нь Александрын цэцэрлэгт хүрээлэн оршино. Кремль нь нийтдээ 5 ордон, 4 цогчин дуган, хэрмэн хана, цамхагуудаас бүрдэнэ. Тус цогцолборт орших Их Кремль ордон нь Оросын эзэнт гүрний хаадын Москва хот дахь албан ёсны ордон байсан бөгөөд одоо Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгчийн ордон мөн түүнчлэн музейн зориулалтаар ашиглах болсон. Зөвлөлт Холбоот Улсын үед Кремль гэдэг нь тус улсын засгийн газрыг нэрлэх тогтсон хэллэг болсон. Кремль нь ЮНЕСКО-гийн Дэлхийн соёлын өвд багтсан түүхэн байгууламж юм.

Писа цамхаг

Пиза (итал.Pisa) нь төв Италийн Тосканад, Арно голын Лигурын тэнгист цутгах амын баруун эрэгт орших хот юм. Пиза мужийн төв болно. Тус хот нь унаж буй цамхгаараа алдартай бөгөөд 87,500 гаруй оршин суугчтай бяцхан хотод түүхийн дурсгалт 20 гаруй сүм дуган, хэд хэдэн ордон, Арно гол дээгүүрх олон янзын хийц бүхий гүүрнүүд байдаг билээ.
1173 онд цамхагийг дөнгөж барьж эхэлсний дараа хойд зүг рүү хазайж эхэлжээ. Ойролцоогоор 100 жилийн дараа үргэлжлүүлэн барьж эхэлсэн ч хазайх нь улам нэмэгджээ. 1272 оноос цамхаг хазайж байгаа нь илт мэдэгдэж эхэлсэн бөгөөд энэ удаа урд зүг рүү хазайх болов. Одоо уг цамхагийн орой нь байх ёстой газраасаа 5м 27см-ийн урд байдаг байна. Энэ агуу байгууламжийг уран барилгачид, инженерүүд хазайлтыг нь болиулах гэж оролдсоор байлаа. Гэвч 1911 оноос нарийн хэмжиж эхэлсний дараа цамхагийн орой жил бүр 1.2мм буюу ижил хэмжээгээр хазайсаар байгааг тогтоожээ. Адил загвараар баригдсан Павиа сүмийн хонхны цамхаг 1989 онд нурж унахад Писа цамхагийн бат бэх байдлын талаар дахин санаа тавьж эхэлжээ. Энэ явдлын дараа Писа цамхаг руу гарахыг хориглов. 1990 онд Италийн засгийн газар Итали болон гадаадын эрдэмтдээс бүрдсэн онцгой комисс байгуулж, урлагийн түүхчид, сэргээн засварлах судлаачид, барилга болон геотехникийн инженерүүдээс бүрдсэн Соnsorzio Piazza del Miracoli буюу Пиза цамхагийн Төслийн Консерциум байгуулагдаж юуны өмнө байгууламжийн тэнцвэрийг олж, бүрэн бүтэн үлдээх, хазайх хурдыг нь багасгахын тулд хэд хэдэн төсөл хэрэгжүүлсэн байна. Эхлээд цамхагийн гадна талыг судалжээ. Энэ байгууламжийн хазайлтыг зогсоохын тулд нэлээд ул суурьтай өөрчлөлт хийх хэрэгтэйг тодорхойлжээ. Барилгын ерөнхий байдалд өөрчлөлт хийхийг бүр хөрснөөс нь эхлэх болсон байна. Засварын ажил цамхаг байрлаж буй Piazza del Miracoli буюу Гайхамшгийн талбайгаас өөрөөр хэлбэл цамхагаас хол эхэлжээ. Цамхагийн ойролцоох хөрсөнд ажиллах нь барилгад хортой болохыг бодолцон ийм арга сонгосон юм байна. Энэ ажиллагааны гол зорилго нь Писа цамхагийг тэгшлэх биш юм. Барилгыг барьсан цагаас эхлэн одоо зүг бүр рүү хэлтийж, гадил мэт “хазайсан” учир тэв тэгш болохгүй гэнэ. Гэхдээ төлөвлөсөн ёсоороо цамхагийн оройг 10-20см хойш нь татаж чаджээ. Тэр үед эрдэмтэд аз байвал энэ барилга 21-р зууны босгыг давна гэж найдаж байжээ. Тэдний энэ ажиллагааны үр дүнд 800 жилийн туршид эрдэмтдийн дунд асуулт болоод байсан зүйлд хариу олох боломж олджээ.
Хеопсын (Хуфугийн) пирамид

Гизагийн агуу пирамид гэдэг Хеопсын (Хуфугийн) пирамид нь өнөөгийн Египет улсын нийслэл Кайр хотын ойролцоох Гизад орших хаадын оршуулгын цогцолбор пирамидуудын хамгийн аварга, хамгийн эртнийх нь бөгөөд Эртний Дэлхийн 7 гайхамшгаас өнөөдөр үлдэж хоцорсон цорын ганц бүтээл юм. Энэхүү байгууламжийг Египетийн дөрөв дэх хаант улсын фараон Хуфугийн (Грекээр Хеопс хэмээн дуудагддаг) шарилыг хадгалах булш гэж үздэг бөгөөд 20 жилийн турш барьж МЭӨ 2560 онд дуусгасан гэж таамагладаг. Уг пирамид баригдаж дууссан цагаасаа хойш 3800 жилийн турш хүний гараар бүтээгдсэн хамгийн өндөр байгууламж байсан байна.

Эртний Египетүүд пирамидад ашиглах хадан блокуудаа Этиопын уулархаг бүсийн хаа нэгтээ орших хадан уулнуудаас авч, Нил мөрнөөр зөөж Гизад авчирсан бөгөөд түүгээрээ пирамидуудыг барьсан. чулууг тэгшхэн гаргаж авахдаа энгийн арга ашиглаж байжээ. Тухайлбал эхлээд хадаа сайтар хэмжин тэмдэглээд тодорхой цэгүүдэд хадаа нүхлэн модон гадас шаагаад, өдөр бүр усалдаг байжээ. Ингэхлээр мод аажмаар тэлээд хад тооцоолсны дагуу цуурдаг байж. Ингэмэгц засч янзлаад Нилийн урсгалын дагуу салаар зөөж, Гизагийн ойролцоо авчраад пирамидын барилгын ажилд хэрэглэдэг байжээ. Пирамид өндөрсөхийн хэрээр түүний нэг талыг налуулан илүү ташилт бүхий элсэн налуу ухаа үүсгэж, түүгээрээ чулуунуудаа гулдран дээш нь гаргаад байдаг байж. Баригдаж дуусмагц элсэн ханаа нурааж тэгшилдэг байжээ.
Сиднейн дуурийн театр

Сиднейн дуурийн театр (Sydney Opera House) нь Австралийн Шинэ Өмнөд Вэльс мужийн Сидней хотод байрлах бөгөөд Данийн уран барилгач Йорн Утзоны төслөөр баригджээ. Энэхүү барилгын ажлаараа 2003 онд уран барилгачдын хамгийн дээд шагнал болох Прицкерийн шагналыг хүртжээ.
2007 онд уг барилгыг дэлхийн өвд бүртгэхдээ XX зууны хамгийн гайхамшигтай, давтагдашгүй үзэсгэлэнт барилгуудын нэг бөгөөд дэлхийн урлаг соёлын хамгийн алдартай төвүүдийн нэг хэмээн тэмдэглэсэн байдаг.
Энэ барилга нь Сиднейн усан боомтод оршдог бөгөөд хясааг санагдуулахуйц хэлбэртэй. 1.8 га талбайг эзлэх уг байгууламж нь 183 м урт, 120 м өргөн. 588 ширхэг үелсэн бетон далан дээр байгуулагдсан Сиднейн дуурийн театр нь далайн түвшнээс дээш 25 м өргөгдсөн байдаг. Уг байгууламжийг цахилгаан эрчим хүчээр хангахын тулд 25000 хүнтэй сууринд ч хүрэлцэхээр 645 км урт цахилгааны кабель утас оржээ. Барилгын оройг Шведэд үйлдэрлэсэн 1056006 ширхэг V хэлбэрийн цагаан өнгөт гялгар хавтангаар бүржээ.
Эрх чөлөөний хөшөө

Эрх чөлөөний хөшөө (The Statue of Liberty, бүтэн нэр нь дэлхийг гэрэлтүүлэх эрх чөлөө буюу Liberty Enlightening the World) нь Франц улсаас АНУ-д бэлэг болгон өгсөн, Нью Йорк хотын Эрх чөлөө аралд байрлах хөшөө бөгөөд Америк болон дэлхийн хамгийн алдартай уран барилгын нэг юм. Хөшөөний сууриас титэм хүртэл 354 шаттай юм.
Уг хөшөөг 1885 оны 6 дугаар сарын 17-нд Францын хөлөг онгоцоор тус хотод авчирчээ. Францын барималч Огюст Бартольдийн бүтээсэн хөшөөг 1876 онд АНУ-ын тусгаар тогтнолын 100 жилийн ойгоор бэлэглэх санаатай байсан ч, амжихгүй байсаар 10 жилийн дараа л бэлэг болгосон гэдэг. Харин бамбар барьсан гарын хэсгийг аль эрт хийж, 1876 онд Филадельфид болсон үзэсгэлэнд тавьж байж.
Уг бүтээлийг 1984 онд ЮНЕСКО-гийн дэлхийн соёлын өвд бүртгэж авчээ.
Таж Махал

Таж Махал нь Энэтхэг улсын Агра хотод орших бунхан бөгөөд Их Моголын эзэнт гүрний хаан Шах Жахан өөрийн хайрт хатан Мумтаз Махалд зориулан бариулжээ.
Таж Махал нь Моголын архитектурын хамгийн тод жишээ гэж нэрлэгддэг бөгөөд Перс, Оттоман, Энэтхэг болон Исламын архитектурын хэв маяг шингэсэн байдаг. 1983 онд Таж Махал нь ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн бөгөөд “Муслим урлагийн шигтгээ Таж Махал нь дэлхийн соёлын өвийн шагшин гайхагдах сод бүтээлийн нэг билээ.” хэмээн тэмдэглэгдсэн байдаг.
Чили дахь Моай

Моай бол Полинезийн Рапа Нуй арал дээрх асар том хөшөө юм. Энэ арлыг ихэвчлэн Улаан өндөгний арал гэж нэрлэдэг бөгөөд Чилид харьяалагддаг. Улаан өндөгний арлууд нь Чили улсаас 2200 милийн зайд Номхон далайн голд байдаг.
Арлынхан 1250-1500 оны хооронд 900 гаруй сийлсэн чулуун дүрсийг бүтээжээ. Энэ чулуу дунджаар 14 тонн жинтэй бөгөөд энэ нь хоёр зааныг нийлүүлсэнтэй адил юм.
Рапа Нуй улсын ард түмний хувьд ариун нандин 900 гаруй дурсгалт хөшөө, 300 ёслолын платформ байдаг.
Перу дахь Мачу Пикчу

Мачу Пикчу буюу Кечуа хэлээр “Хуучин оргил” хэмээн утгачилагддаг уг газар нь Кускогоос баруун хойд зүгт 70 орчим км-т, Перугийн Урубамба хөндийн орчимд орших далайн түвшнээс дээш 2430 метр өргөгдсөн уулсын оргил хяр дээр байгуулагдсан Колумбын өмнөх Инкүүдийн хот юм. Уг газар нь Инкийн орхигдсон хот хэмээн нэрлэгдэж машид алдаршсан бөгөөд магадгүй дэлхийн дийлэнх хүмүүст Инкийн эзэнт гүрэнг дурсахад хамгийн түрүүнд санаанд нь ордог алдартай газар байж ч болох юм.
Уг хот нь 1450 он орчим баригдсан бөгөөд хүмүүс тэнд 100 гаруй жил оршин амьдарч байгаад Испаничууд Инкийн эзэнт гүрэнг байлдан дагуулах үеэр орхисон байна. Үүнээс хойш олон зууны турш уугуул нутгийнхнаас бусад хүмүүсийн хэн нь ч энэ хотын талаар мэдэхгүй байсаар хорьдугаар зуунтай золгосон байна. 1911 онд АНУ-ын түүхч Хирам Бинхам Мачу Пикчуг дэлхий дахинаа нээж өгсөн байна.
Үүнээс хойш Мачу Пикчу нь жуулчдын хамгийн их очдог газруудын нэг болсон бөгөөд 1981 онд Перугийн түүхийн өвийн хамгаалалд бүртгэгдсэн ба 1983 онд ЮНЕСКО-ын Дэлхийн өвд бүртгэгдсэн байна. Мөн шинэ ертөнцийн 7 гайхамшигт дэлхий нийтийн санал асуулгаар шалгаран оржээ.
Мачу Пикчу нь Инкүүдийн сонгодог Архитектур болох Хуурай-хадан хана аргаар баригдсан ба хотын гол байгууламж нь Нарны сүм Интихуатана юм.
Уг хотыг үзэхээр зөвхөн 2003 онд л гэхэд 400000 жуулчин ирсэн нь түүнийг хэр алдартай болохыг харуулж байгаа хэрэг билээ.
Бэлтгэсэн: Б.Нямзул

 

Бусад мэдээ

Sep 02, 2020 117

Үхэл

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/