“Гэртээ тогтохгүй, сүмийнхээ төлөө үхэхээс ч буцахгүй болчихдог юм байна лээ…”
“Гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн чамайг эсэргүүцэж байвал тэд чөтгөрт хорлогдсон байна…”
“Сүмдээ орлогынхоо арван хувийг өг гэдэг…” энэ мэт үгсийг “Шинэ тэнгэр газар” сүмд явдаг хүмүүс болон тэдний ар гэрийнхнээс нь олонтаа сонслоо.
“ШИНЧОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ УРСГАЛ ЯАГААД
“ГАЖ” ГЭЖ НЭРЛЭГДДЭГ ВЭ?


Өмнөд Солонгос улсад коронавирусийн халдвар хурдацтай тархаж байгаа нь тус улсад үйл ажиллагаа явуулдаг “Шинчонжи” шашны сүмийн үйл ажиллагаатай холбоотой гэж БНСУ-ын Засгийн газар үзэж буй. “Шинчонжи” гэдэг нь “Шинэ, тэнгэр, газар” гэсэн утгатай бөгөөд тухайн хүнийг номлол сургаалдаа итгүүлэн гэр бүлээс нь хөндийрүүлж, зөвхөн шашиндаа үнэнч байхыг ятган сэнхрүүлдэг шашны урсгал юм.
Тэд шашныхаа төлөө худлаа хэлэх, хулгай хийхийг нүгэл гэж үздэггүй, хэрэв гэр бүлийнхнээс чинь хэн нэгэн нь чамайг эсэргүүцвэл түүний сүнсийг “Сатан хорлосон байна” гэж хэлэн “хүний тархийг угааж” орхидог аж.
Энэхүү шашны урсгалд автсан хүн өөрийн гэсэн ухаангүй болж, ажил, амьдрал, гэр бүлээ хаян сүмдээ очиход бэлэн байдаг. Иймээс Өмнөд Солонгос улсад тус шашны урсгалыг “гаж” гэж үзэн үйл ажиллагааг нь хязгаарласаар иржээ.
-“ШИНЧОНЖИ” МОНГОЛД НЭВТЭРЧ “УРХИА” ТАВЬСАН НЬ-
БНСУ-д олон хүний дургүйцэл, эгдүүцлийг хүргэж буй “гаж” гэж нэрлэгдсэн энэ шашны урсгал Монголд аль хэдийн нэвтэрч “мөчир, салаагаа ургуулаад” амжжээ. Та урьд өмнө нь “Гадаад хэлний үнэгүй сургалтад суулгаж өгье”, “Иог, фитнесийн хичээлд үнэ төлбөргүй явуулж өгье”, “Хөгжмийн үнэгүй сургалт” гэх мэт “үнэгүй” нэрээр, учир битүүлэг зүйл ярьсан хэн нэгэнтэй таарч байв уу.
Учир нь энэ бол тус шашны урсгалын гишүүн элсүүлэх түгээмэл “урхи”нь юм. Бидэнтэй холбогдсон хэд хэдэн эх сурвалж үүнийг нотолж байлаа. Тэдний хэлж буйгаар “үнэгүй хэлний сургалтад хамруулна” гэж анкет бөглүүлэн хувийн мэдээллийг авч, сүмдээ элсүүлдэг юм байна.
ИРГЭН Г: ЭЭЖ МААНЬ НАМАЙГ “ЧИ БОЛ ЧӨТГӨР ШУЛАМ ГЭЭД ЭХЭЛСЭН.
ЭЭЖИЙН МИНЬ АМНААС ХЭЗЭЭ Ч ТИЙМ ҮЕ ГАРЧ БАЙГААГҮЙ-
“Ээж маань гурван жил “Шинэ тэнгэр газар” сүмд надад мэдэгдэлгүй явсан байсан. Би саяхан хүүхэд төрүүлсэн юм л даа. Гэтэл ээж маань надад ерөөсөө туслахгүй, өглөө гараад орой орж ирээд байсан. Би ээжээс юу хийгээд байгааг нь асуутал “Би сургуульд явж байгаа юм” гэсэн юм. Ээж маань анагаахын салбарт ажилладаг болохоор би мэргэжил дээшлүүлэх сургалт юм байна гэж ойлгосон.
Гэтэл саяхан гэрээс “Шинэ тэнгэр газар” гэсэн маш их ном, хичээлүүд гарч ирсэн. Тэгээд ээжээсээ асуутал “Тэр сүмд явж байгаа” гэсэн. Мэдээж шашин шүтэх бол хүний эрх чөлөө шүү дээ. Би ч нэг их сөргөөр хүлээж аваагүй юм.
Гэтэл ээжийн маань зан ааш их өөрчлөгдөж эхэлсэн. Би ээждээ та яагаад дөнгөж төрсөн охиноо анхаарахгүй байгаа юм бэ гэтэл “Чи бол чөтгөр, шулам” гээд л эхэлсэн.
Ээжийн маань амнаас хэзээ ч тийм үг гарч байгаагүй. Үүнээс болоод манай гэрт маш том хагарал болсон. Ээж охин хоёрын байх ёстой тэр бүх зүйлийг эвдсэн гэж хэлж болно.
–Ээж тань тэр сүмд анх яаж элссэн юм бэ?
-Ээжийг бага байхаас нь найзалсан сайн найз нь элсүүлсэн юм байна лээ. Тэр сүм нь нууцаар үйл ажиллагаа явуулаад хүмүүст үнэнээ хэлж болохгүй гэж заадаг болохоор ээж эхэндээ таагүй хүлээж авсан гэсэн.
Гэтэл найз нь “Бид гарч ирэх цаг болоогүй байна” гээд л дахин дахин ятгаж, татаж чангаасаар байгаад сүмдээ бүр гүн оруулчихсан. Дараа нь ээж надад тусална гээд ажлаасаа чөлөө аваад гадуур хүнсээ цуглуулаад явж байхад нь сүмийн хүмүүс нь очоод “Та чөтгөр болох гэж байна.
Сүмдээ ир, хичээлээ хий” гээд бариад авсан. Сүмээсээ гарна гэтэл хүн итгэмээргүй аймшигтай үгээр дарамталж эхэлсэн.
–Одоо сүмдээ явж байгаа юу?
–Ээждээ тэр шашны талаар Солонгос нэвтрүүлгийг үзүүлээд, эвээр тайлбарлахад арай гайгүй болж эхэлсэн. Одоо сүмдээ явахгүй хоёр сар орчим болж байгаа.
Үүний дараа нь ээж рүү маань “сүмдээ ир, хичээлээ хий” гээд байнга залгаж, мессэж бичиж эхэлсэн. Би дугаарыг нь сольтол хаанаас юм бүү мэд олоод л залгаад байдаг. Аргаа бараад тэр дугаар руу нь залгатал “Та дугаар андуурсан байна” гээд тасалчидаг.
Товчоор бол хүнийг гэр бүлээс нь тусгаарлаж орхидог. Ээж зүгээр л намайг хаячих, зөнгөөр нь орхичих гээд байсан. “Гэрийнхэндээ итгүүлэх гэж оролд. Үгүй бол шууд хая, Сатаны хорлол болсон байна” гэж хэлдэг гэсэн.
“ШИНЧЕОНЖИ” БУЮУ “ШИНЭ ТЭНГЭР ГАЗАР” ШАШНЫ ГАЖ УРСГАЛЫН ТАЛААР
БНСУ-ын иргэн Lee Man Hee-ийн үүсгэн байгуулсан Христийн шашнаас үүсэлтэй “Шинэ тэнгэр газар” буюу “Шинчеонжи” шашны урсгал итгэгчдээ Христийн 12 дагалдагчийн нэрээр 12 овогт хуваан, дэлхийн төгсгөл болох үед аврагдах 144000 хүний нэг болон үлдэж, дэлхий даяар тархан Lee Man Hee-ийн боловсруулсан номлол сургаал дээр үндэслэн Библийн сургалтыг тодорхой үе шат, хугацаатай зохион байгуулдаг.

“Шинчеонжи” шашны урсгалын сургалт, номлолын гол агуулга нь Lee Man Hee аврагч элчийн тайлбар номлол хамгийн үнэн зөв, Есүсийн илгээсэн элч хэмээн тахин шүтэж, ер бусын нэгэн хэмээх итгэл үнэмшлийг төрүүлж, бодит амьдралд үл нийцэх сургаал, номлолыг түгээдэг. Тухайлбал: Олон Улсын Культ Судлалын Нийгэмлэгийн албан ёсны цахим хуудсанд шашны гаж урсгалыг олон янзаар тодорхойлсон байна. Тэдгээрээс дараах тодорхойлолт шашны гаж урсгалын хувь хүн, гэр бүл, нийгэмд үзүүлэх нөлөөг илүү тодотгожээ. Тэнд “Lee Man Hee-ийн шашны гаж урсгал нь зарим нэг хүн, үзэл санаа, зүйлийг хэт улайран шүтэж, бүх л зүйлээ түүндээ зориулдаг бүлэг буюу хөдөлгөөн юм. Гишүүдийнхээ сул талыг ашиглан дарамт шахалт үзүүлэх, тэдний бодол санааг хянах (гэр бүл, найз нөхдөөс нь холдуулдаг, хүчгүй сул дорой бусдыг аялдан дагалдагч, бүлгийн хүчтэй шахалтанд оруулдаг, гишүүдийнхээ мэдээлэл авах сувгийг хянаж удирддаг, хувь хүний эрх чөлөөг хязгаарлан, чөлөөт сэтгэлгээг боомилж, шашны бүлгээсээ хамааралтай болгон түүнийг орхин явбал аймшигт гай зовлон тохионо гэх айдсыг төрүүлдэг зэрэг) ёс зүйгүй арга хэрэглэн эрхэндээ оруулж үүсгэн байгуулагч удирдагчийн хүсэл зорилгыг биелүүлэхийг зорилго болгон гишүүд, тэдний гэр бүл, нийгэмд хохирол учруулдаг” гэж тодорхойлжээ.
“Шинчеонжи” шашны гаж урсгал сайн дурын байгууллагуудаар халхавчлан үйл ажиллагаагаа зохион байгуулж, итгэгчдээ татдаг. Үүнд:
• Тэнгэрийн соёл дэлхийн энх тайвны гэрлийг дахин сэргээх байгууллага /HWPL Heavenly Culture World Peace Restoration of Light/.
• Олон улсын эмэгтэйчүүдийн энх тайвны бүлэг /IWPG - International women's peace group/,
• Олон улсын залуучуудын энх тайвны бүлэг /IPYG - International peace youth group/ гэсэн халхавч байгууллагуудаар дамжуулан сайн дурын үйл ажиллагаа зохиох, энх тайвны төлөө урлаг, спортын наадам зохион байгуулж гадаадын нэр хүндтэй улс төрч, нийгмийн зүтгэлтэн, урлаг спортын одод, жүжигчдийг урин оролцуулж итгэгчдийг өөрийн шашинд татдаг.
2020 оны I улиралд БНСУ-ын Эрүүл мэндийн яамд COVID-19 өвчний тархалттай холбоотойгоор “Шинчеонжи” шашны урсгал 245605 итгэгчдийнхээ мэдээллийг гарган өгсөн нь тус шашны байгууллагын идэвхтэй гишүүдийн сүүлийн үеийн тоог харуулж байна.
Солонгосын нийгэмд Шинчеонжи шашны урсгалтай адил хүмүүсийн итгэл үнэмшил, шашин шүтлэг дээр тулгуурлан нэр алдар олж, улс төрийн эрх мэдэлд хүрч, эдийн засаг, бизнесийн том ашиг орлого олдог өөрсдийгөө амьд бурхан хэмээгч 60 орчим хүн байдаг. Тэдгээр хүмүүсийн үндэслэсэн зарим шашны гаж буруу урсгалууд нь Солонгосын нийгэмд шуугиан тарьсан гэмт хэргүүдтэй холбогдож байсан жишээг дурдвал:
1. 1987 оны Одаеяанг /Odaeyang/ шашны урсгалын 32 итгэгчдийн амиа хорлосон хэрэг.
2. 2009 онд Аврал, ивээл /Providence/ сүмийг үндэслэгч Жун Мюн Сеокийн эмэгтэй итгэгчдээ хүчирхийлсэн хэрэг. /Тэрээр 1980 онд Мүүнийн шашнаас салж тусгаарлан Провиденс сүмээ байгуулсан/
3. 2014 онд 300 гаруй хүн амийг авч одсон “Севол” хөлгийн эзэн Ёо Бюн Юны хэрэг.
4. 2016 оны Солонгосын ерөнхийлөгч Пак Гын Хэгийн зөвлөх Чой Сүүн Силийн авилгалын хэрэг.
5. 2018 онд Сүмийн 400 гишүүдээ уриалан БНСУ-аас Япон улсын Фижи арал руу дүрвэн тэднийг хүнд хүчир хөдөлмөр хийлгэн, дарамталж зоддог байсан Шин Ок Жугийн хэрэг,
6. 2018 онд Манмин сүмийн пастор Лее Жае Рокийн эмэгтэй итгэгчдээ удаа дараа хүчирхийлсэн хэрэг.
7. 2020 онд COVID-19 голомтыг нуун далдалсан, түгээсэн “Шинчеонжи” шашны байгууллагын тэргүүн Lee Man Hee-ийн хэрэг зэрэг болно.

Бусад мэдээ

Feb 05, 2021 36

Чойжин буух

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/