Уншиж байна...

 

Бид хүүхэд ахуй цагтаа томчуулын ярьдаг байсан «хар гар» хэмээх аймшигт үлгэрийг чих тавин сонсдог ч хөнжил дотроо айж хурган амьсгал түгжин хонодог байлаа. Гэвч энэ тухайд бодит үнэнийг сонсох цаг нэгэнтээ ирэх байсныг насны залуу, цусны шингэнд даан ч гадарласангүй. Энэ бол гэхдээ «хар гар» хэмээх ам дамжсан үлгэр биш далдын хар хүч агуулсан «хатсан гар»ны тухай нэн аймшигт бодит түүх юм.

 

1950-иад оны эхээр одоогийн «Нарны титэм» дэлгүүрийн ойролцоох Есөн гудамжинд Ли дааяа буюу Намсрай хэмээх өвгөжөөр хятад бага шигхан гуанз ажиллуулан амьдарч байв. Дотор хүний гараар хийгдсэн нарийн хоол амтлаг хойно доо олон ч хүүхнийг урхидаж дөнгөдөг байжээ. Ли дааяа сайхан хүүхэн харагдвал үнэгүй хоол, цайгаар дайлан хөгцөнд идэгдсэн шар шүднүүдээ ярзайлган инээнэ. Тэрбээр нэгэн өдөр хөдөөний байдалтай, хувцас хунар муутай боловч царайлаг хүүхэн хашааных нь өмнүүр ууттай юм үүрэн ядарсан бололтой алхаж явааг хараад гуанзандаа дуудаж оруулан цай, хоолоор дайлангаа хэрэг зоригийг нь асуугаад авч амжжээ. Бүсгүй ч Архангайгаас Аж үйлдвэрийн комбинатад ажилд орохоор ирсэн хийгээд нутгийнхаа нэгэн айлыг хайж яваагаа цайлганаар өгүүлж орхижээ. Улаанбаатараар дүүрэн танилтайн хэрэг юу билээ гэсэн шиг Ли дааяа тэр дорхноо л эрж яваа айлыг нь олоод заагаад өгчихөв. Тэгэхдээ ирж үнэгүй хоол идэж бай гэж хэлэхээ ч мартсангүй. Хэсэг хугацаанд алга болсон бүсгүй нэг өдөр гуанзных нь өмнүүр явж харагдангуут мөн л майжигнан гүйж очоод чирэх шахам гуанзандаа оруулж хоол цайгаар шахсанаа:
Чи ихээ муу хүүхээ. Манайд ирж хоол идэхгүй яасаан. Би их гомдсоон гээд уйлах маяг үзүүлэхэд нь бүсгүй тэсгэлгүй инээд алджээ. Энэ инээд багагүй хугацаанд Ли данжаадын шавар тагзыг чимсэн юмдаг. Үүнээс хойш Цэцэгдарь өдөн цагаан малгай, үйтэн хуаран дээл, торгон савхи өмссөн хотын ганган хүүхэн болж хувирчээ.

Энэ хооронд Ли данжаад түүнд:
Хай Цэцгүдалиа, чи ажил хийж юу хийнаа. Ажу үйлдвэлүү комбинадуу гэж ямар муухай ваа гэж ятгана. Улаанбаатарт ирээд нэг жил болсон Цэцэгдарь ажил хийсэн нэртэй боловч үнэндээ базаасан юмгүй хэрнээ эрчүүдэд энгэр задгай нэгэн болсон байв. Ли дааяагаас зүгээр нэг, зээлж нэг авсаар байгаад 1000 төгрөгийн өртэй болсон байлаа. Нэг өдөр Цэцэгдарь сурсан зангаараа мөнгө зээлэхээр иржээ. Энэ удаад луухаан ихээхэн өөр болсон байв. Тэрбээр харин өмнөөс нь 1000 төгрөгөө нэхэж эхлэх нь тэр. Сардаа 100 төгрөгний цалин авдаг Цэцэгдарь үнэндээ шоконд орлоо. Бүтэн жил хөдөлмөрлөж байж л олох мөнгө байв.
Ли дааяа мөнгөө заавал өнөөдөр авна гээд зогссонгүй шүүх, цагдаад хэлж шорон гянданд хийлгэнэ гэж сүрдүүлсээр уйлуулж орхижээ.

Тэгснээ гэнэтхэн мөнгөн ус шиг сайхан ааштай болж:
Хай, Цэцэгээ. Тэнэгү Лиг өршөө. Би яасаан тинагаа гэж толгойгоо шаан өмнө нь сөхөрч унаад:
Хай, чи манайд ажил хий ваа. Би чамд сард 200 төгрөг өгваа гэх зэргээр ятгасаар үгэндээ оруулж амжжээ. Тэр цагаас эхлэн Цэцэгдарь Лигийн гуанзанд ажиллах боллоо. Хоёр сарын дараа гэхэд байдаг айл нь муухай ааш гаргах болсон учраас хужаагийн гэрт ирж ханзных нь нэг буланг өмчилж авчээ. Тэр үеийн хотын хүүхнүүд дэгжирхэн янлиутай янжуур татах мода дэлгэрээд байв. Луухааны шахалтаар Цэцэгдарь хэдхэн удаа татаад л тамхины сайхныг бишрэх болов. Үнэндээ тамхинд нь Ли дааяа хар тамхи хольдог байснаас тэр аж. Зорилгодоо хүрэхийн тулд Ли луухаан үнэндээ маш зугуухан хөдлөж байлаа. Хоёр сар орчим тамхи татуулахад Цэцэгдарь хар тамхинд донтогч болж хувирсан байв. Нэг л өдөр Цэцэгдарь өглөө босоод таттал ямар ч таашаалд хүртсэнгүй. Гайхахдаа Ли луухаанаас тамхи нь яагаад таашаал өгөхгүй байгааг лавлан асуухад нь:
Хай, Цэцигаа. Тэр тамхиа сайхаан зүйл хольсон байсаан. Тэрүү хольц ихээ үнэтэй. Монголд байхгүй ваа. Дотор газар ургадаг ургамалаа гэж ирээд л бүх үнэнийг палхийтэл нь хэлэхэд Цэцэгдарь хар тамхи гээч сургийг нь сонсож байсан зүйлдээ лавхан орсоноо ойлгоод айсандаа давхийн цочжээ. Гэвч хэрэг явдал нэгэнт оройтсон байв.

Орой хэрд Цэцэгдарийн бие нь тэсгэлгүй өвдөж тамхиа шаардаж эхлэв. Өвгөн луухаан ч өрөвдсөн дүр эсгэж хар тамхи хайх нэрийдлээр гадагшаа яваад өндөр үнээр авлаа гэсээр орж иржээ.
Энэ мэт явдал үнэндээ удаан үргэлжилсэнгүй. Тун ч удалгүй Цэцэгдарийн өвөрт өвгөн хужаа орж хундан цагаан биеийг нь эзэмдэх болов. Ийнхүү хоёр жил хар тамхиндаа мансуурч, өвгөн хужаадаа талхиулсан Цэцэгдарь бүсгүйн ухаан санаа нь ч гэсэн нэг л өөр болсон байлаа. Нэг л өдөр Ли дааяа Цэцэгдариас уйдаж Усны гудамжинд амьдардаг яргачин хужаад /мах зардаг хүнийг ийн нэрлэдэг байв/ 500 төгрөгөөр арилжиж орхижээ. Өнгө зүс нь цонхийж цайснаас л бус үзэмж гоо хэвээрээ байсан хэдий ч хар тамхинд мансуурсаар өдөр шөнийг мэдрэхээ больсон түүнд Ли ч байна уу, махны яргачин Ван Гүй Лай ч байна уу ялгаагүй болсон байлаа.

Ван овогт үдэш болсон хойно орж ирэнгүүтээ л цус, тос, хир даг болсон гараа ч угаалгүй шууд л Цэцэгхуарыг /Дарийг нь өөрчлөөд хужаа нар хуар болгосон гэдэг.сурв/ дараад авна. Ой нь гутах боловч мөнөөхөн ид шидтэй тамхиа олж татаж чадахаа болино гэдгээ гадарлаад эсэргүүцэж үл чадна. Шөнө дунд юм түчигнэх чимээгээр Цэцэгдарь сэржээ.
Гэтэл Ван овогт босчихсон шалаа ховхлон мөнгөө хийж байгаа нь харагдав. Ван Гүй Лай луухаан гэнэтхэн өндийгөөд өөрийг нь гайхсан аястай цоо ширтэж байгаа Цэцэгдарийг олоод харчихав.

Хятад хүнд нэг муухай хууль ёс юм шиг тогтсон байдаг. Тэр нь мөнгө нуусан газраа үр хүүхдээсээ хүртэл нууцалдаг явдал юм.
Нэгэнт хамгийн гол нууцыг нь мэдсэн учраас Цэцэгдарийг үгүй хийх бодол Ван хужаагийн тархинд зурсхийв. Үүнтэй зэрэгцээд Цэцэгдарь ч гэсэн совингоороо болоод хужаа нарын занг сайн мэддэг болсон учраас биеэ хамгаалах зөн совинд автан «Хэрэгцээ гарвал..» гэж бодоод гудсан дороо нууц байдаг хутгаа тэмтэрчээ. Ван овогт гэнэтхэн тал засан инээж мөнгө нуудаг шалаа буцааж хийснээ:
Хай, Цэцэгээ. Энэ мөнгө чиний ваа. Чамд тамхиа авч өгнөө гэх зэргээр худлаа зуйрган үг хэлж байснаа унтахаар хувцсаа тайлан хажуу талаар нь ороод хэвтэв. Маргааш нь хар тамхиа татаад мансуурч эхлэж байхад нь Ван Гүй Лай шулуухан заазуур бариад дайрчээ.

Гүн мансууралд ороогүй байсныхаа хүчинд Цэцэгдарь хажуу тийшээгээ зайлтал баруун гарыг нь шуугаар нь тас цавцчихжээ. Хоёр дахь далайлтаар Цэцэгдарийн духанд заазуур зоогдсоноор үхэтхийн унаж зүйл дуусав. Нэлээд харанхуй болчихсон байснаас луухаан гадаа цогцсыг булах нүх ухах гэж хоёр гурван цаг орчим болоод гэртээ орж цогцсыг өргөн гаргахад тас цавчуулсан гар нь яагаад ч юм алга болчихсон байх нь тэр. Ямар ч хүн орох боломж байгаагүй. Тэгээд л гар нь шалан дээр хэвтэж байсныг санаад хайсан боловч олдсонгүй. Бараг л үүр цайтал хайгаад аргаа барахдаа үхдлийг оршуулжээ. Ингээд тас цавчуулсан гар газрын гаваар орсон мэт алга болж, гаргүй цогцос оршуулагдав. Тун ч удалгүй Усны гудамжны хужаа нар Ван Гүй Лайг үзэгдэхгүй болохоор хашааг нь давж ороход тэрбээр аль хэдийн үхээд үнэр танар орчихсон байжээ.

Хачирхалтай нь гэр нь дотроосоо бат бэх түгжээтэй, цонх нь ч мөн онгойх үндэслэлгүй хэрнээ хоолойг нь хэн нэгэн хүчтэй хүн ором мөр гартал нь багалзуурдаж алаад хэлийг нь суга татсан төдийгүй цээжин дээр нь цустай гарын алгаар тамгалсан байв. Тийм алганы ором хана туурга гээд хаа сайгүй цусаар дарагдсан байх нь тэр. Уг гарыг харахад жижигхэн, шулуун хуруунуудтай байсан учраас эмэгтэй хүнийх гэдэг нь төвөггүйхэн мэдэгдэж байв. Тиймээс Ван овогтын үхэлд гэрт нь амьдардаг байсан Цэцэгдарь бүсгүйг сэжиглэв.

Гэвч хаалга дотроосоо түгжсэн байсан нь гайхал төрүүлэв. Хятадууд цагдаад мэдэгдэж хэрэгт орооцолдохоо бодсонгүй. Харин Жан Рүжин гэгч өвгөн луухаан хашаан доторхийг шинжиж явсанаа булсан нүх байгааг илрүүлж хятад залуусаараа ухуулжээ. Дотроос нь өрөөөн гаргүй Цэцэгдарь бүсгүйн шарил гарч ирэхэд хужаа нар мэл гайхаж, цэл хөхөрчээ. Энэ бүхнийг хараад зогсож байсан Есөн гудамжны Ли овогт луухаан /Цэцэгдарийг хар тамхинд оруулсан хятад/ айсандаа өмдөндөө шээх нь халаг болоод бөмбөгөнөтөл чичирч байлаа. Гэнэтхэн хэн нэг нь Ван овогтын бяруу шиг том гарз нохой мөн л үхсэн төдийгүй эрүүг нь заагаад хэлийг нь сугалаад хаячихсан байсныг олж илрүүлэв. Тэгээд бүсгүйн цогцсыг буцааж булаад Ванг оршуулав. Ямар ч хятад хүн авсаа амьд ахуй үедээ бэлддэг учраас санаа зовох юмгүй байлаа. Ажил явдалд нь оролцсон хужаа нар байшинг нь өдөр шөнөгүй нэгжсээр нуусан хөрөнгийг нь олж хуваан авчээ. Ванг оршуулаад удаагүй байсан Ли мөн л дээрх маягаар орчлон хорвоог орхив. Хужаа нар энэ яавч зүгээр нэг явдал биш гэдгийг гадарлаад хэрхэх талаар зөвлөлдөх болов. Үүнээс хойш хужаа нарын гэрт үүр шөнийн заагаар борц шиг хатсан цустай урт гээчийн хумстай гар /үхсэн хүний хумс, үс ургадаг/ хөнжлөөс нь татах, нүүрийг нь маажих зэргээр айлгаж цочоох болов. Энэ тухайд Лю Ци Хуа гээч мэргэн луухаан шоогоо хаяж үзээд:
Энэ бол тэр хүүхний гар. Гарыг нь тас цавчсан учраас сүнс нь гаранд шингэж шулмас, буг болсон байна. Тиймээс цогцсыг нь ухаж гаргаад шөнөөр хүлээж бай. Тэгэхлээр гар биетэйгээ ирж наалдана. Тэгвэл энэ шулмасын хүч сулрана гэж айлджээ.
Хужаа нар ч энэ айлдварыг ёсчлон биелүүлтэл бүх зүйл Лю овогтын хэлснээр болж гар нь биетэйгээ наалдаж бүтэн болсон цогцсыг булжээ. Гэхдээ шулмас хэвээрээ үлдсэн бөгөөд хужаа нарт хор хүргэхээсээ өнгөрсөн гэдэг.

Одоо ч гэсэн Цэцэгдарь бүсгүйн шулмас болсон сүнс «Ханамаса» ресторанд үүрлэсээр байдаг гэнэ. Энэ түүхийг тэр бүр монголчууд мэдэхгүй ч «Ханамаса»гийн жижүүрүүд тэнд буг чөтгөр байдаг гэдгийг батлан ярьцгаадаг юм. Гэхдээ энэ шулмас монгол хүнд өчүүхэн ч төдий хор хүргэж айлгаж цочоодоггүй «үндсэрхэг үзэл»-тэй юм гэнэ лээ.

Бусад мэдээ

Feb 14, 2024 538

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/