Уншиж байна...

Үнэн худлыг мэдэхгүй ч хүн үхэхээрээ эхлээд нохой болж төрдөг гэдэг. Дараа нь харин хүн төрлөө олдог гэж нас тогтсон буурлууд ярих нь элбэг байдаг юм билээ. Ортой ч байж болох л юм. Лувсандоржийнх хотод шилжиж ирээд удаагүй байтал төрсөн дүү нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байна. Тэр нэгэн өдөр талийгаач дүүгийнх нь дөчин ес хоног болж ойр хавийнхаа хүүхэд, нохдыг хооллож байтал зүрх цагаан тас хар гөлөг хаанаас ч юм бэ гараад ирж. Нялх амьтан юм болохоор цадтал нь хооллож суутал нэг л өвөрмөц нүдэнд нь тусаад байхаар Лувсандорж барьж үзвэл эр гөлөг байжээ.

Шинэхэн ирсэн айл болохоор дор нь өөрийн болгоод авсан байна. Тэр гөлгөндөө “Басар” гэсэн нэр өгсөн ба түүнийг хооллох гэж гарсан эхнэр нь орж ирэнгээ, Энэ гөлөг чинь талийгаачтай л төстэй юм шиг харагдаад байх юм гэсэн аж.

Хүн өөд болохоороо эхлээд нохой болдог гэж сонсч байсан болохоор Лувсандорж юмыг яаж мэдэх вэ гээд гарч ажиглатал үнэхээр талийгаач дүүтэй нь маш адилхан харагджээ. Ингээд л Лувсандорж шинэ нохойдоо жижиг л болохоос биш бараг л байшин шиг тансаг үүр барьж өгчээ. Энэ үйл явдлаас хойш дөрвөн жил өнгөрсөн байна. Лувсандорж эхнэртэйгээ ажилдаа явах болохоор хашаандаа нохойгоо сул тавьж орхидог байж. Нэгэнт тогтсон ёсоор нохойгоо хашаандаа сул тавиад ажилдаа явцгаасан эхнэр, нөхөр хоёр орой ажлаасаа ирэхэд “Басар” нь нэл цус болчихсон гэрийн хаяа дэрлэн үхсэн байсан байна. Буудуулсан нь тодорхой байсан ч эзэн нь олдоогүй гэнэ. Лувсандорж хайртай нохойгоо хүн оршуулж байгаа юм шиг маш нарийн хүндэтгэлтэй хөдөөлүүлжээ. Нохойтой байгаад сурчихсан айл нохойгүй болохоор эвгүй оргиод байсан учир айлаас гөлөг авч тэжээж эхэлсэн боловч тэр гөлөг нь гурван сар ч бололгүй үхэж. Дахиад л нэг гөлөг авч бас тэжээсэн боловч хоёр сар гаран болоод үхэж.

Нохой яаж тогтдог болгох талаар хүнээс лавлахад нохойны даллага авахуул гэсэн зөвлөгөө өгч. Лувсандорж тэр дор нь Гандан орж нохойны даллага авахуулан нохойны зурагтай тарни ном авчран гэрийнхээ үүдэнд хадан, өөрөө их зах орж нохой авахаар явсан байна. Энэ удаа Лувсандоржид монгол нохойны гөлөг олдоогүй учир эрлийз гөлөг дагуулан ирсэн аж. Сүүлчийн авчирдаг гөлөг нь нөгөө хоёрыгоо бодвол зургаан сар болоод үхсэн байна. Манайд ч нохой тогтох хувь заяагүй айл юм. Дахиж л нохой тэжээхээ больё. Алийн болгон нялх амьтны аминд хүрэх вэ гээд нохой ярихаа ч боль. Гэртээ амарч байсан эхнэр нь нөхрийгөө орой ажлаас ирэхэд нь нэгэн санал дэвшүүлсэн байна.

Тэрээр хэлэхдээ “Гурван нохой үхсэн. Үхэх үхэхдээ бүгд үүрний гадаа үхсэн байсан. Нэг нь ч гэсэн дотор нь үхэж болмоор юм. Арай анхны нохойны сүнс үүрэндээ хоргодоод сүнс нь нохдыг үгүй хийгээд байгаа юм биш байгаа. Хоёулаа лам залж үзүүлбэл яасан юм бэ? Нохойгүй болсноосоо хойш бишгүй л нэг юмаа хулгайд алдлаа. Чи нэг сайн бодоод үз дээ” гэсэн байна. Угийн дуу цөөтэй Лувсандорж цайгаа чимээгүй оочиж сууснаа,

- Маргааш би амарна. Чи хоол цай бэлдээд байж бай. Чиний ярьдгийг ч үзүүлье. Өөр бусад юмаа ч нэг сайн үзүүлж авъя. Сүүлийн үед ажил нэг л бүтэмж муутай байх боллоо гэснээр Лувсандорж
нэрд гарсан лам залан авчирсан байна. Эхлээд яахав өөрсдийгөө л баахан үзүүлж, ном уншуулсан гэнэ.

Нохойны тухай ламд юу ч хэлээгүй болохоор Лувсандорж эхнэрийг хэл гэж шалсаар байгаад хэлүүлсэн байна. Ламтан үзэж байснаа үхсэн нохойны өнгө зүсийг хэлж, сүнс нь өөрийнхөө оромжинд хоргодсон байна. Ийм байхад яаж нохой танайд тогтох юм бэ? Зүгээр л нэг нохой биш, урд танай төрөл байсан хүний сүнс нохой болон төрж одоо хүн төрлөө олж чадахгүй зовж яваа байна. Одоохон би хүн төрөл рүү нь явуулаад өгье. Үүнээс хойш танайд, та нарын үр хүүхдэд хар зүсмийн нохой таарахгүйг санж яв. Шар юм уу алаг нохой их сайн юм байна. Лувсандорж та надад итгэхгүй байгаа бол хоёр хоноод эргэх болно. Өглөө чамайг ажилдаа явахад замд чинь шар гөлөг таарна. Гэртээ оруулж орхиод яваарай. Сайн нохой болох вий гэж хэлж, арга засал хийж өгсөн лам буцжээ.
Лувсандорж ламын хэлснийг ч мартчихаж. Өглөө гэрээсээ гараад явж байтал гөлөг гийнах шиг болжээ. Эргэж харвал паацайсан шар гөлөг дагаад шогшиж явсныг хараад ламын хэлсэнийг санаж учиргүй баярлан гэртээ авч ороход эхнэр ч мундаг лам юм гэнгээ тавганд тогоотой хоолноосоо хийж өгөн угтаж авсан байна. Лувсандоржийн шар нохой өнөө жил найман нас хүрч байгаа бөгөөд түүнд хань болгон бас нэг шар гөлөг худалдан авч ижилсүүлсэн байна. Хүнийг л ганцхан сүнстэй мэтээр ойлгож явсан миний хувьд өөр ойлголттой болсон юм. Нохойд хэрцгий хандах хүмүүс их байдаг. Нохой өмнө нь хүн байсан гэдэг үнэн бол зодож жанчаад байх амьтан биш бололтой юм шиг санагдана. Үүнийг бичиж буй миний бие хойт насандаа нохой ч болчих юм билүү, хэн мэдлээ дээ.
Т.Санаа

Бусад мэдээ

Feb 14, 2024 521

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/