Уншиж байна...

 

Цагаан морин жилийн хувьсгал гарснаар нам, лам хоёрын тоо эрс өссөн билээ. Энэ үеэр нэгэн овжин этгээд лам болж бусдын зовлонгоор зоолох гэсэн нь шидийг олоод нисэхийг шахав, шидэмсээр боогоод үхэхийг шахав гээч болжээ. Энэ эрийг Цогтоо гэдэг. Нийслэл хотод төрж өссөн тэрбээр хар багаасаа л хулгай худлаар мэргэшсэн нэгэн байсан гэдэг. Зүүнбаянд цэргийн алба хааж байгаад шинэ цэрэг зодсоны улмаас хар цэрэгт хоёр жил орчим алба хаагаад суллагджээ. Тэр шоронд байхдаа мэргэ төлөг хийдэг, бас ч гэж хар багаасаа шашин ном судласан нэгнээр багагүй юм заалгаж ганц нэг шад мааньтай болжээ. Нэгэнт шоронгоос гарч ирэхэд нь Монгол орон зах зээлд шилжээд хөл толгойгоо олохоо байчихсан байв. 

 

Мань эр зээл авах гэсэн боловч үнэндээ яаж хөөцөлдөхөө ч мэдэхгүй байсан учраас лам болохоор эргэлт буцалтгүй шийджээ. Ингээд хамар хашааныхаа айлын авгайгаар ташуу захтай лам дээл, овоодой малгай хийлгэж аваад хувраг болж хувирав. Мэдээж хэрэг орон шоронгоос гарч ирсэн түүнд хавь ойрынхон нь болон түүнийг таньдаг мэддэг хүмүүс юү гэж сүсэглэв гэж. 

Тиймээс мань эр чухам ямар учиртайг нь ч мэдэхгүй хирнээ өөрийгөө Дарнатын хувилгаан хэмээн өргөмжилсөөр Эрдэнэтэд очжээ. Тэр урьд өмнө нь очиж үзээгүй хирнээ Эрдэнэтэд буучихаад вокзал дээр алийгаа ч мэдэхгүй зогсож байв. Ингэж зогсохдоо тэр шорон зангаа шаггүй ашиглажээ. Мөн л өөртэй нь адилхан хаана очихоо мэдэхгүй гайхаж балмагдан зогсоо хөдөөх эр, эм хоёрыг нүдээрээ олзлоод явж очжээ. Тэр шууд л сайхь хоёрын царай дахь гунигийг мэдэрснээ, 
- За, та хоёр буяны ажилд очоод ирээ юү? гэж асуухад нь лам хувраг харсан хоёр ч уухайн тас
- Тэглээ. Хүү маань цэрэгт байгаад хүний гарт үрэгдсэн юм. Их л зовлон үзсэн байна даа. Бид хоёр эндээсээ унаа олж гэртээ очих санаатай л зогсож байна гээд л яриа өрнүүллээ. 1990 онд одоог бодвол лам хувцастай хүн нүдний гэм байсан. Тэгээд ч хүмүүсийн мухар сүсэг ид дүрэлзэн асч байсан цаг хойно доо. 

Цогтоог маш их сүсэглэж буйг анзаараад,
- Би хөдөө орон нутгаар явж буян үйлдэж байгаа юм. Хүний гарт үрэгдсэн хүний сүнс хойд төрлөө ололгүй тарчилдаг юм даа. Арыг нь сайн л хийлгэх хэрэгтэй гэхэд нь нөхөр нь, 
- За, багш минь өршөө. Ийм буянтай хүнтэй бурхны хишгээр л тааралдлаа. Одоо таниас салахгүй ээ. Та манайд очиж арга чарга хийж өг гээд сөхрөөд уначихав. Мань эр ч бага зэрэг цааргалсан дүр эсгэж байснаа, 
- За яахав. Гэхдээ бараг арваад хоногийн ажил орно. Яая даа байз гэхэд, 
- Еэ бурхан гончигсүм минь, та авралдаа багтааж хайрла гээд сөхрөв. Тэр үеэр гал гаргадаг Өнөрмаа, Дожоодоржийн алтан цөгцний хэрэг, энд тэндхийн харь гаригийн хөлөг, үзмэрч Дашцэрэн гээд олон шуугиантай үйл явдлууд өрнөж байсан учраас мань эр ч үүнийг ашиглахаар шийджээ. Тэгээд, 
- За тэгье дээ. Би харин зарим шөнө урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулздаг юм. Тэр нөхцлөөр нь хангаж өгөөрэй гэснээр хөлсний машинд суун сайхь айл руу довтолгожээ. Чин үнэндээ тэр үед Монголд лам дээл өмсдөг хүн Гандангийн хэдэн лам нараас өөр байгаагүй учраас тэр хавийн айлууд сөгдөн, мөргөж угтацгаажээ. Мань эрд үнэндээ эрхи, нэг шогол Алтангэрэл судраас өөр юу ч байсангүй. Мартсанаас энэхүү айлыг танилцуулах нь зүйтэй байх. Гэрийн эзнийг Доржсүрэн, эзэгтэйг Дариймаа гэдэг бөгөөд гурван хүүхдийнх нь том Улаанбаатар хотод цэрэгт татагдаж очоод хал цэргүүдэд зодуулж нас барсан нь тэр байжээ. Харин Доржсүрэнгийнх удам дамжсан бурхан тахилаа хадгалж ирсэн нь харваас илт байв. 

Мань эр ч,
- За, та нар бурхан тахилаа олигтой шүтэлгүй бузартуулсан байна. Энэ хонх, дамраа надад өг гээд хариу хэлэхийн завдалгүй өөрийн болгожээ. Тэр шоронд байхдаа мөнөөхөн өвгөний хэлж байсан дамрыг хүний гавлын ясаар, ганлин гэдэг юмыг нь 18 настай онгон бүсгүйн чөмөгний ясаар хийдэг гэдгийг л маш их шохоорхон сонссон байжээ. Тэгээд ч шоронгоос суллагдсаныхаа дараагаар Богдын музейд очиж чөмгөн ганлин, гавлын ясар дамар, эрхи зэргийг харчихаад “Ийм юмтай болчих юмсан “ гэж хорхойсч байсан нь биеллээ олжээ. Мэдээж хэрэг түүнийг хэрхэн дүвчигнэж тэр хавийн хүмүүсийн мөнгө төгрөгийг авч байсныг та надаар хэлүүлэлтгүй мэдэж байгаа байх. Шөнө болгон урд төрлийнхөө хувилгааны сүнстэй уулзаж учирч байна гэдгээр шалтаглан тусдаа гэр бариулжээ. Тэр ч бүү хэл саахалт айлынх нь 21 настай Цэцэгсүрэн гэдэг хүүхнийг Дарь эхийн бүрэлбаатай төрсөн хэмээн шинээр тодруулан цугтаа нойрсох болжээ. Сайхь хүүхэн нь ч гэсэн дүрдээ итгээд мэргэ төлөг хийх болсон гэдэг. Гэвч Цогтоо “хувилгаан” удаан жаргаж чадаагүй юм. Тэр дотроо бурхан шашинд огтхон ч итгэдэггүй байсан бөгөөд ингэж хүмүүсээр тоглоом наадам хийж байгаад жинхэнэ ид шид, шулмасын хорлолд нэрвэгдсэн билээ. Нэгэн орой Цогтоо хувилгаанд заллага иржээ. Учир нь 50-иад километр зайтай орших нэгэн айлын 18 настай охин морьноосоо унаж үхсэн учраас хойдохыг нь уншуулахаар залсан нь тэр байж. 

Мань эр ч явж очоод нэгэн адын бодол шүглэх нь тэр. Түүний бодолд энэ эмэгтэйн чөмөгний ясыг авч тэр ганлин гээч юмтай болчихвол илүү олон хүн өөрт нь сүсэглэн сөгдөх болно гэж сэтгэсэн юм байх. Тэгээд мань эр цогцсыг нь монгол ёсоор ил тавь гэж зарлигдав. Эцэг, эх нь бага зэрэг эргэлзсэн дүр эсгэхэд, 
- Охин чинь буянтай хүн байж. Одоо яая гэхэв. Та нарын хохь чинь хэмээн загнаснаар таг дуугүй болгожээ. 
Талийгаачийг оршуулсаны хэд хоногийн дараа тэр хавиар явсан зарим дэггүй залуус шарилын өрөөсөн хөл алга болсныг хов жив болгон ярьсан авч нохой шувуу идсэн биз гээд хэрэгсэх хүн гарсангүй. Харин энэ үеэр Доржсүрэнгийн хот айлд ёстой аймшигтай явдал өрнөж байлаа. Талийгаачийг оршуулсан шөнө Цогтоо хувилгаан Дарь эхээр өргөмжилсөн хүүхнээ дагуулан морьтой яваад өглөө үүрээр иржээ. Тэгээд зуны халуунаар өдөржин гал өрдөж нэг юм чанаад байгаа нь мэдэгджээ. Харин хэнийг ч ойртуулсангүй. Үдэш нь харуй бүрийгээс эхлэн аймшигт явдлууд болсон юм. Орой харуй бүрий болохын хирд хотондоо тайван хэвтэж байсан мал сүрэг гэнэтхэн хуйларч, тэр хавьдаа л зүрх зоригтойгоороо алдартай Доржсүрэнгийн дөрвөн нүдтэй халтар банхар гийнан гаслаж, гайхшрал төрүүлсэн явдал боллоо. Доржсүрэн ч эхнэртэйгээ гэрээсээ гүйн гарч,
- Хөөе, та минь ээ. Юу болоод байна аа? Газар хөдлөх гэж байна уу? хэмээн сандарч мэгдэхэд нь мөн л гэрээс гараад байсан Цогтоо хувилгаан, 
- Та нар битгий сандар. Миний өмнөх төрлийн сүнс өнөөдөр ийм догшин ирж байна. Та нар бүгдээрээ гэртээ орцгоо. Юу ч харж, юу ч сонсч болохгүй хэмээн өндөр дуугаар хашгирахад айж мэгдсэн хүмүүс гэр гэртээ сандралдан орцгоолоо. Удаа ч үгүй хүн муухай орилох чимээ сонсогдов. Гэртээ бүгэгсэд энэ бүхнийг сонсохгүйн тулд чихээ дарцгааж байлаа. Гэвч чихээ дараад дараад, 
- Амь авар. Туслаарай гэх Цогтоо хувилгаан, Дарь эх хоёрын дуу хадсаар тасалдлаа. Хоттой мал сүрэг ч чимээ тасрав. Харин нохой нь баруун хойно нилээд хол улих сонсогдож байлаа. 

Хэсэг хугацааны дараа Доржсүрэн,
- За, юу л болвол болог. Гарахаас өөр аргагүй гэсээр гарлаа. Удаа ч үгүй - Хүүе, та минь ээ. Энд хүн үхчихлээ гэх чимээгээр бүгд л дэрхийтэл босон хүмүүс гэрэл гаргахад Цогтоо хувилгаан нүүр ам, хэнхдэг цээжээ хэн нэгэнд уруулан амьсгал хураасан байх агаад өрөөсөн хөл нь өвдгөөрөө тасарч унасан байдалтай амьсгал хураасан байжээ. Түүнээс холгүй Дарь эх нь ухаангүй хэвтэж байв. Түүний арайхийн сэргээхэд, 
- Чөмөгний ясаа нэхсэн шулмас ирсэн. Түүнийг нь өгөхгүй бол болохгүй хэмээн эрүүгээ тачигнуулан ээрч муурч байлаа. Дарь эхийг тайвшруулан байж босгож гэрт оруулахад тэр болсон явдлыг ярьж хүмүүсийг нэгмөсөн айдас хүйдэст автууллаа. Цогтоо хувилгаан талийгаач бүсгүйн чөмгийг “Ганлин хийнэ. Тэгвэл чи бид хоёр жинхэнэ ид шидийг олно” гээд шөнөөр очиж огтлож авчээ. Харин энэ өдөр тогоонд чанаж, махнаас нь салгаж хадганд боож тавьсан юм байж. Гэтэл Цогтоо хувилгаан мал сүрэг үргээд байхаар, 
- Миний өмнөх төрөл ирж байна. Хоёулаа гадаа зогсож угтая гэж мунхаглажээ. Гэтэл харанхуйд нэгэн юм сэвхийтэл ороод ирсэн нь талийгаач эмэгтэй өрөөсөн хөл дээрээ дэвхцэж явсан нь мэдрэгджээ. Тэгээд л Дарь эх хэмээн хөөрөгдсөн Цэцэгсүрэн хүүхэн ухаан алдаж унасан нь тэр. Хүмүүс зөвлөлдөөд маргааш нь чөмгийг нь аваачиж шарил дээр нь орхихоор болжээ. Харин Цогтоо хувилгааны цогцсыг холбогдох байгууллагуудад нь өгөх гэсэн боловч муудахаас нь болгоомжлоод хоёр хоногийн дараа оршуулсан гэдэг. Чөмгийг маргааш нь Доржсүрэн шарил дээр аваачиж тавьснаар энэ хэрэг шувтарсан юм. Бүр жилийн дараа л Цогтоогийн ар гэрээс хүн ирж ёслол үйлдсэн болоод буцсан гэдэг. Харин хот айлынхан нутагтаа ад үзэгдэхээс эмээгээд энэ бүхнийг тас нууж өнгөрчээ. Дарь эх хэмээн өргөмжлөгдсөн хүүхэн ч тун удалгүй солиорч ууланд очиж боож үхсэн байдаг. Гэхдээ уг оршуулгын газраар өрөөсөн хөлтэй шулмас байдаг гэсэн яриа тархсан бөгөөд төдийлөн нотлох баримтгүй учраас мартагдах тийшээгээ ханджээ. 
Эх сурвалж 
www.wikimon.mn

Бусад мэдээ

Feb 14, 2024 538

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/