Уншиж байна...


Т.Батбаяр: Эзэн хааны удмын хүн ургийн бичгээ надаар хөтлүүлсэн


Цагаан сарыг гэр бүл, ахан дүүсийн баяр гэлцдэг. Нийгмийн өөрчлөлт, амьдралын эрхээр хамаатан саднууд төдийгүй ахан дүүс хүртэл жилдээ ганцхан удаа сар шинийн өдрүүдэд уулзах нь бий. Бүл, бүлэнцэрүүд биесээ танихаа байж, хүүхдүүд нь хөгшдөө мэдэхгүй өсч байна. Үүнийг засч залруулах боломжийг угийн бичиг олгодог гэж “Ургийн бичгийн программ” зохиосон Зээрднүүд овогт Төмөрбаярын Батбаяр яриагаа эхэлсэн юм. Тэрбээр программ зохиогоод зогсохгүй ургийн бичгийн талаарх ойлголтыг хүмүүст түгээх цахим хуудсыг эрхлэн гаргадаг юм.


-Ургийн бичгийн программ зохиох болсон шалтгаан юу вэ. Ингэхэд угийн бичиг, ургийн бичиг гэж хоёр янзаар бичээд байдаг. Аль нь оновчтой вэ?
-Эрт цагт айл бүр “Угийн бичиг”-тэй байсан гэдэг. Угийн бичгийг айл бүрийн ууган хүү хөтлөн үр удамдаа уламжлуулж ирсэн нь ураг удмаа цэвэр ариун байлгах ганцхан зорилготой. Харамсалтай нь сүүлд энэ уламжлал хаягдан бараг мартагдсан. Үүнээс болж монголчууд ураг удмын түүхээ мэдэхээ байж, үндэс угсаагаа танихгүйд хүрснийг залруулан хүн бүр эцгийн нэрээс гадна ураг удмын нэрээр овоглож эхэлж байна. Тэр сайхан уламжлал сэргэх үеэс би өөрөө угийн бичгээ хөтлөхөөр шийдсэн юм. Өөрийн аав ээж, төрсөн гэр, ах дүүсээс эхлэн ургийн бичгээ хөтөлж эхэлсэн. Авга, нагац, өндөр өвөг рүүгээ ороод олон салаалаад эхэлмэгц ургийн бичиг хөтлөхөд хүндрээд эхэлдэг юм билээ. Хүн бүрт тохиолдож байгаа энэхүү бэрхшээлийг хэрхэн хялбаршуулж болох вэ гэж бодсон. Тэгээд л өөрийн мэргэжилдээ тулгуурлан программ бичсэн дээ.
Бичлэг нэршлийн хувьд ургийн бичиг, угийн бичгийн аль алийг нь хэрэглэж байгаа. Уг нь бол угийн бичиг юм билээ. Гэхдээ ургийн бичиг гэхнээ ч буруудахгүй. Учир нь ураг бүрэлдэн бий болох үеэс хүний зам мөр тавигдаж байдаг онцлогтой.
-Таныг программ хангамжийн мэргэжилтэй гэж ойлголоо. Ургийн бичгийг түүх, гэр бүл судлаач, сэтгэл судлаач нар илүүтэй сонирхдог болохоор таныг тэдний нэг болов уу гэж бодож байлаа?
-Би программист. Эрхэлдэг ажил маань ураг удмын бичгээс тэс өөр боловч би гэр бүлийг сонирхон судалдаг болохоор энэ программыг бүтээхэд их дөхөм байсан. Ер нь угийн бичиг бол Монголын ард түмний бүтээсэн аугаа соёлын нэг хэсэг юм. Ах дүү, төрөл саднаа мэдэн гал голомт, өмч хөрөнгөө хэндээ уламжлуулах, ах зах, эгч дүүгээ хэрхэн хүндлэх, удам угсаагаа хэвийн цэвэр ариун байлгах олон асуудлыг шийддэг түүхэн судар нь угийн бичиг байжээ. Монголчууд Манжийн эрхшээлд орох үеэс ургийн бичгээ хөтлөх нь бүдгэрч эхэлсэн байдаг. Хожим нь Ардын хувьсгалын дараагаар буюу 1925 онд овог хэрэглэхийг бүрмөсөн болиулсан юм билээ. Энэхүү алдааг засч залруулах шийдвэрийг 1997 оны нэгдүгээр сарын 8-ны өдөр гаргасан. Монгол Улсын Засгийн газрын 17 дугаар тогтоол гарснаар монголчууд удмын овгийг хэрэглэх болсон.
Өнөөдөр дэлхий дээр хамгийн олон хуваагдсан үндэстэн бол Монгол гэж судлаачид үздэг. Халимаг, буриад,өвөрлөгчид, шинжаан уйгарын торгууд, цастын монгол, хазара монгол гээд тоолбол таран бутарсан монголчууд их. Хилийн чанад дахь монголчууд маань Монголын овог удмын хөх толбот гарвал шинжээ хэвээр нь хадгалахыг илүүтэй эрхэмлэж ирсэн байтал нутагтаа бууриа сахиж үлдсэн бид овог удмаа мэдэхгүй сууж болохгүй билээ. Тэгэхээр Монголчууд мөнхөд оршиж байгаагийн баталгаа бол угийн бичиг юм
.-Таны зохиосон программаар угийн бичгээ хэдэн үеэр хөтлөх боломжтой вэ. Ер нь монголчууд есөн үеэс дээш бол ураг барилдаж болно гэж үздэг байсан биз дээ?
-10 дахь үеэс цус ондоошдог гэж үздэг. Тиймээс хүн есөн үеэ мэдэж байхад цус ойртох аюул үгүй. Манай программыг ашиглан хэдэн ч үеийг багтаасан угийн бичиг хөтөлж болно. Алтан ургийн удмын нэгэн хүн надад хандаж 50 гаруй үеийн угийн бичгээ хөтлүүлж байсан. Бөртэ чоно, Гуа маралаас эхлээд Баянмөнх хааныг хүртэлх угийн бичгийг нь би хөтөлж өгсөн. Тэрхүү угийн бичгийг бид программ авсан хүн бүрт дагалдуулан өгч байгаа.
-Сонирхолтой юм. Тэр хүн хэн байсныг хэлж болох уу. Өөрийгөө Алтан ургийнх гэж хэлэх хүн маш олон байдаг. Мөн эсэхийг хэрхэн ялгана гэсэн үг вэ. Танд хандсан хүн Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ яагаад хийлгээгүй юм бол?
-Тэр хүнд эртнээс уламжилж ирсэн угийн бичиг нь байсан. Тэр хүнд Чингис хааны бичсэн Их засаг хууль хүртэл байдаг юм билээ. Маш сонирхолтой ховор баримт дэлгэсэн тэр хүн өөрийгөө нийтэд зарлахыг хүсэхгүй байгаа. Одоо гадаадад ажиллаж амьдардаг хүн л дээ. Баянмөнх хаанаас хойшхи үеийн угийн бичгээ хөтлүүлсэн. Гэхдээ бидэнд үлдээхийг, нийтэд мэдээлэхийг зөвшөөрөөгүй.
-Ураг удмын бичигтэй холбоотой өөр ямар сонирхолтой баримт танд байдаг вэ?
-Баримт бол цөөн дөө. Харин сонирхолтой мэдээллүүд бол бий шүү. Жишээ болгож сонирхуулахад 1970 онд Оросын нэрт удирдагч В.И Лениний мэндэлсний 100 жилийн ой болоход Ленинийн эхийн тухай ном, гарын авлага их элбэг, харин эцэг Ульяновын тухай гарын доор ашиглах материал цөөхөн байна. Энэ нь ямар учиртай вэ гэхээр тэр үеийн зөвлөлтийн зарим судлаач, мэргэжилтнүүд Лениний эцэг нь халимаг угсаатай, Монгол гаралтай хүн байсан учраас зөвлөлтийн төр засаг өөрийнхөө удирдагчийг Монгол гаралтай хүн байхыг сайшаахгүй байсантай холбоотой хэмээн хариулсан тохиолдол бий. Мөн Сүхбаатар аймгийн Дарьгангачуудын удам гарвыг сонирхон судалсан хүмүүс Дарьганга бол бие даасан ястан биш гэж үздэг юм билээ. Дарьгангын хошуунд дархад, баяд, урианхай гэх мэт Монголын олон овог, аймгаас ирж суурьшсан байдаг. Яагаад гэхээр Манжийн хаан өөрийн хоньчин, адуучин гэх мэт сүрэгчинг бий болгохдоо Монголын олон овог, удмын хүмүүсийг авчирч сууришуулжээ. Үүнээс харахад Дарьганга хошуу бол Монголын олон овог, ястны цус холилдсон нутаг юм. Дарьгангачуудаас сэргэлэн, ухаалаг шилийн сайн эрс, олон эрдэмтэн, яруу найрагч, зохиолч төрдөг нь бас үүнтэй холбоотой байж мэднэ. Мөн Манжийн төр Дарьгангачуудын ажлын хөлсийг цалин цагаан мөнгөөр бодож үнэлдэг байсныг дагаад мөнгөн урлал эрчимтэй хөгжсөн байдаг. Энэ мэт зүйлийг ч хүмүүс ургийн бичиг, удмын түүхэндээ багтаан бичих ёстой.
-Өмнөх нийгмийн үед өөрийн намтраас гадна өвөг эцэг, төрсөн эцгийн буюу гурван үеийн түүх бичүүлдэг байснаас айл гэрийн эзэгтэй, эхийн талын мэдээлэл орхигддог байж. Энэ бол буруу гэж та хэлэх гээд байна уу. Нөгөөтэйгүүр амьдрал баян болохоор хүүхдээ бусдад үрчлүүлэх, өргөж авах, бутач хүүхэдтэй болох гээд олон л зүйлс тохиолддог. Энэ бүхнийг хэрхэн хөтлөх ёстой вэ?
-Тэгэлгүй яахав. Орчин үеийн шинжлэх ухаанд хүний төрмөл шинж эцэг, эхээсээ 50 хувь, өвөг эцэг, эмэг эхээс 25 хувь, элэнц өвөг, элэнц эмэгээс 12.5 хувь өвлөгддөг гэсэн судалгаа, нотолсон байдгийг харгалзан эхийн талын мэдээллийг дэлгэрэнгүй оруулан ургийн бичиг хөтлөхийг эрдэмтэд зөвлөсөөр байгаа. Түүнчлэн ургийн бичиг, удмын түүхэнд харгалзах нэг чухал зүйл бол дагалдах мэдээллүүд юм. Тодруулбал дагавар, өргөмөл хүүхэд, хүж барилцсан төрөл садан, эцэг нь тодорхойгүй бутач хүүхдүүд, албан ёсоор гэрлээгүй үед өвөөгийнхөө гал дээр гарсан ач, зээ гээд бүхий л мэдээллийг тусгах нь ёстой. Тэр бүү хэл өвөг дээдэс нь ямар өвчнөөр өвдсөн, яагаад өөд болсон шалтгааныг хүртэл бичиж үлдээх нь чухал байдаг. Өргөмөл хүүхэд байлаа гэхэд төрсөн эцэг эх, өргөж авсан аав ээж бүгдийг багтаан бичих юм.
- Залуус өрх тусгаарлах, үр удам бүрэлдэхээс бүх зүйлийн эх тавигддаг гэж та хэллээ. Ураг бүрэлдэх хүртэл утга учиртай байсан хэрэг үү?
-Маш нарийн утга агуулга, нарийн учиртай байсан юм билээ. Гэрлэж буй хосуудын зохилдолгооноос эхлээд хэвлий дэх ургаа зөв бойжуулахаас тухайн хүний хувь тавилан эхэлдэг гэж үздэг байсан. Сүүлийн үед ургийн гажигтай хүүхдүүд төрөөд байгаа нь аав ээжийн зохилдолгоо, хоорондын харилцаа, сэтгэлзүйн байдал, хүүхэд олсон өдрийн өнгө, цаг агаараас хүртэл хамааралтай гэж үздэг. Тэргэл сартай болон сар битүү өдөр хүүхэд олохыг цээрлэдэг байсны дээр тэнгэрийн муухай өдөр, салхи шуурга, эцэг эх нь уур бухимдалтай үед олсон хүүхдийн авир ааш ширүүн байх жишээтэй. Нөгөөтэйгүүр сүүлийн үед ижил хүйстнүүд олшроод байгаа шалтгааныг Оросын нэг эрдэмтэн тайлахдаа “Хүмүүний хүйсийг төөрүүлдэг цаг мөчид хүүхэд олсонтой холбоотой. Тиймээс ижил хүйстнүүдийн эцэг эх буруутай” гэсэн байдаг.
Хүүхэд төрсний дараа 10 нас хүртэл нь эцэг эхийн гар дээр өссөн хүүхэд овог удмаа таньж, зөв монгол хүн болон төлөвшдөг байжээ. Одоо бол өвөө эмээ дээрээ өссөн хүүхдүүд үеийнхнээсээ хэрсүү, амьдрах ухаанд суралцсан байдаг шүү дээ.
-Зарим хүмүүс нэгэнт дээд үеэ мэдэхгүй юм чинь ургийн бичиг хөтлөх хэрэггүй гэж үздэг. Ийм хүмүүс яах вэ?
-Дээд өвөг удмынхаа түүхийг мэдэх гурван арга байдаг. Нэгд гэвэл Үндэсний архивын газарт очиж, архив үзэх. Архивт ноёд, тайж угсааны хүмүүсийн талаарх баримт хангалттай бий. Эгэл ардын мэдээлэл хадгалагдаагүй болохоор хүн амын тооллогын материалаас үзэж болох юм. Архиваас мэдээлэл олохын тулд уйгаржин монгол бичиг мэддэг байх ёстой. Өвөг дээдсийнхээ аж төрж байсан нутаг хошууг хуучин нэршлээр нь мэддэг бол мэдээлэл цуглуулахад илүүү дөхөмтэй. Нөгөөтэйгүүр өвөө, эмээ, аав ээж нь хувьсгалт намын гишүүн байсан бол намын архиваас мэдээлэл авч болно. Энэ хоёрын аль аль нь боломжгүй бол өвөг дээдсийнхээ амьдарч байсан нутаг усны ахмад настнуудаас аман хэлбэрээр мэдээлэл цуглуулж бас болох юм. Ингэлээ ч баримт олдохгүй, эсвэл хайхаас төвөгшөөсөн байлаа ч өвөг дээдсээ мэдэхгүй гээд ургийн бичиг хөтлөлгүй үлдээх нь буруу юм. Хойд үеийнхэн, үр ач тань таныг мэдэж байх учиртай тул өөрийнхөө намтрыг ч бол бичиж үлдээх ёстой гэж би хувьдаа боддог.
-Хүмүүс ургийн овог хэрэглэж эхэлсэн нь сайн талтай ч социализмын үед хүн бүр халх ястан гэдэг байсан шиг одоо бараг л бүгдээрээ боржигон овогтой болж байх шиг?
-Боржигон овог хавтгайрч байгаа нь үнэний талтай. Уг нь бол овог гэдэг цус ойртохоос сэргийлсэн, удмын өвчин сэдрэхээс болгоомжилсон, ах дүү хүмүүс төрөл саднаа мэдэж байхад зориулагдсан байдаг. Түүнээс биш бүгдээрээ “Боржигон” овгийг авснаар их эзэн Чингис хааны хамаатан, төрөл садан болчихно гэсэн үг биш. Албан ёсны бүртгэлд “Боржигон” овогтой болчихсон бол жинхэнэ гарал үүслээ, өөрсдийн сайн мэдэх үеийн бусдаас ялгарах нэршлийг сонгон тодотгол хийсэн ч болно гэж эрдэмтэд тодотгосон байдаг. Жишээ нь “Боржигон-дархан”, “Боржигон-бичээч”, “Боржигон-уяач”, “Чойрын боржигон”, “Галшарын боржигон” гэх мэтээр тодотговол хожмын өдөр хүүхдүүд удам зүйн сөрөг нөлөөллөөс сэргийлэхэд тусална. 2010 оны хүн амын тооллогын үеэр ургийн овгийн статистикийг гаргасан байдаг. Уг статистикт Монголддавхардсан тоогоор 400 мянган ургийн овог бий гэж тэмдэглэсэн байна лээ. Овог сэргээх үед хүн болгон шахам боржигон овог авсан, эсвэл нэг бүлийн хүмүүс өөр өөр овог сонгосон зэрэг сөрөг тал бий. Үүнийг нэг мөр болгон цэгцлэхэд төр засгийн ч оролцоо чухал шүү дээ.
-Ургийн бичгийг мод хэлбэртэй хөтөлдөг болохоор ургийн мод гэж нэрлэдэг юм уу. Яагаад мод гэж нэрлэсэн хэрэг вэ?
-Хүний ураг удам гэдэг гэдэг өвөг дээдэс, эцэг эхээс үндэслэн ургадаг болохоор ургийн мод гэж нэрлэдэг болов уу хэмээн боддог. Ургийн бичгийг мод хэлбэрээр салаалуулан хөтөлдөгтэй ч холбоотой биз. Түүнчлэн ургийн бичгийг модноос гадна нар, цагираг хэлбэрээр ч хөтөлж болдог. Авга нагацаа тус тусад нь хөтөлсөн ч болно.
-Авга нагац гэснээс бүүлийн үеийн залуус ураг төрлийн нэршлээ мэдэхгүй байх нь түгээмэл байна. Аавынхаа ахыг нагац гэх ч юм уу худ, хадмаа ч ялгахгүй байх нь бий?
-Тийм ээ. Авга, нагац, бүл үеэлээ андуурах нь бүү хэл өвөө, эмээгийнхээ нэрийг өнгөрснийх нь дараа хөшөөний чулуунаас нь мэдэж авсан гэх яриаг ч сонсож л байлаа. Энэ бол тун харамсалтай хэрэг. Үүнийг одоо л зогсоохгүй бол улам л гүнзгийрнэ. Тиймээс бид ургийн бичгийн программдаа энэ бүхнийг нарийвчлан багтаасан.
-Таны зохион программыг ашиглахад хэр хүндрэлгүй байж чадах уу. Компьютерийн мэдлэг муутай болон урьд нь ургийн бичиг хөтөлж байгаагүй хүмүүс ч ашиглах боломжтой юү?
-Боломжтой маш энгийн, хэн бүхэн хэрэглэж болохын дээр дутуу дулимаг зүйл байвал засч сайжруулах боломжтой байдлаар зохиосон анхны монгол программ юм. Ургийн бичиг, удмын түүхээ хөтлөх нь өөрсдийн өвөг дээдэс, садан төрөл, тэдний ажил үйлс, амьдралын замналыг нь олж мэддэг. Тэгснээрээ хол, ойрын садан хүмүүс харилцан туслалцах, ядарснаа өргөн тэтгэх, ах захаа хүндэтгэх, баяр цэнгэл, уй гашуугаа хуваалцах зэргээр ах дүү, элгэн садны журмыг сахихад дөхөмтэй юм. Гэтэл өнөөгийн залуус маань тэр дундаа хоторон газарт төрж, өссөн ахимаг насныхан хүртэл ураг удмаа мэдэхгүй байна. Өвөг дээдсээ аль нутагт төрж өссөнийг мэдэхгүй, бүүр нэр алдрыг нь ч танихгүй үе хойч өсч торниж байгаа нь гашуун боловч үнэн. Тиймээс сар шинийн өдрүүдэд ураг төрлөөрөө уулзан золгохдоо ургийн бичгээ хөтөлж, настан буурлаасаа удам судрынхаа талаар сонсож, бичиж тэмдэглэхэд манай программ их дөхөм байх болно. Зөвхөн ургийн бичгээ хөтлөөд зогсохгүй хүн бүрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл үлдээх, зургийн цомгийг нь хадгалах, дурсамж бичлэгийг авах, дурсгалт эд өлгийг баримтжуулах зэргээр овог удмын мэдээллийн сантай болох боломжийг монголд түмэндээ олгож байгаадаа баяртай байдаг. Энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг urgiinbichig.mn сайтаас авч болох юм.
Ярилцсан Д.ЦЭЭПИЛМАА

Бусад мэдээ

Feb 14, 2024 529

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/