Уншиж байна...

-ЭЦЭГ НЬ ОХИНОО АМЕРИК ЯВАХЫГ ХОРИГЛООД ДИЙЛЭЭГҮЙ АЖ-

2012 оны аравдугаар сард АНУ-ын Оклахома мужийн Оклахома хотод нэгэн монгол бүсгүй харамсалтайгаар амиа алдсан хэрэг гарчээ. Талийгаачийг Халиунаа гэдэг бөгөөд шаггүй сайн төгөлдөр хуурч байсныг Америкийн монголчууд анддаггүй байна. Дөнгөж 18-хан настай байхдаа интернэтээр өөрөөсөө 19 ах Кинг хэмээх америк эртэй танилцаж, захиагаар харилцаж эхэлжээ.

 

Эцэг нь төрсөн нутгаа орхиж явах гэж байгаа охиноо хориод дийлээгүй байна. Ингээд бүсгүй Америкт ирж, Кингтэй хамт амьдрах болжээ. Харамсалтай нь түүний нөхөр сэтгэцийн өвчтэй нэгэн байсан бөгөөд Халиунаа бүсгүйг хэрцгийгээр зодож, тамлан амь насыг нь бүрэлгэсэн аж. Энэхүү аймшигт явдал хүмүүсийг ихэд цочроосон байна. Монгол Улсаас АНУ-ын Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газар энэ хэргийн талаар дорвитой алхам хийлгүй өнгөрөөжээ.

Эрх чөлөөний оронд монголчууд хөл тавьснаас хойш нийт 10 гаруй эмэгтэй америк нөхрийнхөө гарт амиа алдсан харамсалтай мэдээлэл байдаг ажээ. Талийгаач Халиунаа бүсгүй болон америк эрчүүдтэй гэрлэсэн монгол хүүхнүүдийн зовлонт амьдралаар кино найруулагч н.Тунгалаг хэмээх эмэгтэй кино бүтээж, Америкт гаргах гэж үзээд амжилт олоогүй байна. “Насанд хүрсэн дөрвөн америк эрийн нэг нь сэтгэцийн гажигтай, мансууруулах бодис хэрэглэдэг. Америк хүмүүсийн 4 сая нь солио өвчтэй, 23 сая нь сэтгэл санааны гүн хямралд ордог тухай статистик үзүүлэлт байдаг аж. Монгол эмэгтэйчүүд ийм л хүмүүсийн “олз” болсоор байна. Харамсалтай нь, манай монгол хүүхнүүд Америк орон, америк эрчүүдийн талаар өрөөсгөл ойлголттой явдаг учраас энэхүү бодит үнэнийг сэрэмжлүүлэг болгох үүднээс сийрүүллээ.

-МАНСУУРСНЫХАА ДАРАА ЗҮЙ БУС СЕКС ХИЙХИЙГ ШААРДДАГ БАЙЖЭЭ-
Хуучнаар ЗХУ-д кино найруулагч мэргэжлээр төгссөн н.Тунгалаг бүсгүй Оклахома хотод 1993 оны нэгдүгээр сард ирж, тав хоногийн дараа америк эртэй гэрлэжээ. Тэд сонины зарын дагуу танилцсан байна. Тухайн үедээ түүнд хайраа илэрхийлсэн хачин гоё захидлууд илгээдэг байж. Өдөрт хоёр захиа факсаар илгээдэг түүнд тэрээр маш их итгэжээ. Харамсалтай нь энэхүү дурлал удаан үргэлжлээгүй байна. Тунгалаг бүсгүй нөхөрт гарсныхаа дараа Америк-Оросын хамтарсан компанид ажиллаж эхэлжээ. Тэр үед нөхөр нь биеэ даасан сүрхий бүсгүй гээд магтдаг байж. Гэтэл ажлаасаа халагдсаных нь дараа элдвээр харааж, зодох болжээ. Түүгээр ч зогсохгүй нөхөр нь ажилгүй болж, сэтгэл санааны гүн хямралд орсны улмаас гадуур сэлгүүцэж, хар тамхи татаж, үргэлж порно кино үзэх болжээ. Улмаар эхнэрээ порно кино хамт үзэхийг шаардаж, эсэргүүцвэл аймшигтайгаар зоддог. Мөн мансууруулах бодис хэрэглэхийг шаардан, хамт мансуурсныхаа дараа ёс бус аргаар секс хийх гэж дайрдаг байжээ. Ингээд арга буюу дөрвөн жилийн дараа салсан аж.

Н.Тунгалаг бүсгүй бүсгүйчүүддээ Америкт ирснээ тэнгэрийн умдаг атгасан мэт санаж болохгүйг урьдчилан анхааруулахыг хүсдэг байна. Түүний хэлснээр сэтгэцийн өвчтэй америкчууд тэвчээргүй, маш түргэн ууртай. Хүнд итгэхгүй, маш их хартай байдаг. Сексийн хувьд монгол хүүхнүүдийг ёстой “тамладаг” аж. Жирийн америк бүсгүй сэтгэцийн өвчтэй эрчүүдээсээ зугтдаг. Гаж донтон, галзуу эрчүүд хэрвээ америк эхнэртэйгээ буруу харьцаж, биед нь халдвал цаадуул нь тэр дороо 911 дуудаад өгчихдөг. Улмаар гэр бүл, аюулгүй байдлын хуулиа сайн мэддэг учраас дээрэлхүүлдэггүй байна.

-ОЮУНАА БҮСГҮЙГ НӨХӨР НЬ ЗОДООНЧ НОХДООРОО УРУУЛЖ, ТАХИР ДУТУУ БОЛГОЖЭЭ-

Америк нөхөртэй болсон олон ч монгол хүүхэн Тунгалаг бүсгүйд ханджээ. Нийт 108 бүсгүйн 80 хувь нь гаж зуршилтай, сэтгэцийн ямар нэг өвчтэй америк эртэй гэрлэсэн байсан аж. Мөн хар тамхичин, архичин гээд нэмбэл ердөө 5 хүрэхгүй хувь нь эрүүл америк хүнтэй гэрлэжээ. Ногоон карттай эмэгтэй нөхрөөсөө салбал нөхөр нь түүний орон байр, даатгал, гар утасны болон бусад төлбөрийн тооцоог хийх хуультай. Нөхрийнхөө дарамтад байгаа монгол бүсгүй ямар нэг хуулийн байгууллагад хандахаас ихэд айдаг. Ийм хүлцэнгүй байдлаасаа болж олон монгол бүсгүй хүний нутагт зовлонт амьдралаар амьдарч яваа аж.

АНУ-ын Атока хотод амьдардаг 23 настай Оюунаа гэдэг бүжигчин бүсгүй үлдсэн насаа тэргэнцэр дээр өнгөрөөх гашуун хувь тавилантайгаа эвлэрчээ. УАДБЧ-ын гоцлол бүжигчин байсан түүнийг “Чамдаа театр бэлэглэнэ” гэж америк нөхөр нь хуураад гэрлэсэн байна. Гэтэл амьдрал дээр театр бэлэглэх битгий хэл аашилжээ. Тэрээр нөхрийнхөө нохдыг арчлан тэжээдэг, харин нөхөр нь нохдоо үнэ хүргэн зардаг байжээ. Бүжигчин бүсгүйг Монгол руу буцах гэтэл хэрцгийгээр зодож аарцаг, хөлийг нь хугалаад зогсохгүй, тэжээж байсан зодооны нохдоороо уруулж сэглүүлжээ. Гэвч тэрээр Оюунаа бүсгүйгээс салдаггүй аж. Учир нь нөхрийг нь буруутай гэж Америкийн шүүх хүлээн эөвшөөрөөд, нийгмийн халамжаасаа сар бүр Оюунаад мөнгөн тэтгэлэг олгодог. Зөвхөн түүнийг нь авах гэж Оюунааг гэртээ байлгадаг байна. Гэхдээ бүсгүйг хүн шиг асардаггүй. Нохойнуудаа хийдэг олон торныхоо нэгэнд хийж, хэд хоног мартах нь энүүхэнд гэнэ. Нийгмийн халамжийнхан шалгахаар ирэхээр нь ус цасанд оруулаад нүдэн дээр нь жигтэйхэн их халамжтай хүн болж жүжиглэдэг байна. Энэ зовлонт байдлаа Оюунаа бүсгүй нийгмийн халамжиин мэргэжилтэндээ хэлж, нөхөртөө удаа дараа зодуулжээ.

-АНГЛИ ХЭЛ, ХУУЛЬ ХОЁРЫГ НЬ САЙН СУДЛАХ ХЭРЭГТЭЙ-
Америк эрчүүд ази, монгол хүүхэнд унаж тусдаг. Хятад, Филиппин, Вьетнам, Тайланд хүүхнүүдийн дэргэд монгол бүсгүйчүүд бие галбир, нуруу туруу, царай зүсээрээ илүү. Гэвч эхнэрээ зодож занчин, ёс бус авирлахад дээрхи орны хүмүүс, тэдний эрхийг хамгаалсан байгууллага олон байдаг. Харин монголчуудын төлөө гэсэн ямар ч байгууллага Америкт үгүйг Тунгалаг бүсгүй хэлжээ. Хуулийн зөвлөгөө өгөх хүн ч бараг олддоггүй байна. Зарим америк эр ажил хийх тун дургүй. Азиас авчирсан эхнэрээ эхлээд англи хэлний сургалтад суулгаж, дараа нь боломжийн ажил олж өгөөд, тэжээлгэж амьдрах сонирхолтой байдаг аж. Ази хүүхнүүд ажилд махруу, тэвчээр хатуужил сайтай учраас ямар ч ажлыг голохгүй хийдэг. Мөн ямар нэг хорт хавдар, эдгэшгүй өвчтэй америк эрчүүд ядуу буурай орны эмэгтэйтэй суух нууц шалгаан байдаг бололтой. Жишээ нь, тэд өвчтэй тул тун удахгүй асрамж шардлагатай болно. Тиимээс манай эмч сувилагч нар их эрэлт хэрэгцээтэй хүүхнүүдийн тоонд багтдаг байна. Төгсгөлд өгүүлэхэд, хэл ус сайн мэдэхгүй, Америкийн хууль тогтоомжийн талаар ямар ч ойлголтгүйгээсээ болж монгол хүүхнүүд сэтгэцийн хурц өвчтэй эрчүүдийн дарамтад орж, харамсалтайгаар хорвоог орхисоор байна. “Харь орон диваажин биш, Харийн хүн бүрхан биш...” гэдэг үнэн буюу.

Э.ЭНХ-ЭРДЭНЭ

Бусад мэдээ

Feb 14, 2024 523

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/