Ганга нуурыг маань хэн нэг хүн өмчилж би тийшээ алхах эрхгүй, хөвөөнд нь хэдэн цаг хэвтэе гэтэл өч төчнөөн төлбөр нэхээд байвал, дарьгангынхан яах вэ?

Хэрлэнгийн шугуйд хэсэг англи хүн тосгон байгуулчихаад тэр хавийнхан морио ч услах эрхгүй болбол яах вэ?

Завханыхан Отгонтэнгэрийнхээ рашаанд очдог. Нэг баян хужаа эзэмшчихсэн, Дундговийнхон Их газрынхаа чулуунд очдог, америкийн нэг том хөрөнгөтөн ирээд суучихсан, Өмнөговийнхон Ёлын аманд очдог, өөдөөс нь Данийн нэг саятан сүвээгээ тулаад зогсож байдаг, Хөвсгөлийнхөн үзэсгэлэнт нуураа зориод очдог эргэн тойронд нь тор татаад, францын нэг тэрбумтан хэнийг ч оруулахгүй, дэлхийд том загасны үйлдвэр байгуулчихсан байвал яах вэ?

 

Монголын тэнгэрийг, монголын өвс ногоог, монголын гол усыг, монголын газар нутгийг монгол хүн мэдэхээ болих цөвүүн цаг ирвэл, бид тулалдаанд орохоос өөр замгүй. “Дайн гэдэг хүсэх юм биш ч, тулаад ирвэл буцах юм биш” гэж цэргийнхэн ярьдаг.

Газар нутаг байж эх орон байдаг, эх оронтой байж ард түмэн болдог, эх орон, ард түмэн хоёр нийлээд улс орон болдог нь мөнхийн хууль.

Хэрвээ энэ холбоос алдагдвал, энэ учир шалтгааны дараалал алдагдвал үндэстэн мөхдөг, тусгаар тогтнол сөнөдөг...Чухам ийм үед л “Эх орон, эсхүл үхэл...” гэдэг дайчин уриа цэрэг, дарга, архичин, малчин, хулгайч, зохиолч, гуталчин, эрдэмтэн, хөгшид өвгөд, охид хүүхнүүд хэний ч тархинд харван орж ирэх бөгөөд “гэргий минь би чамд өөрөөсөө илүү хайртай, эх орондоо чамаасаа илүү хайртай, чинийхээ төлөө өөрийгөө ч хайрлахгүй, эх орныхоо төлөө бол чамайг ч хайрлахгүй” гэдэг мөрүүд найрагчийн зүрхэнд аяндаа харвадаг биз.

Хуулийг тэнэгүүд хэлэлцэж тэр нь батлагдвал ухаантан ч дагана
Бүр эрт Хүннү нар Хятадаас хил тусгаарлаж, тэр хилээ байнгын харуул манаатай байлгаж, харуулын байрыг нь “Оуто” гэж нэрлэж байсныг өртөө, отог, орд гэж тайлбарладаг бөгөөд Дунхутай хил нийлсэн газраар Хүннүгийн харъяа бүхий, хүн оршин суудаггүй мянга гаруй мод газар байжээ. Аль аль нь өөр өөрийн хилээр нутаглаж “оуто” болгодог ... байв.

Дунху-гийн эзэн нь Модунь Шаньюйд элч илгээн хэлүүлсэн нь: “Манай хилийн чанад Хүннү-гийн харъяанаа буй эзэнгүй газар нь Хүннү нар үл хүрэх газар. Бид түүнийг авахыг хүснэ” гэжээ. Модунь түшмэдүүдтэйгээ зөвлөлдөхөд зарим нь “энэ бол хаягдсан газар, өгөхөд ч болно. Өгөхгүй байхад ч болно” гэжээ. Модунь тэсгэлгүй уурлан “Газар бол улс орны үндэс мөн. Хэрхэн өгч болно” хэмээгээд, өгнө хэмээгсдийн цөмийнх нь толгойг аваад мориндоо мордож, мөн хоцрогсдын толгойг авна хэмээн зарлиг буулгажээ. Ингээд дорно зүг аялан Дунхуг гэнэт дайрчээ. Тэд Модунийг үл тоомсорлож байсан тул бэлтгэлгүй байв. Модунь цэрэглэн очоод Дунху-гийн ванг бут цохиод харъяа ард, мал хөрөнгийг нь олзлон авчээ. /Шицзи 10 боть, 16 дахь тал/

Мөн гэргийгээ өг... гэхэд нь харийн хаанд өгч явуулаад, аргамаг хүлгээ өг... гэхэд нь бас илгээгээд, эцэст нь газар нутгаа өг... гэхэд нь “газар байгаа цагт эхнэр, аргамаг хоёр олдоно. Газраа өгвөл надад юу үлдэх билээ” хэмээн дайлаар мордож, дайснаа дарсан гэж, их хаан Модунь Шаньюй-н тухай түүхэнд тов тодорхой бичиглэн үлдээснийг бүү мартагтун.

Чингис хаан яах гэж дөрвөн зүг, найман зовхист аян дайн хийсэн юм бэ? Үр хойчдоо амьдрах уудам орон зай үлдээх гэж... Найман зуун жил танаад, танаад үлдэх газрыг бидэнд орхисон их өвгөө бүү март.

Чингүнжав яах гэж зоосны нүхээр сүвлүүлж, тарчлан зовж амиа алдав? ... Газар нутгаа та бидэнд үлдээх гэж...

Чин ван Ханддорж, Сайн ноён хан Намнансүрэн, даа лам Цэрэнчимэд яагаад бусдад хорлогдов.? Газар нутгаа та бидэнд үлдээх гэж...

Нацагдорж та бидэнд юуг гэрээслэн үлдээв?...
“Өссөн төрсөн бидний үндэсний хайртай нутаг
Өстөн дайсан халдвал үтэр өшиглөн хөөнө
Өсөхөөс сурсан үндсэн хэл, мартаж болшгүй соёл
Үхтэл орших төрөлх нутаг, салж болшгүй орон” гэж... сануулжээ.

“Бяцхан сумаар том хөлөг онгоцыг цоо буудаж болно” гэж Дагестаны тусгаар тогтнолын төлөө 25 жил ард түмнээ удирдан тулалдсан Шамиль хэлжээ.

Тиймээ, өнөөдөр хуулийн бяцхан цоорхойгоор Монгол Улсын тусгаар тогтнол, монгол үндэстний аюулгүй байдлын “баталгаа” элсэн цаг шиг урссаар л байна.

“Хуулийг тэнэгүүд хэлэлцэж, хэрвээ тэр нь батлагдвал ухаантай хүмүүс ч дагахаас өөр аргагүй болдог” гэж нэгэн гүн ухаантан сануулжээ. Монголын тусгаар тогтнолд аюултай “тэнэг хууль” батлагдах гэж байна. Сэрэгтүн, залуус аа!

Монгол үндэстнийг эрлийзжүүлэх, үндэстнийх нь хувьд устгах бодлого эхэллээ. Сэхээрэгтүн, ард түмэн минь !...

“Урвагч хүн газар дээр байснаас газар доор байсан нь дээр”
Дайны эмгэнэлт төгсгөл нь Гунибын уул боллоо. Тэр уулын оргил дээр гэгээнтэн сүүлчийн удаа мөргөл үйлджээ. Мөргөл хийж байхад гарт нь сум тусчээ. Шамиль цочсон ч үгүй, мөргөлөө үйлдсээр байжээ. Гэгээнтний өвдөг ба зогсож байсан чулууг нь цус буджээ. Шархадсан гэгээнтэн мөргөлөө дуусгаад босоход нь дэргэдийн хүн түүнд “Гэгээнтэн минь та шархаджээ” гэсэнд “Энэ шарх юу ч биш. Эдгэрнэ. Харин Дагестаны цус гоожиж байна. Тэр шархыг анагаахад л хэцүү байна гээд Шамиль хэсэг өвс таслан авч, гарынхаа цусыг арчиж байжээ. Үүнийг Расул Гамзатов бичиж үлдээжээ.

“Одоо Монгол минь шархадлаа. Түүний цус савирч байна. Өөрийнх нь хөвгүүд бие биеэ алж, талж, дээрэмдэж, аугаа их Чингисийн охидын үр хойчийг хүчирхийлж, хүний нутагт урван одож, залуу нас, хүч чадал, оюун бодол, авъяас билгээ харийнханд зориулж, өнгө мөнгөнд тэмүүлсээр, өтөлсөн хойноо өгөршсөн бие, өмхийрсөн ясаа хэнд ч хэрэггүй болоход нь “нутагтаа ясаа тавихаар ирлээ” гэж хуцаж байна.

Эх орон минь харийнхнаар дүүрч, уул тодгод, хөндий тал, нуга, хангай, говь цөлийг минь тэд судалж, тэд сэндийлж эхлэв. Монгол охидод гадаадын хүн бурхан, монгол эрс чөтгөр болж, монгол эрс нь улсаан биш, арьсаан бодож эхлэв.

Эх орон минь шархдлаа. Энэ шархыг амь нас, эр зориг, оюун ухаан, авъяас билгээрээ нөхөх хөвгүүд нь хаа байна? ... “Дагестан минь тал талаас нь шувуу тоншиж байгаа амьтантай адил болжээ” гэж Аварын найрагч хэлсэн бол, монгол ч ийм л боллоо:

-“Манай голоос дайсан морио услах эрхгүй” гэж Хятадын Тан улсын үеийн их шүлэгч Ли Бай хэлжээ.

-“Урвагч хүн газар дээр байснаас, газар доор байх нь дээр” гэж Дагестаны үндэсний баатар Шамиль хэлжээ.

-“Амар, Гэндэн, Хатанбаатар Магсаржав, Манлай ван Дамдинсүрэн, Дандар баатар, Олзвой, Чогдон, Дамба нарыг мартсан хүмүүс хараал идэх болтугай. Тэд манай газар шорооны төлөө амиа алдсан юм” гэж залуу хүү, яруу найрагч Т.Содномнамжил хэлжээ.

-“Гунибын ууланд Шамилийг бэхлэн суухад түүнийг эзлэх ямар ч бололцоогүй байжээ. Гэтэл урвагч хүн гарч дайсанд нууц зөргийг зааж өгсөн байна. Фельдмаршал Барятинский тэр уулын хүнд алт шагнажээ. Хожим Шамилийг Калуга-д очоод байх үед тэр урвагч төрсөн гэртээ харьж ирсэнд эцэг нь: “Чи уулын хүн биш. Ер нь хүн биш, урвагч. Чи миний хүү биш” гэж хэлээд тэр хүүгээ алж, толгойг нь аваад мөнөөхөн алтны нь хамт хадан дээрээс гол руу хаяжээ. Тэгээд эцэг нь ч мөн төрөлх хот айлдаа суун, хүмүүсийн нүдэнд харагдаж зүрхлэхгүй болоод хүүгээсээ болж, ичихдээ холын хол явж сураггүй болжээ. Урвагчийн толгойг хаясан тэр газрын дэргэдүүр одоо хүртэл уулынхан явахдаа чулуу шиддэг” гэж найрагч бичжээ.

Монголын газрыг гадаадынханд үе удам дамжин эзэмших бололцоо олгож буй хэн бүхэн, алтнаас Шамилийг худалдсан урвагчтай адил.

Тэднийг үеийн үед урвагч гэж зүхэх болтугай. Тэдний үр хойчийг чулуугаар шидэх болтугай.

Газрыг монгол хүний нэрээр харийнханд үүрд өмчлүүлэх, монголчуудыг гурав дахь үеэс нь эрлийзжүүлэх бодлого явуулж буй хүмүүст:
“Чамд адуунаас ямар нэг юм байх шиг байна
Чамд хониноос ямар нэг юм байх шиг байна
Чамд элээнээс ямар нэг юм байх шиг байна
Чамд үнээнээс ямар нэг юм байх шиг байна
Чамд загаснаас ямар нэг юм байх шиг байна
Эр зориг чинь харин хаа байна? Эрхэм нэр чинь харин хаа байна? Гэсэн алдарт шүлгийг сануулъя.

Монголын газрыг гадаадынханд монгол хүний нэрээр өмчлүүлэх бололцоо олгож буй хэн бүхэн “хүнгүй хувцас байж чи, толгойгүй малгай байж чи” гэсэн уулынхны ардын яруу найрагчийн үгийг үхэн үхтлээ санаж явтугай.

Алга дарам газрын төлөө
- Нэг хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан юм бэ?
- Хоёр айлын тариан талбайн хоорондох алга дарам газар, бяцхан хажуу, чулууны төлөө шүү дээ.
- Зэргэлдээ хот айлын хүмүүс урьд нь юуны төлөө тулалдаж байсан бэ?
- Хот айлын дундах алга дарам газрын төлөө шүү дээ.
- Дагестан бусад ард түмэнтэй юуны төлөө тулалдаж байсан бэ?
- Дагестаны хил дээрх алга дарам газрын төлөө гэж Расул Гамзатов хариулжээ.

Хэл, хил, мал гурав
Өнө эртний хүмүүс агуйд галаа манадаг байсан. Өвөг дээдэс минь мянга мянган жил хилээ манаж ирсэн. Өнөөдөр ч үр ач нь манаж буй. Харин тэднийг дархан хилээ нүд чавчилгүй манаж байхад бид “хууль” нэртэй цаасан дээр хуудуутай хүмүүсийн балгаар “хилээ алдах” гээд байна. Хилчид хил зөрчигчийг илрүүлэх үүрэгтэй бол, хууль тогтоогч Улсын Их Хурлын гишүүд нь хуулийн цоорхойгоор хил зөрчсөн “заалт” оруулж болохгүй /О.Д/

“Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн баян бэ? Монгол баян. Хэл, хил, мал гуравтайгаа байхад хэн ялагдахгүй вэ? Монгол ялагдахгүй” гэж төрийн соёрхолт зохиолч Зундуйн Доржийн хэлсэн үг нь 281-ийн холбооны мөнхийн уриа юм.

Нарны гэрэл, агаар-хувийн өмч үү?
Бурхан багш ч эд баялаг, хөрөнгө мөнгөөр шударга ёс үл тогтох тухай мөнхийн сургааль айлдсан.

Гадаадынхан одоо бидэн рүү зэр зэвсгээр бус, мөнгөөр, “ардчилал”, “хүний эрх” гэдэг худал үгээр зэвсэглэн дайрч байна.

-Гадаадынхан бидний гэрийг хоослон, бидний үр хүүхдийг цөлмөж, үр хойчийг минь зарц боолоо болгохоор “эрх чөлөө”, “тансаг амьдрал” гэдэг гоё үгээр зэвсэглэн дайрч байна. Монгол орон өрнөдийн замаар явбал түргэн үхнэ. Дорнодын замаар явбал түргэн уусна. Ард түмэн мэхлэгдэж, ноёлогч, эрх баригч хэсгийнхэн заль мэх, худал хуурмаг, эд хөрөнгөөр гуйвагч сэхээтнүүдийг оосорлож, дуртай зүг рүүгээ чирч байна.

Аугаа их Толстойн “Сэхээрэл” романы гол баатар газрын эзний эрхээсээ татгалзан, газрыг тариачдад өгдөг. Ард түмнийхээ үгүйрэл хоосрол, зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгааныг Л.Толстой заахдаа, “Газрын эзэд нь тариачдаас газрыг нь булаан авсан явдал” гээд газрын эздийн газар эзэмшлийг устгах санал тавьж байв.

“Нарны гэрэл, агаар хувийн өмч биш байдаг шиг, газрыг хувьдаа өмчилж, худалдах, худалдан авах зүйл болгох ёсгүй” гэж өөрөө газрын том эзэн байсан Л.Толстой хэлжээ. Түүний бодсоноор “хүн бүхэн газар эзэмших талаар ижил эрхтэй ч” газрыг хувьд өмчлүүлэхэд хэн нэг нь газраа худалдахаас өөр аргагүйд хүрч, хэн нэг нь худалдан авсаар газрын эзэд, тэдний мэдлийн тариачид буй болж, эцэстээ эзэн, боол, баян, ядуу, үгүйрэл хоосрол, ард түмний зовлон зүдгүүр, мөхлийн үндсэн шалтгаан болдог тул, газар өмчлөхийг устгах асуудал нь гол зүйл гэж үзэж байв. ХХ зууны эхээр болсон сүрт жагсаал, зэвсэгт бослого, тариачдын үймээнийг Толстой нэн сонирхож, эздийнхээ газрыг булааж авсан тариачдын тухай, “Тун зүйтэй. Тариачид хамгийнхаа чухал зүйлд оржээ” гэж Короленкод хэлж байв.

Толстой нь Достоевскийтэй нийлж өөрийн суут авъяас билгээр бүх дэлхийг донсолго, “Европ дахины гайхан биширсэн анхаарлыг Орос орны зүг татсан”, “Толстойг мэдэхгүйгээр өөрийгөө соёлтой хүнд тооцож болохгүй” гэж М.Горький хэлсэн бол, Францын их зохиолч Нобелийн шагналт Ромен Роллан “XIX зууны бүх романуудаас давуутай, суут дурсгал” гэж “Дайн ба энх”, “Анна Каренина” романыг нь үнэлжээ. “Сэхээрэл” роман нь хэвлэгдээд жил хагасын хооронд дэлхийн 30 гаруй хэл дээр орчуулагдаж байсан энэ их хүнийг Махатма Ганди, Ги де Мопассан, Бернард Шоу, Анатоль Франс, Андре Моруа, Эрнест Хемингуй зэрэг дэлхийн олон их оюун ухаантнууд бишрэн хүндэлж, одоо ч түүнтэй эн зэрэгцэх гүн ухаантан, зохиолч өдрийн од шиг гэж дэлхий нийтээр үздэг. Гэтэл газрын эзэн, их зохиолч Л.Толстой газрын тухай ийм хатуу, зөв байр суурьтай байжээ.

Газрыг өмчилнө гэдэг нь түүний жинхэнэ байдлыг заавал алдагдуулж, ямар нэг өөрчлөлт оруулж, физик болон байгалийн шинжийг нь эвддэг.

Дэд бүтэц буй болгох, усжуулах систем нэвтрүүлэх, учир утгагүй байшин барилга барих болон газар өмчлөгч нь дурын хязгаарлалтгүй эрх эзэлж, үүгээрээ тариа ногоо тарих болон хөдөө аж ахуйн бусад зориулалт устаж, газрын жам ёсны үүрэг алдагдаж, гадаадын хөрөнгө оруулалт, үйлдвэр, техник, бас бус байгууламжийн талбар болно.

Газрыг өмчлөгч нь бусдад худалдах, түрээслүүлэх эрх эдэлснээр монгол нутгийн унаган төрх алдагдаж, эрүүл мэнд, үндэсний аюулгүй байдалд хохирол учирна.

Хэн үүнийг турхирав
Монгол Улсын Үндсэн хуулинд “Газрыг гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаанд өгөхгүй, арилжихгүй” гэдэг заалт бэлхнээ буй.

Чухам эл заалтыг оруулах гэж 1991 оны эцсээр эхэлж 1992 оны хоёрдугаар сард 76 хоног хуралдаж, хэрэлдэж байж дууссан тэр үеийн Ардын Их Хурлын чуулганд депутат байсан миний бие “Бие даасан депутатуудын бүлэг” байгуулан хирдээ л тулалдсан билээ. Газраа гадаадынханд худалдахгүй, өмчлүүлэхгүй, бэлгэнд өгөхгүй, барьцаалахгүй, арилжихгүй гэснээрээ бид “фашит, нацит” гэдэг нэр хочийг ардчилагчид гэгчдээс хүртэж, тэр үедээ багагүй л хараалгаж зүхүүлж байсан.

Харин одоо санахад нэг л юм ойлгогддоггүй юм. Чухам ямар санаатайгаар газрыг заавал гадаадынханд худалдаж, өмчлүүлэх гээд байв аа?

Хэн үүнийг турхирв?... Жинхэнэ эзэд нь монголд байв уу? Эсхүл хилийн чандаас ийн удирдав уу? гэдэг нь хэзээ нэгэн цагт тодрох биз. Юутай ч гэсэн үндсэн хуулиар тэдний далд санаархал тас цохигдсон ч, газрыг гадаадыханд хугацаатай, төлбөртэйгөөр эзэмшүүлж, ашиглуулна гэдэг заалт орсон билээ. Үүнийг бид эсэргүүцээд хүч хүрээгүй билээ. Нөгөө талаас зах зээлийн эдийн засагт шилжсэн гэх үед гадаадын хөрөнгө оруулалтыг огт үгүйсгэж болохгүй байсан юм.

Нэгэнт зах зээлийнг эдийн засагт шилжсэн гэх тул, эл заалтыг үндэслэн гадаадын иргэд, пүүс, компани хөрөнгө оруулалт хийх, бас бус зорилгоор Монголын газар нутгаас 60 жилийн хугацаатай түрээслэх, цаашилбал 40 жилээр сунгаж болох заалт өөр хуулинд орсон юм. Ер нь газрыг гадаадынханд урт хугацаагаар эзэмшүүлж ашиглуулах, түрээслүүлэх нь өндөр хөгжилтэй, хүн ам ихтэй, томоохон улс гүрнүүдийн хэрэг болохоос бус, манайх шиг бага буурай орны явдал биш гэдэг нь олон жишгээс харагдана.

Хятад шиг тэрбум хүнтэй аугаа их гүрэн 99 жилээр Англид түрээслүүлсэн Хон-конгийг буцааж авах гэж хичнээн явдал болов доо? ... Өргөн уудам нутагтай, хүн ам нь даан ч цөөхөн манай улс, газар нутгийнхаа бүх хэсэгт хяналт тогтоох ямар ч боломжгүй билээ. Хоёр сая монголчууд 100 жилээр эзэмшүүлэхээр харьд өгсөн газраа том гүрнүүдээс буцааж авах баталгаа байна уу? Газраа хувьд авсан хүн түүнийгээ хэнд панзалж, хэнд түрээсэлж, яаж арилжиж, хэрхэн ухуулж, төнхүүлж байгааг төр, ард түмэн хянах ямар ч боломж алга. Хянадаг хүн байлаа ч, түүнийг худалдаж авах мөн ч амархан шүү дээ.

Дор хаяхад 20 сая хүн амтай, цаашилбал 100, түүнээс дээш сая хүн амтай улс орон л гадаадынханд газраа түрээслүүлдэг болохоос манайх шиг жижиг улс ийм алхам хийсэн дэлхийн жишиг алга.

Өнөөдөр бид газраа гадаадынханд 60+40=100 жилээр түрээслүүлье? Өнөөдрийн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, бусад ихэс дээдэс, Улсын Их Хурлын гишүүдээс 100 жилийн дараа амьд байх хүн бий юу?... Тэр үед дэлхийн явдал, хүчний харьцаа хаашаа эргэж, яаж ч хувирах билээ? Хэн мэднэ?

Учир иймд “надаас хойш галав юүлсэн ч хамаагүй” гэх сэтгэлээр эх орондоо ханддаг хүмүүс, өөрийн өчүүхэн биеийг далайн хөөс, өөрийн өчүүхэн санааг зэрэглээ гэж бодож явалтай.

Би, Монгол Улс газраа гадаадынханд огт түрээслүүлж, эзэмшүүлж, ашиглуулж болохгүй гэж буй юм биш ээ. Гагцхүү нөхцөл байдал, цаг хугацаа, орон зай, бусад сөрөг нөлөөллийг сайтар тооцож, хүн ам маань 20 саяас доошгүй, улс орон маань ядахдаа өмнөд Солонгосын түвшинд хүрсэн цагт төр маань өөрөө, олон нийтийн нарийн хяналтын дор хугацаатай, төлбөртэй эзэмшүүлж, ашиглуулж болох юм гэж үздэг.

Харин газрыг гадаадынханд худалдах, өмчлүүлх, барьцаанд өгөх, бэлгэнд өгөх, арилжих тухай ярьсан хүнийг бол үеийн үед хэлийг нь огтол, бодсон хүний толгойг нь авах болтугай. Тийм төмөр нүүртэй төр ирэх болтугай.

 

Бусад мэдээ

Sep 02, 2020 33

Үхэл

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/