Уншиж байна...

“ЮРИЙ АЛЕКСЕЕВИЧ ГАГАРИН БУЮУ ... ЯВЛАА...”
Морин чарган дээр баян хуур хөгжим дуугарсан 1934 оны өвөл цаг. Нэгэнтэй өлсөж, цанган, бас түүхийн хүнд бэрхийг даван туулж, донсолсон Оросын ард түмний нуруу сая нэг түр амсхийжээ. Зах хягааргүй ой модод үргэлжилж, өргөн тал цэлийгээд тэднийг нэлэнхүйд нь хучсан хөр их цасан дунд хөдөөгийн тосгод бөртийж үзэгдэнэ. Хуучин дүнзэн байшингууд бүр ч бууралтаж, худаг руу унасан модон бортог олсноос зүүгджээ. Хаа нэгтэй морьдын тах тачигнаж, хамтралын эрчүүд ууланд хөрөө, сүх хангинуулна.

Тосгон бүрт алтан алх, хадуурыг зөрүүлсэн улаан туг намирч, иргэний дайнаас бие, сэтгэлийн шархтай үлдсэн хүмүүс аг жиг амьдарна. Смоленскын хязгаар Гжатск хотын ойроцоох Клушино тосгонд мөн л тийм аж байдал үргэлжилж, ариун христийн загалмай, морин хонхыг нь хураан авсан сүмийг агуулах сав болгожээ. Тэсгим хүйтэн тас нясхийнэ. Клушино нутаг тийм ч их мартагдсан газар биш байлаа.
Энд 1610 онд польш, хасгууд нэгдэн Дмитрий Шуйский тэргүүтэй орос, Швейдийн армийг бут цохисон, ширүүн тулаан болж байсан юм. Өвгөн Иван Гагара аж ахуйдаа тун ч нямбай хандана. Үнэндээ тэднийх шиг тохилог сайхан байшин, саруулхан малын саравч, үзэсгэлэнтэй том цэцэрлэг, ногооны талбайтай айл тэр цагийн Зөвлөлтөд ховорхон байсан даа. Тэр бүү хэл, Гагарныханд зотон болон ээрсэн утасны жижигхэн завод хүртэл байсан нь санаанд багтамгүй зүйл байв. Хүү Алексей Иванович ёстой л нэг алтан гартай дархан. Оросууд ийм дархцуулаа ховордож байгаа эрчүүл гэдэг.
Харин түүний эхнэр Анна Тимофеевна болвоос Санкт-Петербург хотод бага сургууль төгссөн ч амьдралын шаардлагаар гимназид суралцаж чадаагүй байжээ. Гэсэн ч түүний уншсан, мэдсэн, ухаарсан бүхэн тэр цагийн нам төрийн тэргүүн ухуулагчаас дутуугүй байсан төдийгүй, орос ардын үлгэр, домог, аман зохиолын тухай гарамгай мэдлэгтэй эмэгтэй байв. 1934 оны гуравдугаар сарын 9-ний өдөр... Хоёр хүүхдээ хөтөлсөн хижээл эр Алексей Иванович тосгоны эмнэлгийн гадаа зогсоно. Хэзээний наргианч эр Иван Гагара шинэхэн ачаа тэврэхээр зэхэж, шарласан хуруунуудынхаа өндгөөр тамхи орооно. Өвлийн жавар тачигнаж, нөгөө л хамтралын эрчүүл ууланд мод унагаана. Хүү төрлөө... Алексей Иванович хоёр дахь хөвгүүнээ өлгийдөж, эхнэр Анна мэнд амаржив. Өвгөн Гагарин удаах ач хүүдээ Юрий Алексеевич Гагарин хэмээх мянга мянган жил цуурайтах ариун алдрыг хайрлаж, утсан загас, шарсан гахай, хатаасан талх, халуун төмс, дарсан өргөст хэмх, нэрмэл дарс өрсөн ширээнээ өргөн найрлалаа. Мондалин хөгжимтэй залуу охид дуулж, идэр хөвүүд үндэсний хөгжим тоглож, эрэлхэг орос дуунууд эгшиглэнэ. Үдшийн тэнгэрт мянга мянган одод ирэмчиж, хүн төрөлхтний хүслийг урин дуудна.
Мөнгөн улиас модод хэдэнтэй шарлаж, хэдэнтэй ногоороод он жил улиран одож байлаа. Залуу хөвгүүд цэргийн албанд мордож, хүдэр чийрэг хүрэн эрс болон эргэж ирсээр, хуучин жим бүдгэрч, шинэ зам тодорсоор... Гагарныхан шав хийтэл нь аж төрнө. Юра хүү үеийн хүүхдүүдээсээ бие жижигтэй ч сэргэлэн цовоо гэдэг нь жигтэйхэн, хөл нүцгэн энд тэндгүй харваж явна. Тусархуу энэ хүүд тосгоныхон ам сайтай. Тэгж байтал 1941 он ирж Юра сургуульд орох боллоо. Ай... алимны мод найгасан Смоленскын хязгаар цэнхэртэнэ. Нэгдүгээр ангийн сурагч Юрий Гагарин жижигхэн цүнхээ үүрээд даруухан дүрэмт хувцастай сургуулийн зүг алхана. Тэр үргэлж гараа өргөдөг хүүхэд байлаа. Багш нар нь түүнийг “Юра гараа буулга. Чамайг хичээлээ сайн уншсан гэдэгт итгэж байна” гэлцэнэ.
Гэтэл алсын хөх униар дундаас нэг л өдөр хас тэмдэгтэй танкууд гарч ирсэн юм. Найрал дуу шиг өдөр хоногууд салхинд хийсч, навчис цагаасаа өмнө өтөллөө. Немцүүд Клушино тосгоныг тонон дээрэмдэж, танхайрав. Тосгоны эрчүүд цөм фронт руу явсан болохоор тэднийг өмгөөлж хамгаалах хэн ч байсагүй. Юрагийн нүдэнд гуниг шингэнэ. Немцийн ахмад Альберг харгислан, хөгжилдөх дуртай нэгэн байлаа. Тэр хүүхдүүд рүү эхлээд чихэр шидэж, дараа нь тэдний булцгар хөөрхөн гаран дээр нь гишгэж тоглоод, тас тас инээнэ. Энэ үйлдлийг нь харсан Юрагийн аав Алексей Иванович немцүүдтэй зарга хийтэл түүнийг морины зүчээнд оруулаад нэвширтэл ташуурдчихлаа...
Нөхцөл байдал нэгэнт ийм болсон тул Гагарныхан ногооны талбайдаа оромж ухаж, нууцлаад улаан армиг давшиж иртэл тэндээ хорогдсон юм. Гэвч харамсалтай нь улайрсан немцүүд Юрагийн ах Валентин, эгч Зоя хоёрыг нь туугаад оджээ. Тэднийхээ араас нулимсаа арчин арчин зогсох Юрий Алексеевич Гагарин...
Ингэж Гагарины бага нас аугаа Орос орны тарчлаан дотор өнгөрсөн юм. Сэтгэлийн шархтай хэрсүү хүү өсч торнин 1949 онд зургаадугаар ангиа төгсөөд Москва руу явахаар шийдлээ. Тэр эхлээд Люберцы хотын гар урлалын техникумд элсэж, “цувин цехийн хэвчин” мэргэжлээр “онц” дүнтэй төгсөв. Үүний дараа Саратов хотод аж үйлдвэрийн сургуульд элсэн суралцлаа. Алдарт Гагарин энд байхдаа л анхлан тэнгэртэй нөхөрлөжээ. Учир нь тэрбээр улс эх орны хөгжил дэвшлийн хөтөч болсон аж үйлдвэрийн их сургуулийн оюун байхдаа агаарын клубт элсэн, нисч үзжээ.
Мөн л сургуулиа онц төгссөн Гагарин нисгэгч болохоор эргэлт буцалтгүй шийдэж 1955 онд Оренбургийн агаарын цэргийн сургуульд оюутан болов. Сурч мэдэх, хийж бүтээх, бас тэнгэрт амьдрахыг мөрөөдсөн залуу хөвгүүнээс бага насных нь гунигт дурсамжууд алгуурхан холдсоор. 1957 он болоход Юра насан туршийнхаа ханьтай учирлаа. Сайхан сэтгэлт бүсгүй Валентина Голичева түүний үлдсэн амьдралынх нь хайр сэтгэл байжээ. Шинэ хосуудыг амьдралд гар хөтлөлцөөд ортол Мурманскын цэргийн ангид хуваарилсан юм. Одоо Гагарин тэнгэрийн хүн болсон...
Хүн төрөлхтнийг туйлдуулсан дэлхийн хоёрдугаар дайны дараа өрнө дахинд илүү чухал зүйл болсон юм. Тэд сансар эрхэст мөрөө түрүүлж гаргахаар өөр хоорондоо өрсөлдөж, огторгуйн уудмыг эзэгнэхээр ширүүн тэмцэлдэж байв. Гэвч Зөвлөлтийн давамгайлал илүүрхэж байсан агаад Москвагийн гудамжнаас олдсон гэр оронгүй Лайка хэмээх алаг нохой 1957 онд анхлан сансарт нисч, од эрхэсийн зүг зорчих хүн төрөлхтний замыг засч өгсөн байлаа. Үүний дараа хязгааргүй алс руу хүн нисэх шаардлага аяндаа ургаж гарч ирэн, тэгэх боломжтойг нотолж тогтоов. Харин хэн нисэх вэ?, түүнийг хэрхэн бэлтгэх вэ? гэдэг их гүрний толгойны өвчин байжээ. 1960 он болоход Юрий Гагарин өөр хорин мэргэжилтний хамт сансрын анхны нисгэгч шалгаруулах хүндхэн давааны өмнө зогсож байжээ.

Зөвлөлтийн шилдэг нисгэгчид бэлтгэл сургуулилтын хатуу ширүүнийг давж чадалгүй шантарч, өдөр, хоногууд өнгөрсөөр эцсийн сорилт ирэхэд Юрий Алексеевич Гагарин, Герман Титов хоёр үлдлээ. Асар их хурд, чичиргээ, татах хүчнээс ангид орчин... хүн төрөлхтөн урд өмнө нь хэзээ ч ийм хүнд сорилтыг давж байгаагүй. Гэтэл Гагарин чадлаа. Тэр ертөнцийн бүхий л шувуудаас өндөрт нисч, алаг нүдэн гарагаа анхлан дэргэдээс нь харах болно.
1961 оны дөрөвдүгээр сарын 12-ны өглөө... Байконур сансар судлалын эрдэм шинжилгээний төв... “Восток-ЗКА-2” хөлөг нисэх зурваст бэлхэн, хэзээ хэзээгүй л “нисцгээе хүү минь” гэх шиг... Нөхөр Хрущейв албан өрөөндөө баахан догдолж, бас түгшинэ. Анхны энэ нислэгийн үеэр хэрэглэсэн код бол “Хуш” гэдэг үг байсан юм. Умараас сэрүүн сэвшээ үе үе үлээж, цэв цэнхэр тэнгэр “нааш ир, нааш ир” хэмээн дуудах шиг... Цаг болж, нөхцөл бүрдлээ. Гагарин сэтгэл хөдлөлөө нэгэн түвшинд барьж явна. Задгай сансарт энэ л хамгаас чухал. Хэрэв тэгж сураагүй бол сэтгэцийн өөрчлөлтөд орж, нислэг амжилтгүй болохоор барах уу өөр илүү аюултай зүйл хүлээж байж мэдэх. Тэр улаан өнгийн скафандер хувцастай “Восток-ЗКА-2” хөлгийнхөө дэргэд ирлээ. Хүн болгон түүнд нэн хүндэтгэлтэй хандана. “Орь ганцаараа, алсын алс руу...”
Юрий Гагарин аварга том сансрын хөлгийн нисгэгчийн бүхээгт орж, бэлтгэлийг хангалаа. Байконур чив чимээгүй, Орос орон чив чимээгүй, дэлхий дахин чив чимээгүй... гэтэл гэнэтхэн “Восток-ЗКА-2” хөлгийн хөдөлгүүр асч, үл мэдэг чичирхийлэл мэдрэгдэж эхэллээ. Нислэгийг хянах төвд Юрагийн инээмсэглэн байгаа дүр төрх тодорно. “Эх орон минь түр баяртай, эх дэлхий минь түр баяртай... Би заавал эргэж ирнэ. Хүн төрөлхтөнд гайхамшгийг бүтээж өгнө”... ингэж бодсон Гагарин скафандерынхаа нүүрний хамгаалалтыг хаалаа. Асар хүчтэй түлхэлт мэдэгдэж, хурд хүчний дээд хязгаарт тулан, чичирхийлэл, донсолгоо оргилдоо хүрлээ. Яг энэ эгшинд Юрий Гагарин... алдарт Поехали... буюу ЯВЛАА гэдэг үгээ хэлсэн юм. Тэр үнэхээр хаашаа явж байгаагаа мэдээгүй юм.
“Восток-ЗКА-2” хөлөг дэлхийн татах хүчнээс амжилттай тасарч, задгай сансарт гарлаа. Гайхамшгийг бүтээж чадсан Зөвлөлтийн ард түмний сэтгэлд мянга мянган оргилуун дарс үйсэн бөглөөгөө шидэж, болор хундага харшив. Тэгэвч баярлах бас болоогүй.
Өндрөө авах тусам тэсэхийн эцэсгүй байсан агаарын даралтын нөлөөлөл алгуурхан арилж, хамаг зүйл хачин чөлөөтэй болоод ирлээ. Өмнөөс хэзээ ч төсөөлж байгаагүй зах хязгааргүй орон зай угтаж, зуу зуун мянган гэрлийн жилийн цаанаас одод анивчина. Хөхрөгч тэнгэрийн цаана юу хүлээж байсныг сая үзсэн Гагарин гайхсан, бас биширсэн нүдээр алсын алсыг ширтэнэ.
Юрий Гагарины жолоодсон “Восток-ЗКА-2” хөлөг сансрын тойрог замыг эхлүүлж, дэлхийг тойрч эхэллээ. Төрж, өссөн, бас хүсэж мөрөөдсөн, хайрлаж дурласан, гуниж ухаарсан тэлмэн цэнхэр дэлхий аугаа их хүмүүн тэгэхэд дэргэдээс нь харж, улам ихээр хайрласан биз. Нислэгийн үеэр “ТАСС агентлаг” дэлхий дахины хамгийн анхны сансрын нисгэгч Юрий Алексеевич Гагарин хошууч цолоор нэхэн шагнасан тухай мэдээлж байлаа. Энэ мэдээг Юра тээр дээр сонссон гэдэг.
Судлаачид харин Зөвлөлтүүд Гагариныг амьд мэнд эргэн ирж чадахгүй хэмээн үзэж тийн сансарт нисч байх мөчид нь шагнасан тухай бичжээ. Энэ нь сансрын хамгийн анхны нисгэгч Лайка нохой эргэж ирээгүйтэй холбоотой... Юрий Гагарин 1 цаг 50 минут задгай сансарт нисч, эх дэлхийгээ нэгэнтэй тойроод амжилттай газардлаа. Восток хөлөг 7000 метрын өндрөөс нисгэгчээ амжилттай шүрхээр буулгаж, Юраг хэмжээлшгүй алдар нэр, цэцгийн баглаа угтав.
Никита Хрущев шинэхэн баатраа гүн хүндэтгэлтэйгээр угтан авч, орос орон төдийгүй, коммунист дэглэмтэй бүхий л улс гүрнүүд энэ өдрийг үндэсний баяр шиг ээ тэмдэглэж, сансрын баатрын алдар сууг магтан, мөнхжүүлэв. Сонирхолтой нь тэр алтан мөчид нэгэн сэтгүүлч Юрий Гагаринаас “Тэр дээр бурхан байна уу?” гэж асуусанд Юра: “Үгүй. Би тэнд бурханыг олж хараагүй. Тэнд бурхан байхгүй” гэж хариулсан байдаг. Энэ бол түүний хэлсэн хамгаас алдартай үг юм.
Юраг олон олон шинэ зүйлс тосч, тэр хорьдугаар зууны хамгийн алдартай хүн болж хувирав. Ингэлээ гээд Гагарин хэзээ ч оддын өвчнөөр өвчилж байсангүй. Учир нь тэр жинхэнэ одод гэж юу болохыг харсан юм. Тэр нам төрийн удирдагчид, эгэл тосгоны тариачидтай ижилхэн уулзаж, халуун дотно яриа өрнүүлж, хүмүүсийг хүндэтгэв.
Хэзээ ч дуусахгүй юм шиг баярын жагсаал, урилга, заллага...
Цаг хугацаа улиран одож саяхан л алдар суу нь дөрвөн далай, таван тивд багтахгүй байсан сансрын анхны нисгэгчийн нэр алгуурхан хуучирч эхэллээ. Дараа дараагийн нисгэгчид оддын тийш амжилттай хөөрч, бас газардаж байв. Нөгөөтэйгүүр зөвлөлтийн сансрын ноёрхолын эсрэг америкууд хүчтэй тэмцэж байлаа. Гагариныг дахин сансарт нисгэсэнгүй. Учир нь “анхны сансрын нисгэгч амьд байх ёстой” гэсэн нууц тогтоолыг Коммунистууд гаргачихсан байжээ. Уйтгартай, нэгэн хэвийн амьдрал дунд нууцхан тарчилж байсан Гагарин... Түүнийг бүр байлдааны нисгэгчийн албанаас хүртэл чөлөөлжээ. “Надад бүх юм байна. Гэвч надад бас бүх зүйл байхгүй байна... Би яах ёстой вэ?” гэж бодох Юрий Гагарин...
Юра сайн эцэг байлаа. Түүнийг бас багагүй шүтлэгтэй нэгэн байсан агаад Москвагаас алс хол охидоо загалмайлуулж, нууцгайлан шашны ёс гүйцэтгэсэн гэх нь ч бий.
Дахиад л цаг хугацаа өнгөрсөөр. Юрагийн тэсвэр үнэхээр алдарлаа. Шувууг газарт удаан байлгаж болдоггүй байжээ. Чингээд тэрбээр зөвлөлт засаг, нам, төрөөс дахин сансарт нисэхийг удаан хугацааны турш хүсч, энэ хүсэлтийг нь цаг алдалгүй, насны залуу, цусны шингэн байгаа дээр нь биелүүлж өгөхийг удаа дараалан хүссэний эцэст санасандаа хүрлээ. Тэгээд даруй бэлтгэлдээ гарч, байлдааны онгоцоор дадлага хийж, мартагдсан дасгал, сургуулилтаа базааж, эрчимтэй амьдарч эхлэв. Сансрын хөлөг зохион бүтээх ажилд оролцож, 1962 онд ЗХУ-ын Ардын депутатаар сонгогдон ажиллаж байсан эр яг л 20 гаруйхан настай, байсан шиг ээ өдөр, хоногуудыг тун ч завгүй үдэж байлаа.
1968 оны гуравдугаар сарын 27-ны өглөөний 6 цаг 10 минут... Юра нойрноосоо сэрж, орноосоо босоод түргэн, түргэн хувцаслан, 7 цаг 40 минутад ажил руугаа гарлаа. Цахилгаан шатанд тэр сансрын нисгэгч Георгий Добровольскийтэй дайралдаж, мэнд усаа мэдэлцсэний дараа тэрбээр гэнэтхэн ажлын үнэмлэхээ мартсанаа мэджээ. Ингээд гэр рүүгээ эргэтэл Георгий “Хэрэггүй биш үү? таныг хүн бүхэн танидаг шүү дээ” гэв. Гэсэн ч Гагарин Георгийг үдээд гэр рүүгээ эргэж, үнэмлэхээ авсан байдаг. Энэ үйлдээс нь түүнийг ямархан даруу хүн байсныг мэдэж болмоор.
Өдрийн 10 цаг 19 минутад Юрий Гагарин туршлагатай нисгэгч Владимир Серегины хамт “Миг-15” сөнөөгч онгоцонд суугаад хөөрлөө. Тэнгэр цэлмэг...
Гэтэл... 10 цаг 43 минутад тэдний онгоц Локатортаас арилав... Сансрын нисгэгчдийн бэлтгэлийн төвийн дарга нөхөр генерал Камашин түгшиж, “Ил-14”, “Ми-4” нисдэг тэргүүдийг эрэлд гаргалаа... Өдрийн 14 цаг 50 минутад гашуудалтай мэдээ ирлээ... Тэд “Миг-15” онгоц сүйрсэн байхыг олжээ...
Эрлийн багийнхан нисгэгчдийг амьд мэнд шүхрээр буусан байгаасай хэмээн залбирч, нислэгийн талбайг хэдэнтэй нэгжсэн боловч юу ч эс олдов. Тэгтэл ослын газар дээр ирсэн генерал Камашин ойролцоох модны оройд Гагарины хувцасны тасархай өлгөгдсөн байхыг олжээ... Тэр үнэхээр явчихаж...
Сансрын хүн ингэж домог болсон. Энэ үед тэрбээр дөнгөж 34 настай байжээ. Ослын шалгааныг хэд хэдэн хувилбараар тайлбарладаг. Тэдгээрийн хамгийн бодит байдалд ойрхон нь жирийн сөнөөгч онгоцтой нисч байсан тэдэнтэй маш ойрхон дуунаас хурдан онгоцоор хэн нэгэн этгээд шунгаж өнгөрөхөд агаарын хүчтэй долгионд цохиулсан Гагарин, Сергей хоёр ухаан алдаж, онгоцоо эргүүлж чадалгүй унасан байх гэдэг хувилбар. Хамгийн хачирхалтай нь тэрхүү дуунаас хурдан онгоцыг хэн жолоодож, хэн түүнд тийн нисэх, бас аугаа их хүмүүнийг хөнөөх зөвшөөрөл олгов гэдэг Орос орны оньсого болж үлдсэн юм.

Бусад мэдээ

Feb 14, 2024 516

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 211

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/