http://www.zoofirma.ru/
Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын урилгаар манай улсад айлчилж буй ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины айлчлал өнөөдөр /2019.09.03/ албан ёсоор эхэлж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путиныг өнөөдөр Д.Сүхбаатарын талбайд албан ёсоор угтаж авах ажээ. Хоёр улсын Ерөнхийлөгч эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг авахуулахын зэрэгцээ  ЗХУ-ын баатар, маршал Г.К. Жуковын хөшөөнд цэцэг өргөнө.
Түүнчлэн хоёр улсын төрийн тэргүүн нар Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн гэр өргөөнд тусгайлсан уулзалт хийж, Монгол-Оросын харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцож, улмаар нийт хэвлэл мэдээллийн төлөөлөгчдөд нээлттэй мэдээлэл хийх юм.
 Энэ өдөр ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинд УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар бараалхаж, хоёр улсын хамтын ажиллагааны талаар санал солилцохоор төлөвлөөд байна.
Харин айлчлалын төгсгөлд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар Их тэнгэр цогцолборт Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойн хүндэтгэлийн дайллагад оролцох аж.
Дашрамд дурдахад, Манай улсын зүгээс ОХУ-тай харилцаагаа бэхжүүлж Иж бүрэн стратегийн түншлэлийн гэрээ байгуулахад анхаарч байгаа бол ОХУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслээр В.Путин айлчлалынхаа үеэр хамтын ажиллагааны 11 гэрээнд гарын үсэг зурна хэмээн мэдээлж байгаа юм.