http://www.zoofirma.ru/

ПЁНЬЯН. /Yonhap/. БНАСАУ-ын парламентын чуулган ням гарагт болсон талаар тус улсын төв мэдээллийн агентлаг өнөө өглөө мэдээлээ. Олон нийтийн анхаарлыг ихэд татаж байсан парламентын чуулган урьдчилан товлосноос хоёр хоногийн дараа болсон бөгөөд ямар шалгаанаар хойшилсон нь тодорхойгүй байна.

 


БНАСАУ-ын хоёр дахь өндөр албан тушаалтан Чой Рён Хэ ням гарагт болсон Ардын их хурлын чуулганыг даргалсан гэж Солонгосын төв цахилгаан мэдээний агентлаг /KCNA/ мэдээлснээс үзэхэд удирдагч Ким Жөн Ун уг чуулганд оролцоогүй бололтой.


Ардын их хурлын чуулганыг баасан гарагт зохион байгуулахаар товлосон байсан боловч БНАСАУ уг чуулган төлөвлөсний дагуу болсон эсвэл хойшлуулсан талаар даваа гаргийн өглөө хүртэл мэдээлээгүй нь коронавирусний цар тахалтай холбоотой ямар нэгэн зүйл хийх шаардлага үүссэн байж болзошгүй хэмээн таамаглахад хүргэжээ.


“KCNA” агентлагийн даваа гаргийн мэдээнд парламентын чуулган ямар шалтгаанаар хойшилсон талаар дурдаагүй байжээ. Түүнчлэн өнгөрсөн оноос хойш зогсонги байдалд орсон цөмийн хэлэлцээний талаар АНУ-д хандсан мэдэгдэл эсвэл коронавирусний халдвар тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд гэх мэт томоохон шийдвэрийн талаар мэдээлээгүй байна.


Ням гаргийн чуулганаар төсвийн талаар болон Гадаад хэргийн сайд Ри Сон Воныг Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгох гэх мэт дотоод хэргийн асуудлуудыг хэлэлцсэн гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Ри Сон Вон Төрийн зөвлөлийн гишүүн болсноор түүний эрх мэдэлд ямар нэгэн өөрчлөлт орохгүй бөгөөд уг зөвлөлийг 2016 онд байгуулагдсанаас хойш Гадаад хэргийн сайд гишүүн байсаар иржээ.


Хоёр Солонгосын асуудал хариуцсан гол төлөөлөгч асан Ри Сон Вон Гадаад хэргийн сайд асан Ри Ён Хогийн халааг энэ оны эхээр авсан бөгөөд шинэ сайд Төрийн зөвлөлийн гишүүний халааг мөн ийнхүү авсан байна.


БНАСАУ-ын зэвсгийн хөгжүүлэлтийн асуудал хариуцсан төлөөлөгч Ри Пён Чоль, Ардын аюулгүй байдлын сайд Ким Жөн Хо, Ардын зэвсэгт хүчний сайд Ким Жөн Гван нарыг Төрийн зөвлөлийн гишүүнээр сонгожээ. Гадаад хэргийн дэд сайд Чой Сон Хуйн нэр уг мэдээнд дурдагдаагүй боловч түүнийг тэргүүлэгчдийн эгнээнд сууж байснаас үзэхэд Төрийн зөвлөлийн шинэ гишүүнээр сонгогдсон байх магадлалтай ажээ.

БНАСАУ парламентын чуулганыг жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулж, төрийн төсөв болон танхимын халаа сэлгээний талаар хэлэлцдэг юм. Мөн энэхүү чуулганаар АНУ-тай өрнүүлэх цөмийн хэлэлцээний байр суурь гэх мэт БНАСАУ-ын бодлогын чиглэлийг тодорхойлох магадлалтай байдаг тул олон нийтийн анхаарлыг ихэд татдаг байна.

Мэргэжилтнүүдийн мэдээлснээр, БНАСАУ ням гаргийн чуулганаас АНУ-ыг чиглэсэн ямар нэгэн мэдэгдэл гарах төлөвгүй байгаа ажээ. Ким Жөн Ун өнгөрсөн оны чуулганд оролцож, цөмийн хэлэлцээнд шинэ санал тавихыг Вашингтонд уриалсан юм.

Вьетнамын нийслэл Ханой хотноо жил гаруйн өмнө болсон БНАСАУ, АНУ-ын удирдагчдын дээд хэмжээний уулзалт тохиролцоогүйгээр өндөрлөснөөс хойш цөмийн хэлэлцээ зогсонги байдалд орсон билээ. Пёньяны цөмийн зэвсгээс ангижрах чиглэлд гаргаж буй алхмууд, Вашингтоны хариу арга хэмжээнүүдийн талаар талууд санал нэгдэж чадаагүйн улмаас уг хэлэлцээ амжилтад хүрээгүй юм.


Ким Жөн Ун өнгөрсөн 12 дугаар сарын сүүлээр болсон намын хурлын үеэр, холын зайн тусгалт пуужингууд болон цөмийн зэвсэг турших талаарх өөрийн тогтоосон хязгаарлалтдаа дахин баригдахгүй хэмээн хэлээд, дэлхий нийт ойрын ирээдүйд “стратегийн шинэ зэвсэг”-ийг үзэх болно гэж мэдэгдсэн байна.


Цөмийн хэлэлцээг үргэлжлүүлэхийн тулд Вашингтоныг нэг талыг баримталсан шаардлагаасаа татгалзах хэрэгтэй гэж БНАСАУ үзсэн хэвээр байгаа ажээ. БНАСАУ-ын удирдагчийн дүү Ким Ёо Жоны өнгөрсөн сард хийсэн мэдэгдэлд, БНАСАУ, АНУ-ын хоёр талын харилцаа, хэлэлцээг хоёр талын тэнцвэрт байдал тогтворжсон тохиолдолд дахин тунгаан бодох боломжтой гэж тэмдэглэжээ.


Энэ удаагийн парламентын чуулган коронавирусний цар тахал дэлхий даяар тархсан үед зохион байгуулагдсан бөгөөд Пёньян уг халдварыг улс орондоо тархахаас урьдчилан сэргийлэхийн тулд ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаа юм. БНАСАУ коронавирусний халдвар бүртгэгдээгүй байгаа цөөн хэдэн орны нэгд тооцогдож байгаа боловч гадаадын ажиглагчдын үзэж буйгаар, Пёньян халдварын тархалтын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байж болзошгүй ажээ.


Ардын их хурлын чуулганаар коронавирусний цар тахлаас үүдэлтэй хямралыг зохицуулах эдийн засаг, олон нийтийн эрүүл мэндийг чиглэсэн арга хэмжээнүүдэд голчлон анхаарах төлөвтэй байжээ. Уг чуулганаар төсвийн асуудлуудыг мөн хэлэлцсэн бөгөөд олон нийтийн эрүүл мэндийн зардлыг 7.4 хувиар өсгөсөн нь өнгөрсөн онд 5.8 хувиар өсгөсөнтэй харьцуулахад нэмэгдсэн үзүүлэлт юм. Мөн шинжлэх ухаан, технологи, боловсролын салбарын төсвийг 9.5 хувиар нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн онд уг төсвийг 5.1 хувиар нэмэгдүүлж байсан гэж “KCNA” агентлаг мэдээлжээ. Түүнчлэн үндэсний батлан хамгаалахын зардал нийт төсвийн 15.9 хувийг эзлэх ажээ.