http://www.zoofirma.ru/

Тун удалгүй төмөр замын төв буудал дээр галт тэрэг зогслоо. Вагоноос буугаад ар талын вагонд яваа нөгөө хэдийгээ хайлаа. Тэд зогсоол дээр аль хэдийн гарч ирээд угтан авагсадтай уулзаж байлаа. Биднийг вокзалын хашаан дотор зогсох гурван “өвгөн” бенз машинд суулгав. Ингэж угтахыг бодоход бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа нь тодорхой.
Надтай яваа хэд аливаа зүйлээс хэт болгоомжлон энд ч тэнд ч зураг авч болохгүй гэж надад зөвлөнө. Бас хөдөлгөөнийг хориглоно. Өөрөөр хэлбэл бид өрөө өөрсдөдөө сэтгэл зүйн дарамт төрүүлж байлаа.
Бидний төсөөлж байснаас тэс өөр, харинч чөлөөтэй байх боломжтой байлаа. Гудамжаар очих газраа зорьсон, бас алхаж сурсан хүмүүс хөвөрнө. Буудалд 10 дугаар давхарт байрлуулав.


Эхний өглөө зочид буудлаас гараад машин хүлээж зогсохдоо замын голд зогсох зохицуулагч цагдааг анзаарав. Гудамжаар бараг машин явахгүй байх бөгөөд уулзварын
гэрэл ажилладаггүй ажээ. Хаяа ирэх машинд зохицуулагч чигийг нь зааж зохицуулалт хийнэ. Бидэнд үйлчлэх “бензүүд” ирлээ.
Эхний бенз бусдаас ялгарна, хоёр дахь машины моторт нь клапаны тохиргоо алдагдсан, гурав дахь нь бөгсөнд араа солисноос улбаатай улих дуу гарна.
Олон жил ашигласан ийм машин 500 гаруй байдаг тухай манай элчингийн жолооч хожим тодотгон ярьсан юм. Учир нь гадаадын төлөөлөгчийг ийм унаагаар үйлчилдэг бөгөөд нэгэн баярын арга хэмжээний үед дээрх тооны бенз цугларсан тухай ярьж байсан.
Пхеньяны төвөөр өнгөрөх өргөн голын эрэгт байрлах Солонгосын бэлэгдэл болсон алх, хадуур, бийр бүхий хөшөөнөөс миний аялал эхлэв. Хөшөөний доор байрлах музейд хүлээх танхимтай. Бүх танилцуулга Солонгосын их удирдагчдын тухай түүх, тэрхүү объектод хэдийд, хэдэн удаа ирж байсан тухай яриагаар эхлэнэ. Их удирдагчид хэдэн удаа ирсэнийг улаан дэвсгэр дээр бичсэн он, сараар тодорхой мэдэж болохоор ажээ.
Бүх шинэлэг зүйл зөвхөн Их удирдагчдын санаачилга, бүтээлч санаагаар эхэлсэн тухай тайлбарлагч заавал ярина. Тэндээс бид Их удирдагчдын нэрээр нэрлэсэн цэцгийн үзэсгэлэнд очлоо.
Энэхүү цэцгийг хэрхэн бүтээж, аугаа их удирдагчид нэрийг өгсөн тухай уг үзэсгэлэн өгүүлнэ. Энэ үзэсгэлэн хотын төв хэсэгт орших бөгөөд түүний дэргэд их удирдагчийн санаачилга, өгсөн үүргийн дагуу байгуулсан орчин үеийн нэгэн микрорайон байх бөгөөд Солонгосын бэлэгдэл болох алх, хадуур, бийр бүхий сүрлэг хөшөө сүндэрлэх ажээ.
Бидний дараагийн үзэх зүйл нь алдарт Парисын хаалганаас арван метрээр өндөр, Пхеньяны хотын сүрлэг хаалга байлаа. Энэ хаалганы эргэн тойронд спортын цогцолбор, стадион байрлана.
Солонгосын телевиз хоёр сувгаар теле нэвтрүүлгэ цацна.
Эндээс холгүй орших телевизорын цамхаг нь 300 метр өндөр юм. Телевизын тогтмол хоёр сувагтай бөгөөд ням гаригт нэг суваг нэмэгддэг. Голдуу их удирдагч болон эх орончдын тухай түүхэн сэдэвтэй кино гарах ажээ.
Парисын хаалгатай өрсөлдөн, түүнээс өндөр барьсан энэ хаалга ур хийц өгүүлэмжээр сонин шийдэлтэй.
ЗУРГАА. ЭМНЭЛЭГҮҮД, ШИНЖЛЭХ УХААН ТЕХНИК ТЕХНОЛОГИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ҮЗЛЭЭ
Цэргийн эмнэлэгийн академи дээр очиход байгууллага бүрт байдаг зочдыг хүлээн авч ажлаа танилцуулдаг танхимд оров. Улаахан хамартай эмнэлэгийн орлогч дарга бидэнд ажлаа танилцууллаа.
Энэхүү эмнэлэгийн тоног төхөөрөмжүүд нь 2002 он үйлдвэрлэсэн хаягтай. Дорно дахины эмнэлэгийн үйлчилгээнүүд хийж байгаатай танилцуулав. Гол үзлэгийн танхимуудаар орж, эхо, зүрхэний бичлэг, зүү төөнүүр, шүдний эмчилгээ хийж байгаа үзлэгийн танхимуудаар оруулав. Өрөөнүүдийн тавилага нилээд хуучирч, олон жил ашигласан дүр төрх тодорно.
Эмч нарын ур чадвар, боловсон хүчний нөөц боломж ихтэй. Бүх үйл ажиллагаагаа эдийн засгийн хэмнэлтийн зарчимд тулгуурлан зохицуулдаг байна.
Тариа хураалтын цаг учраас албан байгууллагуудын хүмүүсээ тариа хураалтад оролцуулахаар хөдөө явуулсан учир хотод хүн болон машины хөдөлгөөн бага байгаа тухай элчингийнхэн ярина билээ. Манайд байгаад аль хэдийн үзэгдэхээ байсан ГАЗ-51 машин нь солонгосын музейд байгаа фото зурганд аль хэдийн 50-аад оны үеээс үлдсэн байх бөгөөд өнөөдөр хүртэл ашиглагдсаар байна. Хаяа нэг ЗИЛ-130 маягийн ачааны авто машин явах бөгөөд түүнтэй төстэй хэлбэрийн ачааны авто машин өргөн хэрэглээнд байдаг нь харагдана. Тэднээс олонх нь зам дээр “хамар”-аа онгойлгон засвар хийн зогсохтой олонтой таарах болно. Хожим мэдэхнээ шатахуунаа хэмнэж уураар ажилладаг автомашинууд усаа хөргөхөөр зогсож байсан нь тэр байлаа.
Орой ажил тарсаны дараа автомашины хөдөлгөөн бага зэрэг ихсэх бөгөөд голдуу хуучин маркын суудлын машин харагдана. Тралейбус, хоёр давхар автобус байх авч ажил тарах үер хүмүүсийн маш их урт дараалал үүсэх ажээ. Хүмүүс нь хотоос тариа хураалтад оролцохоор явсан үед ийм байгаа юм чинь бусад үед бол автобус хүлээх урт дараалал үүсдэг болов уу гэж дотроо төсөөлөн бодож явлаа.
Миний дараачийн очих газар нь 1500 эх, хүүхдэд үйлчлэх зориулалтай эхчүүдийн төрөх эмнэлэг байлаа. Энэ эмнэлэгээ бас л их удирдагчийн санаачилгаар байгуулагдсан гэх бөгөөд жирэмсэн эхчүүд, эмэгтэйчүүд олноор ирж эмнэлгээр үйлчлүүлдэг . Миний үзсэн аль ч эмнэлэгт эмчийн өрөөний үүдэнд суудал байдаггүй нь харагдсан. Энэ эмнэлгийн коридорт эмчээ хүлээн явган суусан өвчтөнтэй олон таарав.
Нэгдүгээр давхарт төрсөн эхчүүдтэй давхар бүрт холбоо барих тусгай камер байх бөгөөд энэхүү камераар эх нь уулзах хүмүүстэйгээ ярилцаж бас хүүхдээ үзүүлэх боломжоор хангагдсан байдаг.
Солонгосын ард түмний бүтээн байгуулсан зүйл асар их байх бөгөөд түүгээр бахархах сэтгэл төрж байлаа. Гэвч дотоод нөөц бололцоогоо ашиглана гэсэн уриа лозун нь бусдын богино хугацаанд хүрсэн амжилтыг үл тоон өөрсдийн хүчээр зүтгэн цаг их үрэх, хэтэрхий хүч хөдөлмөр зарах замаар удаан урагшилж, улмаар зогсонго байдалд хүрчихсэн дүр төрх тодорч байв. Энэ байдлыг өнгөлөн далдлах үйлдэл нь хэт үзэл сурталчилсан сурталчилгаа байлаа.
Шинжлэх ухаан техник технологийн үзэсгэлэн зургаан хэсэг барилга бүхий үзвэртэй бөгөөд бид тэднээс их удирдагчийн үйл хэргийг харуулсан эхний хэсэг, хүнд аж үйлдвэрийн болон сансрын технологийн хэсэг зэрэгтэй танилцлаа.
Хүнд аж үйлдвэрийн хэсэг нь голдуу уул уурхайн аж үйлдвэрийн техник, технолог байх бөгөөд тэнд солонгос-өмнөд солонгостой хамтран байгуулсан үйлдвэрийн бүтээгдэхүүн болох автомашин, мотоциклын шинэ загвар тавьжээ. Гэвч бүтээгдэхүүнийг нь худалдан авагч байхгүй учир үйлдвэр нь зогсонги байдалд байгаа тухай мэдээ байв.
Сансрын ололт амжилтын тухай музейн дугуй танхимд
сонирхолтой үзмэр үзэх болно.
Сансрын техникийн ололт амжилтын тухай үзэсгэлэнгийн танхим руу цахилгаан шатаар очно. Сансрын хиймэл дагуулын түүхтэй танилцаад төв хэсэгт байрлах суудалд сууна. Танхимд гэрэл унтарч тэнгэрт одод түгэв. Дэлгэц дээр солонгосын пуужин үзэгдэж, хөдөлгүүр асан пуужин хөөрөх агаад тэнгэрт дүүлэн сансар огторгуйд харван орж, хиймэл дагуул болон оддын дунд шингэнэ. Тэнгэрт байгаа гариг, оддын байрлал онцлагыг тусгасан энэ үзвэр нь нэн сонирхолтой байлаа. Энэ бол миний хувьд Оросын Москва, Калуга хотод байрладаг сансар судлалын музейн дараа үзэж байгаа сансрын тухай гуравдах музей, үзэсгэлэн байлаа. Музейд одод гариг эрхэсийн талаар тодорхой мэдээлэлийг нүдээр харах боломжтой юм. Үзэсгэлэнгийн эхэнд их удирдагч энэхүү музейг хэрэхэн санаачилан байгуулсан тухай, хэдэн удаа ирж заавар зөвлөгөө өгсөн тухай өгүүлнэ.
Үзэсгэлэн байрлуулсан Солонгосын хамтарсан үйлдвэрийн
үйлдвэрлэсэ Автомашины загварууд байв.
Бидний ажлын уулзалт харилцан санал бодлоо солилцож, дараа нь оройн зоогоор барьсанаар өнөрдөрлөв
ДОЛОО. ИХ УДИРДАГЧ КИМ ИР СЕНИЙ ХӨШӨӨНД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЖ, СОЁЛ, УРЛАГ, ИХ СУРГУУЛИУДТАЙ ТАНИЛЦЛАА.,
БНАСАУ-ын төв талбайд байрлах их удирдагч ким ир сений хөшөөн дээр очлоо. Их удирдагчийн хөшөө нь өвөрмөц материалаас хийсэн бөгөөд өнгө, үзэмж нь өвөрмөц содон байлаа.
БНАСАУ-ын төв талбайд байрлах их удирдагч Ким ир сений хөшөөн дээр очлоо. Хөшөөний ар тал, хажууд их удирдагчийн тухай бүхэл бүтэн музей байрладаг. Гурав дөрвөн тасалгаа дутам нэг ведио бичлэг гаргах төхөөрөмж тавьжээ. Музейг үзэх үед олон залуучуудыг жагсаалаар авчирч үзүүлж байлаа. Зарим тасалгаанд тэднийг суулган тайлбарлагч яриа хийж байгаа харагдав.
Пхеньяны техникийн их сургуулийн цогцолборын хамгийн сүүлд ашиглалтад орсон элекроны номын сангаар зочлов. Төв корпус нь дагнасан номын сан, уншлагын болон компьютерийн танхимуудаас бүрдэх бөгөөд уг номын санд оюутнууд нь тусгай карт бүхий нэвтрэх үнэмлэхээр орно.
Энэхүү номын сан, уншлагийн болон компьютерийн танхимууд нь орчин үеийн тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, интернетид орохдоо тусгай зөвшөөрөл авдаг.
Солонгосын нийслэлийн орчин үеийн хорооллын барилгуудтай танилцах завшаан тохиов. Хот төлөвлөлт, орчинтойгоо зохицсон байдал зэрэг нь манай хотын ажил хариуцсан хүмүүст туршлага болохоор санагдана.
Шөнийн цагаар зочид буудлын цонхоор харахад оршин суугчдын барилгуудын цонх харанхуй харагдах ба цахилгааны хэмнэлтээс болоод тэр үү хот шөнөдөө харанхуй байх агаад харин хоёр барилга бусдаас тодрон гэрэлтэнэ.
Бидэнд үйлчилж байгаа жолооч нар зөвхөн хотын батлагдсан маршрутаар явна. Яг огцом хөдөлдөг тоглоом мэт замын уулзварт зохицуулагч цагдаа үйлдэл хийнэ. Тэд өдрийн халуун, хөдөлгөөнөөс шалтгаалан уулзварт зохицуулах цаг нь 10-20 миутад ээлжлэн зогсдог гэсэн.
Хаяа нэг дээрээ дохиотой замын цагдаагийн машин харагдах бөгөөд мотоцикл бүхий офицерууд, шууд удирдах дарга нь тэднийг шалгаж яваа нь харагдана. Уулзварт зөвхөн эмэгтэй зохицуулагч үүрэг гүйцэтгэх ажээ.
Хотоос гадна явахдаа дугуй унасан замын загдаа явж байхтай тааралдав. Хот хооронд өдрийн цагт автомашинтай тааралдах нь ховорхон байв. Анх би ачааны автомашин дээр 200-300-ийн пошка ачсан машин явж байна гэж бодож байсан нь эндүүрэл байжээ. Тэрхүү пошканаас уур савсан байх нь уураар ажилладаг автомашин явж байгаа нь тэр бөлгөө.
Мёхян уулнаас буцаж 180 орчим км замыг туулж явахдаа ганц ачааны машин, нэг бензтэй таарсан билээ.
Хүүхдийн ордон, иж бүрэн цогцолбор нь орчин үеийн барилгын өвөрмөц шийдлээр баригдсан, төрөл бүрийн дугуйлангууд ажилладаг. Энэ удаа хүүхдийн ордонд концерт тоглох тул зочид их байлаа.
Эхлээд сонгодог бүжиг болон ардын уламжлалт бүжгийн дугуйлангийн хичээлэлтийг үзэв. Дараа нь үндэсний хөгжим болон баян хөгжмийн хүүхдүүдийн дугуйлангаар орж тэдний чадварлаг тоглох нэг, нэг номеруудыг үзэж сонирхов. Монгол болсон тэмцээнд энэ ордоны хүүхдүүд оролцож нэгдүгээр байр эзэлсэн тухай өгүүлж байлаа.
Ханз бичгийн дугуйланд долоон настай нэг охиныг бидэнтэй танилцуулсан бөгөөд тэр ханз үсгийг бийрээр уран чадварлаг бичиж сурахыг ихэд хичээж байв.
Үзэгчдийн их танхимд бидний суудал хамгийн урд эгнээнд төв хэсэгт байв. Энэхүү суудлын байрлал нь бидэнд хүндэтгэл үзүүлж байгаа хэрэг юм. Суудалд суухын өмнө орчуулагч бидэнд цэцэг авахыг санал болгов. Тоглолтын эцэст төлөөлөгчид урлагын тоглолт хийсэн хүүхдүүдэд цэцгийн баглаа бэлэглэдэг уламжлалтай .
Удалгүй гадаадын зочин төлөөлөгч суудал эзлэв. Тайзны өмнө оргилох усан оргилуурууд гэнэт зогсож, хөшиг онгойн тайз эргэж, эгнэн зогссон хүүхдийн найрал дуучид гарч эрэв. Шалны янз бүрийн хэсгээс микрофонууд машины автомат антенн шиг дээш сунан гарч, дуучид байрлалуудаа эзлэв. Сүрлэг сайхан дуугаар концерт эхлэх бөгөөд нэг цаг гучин минут үргэжилсэн концерт мөн л найрал дуугаар өндөрлөв. Тайзан дээр цэцгийн баглаа барьсан хүмүүсээр дүүрч, тэдэн дотор монголчууд бидний төлөөллийн цэцэг өргөн баригдлаа. Хүүхдүүдийн чадварлаг тоглолт, өөрсдөдөө итгэлтэй хөдөлгөөн, авьяас чадвар, энэ бүхэн цаанаа багш нарын ур чадварыг давхар илтгэж байлаа
Биднийг гарахад үүдэн дээр машинууд тулж ирж зогсон суулгаад зочид буудлын зүг хөдлөв.
Бидний дараачийн үзэх зүйл нь Солонгосын төв музей байлаа. Энэ музей нь Пхеньяны төв талбайд байрлах бөгөөд Солонгосын ард түмний түүхийг тусгасан гол музей юм. Музейн хаалгаар оронгуут их удирдагчийн сууж байгаа дүр бүхий хөшөө угтах бөгөөд бүх музей, үзвэрийн газрын үүдэн хэсэгт ийм хөшөө, эсвэл дурсгалын самбар заавал байрлуулсан байна.
Уг музейг тохижуулахад ихээхэн анхаарал тавьсан нь мэдрэгдэнэ. Хоол идэх цаг тулсан байсан тул музейг бага хугацаанд хурдан үзэв. Эхний хэсэг бидэнд заадаг байсан хүний нийгмийн хөгжлийн үе болох хүй нэгдлийн үеэр эхлэнэ. Солонгосын олон ангит киноноос үзсэн эртний солонгосын тэнгисийн цэргийн жанжины хэрэглэж байсан хуягт усан онгоц харвах төхөөрөмжийн загварууд байна.
Монгол хатадын оршуулгийн макет байна. Тэр талаар тайлбарлагч яагаад ч юм үг дуугаралгүй өнгөрөв. Түүхийн нэгэн үед монгол хатад солонгосын түүхэнд эерэг үүрэг гүйцэтгэж байсан түүх музейд өөрийн гэсэн байраа эзэлсэн байна.
Хүний нутагт байгаа миний нутгийн тасархайн эзэн буюу БНАСАУ-д суугаа онц бөгөөд бүрэн эрхэт элчин сайд Ломбо гуйатай уулзаж, нутгийн болон одоо цагийн сонин сайханыг хуучлан ярилцав. Хаана ч ажлаа мэддэг хүмүүс хүнд сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Тийм хүмүүсийн нэг нь элчин сайд байлаа. Би дотроо эртний болон одоо цагийн солонгосын түүх бас хамтын ажиллагааны амьд түүх болсон тэр хүнээр бахархаж байлаа. Эмч, багш, цэрэг, дипломат зэрэг удах дутам туршлага нь арвижаж үйл ажиллагаа нь төгөлдөржиж байдаг хүмүүсийн хүчийг зөв ашиглавал төрийн ажилд тун хэрэгтэй, манай орны хөгжил дэвшилд том хүч болох билээ.

НАЙМ. СОЁЛ УРЛАГ, МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦАВ.
Америктай хийсэн дайны явцад тодорсон нэгэн үйл явдлаар музей байгуулсан нь олзлогдсон Америкын цэргийн усан онгоц байх агаад тэрхүү түүхээр хоёр ч баримтад кино хийж түүнийг тус онгоцыг үзэгчдэд сурталчилна.
Миний хувьд хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн газрын нэг бол Пхеньяны хөгжмийн сургууль байлаа. Сургалтын материалаг бааз, сурах орчин дээд зэргээр бүрдүүлсэн энэ газар монгол хүнийг сургахсан гэж дотроо бодож явлаа.
Сургуулийн хичээлийн танхим нь бүлгээр болон ганцаарчилан сургалт явуулах танхим, бичлэгийн студи хэсэгчилсэн болон театрын хэмжээний тоглолт явуулах боломжтой юм. Сургалтын байрны ар талд оюутнуудын жагсааж нэг нь урд нь зргсоод цэрэгт үүрэг өгч байгаа шиг зогсохтой тааралдав. Танхимуудад оюутнуудтай багш нь нэг бүрчлэн сургалт явуулж, бидэнд зориулж ямар нэг номёр тоглолт хийж байлаа. Хамгийн том зааланд оркёстер бүрэн бүрэлдэхүүнээр сууж сургуулилт хийх бөгөөд нэгэн баатарлаг, сүрлэг аялгууг бидэнд зориулан тоглолоо.
Сургуулийн өмнөхөн трамбайн эцсийн буудал байх агаад ажлын цагаар трамбай ажилладаггүй, ажил тарах, цугларах үед л явах нь үзэгдэнэ. Зарим газруудад зорчигч нь трамбайгаа түрж яваатай нэг бус тааралдав.
Солонгосын угсаатны зүйн музейг сонирхов.. Энэхүү музейн байдал олон жил анхааралаас хол байсан сэтгэгдлийг надад төрүүлэв. Үзвэрүүдийн тайлбар гараар бичигдсэн, зураг тавигдсан зарим зүйл хэт хуучирсан нь анзаарагдана.
Зарим танхимын үзвэрүүд давхардан тавигдсанаас гадна агааржуулах систем байхгүйгээс танхимуудаас содон үнэр ханхалж, амьсгалахад хэцүү ч газрууд таарч байлаа. Угсаатны зүйн музейн барилга нь манай байгалийн түүхийн барилгатай төстэй хэлбэртэй бас ойролцоо үед баригдсан байж магадгүй юм билээ.
Циркийн зүг хүүхдийн жагсаал цуварна. Бид хүлээлгийн танхид сууж байлаа. Солонгосын байгалийн сайханыг зурсан гурван том зургийг хананд өлгөжээ. Удалгүй биднийг үзэгчдийн танхимд урьсан бөгөөд хүндэтгэлийн тусгай зассан ложенд суудалд суулгалаа.
Цирк нь манайхтай адил дугуй талбайтайгаас гадна тусгай тоглолтын тавцантай тэр нь хөтөлгөөнтэй бөгөөд урагш тэлж томхон концертийн тавцан болж хувирах боломжтой хийгджээ. Циркын тоглолтууд жүжүигчдийн ур чадварыг илтгэнэ. Номёруудын хооронд завсар байхгүй нягт төлөвлөн тоглолтыг зохион байгуулжээ.
Хүүхдийн хөгжөөнтэй шуугиан баясгалантай дуутай хамт нэг цаг хагас үргэжилсэн тоглолт өндөрлөв. Сумогийн их аварга Даваадорж энэхүү циркын хамт олны тоглолтыг монголд тоглуулахаар урьсан тухай бидэнд танилцуулж байлаа.
ЕС. МЁХАН УУЛАНД ЗОЧИЛОВ.
Өглөө эрт Мёхян уул руу хөдөллөө. Энэ уул хүртэл 160 гаруй км замыг туулна. Хотоос бидний өмнө комби “өвгөн” бенз яваа нь оросын төлөөлөгчид байлаа. Бид тэднийг гйүцэж түрүүлэв. Мёхян уул хүртэл машинтай таарсангүй. Замын хажууд эвдэрч зогсоод зорчигчдоо буулган зогсох нэг автобус таарсан. Замын дагуу алсыг зорин яваа хүмүүс харагдана.
Уулсын хоорондыг дүүргэх тариан талбайд хүмүүс ургац хурааж байгаа нь үзэгдэнэ. Замын хоёр талаар мод тарьсан байх агаад түүний завсараар хот, тосгод үзэгдэж, тариан талбай тэдгээрийг холбоно. Хаяа шороо босгон хурдлах автомашин үзэгдэх бөгөөд тэр нь тун ховор тохиолдох зүйл юм.
Өмнө конус хэлбэрээр барилга тодрон ирсэн нь бидний зорьсон Мёхян ууланд хүрч ирсэн хэрэг байлаа. Энэхүү зочид буудлын өмнө бидний машин ороод гурван автоманшин зогсож байгааг бодоход өнөөдөр хүн цөөтэй хэрэг биз ээ.
Зочид буудалд хоолны захиалга өгч 22 ам доллар тушаав. Тэгээд цааш хөдлөн нэгэн харуулын цэг дээр ирж зөвшөөрөл авав. Тэрхүү байшингаас үндэсний хувцас өмссөн бүсгүй гарч ирсэн нь бидэнд тайлбарлах музейн ажилтан байлаа.
Дээш өгссөөр нэгэн барилгад тулж ирсэн нь их удирдагч Ким ир сений музей байх агаад түүн дотор ороход уг байшингаас цааш үргэжилэн уулын доор байрлах бэлгийн үзэсгэлэнгийн том тасалгаануудад явж очно. Эхний тасалгаа нь уламжлал ёсоор их удирдагчийн хөшөө байх бөгөөд түүнд хүндэтгэл үзүүлж мэхийн ёслоно.
Гадаадын орнуудаас өгсөн бэлэг нь вагоноос авахуулаад автомашин, алтан сэлэм зэрэг үнэхээр зүйл бүрийн бэлгээр арвин ажээ. Энд тухайн үеийн улс орнуудын хөгжлийн байдал онцлогыг тусгасан үзвэр, бэлгүүд байдаг. Тэдний дотор монголын төлөөлөгчдийн өгсөн морин хуур, хивс, мөнгөн аяга, бөгж зэрэг зүйлс байх ажээ.
Бэлгийн үзэсгэлэнгийн дээд давхарт амрах тавцан байх бөгөөд тэнд сууж цай ууж, сэтгэгдэлээ тусгай цаасан бэлтгэсэн цаасан дээр үлдээнэ. Миний хувьд байгалийн сайханы тухай, хүмүүс хамтран энх тунх амьдарч болох тухай сэтгэгдэлээ бичиж үлдээв.
Энэхүү уулын доор байрлах томоохон үзэсгэлэнгийн танхимууд хүү Ким чен ирийн бэлгийн музейд мөн адил үргэжилнэ. Тэнд монголын төр засгийн төлөөлөгчдөөс өгсөн бэлэг байрлана.
Хоёр үзэсгэлэнг үзсэний дараа уулын ширүүн урсгалт голын эрэгт тусгай зассан тавцан дээр бэлтгэсэн зүйлээр мах шаран өдрийн хоолоо хээрийн нөхцөлд идэв. Хээрийн нөхцөлд гэдэгт махаа тусгай шарагч дээр хоёр кг нарийхан зүссэн бэлтгэсэн мах шарж, хэдэн төрлийн ногоо будаагаар хачирлан хооллохыг хэлнэ.
Мёхян ууланд байрлах буддагийн хийдэд солонгосын эртний их хэмжээний ном судрууд байсан бөгөөд түүнийг сэргээн хадгалах нүсэр их ажлыг эрдэмтэд, ажилтнууд хийж гүйцэтгэжээ.
Мёхян уулнаас буцаж явахдаа хамт яваа солонгос хүмүүстэйгээ сэтгэгдэлээ хуваалцаж явав. Харилцан бие биенээс их зүйл сурсан тухай тэмдэглэн ярьж байлаа.
Цэргийнхэний их удирдагчдаа өгсөн бэлгийн музей байх бөгөөд тэр харуул хамгаалалттай нэгэн цэргийн ангид байрладаг. Цэргийн анги салбарын дайчин бүр сэтгэл, зүтгэл гарган хэдхэн мм-ийн жижиг сувд болон далайн зүйлийг цуглуулан хамт олноороо урлан бүтээсэн хөрөг зураг, макет зэрэг урлагын бүтээлээс үзэсгэлэн бүрдэнэ. Танхим болгоны эхэнд их удирдагчийн морьтой, маршилын мундиртай зураг байх бөгөөд ямар нэг өндөр уулын орой дээр салхи татуулан давхиж ирээд амыг нь огцом татан зогсоох сүрлэг дүр зураг нүдэнд буух ба орост Кутузовын ийм зураг харж байсантай тун төстэй байлаа.
Дараа нь цэргийн түүхийн музей үзсэн бөгөөд голдуу хоёр солонгосын хоорондын дайны түүхийг өгүүлж, байгуулсан ялалтаа өгүүлнэ. Үзэсгэлэнгийн макетууд тун өвөрмөц хийсэн байдаг. Ийм нүсэр хийцтэй макетуудыг амьдралдаа анх удаа харж байгаа билээ. Тухайлбал өндөр уулыг даван баатарлаг гавъяа байгуулсан жолооч нарын тухай өгүүлсэн макет тухайн үйл явцыг тайлбартай үзүүлэн танилцуулна.
Хамгийн дээд давхарт нэгэн хотыг эзлэсэн түүхэн тулалдааныг өгүүлсэн макет нь үзэгчид голд нь сууж 15 минутын хугацаанд тавцан нь эргэлдэж тухайн үеийн түүхийг өгүүлнэ. Музейн подвальд нисэх онгоц, танк, их буу, усан онгоц, автомашин зэрэг дайны үеийн түүхийн үзвэрүүд байна.
Солонгост байх хугацаа дуусч галт тэрэгний буудалд очиж, вагонд суулаа. Энэ удаа өмнө хил дээр цуг нэгэн купед сууж ирсэн хүн мөн л хамт буцахаар нэг купенд таарав. Энэ удаа манай купе идэж уух, зүйлээр бүр ч элбэг баян, бүх төрлийн хоол, пиво, архи бүгд байв. Хуучин танилаас гадна хичээл насны нэг хүн, түүний харцаар ажиллах нэг залуугийн хамт бид бээжинг зорин хөдөллөө.
Тэд намайг дэлгэж тавьсан хоолоороо дайлж, ундаалав. Тэдний хувьд лаазтай шар айрагийг хэрхэн онгойлохыг мэдэхгүй будилсаныг эс тооцвол хооллолт сайхан болж өнгөрөв. Бидний суусан вагонд Зам тээврийн сайд явсан бөгөөд түүнийг дагалдан яваа хүмүүс вагоныг дүүргэж байлаа. Вагон нь тусгай, жирийн вагоныг бодвол өөр, цэвэрхэн. Төмөр замын зогсоолууд өмнөх явалтыг бодвол хүний хөдөлгөөн бага, дэг журам сайтай, цэргийн хүмүүс үзэгдсэнгүй. Хил дээр ч нэг их нарийн шалгасангүй. Харин дөрвөн суудлын вагоноос гурав нь үлдэж, нэг нь бээжингийн зүг хөдөллөв. Анх хил дээр угтаж нэгэн купенд сууж, танилцсан нөхөр буцахад ч нэгэн купенд хамт явав. Тэгээд тэр нөхөр хятадын хил дээр үлдэв. Умард солонгост өнгөрүүлсэн хэдэн өдөр ийнхүү ард хоцров. Хаалттай гэж ярьдаг боловч монголчуудад нээлттэй энэ улсад байсан өдрүүд надад олон сонин сайхан дурсамж үлдээсэн билээ.

3
3
8
8
15
15
Previous Next Play Pause
3 8 15