http://www.zoofirma.ru/

Хэвлэлд гарсан мэдээнээс
Их Монгол Улсын удирдагч 1227 онд 72 насандаа өвчний улмаас таалал төгссөний дараа түүнийг хаана оршуулсан нь өнөө болтол тодорхойгүй байгаа билээ. Тэгвэл сайн дурын археологичдийн тусламжтайгаар Монголын анхны эзэн хааны бунхныг олоход тун ойрхон байна гэж эрдэмтэд үзэж байна.
"Вашингтон Пост" сонинд онцолсоноор Чингис хааныг оршуулсан байх магадлалтай газар нутгийн хиймэл дагуулын 84 мянган зураг дотроос 10 мянга гаруй сайн дурынхан археологийн ач холбогдол бүхий газруудыг тодорхойлсон бөгөөд “Public Library of Science One” сэтгүүлд гарсан нийтлэлээс үзвэл, Чингис хааны бунхан байх боломжтой археологийн 55 газрыг эрдэмтэд тодорхойлсон байна. Тэд Монголын эртний 2,3 сая түүхэн дурсгал дотроос хайж үзжээ.


Судлаачдын дунд хааныг Монголын орчин үеийн нийслэл Улаанбаатар хотоос 150 бээрийн зайтай орших ордных нь ойролцоо нутаглуулсан гэдэг таамаглал давамгайлж байгаа ажээ. Гэхдээ хааны булш мөн гэдгийг хараахан батлаагүй юм. Монголчууд эртнээс нааш бунхан руу хэнийг ч нэвтрүүлэхийг зөвшөөрдөггүй, ариун дагшин газар гэж үздэг байжээ. Тиймээс эзэн хааны онгон хэний ч мэдэхгүй, ариун газар хадгалагдаж байх магадлал өндөр юм.
Хэрэв бид Чингис хааны онгоныг олвол дээрх 10 мянган сайн дурынханд талархах хэрэгтэй болох нь ээ. Эзэн хаан нас барахаасаа өмнө өөрийг нь хэн ч битгий олоосой гэж хүсч байжээ. Тиймээс ч хожмоо түүнийг таалал төгссөний дараа хааны бунханыг барихад оролцсон хүмүүсийг бүгдийг нь хороож, цэргүүдээр хамгаалуулж байсан бөгөөд дараа нь тэд бүгд нэгнийгээ хороосон тухай эх сурвалжид дурджээ.
АНУ-ын Сан-Диего хотын Калифорнийн их сургууль дахь Харилцаа холбоо, мэдээллийн технологийн Калифорни хүрээлэнгийн төслийн тэргүүн, судлаач доктор Алберт Ю-Мин Ли, "2010 оноос хойш биш өвсөн дотроос зүү хайх шиг хэцүү ажил хийж ирлээ" гэж мэдэгджээ.
Өнөөгийн судлаачид Чингис хааныг дэлхийг байлдан дагуулж явах үед олзолж авсан үнэт эдлэлүүдтэй нь хамт оршуулсан гэж үздэг байна. Хэрэв түүний бунханыг олвол дэлхийн түүх шинээр эргэх боломжтой гэж "Вашингтон Пост" нийтлэв.