http://www.zoofirma.ru/

Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яамны хамт олон бид “Эх дэлхийн өдөр”-ийг Монгол орон даяарх анд нөхөд, түншүүдтэйгээ тэмдэглэж байгаадаа баяртай байна. Covid-19-ийн тархалтыг тогтоон барихад хүн бүрийн хүчин зүтгэл чухал байгаа энэ цаг үед бид аялах боломжгүй байгаа хэдий ч Монгол орноор хөндлөн гулд явж, олон гайхалтай газар орныг үзсэн сайхан дурсамжууд надад бий. Монгол, Америк төдийгүй дэлхий даяар үзэсгэлэнт сайхан байгаль орчноо хамгаалахын тулд хамтын ажиллагаа хичнээн чухал болохыг бодож эргэцүүлэх боломжийг “Эх дэлхийн өдөр” бидэнд олгодог билээ.

Тавин нэгэн жилийн өмнө буюу 1970 оны 4-р сарын 22-нд АНУ-ын сенатч асан Гэйлорд Нельсоны эхлүүлсэн энэхүү “Эх дэлхийн өдөр” нь урьд өмнө байгаагүйгээр утга учиртай болж уур амьсгалын өөрчлөлт урд хожид үзэгдээгүй, бодитой сорилтуудыг дэлхий дахинд ч, Монгол Улсад ч авчирсаар байна. Монголд ойр ойрхон хахир хатуу зуд нүүрлэж, шороон шуурга дэгдэж, хүний амь осолдох, мал сүрэг, амьжиргаагаа алдахад хүргэж байгаа нь уур амьсгалын өөрчлөлтийн эмгэнэлт үр нөлөө болохыг бид харж байна.

Хатуу ширүүн цаг агаар малчдын амьжиргаа, улс орны ноолуурын салбарт заналхийлж, улмаар хүнсний аюулгүй байдал, нийгмийн эрүүл мэнд, дэд бүтцэд хохирол учруулж байна. АНУ-ын Засгийн газар Олон улсын хөгжлийн агентлаг (USAID)-аараа дамжуулан уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, түүнээс урьдчилан сэргийлэх шийдлүүдийг олохоор Монгол Улстай хамтран ажиллаж байна. Монголын малчин өрхүүдэд байгалийн гамшгийг даван туулах чадвар олгох, илүү тогтвортой, бие даасан, орчин үеийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэхэд хөрөнгө оруулалт хийх, олон улсын зах зээлд үр ашигтай өрсөлдөхүйц ноолуурын салбарыг бий болгоход дэмжлэг үзүүлэх хөтөлбөрүүд үүнд багтаж байна.

Хүн амын хэрэгцээг хангахуйц хүртээмжтэй, цэвэр ус бол эрүүл орчныг бүрдүүлэх амин сүнс нь юм. Энэ сарын эхээр миний бие Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б. Батцэцэг болон АНУ-ын Мянганы Сорилтын Корпорац (МСК)-ын Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Махмуд Ба-гийн хамтаар Монгол Улсад МСК-ын санхүүжилтээр хэрэгжих Усны түүхэн компакт гэрээ хүчин төгөлдөр болсныг зарласан билээ.Улаанбаатар хотын усны хангамжийг 80 хувиар нэмэгдүүлэхээр АНУ-аас 350 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлж, Монгол хамтрагч нартайгаа нягт хамтран ажиллаж байна. Тогтвортой байдал, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадварыг гол зарчмаа болгосон уг Компакт гэрээний дагуу өнөөдөр Улаанбаатарын хоёр том цахилгаан станцын ашиглаж буй цэвэр усыг цэвэрлэсэн хаягдал усаар орлуулахын тулд Хаягдал ус цэвэрлэх байгууламж, мөн хотын усан давхарга, түүний гол бүрдүүлэгч болох Туул голын бүрэн бүтэн байдлыг хадгалах зорилготой Ус гүн цэвэршүүлэх үйлдвэрийг барьж байгуулах юм.

Ерөнхийлөгч Байден улс орондоо болон хилийн чанадад уур амьсгалын хямралыг шийдвэрлэх талаар эрс шийдэмгий алхмуудыг авч хэрэгжүүлж байна. Түүнийг Ерөнхийлөгчийн албаа авсан эхний өдөр АНУ Парисын хэлэлцээрт эргэн нэгдсэн бөгөөд долоо хоногийн дараа тэрээр уур амьсгалын хямралыг хамтдаа даван туулахын тулд “Дэлхийн удирдагчдын дээд хэмжээний уулзалт”-ыг зарлан хуралдуулахаа мэдэгдсэн. Энэ долоо хоногт буюу 4-р сарын 22-23-ны өдрүүдэд Ерөнхийлөгч Байден 40 улсын төрийн тэргүүн нар оролцох хэлэлцүүлгийг удирдан, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах ажлыг эрчимжүүлж, ядуу буурай орнуудад уур амьсгалын үзүүлэх нөлөөг даван туулахад нь дэмжлэг үзүүлэх асуудлыг хэлэлцэнэ. Дээд хэмжээний уулзалтыг шууд дамжуулах бөгөөд би та бүхнийг цахимаар нэгдэхийг урьж байна. Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх Монгол Улсын тусгай элч, доктор  Батжаргал тус Дээд хэмжээний уулзалтын өмнө болох Сайд нарын дугуй ширээний ярилцлаганд оролцоно гэдгийг хэлэхэд таатай байна.

2021 оны энэхүү “Эх дэлхийн өдөр” уур амьсгалын өөрчлөлтийг даван туулж, илүү цэцэглэн хөгжсөн, илүү эрүүл бөгөөд ногоон ирээдүйг бүтээхийн төлөө дэлхий дээрх хамгийн үзэсгэлэнтэй орнуудын нэг болох Монгол Улстай гуравдагч хөрш, стратегийн түншийн хувиар тууштай хамтран ажиллахаа АНУ-ын Элчин сайдын яам дахин батлан илэрхийлж байна.

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески