http://www.zoofirma.ru/

А. АЗСАЙХАН:
2021-06-26, 74

Энэ удаагийн “Тэд бидний тухай” буландаа Монгол судлаач, археологич, профессор Ширайши Нориюкигийн нэгэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Ширайши Нориюки бол Монгол Улсын газар нутаг дахь түүхэн олдоц, үлдэгдлийн малтлага, судалгааны чиглэлээр мэргэшсэн нэгэн.

Тэрбээр Их Монгол Улсыг байгуулсан Чингис хааны амьдрал, түүхийн ул мөрийг судалснаар Монголын ирээдүйн тогтворгүй нийгмийг бий болгоход асар их нөлөө гэж үзэн судалгаа үргэлжлүүлж буй. Харин профессор Ширайши Нориюки өөрийн амьдралын олонх жилийг зарцуулсан Чингис хааны тухай судалгаа, малтлагаараа юуг илэрхийлэх гэж байгаа, юу нь хамгийн чухал болох талаар өгүүлсэн түүний 2020 оны арваннэгдүгээр сарын 16-нд өгсөн ярилцлагыг хүргэе.
-ОДОО БОЛСОН ХОЙНО ЯАГААД МОНГОЛЫН ТҮҮХИЙГ ШООЛОХ ЁСТОЙ ЮМ БЭ-
-Таны мэргэшиж, профессор цол хамгаалсан чиглэл бол археологи. Харин чиглэлийн судалгаа тань юуны талаар өгүүлж байгаа юм бэ?
-Олонх хүн археологи нь зөвхөн үлэг гүрвэлийн олдворыг судлах ажил гэж буруу ойлгодог. Археологи нь үнэн хэрэгтээ түүхийн үлдэгдлийг сэргээх замаар өнгөрсөн үеийн хүний үйл ажиллагаа, амьдрал, аж байдлыг судалдаг гэж үздэг. Энэ чиглэлийн чулуужсан яс зэрэг нь биет үлдэгдэл учир археологийн олдвор гэж тооцно. Харин хүн төрөлхтөн үүсэж, бий болохоос ч өмнө амьд биет байсан. Гэвч тэр талаарх судалгааг энэ чиглэлд оруулж, тооцдоггүй. Археологийг түүх судалдаг гэж ойлгож болох ч түүхийг бүхэлд нь бус шавар эдлэл, чулуун эдлэл, нүхэн байшин, эртний булш гэх мэт зүйлсийн шинж чанарыг илүүтэй авч үздэг юм.
-Археологи гэдэг нь Жомон, Тумулусын үе гэх зэрэг маш олон мянган жилийн өмнөх эртний зүйлийн судалгаа юм шиг санагддаг. Ингэж ойлгож болох уу?
-Археологийн судалгаа нь зөвхөн эртний цаг үеэр хязгаарлагдахгүй. Жишээлбэл, зарим археологич хэдхэн цагийн өмнө хогийн саванд хаясан хуванцар савыг хүний өнгөрсөн үйл ажиллагаатай холбоотой археологийн объект болохыг нотолж байна. Яг л үүнтэй ижил 13 дугаар зуунд амьдарч байсан Чингис хаан болон түүний цаг үе археологийн хүрээнд багтах юм.
-Чингис хааныг судлахад танд юу хамгийн ихээр нөлөөлсөн бэ?
-Эзэн Чингис хааны өлгий нутаг болох Монголын өндөрлөг газар нь өвлийн улиралд хасах 50 хэмээс зуны улиралд 40 хэм хүртэл хэлбэлздэг хэмтэй, асар өргөн тал нутаг. Дийлэнх газартаа хуурай байсан ч жилд 50-300 миллиметр хур тунадас ордог. Байгалийн хатуу, ширүүн нөхцөлтэй тал нутгаас яаж Чингис хаан шиг агуу их удирдагч төрсөн жинхэнэ үнэнийг сонирхсон юм.

-Дэлхийн маш олон орны ном, сурах бичигт Чингис хааны тухай өгүүлдэг. Түүний амьдрал, амьдарч байсан цаг үеийн тухай олон бичээс өнөө цагт хадгалагдаж үлдсэн байдаг. Тэдгээр түүхийн үлдэгдлүүд дээр үндэслэн судалгаагаа хийж болохгүй гэж үү?
-Чингис хаан Их Монгол гүрний анхны эзэн хаан төдийгүй Евразийг гаталж, баруун тийш үргэлжлэх өргөн уудам нутгийг эзэлсэн асар том байлдан дагуулагч байж л дээ. Монголчууд Чингис хааныг “Бурхан шиг агуу удирдагч” хэмээн хүндэлдэг бол хөрш орнууд нь “Харгис, хэрцгий алуурчин” гэж буруутгасан байна. Чингис хааны түүх, амьдралын цаг үеийн тухай өгүүлсэн маш олон бичээс, баримт бий. Гэхдээ тэрхүү судалгаануудыг нэг хэсэг нь маш их магтаж байхад нөгөө тал нь маш хатуу шүүмжилж байдаг. Тийм учраас тэр судалгаануудын агуулгыг байгаагаар нь ашиглах боломжгүй, маш хүндрэлтэй гэсэн үг.
Бид үнэн хэрэгтээ Чингис хааныг хэзээ, хаана төрсөн, хаана, хэрхэн амьдарч, хаана нас барж, хаана оршуулсан гэдгийг огт мэдэхгүй. Тиймээс л би энэ сэдэв дээр өөрийн археологийг ажлыг эхлүүлсэн. Миний судалгаа хожим хойно л гажуудахгүй бол түүхэн баримтуудыг олж, өгүүлж, үлдээх болно.
-Бусад судалгаанаас зөрж, өөрийн хийсэн судалгааны тань олз юу байв. Ямар үр дүнтэй байв?
-Манай судалгааны баг Монголын тэгш өндөрлөгөөс зүүн хэсэгт орших “аварга” талбайд 20 жилийн турш малтлага, судалгаа хийсэн. Тэрхүү газрын уугуул иргэд нь Монголын эзэнт гүрний анхны нийслэл гэж нэрлэдэг бөгөөд тухайн үедээ улс төр, цэргийн бааз болж байсан байгаа юм. Бидний хувьд нүүдэлчин овог, ахуйг удирдан чиглүүлж байсан Чингис хаан суурин хот байгуулсан нь маш гайхмаар, гэнэтийн бэлэг байлаа. Хотын суурь байсан газраас байлдааны зориулалттай зэвсэг үйлдвэрлэдэг төмрийн үйлдвэрийн ул мөрийг олж илрүүлсэн. Бид төмрийн үйлдвэрийг сэргээн засварласнаас маш том баримт олж чадсан юм. Тэр үйлдвэрт 13 дугаар зууны үед өөр хаана ч үйлдвэрлэж чадахгүй хүчирхэг сумны хошуу үйлдвэрлэж байж. Тэр нь “Тийм ч учраас Монголын эзэнт гүрний арми маш хүчирхэг байсан юм байна” гэсэн ойлголтыг бидэнд өгсөн.

Өөр нэгэн олдвор нь 13 дугаар зууны үеийн монголчууд шар будаа, улаан буудай тариалдаг байсан тухай. Түүхийн бичээс, судалгаанууд дээр Монголын эзэн гүрнийг тухайн үеийн Хятад болон бусад бүс газраас хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүдээ авдаг байсан гэж өгүүлдэг. Гэтэл тийм биш байсан. Үүнээс харж үзэхэд 13 дугаар зууны монголчууд хөдөө аж ахуй, үйлдвэрлэлээ тухайн цаг үед маш том зах зээлийн үүрэг олж, худалдаа, наймаа төв болсноор хөгжилд дэвшилд хүрч чадсан байгаа юм. Монголчууд гаднын орнуудаас ирсэн өөрсдийн мэдэхгүй технологийг өөрсдийн арга барилтай уян хатан байдлаар нэгэн ашиглаж иржээ.
-Таны судалгааны зорилго тогтвортой нийгмийг бий болгоход чиглэнэ гэсэн. Тэгвэл Чингис хааны амьдрал, түүх нь тогтвортой нийгмийг бий болгохтой ямар холбоотой юм бэ?
-Чингис хаан байгалийн хатуу, ширүүн нөхцөлд хүчирхэг байгуулж болохыг харуулсан. Тэр үндэстэн нь шинэлэг технологид суурилсан нөөцөө үр дүнтэй аргаар ашиглаж бий болгож чадсан юм. Хэрэв ажиглаж чадвал дэлхийн өнцөг булан бүр дэх зөрчилдөөн гарч буй ихэнх хэсэг нь Монгол шиг хуурай бүс нутаг байдаг. Эдийн засгийн сул дорой байдлаас үүдэлтэй ядуурал нь зөрчилдөөнийг өдөөж, зөрчилдөөн нь ядуурлыг үүсгэдэг. Харин миний хувьд хүмүүс хүнсний үйлдвэрлэлийг өөрийн нөөц бололцоогоороо ашиглах боломжийг мэдэж авбал бүх зүйл сайн сайхан болно гэж би итгэдэг. Тийм ч учраас өнөөгийн монголчууд Чингис хааны хийж, бүтээсэн ажлуудаас өөртөө зөвлөгөө олж авах хэрэгтэй гэж хүсэж байна. Энэ зөрчилдөөнийг арилгах баллуур биш. Гэхдээ ирээдүй рүү хөтөлж, замд нь гэрэл тусгах болно гэдэгт итгэлтэй байна.
-Хэрэв Чингис хааныг дарангуйлагч гэж үзсэн хүн түүнээс зөвлөгөө, санамж авъя гэвэл хэтэрхий их харшлах юм биш үү?
-Чингис хаан маш олон хүний аминд хүрсэн гэдэг нь үнэн. Энэ бол түүний хамгийн том сул тал. Гэхдээ миний хувьд түүний эерэг зүйлээс онцолмоор байна. Жишээлбэл, Чингис хаан эзэлсэн нутгийнхаа бие даасан байдлыг баталж, шашин шүтэх эрх чөлөөгөөр хангадаг байсан юм. Зарим судлаач энэ нь түүний өргөн уудам тал нутгийг удирдах “түлхүүр” болсон гэлцдэг. Түүний хуурай, далайн замыг хөгжүүлэх, татвар ногдуулах ажлыг хөнгөвчлөхөөр шийдэж, өрнө дорныг холбох ажлыг үр хойч нь үргэлжлүүлсээр байсан. Маш олон эрдэмтэд Чингис хааныг даяаршлын анхдагч гэж нэрлэдэг. Тэрхүү даяаршил нь олон хор хөнөөл учруулж байсан эсрэгээрээ олон ашиг тусыг авч ирсэн.
Даяаршлын улмаас орчин үеийн нийгэмд тулгараад буй хүнд асуудлаа хэрхэн шийдвэрлэх гарцыг монголчууд Чингис хааны үеэс олох хэрэгтэй болов уу гэж бодож байна. Өнгөрснөөс шинэ мэдлэгийг бий болгож, ирээдүйг тогтворгүй болгоход ашиглах нь миний зорилго. Өөрөөр хэлбэл эзэн Чингис хааны талаарх судалгаагаа “Хуучнаас шинэ санаа эрэх” гэсэн Япон ардын зүйр цэцэн үг дээр тулгуурлан судалгаагаа хийж байна.
Нийгата их сургуулийн Хүмүүнлэгийн факультетийн профессор, утга зохиолын доктор ШИРАЙШИ НОРИЮКИгийн товч танилцуулга:


- 1963 оны есдүгээр сарын 3-нд Япон Улсын Гунма мужид төрсөн
- Япон Улсын Ибараки мужийн Цукабагийн их сургуулийг төгссөн
- 1994 онд Нийгата их сургуульд туслах ажилтнаар ажиллаж эхэлсэн
- 1997 оноос Монгол Улсын ШУА-ийн Түүхийн хүрээлэнд хоёр жил суралцсан
- 2003 онд Монгол судлалын “Шилдэг залуу судлаач” Монгол Улсын Ерөнхийлөгчийн шагнал хүртсэн
- 2014 онд 67 дахь Нийгата-Ниппо шагналыг тус тус хүртсэн.
- Тэрбээр малтлага, судалгааны ажлынхаа хүрээнд “Чингис хаан буюу хөх чонын бодит амьдрал”, “Монголын эзэнт гүрний төрөлт” зэрэг номнууд хэвлүүлжээ.
- Ширайши Нориоки нь өдгөө Нийгата их сургуулийн Азийн судалгааны төвийн захирлын албан тушаал хашиж байгаа юм.