01. 2008 онд Япон эдийн засаг Хятадынхаас 2 дахин том байсан юм. Гэтэл Хятадууд 2008 оны дэлхий дахины том хямралыг өөртөө ашигтайгаар эргүүлж, ердөө 8-хан жилийн хугацаанд эдийн засгаа 5 дахин томруулан тэлж чадсанаар эдийн засгийн хүчин чадлын хувьд японоос 2,3 дахин илүү гараад явчихаж билээ. Ердөө наймхан жилийн хугацаанд шүү.
02. Одоо Оросууд яг Хятадын тэр үеийн жишгийг давтаж эрчим хүчний үнийн асар их зөрүүнээс уут уут мөнгийг баруун солгойгүй хүүдийлээд эхлэв. Өрнөдийн цөөнгүй эдийн засагчид дэлхий дахинаа хүчээ аваад байгаа байгальд ээлтэй энергийн салбарын хөгжлийн нөлөөгөөр газрын тос, байгалийн хий тэргүүтэн уламжлалт эрчим хүчний экспортод дулдуйдсан Оросын эдийн засаг 2035 он гэхэд 35 хувиар агшина хэмээн таамаглаж байсан билээ.
03. Гэтэл агших нь байтугай энэ эрчээрээ бол хэд дахин тэлж мэдэхээр болоод явчихлаа. Зөвхөн Европын хувьд л гэхэд өнөө жил шатдаг хийн үнэ 5 дахин өсөөдөхөв. Балтийн тэнгисийн эрэг дагуу байгуулсан байгалийн хийн хоолой ашиглалтанд орох хугацаа яг энэ үетэй давхацсан нь Орос улсын аманд алтан халбага шургуулав бололтой.
04. Зүүн зүгт ч зүгээр байсангүй Амар мөрний дээгүүр 2 км урт гүүр бариад Хятадын талтай хамтран галт тэрэгний дугуйг явуут дунд царигийн өргөнд тохируулах технологийг нэвтрүүлснээр зөвхөн тус гүүрээр жилдээ 21 сая тонн нүүрс дамжин өнгөрөх боломжийг бүрдүүлжээ. Энэ ганц гүүр, царигийн өргөн тохируулах жижиг механик тохируулагчийн тусламжтайгаар манай улс бүтэн жилийн турш эрвийх дэрвийхээрээ чардайгаад урагш гаргаж байгаа нүүрсний экспортоос давсан нүүрс тээвэрлэлтийн асуудлыг шийдчихсэн хэрэг л дээ. Путин "Муу нохойг дээ." Одоо санааныхаа мухарт тааламжтай муусайтал инээлхийлээд сууж байгаа байлгүй.
05. Би ийм технологи байна шүү. Манай Монгол улсад маш хэрэгтэй аж гэдэг санааг нэлээд дээхнээс бичлэгүүдээрээ өгөөд л байсан. Даанч манай Хүрэлсүх "тэрбум мод" зүүдлээд, Оюун-Эрдэнэ дагуул хот байгуулна гэж 2 их наяд төгрөг захиран зарцуулах эрх авчихсан болохоор Монголд хэрэгтэй ийм зүйлийг тоож шиншлэхгүй буй за. Өмнө-Говийн хил дээр нүүрс ачиж буулгах терминал байгуулах юм ярьцгаагаад байна лээ. Бодвол ийм хялбар технологийн шийдэл гарсан гэдгийг мэдээгүй хэрэг л дээ. Мэдсэн ч гэсэн мань хэдэд маань нүдэн балай дарж байгаад дамжуулан ачих байгууламж барьчих нь хувь хүн талдаа унац арвин байдаг байх аа.
06. Путинг муу утгаар бус бахадсан өнгө аясаар "Муу нохойг дээ" гэж егөөдсөн болохыг гярхай уншигч төвөггүй анзаараа буй за. Бас хөнгөн атаархал ч нуугдаж байгааг нуух юун. Манай улсад ийм нохойгоо байг гэхэд түүний гөлөг шиг удирдагч цолгорон гардаггүй юм байх даа. Тэгвэл 3,4 саяхан хүн амаа хөлийг нь хөсөр жаргааж болмоорсон доо.
Boldbaatar Dorjsuren