Уншиж байна...
 
Сэгсэгийн гэр гэж бариастай чигээр нь хаячихсан таван ханатай гэр Архангайн Тэрхийн цагаан нуур орчимд хэдэн ч жил болжээ. Энэ эзэнгүй гэрийн талаар 1950-иад оны үед их л шуугиан болж, шашны мухар сүсэгт мунхарч буй ард олныг ухуулан сэнхрүүлэх ажил ч хийгдэж байлаа. Сэгсэг гэж ямар хүн байгаад ингэж гэр орноо хээр хаяад явчихсаныг олон хүн таамаг төдийхөн ярина. Сэгсэг Тариатын хүрээний дуганд орж алтан бурхан хулгайлсан гэлцэнэ. Түүнийг бурхан тахилд бузар гараа дүрсэн тул хүрээний сахиус өршөөгөөгүй аж. Тэр нэг шөнө орноосоо үсрэн босоод толгойгоо цоортол мөргөж мөргөж, ямар ч тамир тэнхээгүй болж муужран унаад нас баржээ. Сэгсэгийг нас бармагц үс нь ширхэг ширхгээр тасарч хийссээр “шарилынх нь толгой” хожгор болсон байна. Түүнийг нутаглуулсны дараа эхнэр нь хадан цохион дээрээс унаж нас барав. Дүү охин нь дээлээ тайлж тавиад аргамжаатай мориноос өөрийгөө холбочихжээ. Моринд чиргүүлж нас барсан бүсгүйг чөтгөр болчихсон явж байна гэнэ. Бүүр хээр гадаа ганц нэгээрээ явж байгаа хүнийг даллаж дуудаад хойноос нь бүр гэрэл туяа цацруулан гүйдэг гэнэ. Энэ яриа явсаар Сэгсэг чинь өөрөө чөтгөр болчихоод эхнэр, охин дүү хоёроо хорлосон байна. Ер нь тэднийхэн жаахан муу үхэлтэй байх гэсэн яриа ч хуурай өвсөнд шүдэнз зурах шиг дүрэлзэж байлаа.
Сэгсэг охин, хүү хоёртой байсан бөгөөд нас балчир тэр хүүхдүүдийг нь авгайнх нь ах ирж гүрэм дором уншуулж засал хийлгэн, зүг чиг зам мөрийг нь зөөллөж байгаад авч явсан байна. Харин гэр орныг нь бариастай чигээр нь орхисон нь ойрын хүний сэжиглэх, холын хүний хоноглох газар болжээ. Баруун аймгаас хот руу тээвэр хийж явсан жолооч нар ойрдоо хүн хоноглож байгаагүй тэр гэрт бууж замын хүнсээ гаргаж ор хөнжлийг нь дэлгэж тухалдаг байна. Холын хүмүүс тэрнийг ямар нэгэн далд юманд өртсөн, ид шид илбэ жатгын аль нэг шүглэсэн гэж ойлгохгүй болохоор нэг ёсний “Ёс мэддэггүй хүнд ёр халддаггүй” гэгч болж байсан биз. Сэгсэгийн гэрийн ойр хавиар нутагладаг хүмүүс нутаг орныхоо нэрийг бодсондоо юм уу үнэн байдлыг холын хүнд хэлэхгүй. Хөөрхий ганц бие хөгшин амьдарч байгаад өнгөрчихсөн юм гэхээс цаашаа хар, цагаан үг хэлэхгүй. Нэг удаа Ховд аймгаас ноос ачсан Дорж, Цэвээн гэдэг хоёр залуухан жолооч арын замаар зав зайтай явж байв. Гэрлэж бараалаагүй залуу жолооч нар замын уртыг завхай зайдан яриагаар хороох нь бий. Дорж, Цэвээн хоёр ч тэр ёсыг зөрчсөнгүй. Цэвээн Завхан аймгийн нэг сумын төвөөс хот руу явах байсан Цэрмаа гэдэг нийтлэг нэртэй мөртлөө зүс царайгаар бусдаас ялгарах сайхан бүсгүйг бүхээгтээ суулгаж амжжээ.
Нас залуу, цус шингэн үеийн хэрэг явдал болохоор Дорж ч Цэвээнд атаархана. Атаархлаа тайлах гэж тоос татуулан давхина. “Миний машинд суучихсан бол чи ингээд л явж байхгүй юу” гэж Цэрмаад гайхуулж байгаа ухаантай юм. Архангай аймгийн нутагт орж ирээд Дорж “Би Тэрхийн голын хүүхэн тэвэрнэ, харж л байгаарай” гэж найздаа хэлжээ. Үнэндээ Цэрмаа тэр хоёр тостой халтар жолоочийн хэнийг нь ч тоохооргүй нэгэн аж. Тоохгүй байх тусам тосон гүйдэг зан эрчүүдэд их, бага хэмжээгээр байдаг аж.
Хоёр найз урд хойноо орж давхисаар Сэгсэгийн гэрт иржээ. Тэд мэдэхгүй учир зүгээр л нэг айлд ирж байна гэж бодсон хэрэг. Гэрт цэнхэр торгон боошинзтой бүсгүй нэлээн дээр үеийн гуулин домбыг гялалзтал нь арчаад сууж байв. Дорж ч дотроо дуун алдаж, гаднаа гараа үрчин Цэвээнд “Би чамд хэлээгүй бил үү” гэж тэсэлгүй шивнээд авчээ. Бүсгүй үнэхээр царайлаг бас эелдэг зан, эвлэг хөдөлгөөнтэй нэгэн аж. Замын гурав хоймор руу нь сүрхий түрсхийгээд тухлав. Цэвээн ч хээрээр гэр, хэцээр дэр хийж явсан хээгүй хүний ёсоор элдэв юм нэхнэ. Бүсгүй хэлсэн болгоныг нь “Байгаа, байгаа” гээд аваачиж өгнө. Мань эр Цэрмаадаа тавагнаас аль л өнгөтэй өөдтэйг нь авч өгнө. Дорж Цэвээний энэ түрэмгий занд дургүйлхэж, мөн гэрийн бүсгүйд тал олох гэхдээ “Хойноос ирээд хот минийх, хотонд ороод хонь манайх гэгч болох нь уу” гэж ирээд дургүйлхэж суув. Гэрийн бүсгүй хажуугаар нь өнгөрөхөд тэсэлгүй гарыг нь шүүрээд авчээ. Тэгсэн чинь түүнд юу мэдрэгдсэн гээч. Хүүхний зөөлөн байх гэмээр бас булбарай байхаас ч аргагүй гэж мөрий тавьсан ч болохоор гар нь өргөс шиг ир үзүүртэй, мөс шиг хүйтэн байв. Дорж цочих шиг болов. Энэ үедээ нөгөө бүсгүйд доошоо тонгосхийгээд инээжээ. Инээхэд нь нүднээс нь ногоон шар гэрэл цацрах шиг болов гэнэ.
Доржийн нуруугаар хүйт дааварлаж, хажуу дахь хоёр руугаа харвал жишим ч үгүй цайлж суув. Доржийг өөрийг нь “болохгүй” мэдчихлээ гэж бодсон бололтой нөгөө бүсгүйг хөл дээр нь дэвсээд авчээ. Огт юм мэдрэгдсэнгүй. Дорж босоод Цэвээний мөрнөөс нь татаж “Явъя” гэв. Нөгөөх нь “Хоноод явна. Чи надад юу гэж хэллээ дээ” гэж ирээд бүүр суудлаа засч улам тухлав. Энэ үед нөгөө гялалзсан домбоны толь шиг гадаргуу дээр элдэв муухай, жигтэй сонин зүс царайтай амьтнууд гүйлдээд л байгааг зөвхөн Дорж л харжээ. Тэгээд зуухны хажуугаас нэг бяцхан чулуу авч домбо руу шидсэнд тэдний өмнөхөн зогсч байсан хөх боошинзтой бүсгүй толь хагарах мэт үйрэн унажээ. Ингэж байж Цэвээн, Цэрмаа хоёр чөтгөр шүглэсэн газар ирснээ мэдэж зугтаах шахам гарчээ. Доржийн царай үнс шиг цайж, түлхүүрээ ч барьж чадахгүй салганан чичирч байв. Тэднийг машинаа асаагаад хөдлөхөд гэр дотор нэгэн зэвүүн дуу газар тэнгэр нийлтэл хадсан аж. Дорж Чулуут суманд очихдоо хамуурч толгой нь хатгаж өвдөж байсан аж. Тэдний ярихыг сонсоод учир мэдэх хүн “Та нар тэр тавагтай идээ, цай зэргээс сэжиглэх хэрэггүй. Хоол хүнс гэдэг чинь хийсвэр ертөнцөд байвч бодит ертөнцөд бол сэтгэлээ хуурах төдий зүйл. Эртний лам хуврагууд хэлэн дээрээ ганц хэрчим мах тавихгүй хэдэн жилээр ч даяанчлан суудаг байсан нь ийм учиртай” гэжээ. Дорж тэнд хоёр хонож байж тайвширч сэтгэл санаагаа засч авсан гэдэг.
 

Бусад мэдээ

Mar 30, 2024 105

ДАЛД ЕРТӨНЦ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/