http://www.zoofirma.ru/
Янжмаагийн бие муудаж, хол ойрын бүх хамаатан садан нь цуглаад байжээ. Чихрийн шижин нь хүндэрч, эмчилгээгүй болсон 45 настай бүсгүй таван хүүхдэдээ санаа зовж, 20 гаруй жил ханилсан Шараваас “Архи битгий уу. Хэдэн хүүхдээ бод. Би тэсэхгүй нь ойлгомжтой боллоо…” хэмээн гуйж, аргаддаг байж. Харин нөхөр нь “Чи үхэх болоогүй. Би түрүүлж үхнэ. Тийм болохоор үхэхээсээ өмнө уухаа ууна аа..” гэж хэлээд “Чи үлдвэл хэдэн хүүхдэд минь хүртэл хэрэгтэй. Намайг эрлэгээс өөр хэрэглэх газар алга…” хэмээн тунирхал, гоморхол, хувь тавиландаа гутрахын аль алиныг хослуулан үглэдэг байжээ.
Архи амсдаг ч үгүй байсан Шарав эхнэрийгээ өвдөж, ажил төрөл хийхээ больсноос хойш архи ууж, амьдралдаа нэмэр биш тээр болох болжээ. Гэхдээ цахилгаан, сантехникийн ажилд сайн болохоор ажлын санал, халтуур тасарна гэж үгүй учраас мөнгөөр дутах, гачигдахыг барагтай л бол мэдэхгүй. Ямар ч байсан эхнэрээ эм, тарианы мөнгөөр дутааж, гацааж үзээгүй байна.
Амьдралын төлөө ажиллаж, айлыг айл шиг авч явсан түүнийг архинд толгойгоо мэдүүлж яваад харамсах нь олон бөгөөд “Энэ Шарав ингэх хүн биш. Ёстой хорлол гээч нь энэ байх. Янжмаа хүртэл ямар гээч өвчинд нэрвэгддэг байна аа? Их сайн хүмүүс юмсан. Нэг нь өвдөж, нөгөө нь архинд орсон нь яав ч зүгээр биш. Лам хараар явж, засал сайн хийлгэсэн л байгаа даа” хэмээн ам амандаа шогширцгоох ажээ.
Янжмааг өвдсөнөөс хойш ээж, эгч хоёр нь яваагүй, уулзаагүй газар, хүн ховор. “Сайн” гэсэн болгон дээр очсон байна. “Хатуу жилтэй улс ханилж суусан байна. Энэ эмэгтэй урт насална. Амь насанд цөв багатай. Жилийн харш гаргуулж, ном айлтгуул. Ийм зөвлөгөө олныг сонссон болохоор нэгэнт эвтэй, сайхан амьдарч, болж бүтээд яваа болохоор Шарав, Янжмаа хоёрыг салгах, хоёр тийш болгохыг хүссэнгүй. Харин заслын ном, хурлыг сайн хийлгээд явдаг байжээ.
Харин нэг удаа Шаравын дүү нь “Ахыг ламд үзүүлсэн чинь насны нь тоо гүйцчихэж. Энэ хүн их өгөөмөр, буянтай хүн байна. Хэн нэгний амийг авраад өөрийгөө авч явах нь…” гэж хэлсэн… хэмээн нэлээд түгшүүртэй мэдээ дуулгасан байна. Хоёр талынхан бүгд л санаа нь зовж, хурал ном хуруулж, засал авралын талын бүх хэмжээг Шаравын зүг хандуулжээ. Гэвч архинаас холдоогүй байна. Харин ч “Би нэг их удахгүй ээ…” гээд ойр дотныхондоо гомдоллож, “Надаас хойш үр хүүхэд, муу ханийг минь харж хандаарай” гэж захих болсон байна.
Нэг өдөр Янжмаагийн бие эрс муудаж, өндийж чадахгүй хэвтэж байжээ. Нэлээд орой болсон хойно согтуу ирсэн Шарав:
- Надад архины мөнгө өгөөдөх… Өнөөдөр сайн уучихаад маргаашнаас уухгүй. Амлаж байна. Намайг архинаас гарч чадвал чиний бие ч сайжирна. Сэтгэл санаа сэргээд ирэхээр сахар арилдаг гэсэн… гээд Янжмаагаас мөнгө гуйсан байна.
- Энэ орой болсон хойно архи нэмж уусны хэрэггүй. Тэгээд ч охин чинь удахгүй төрж, чи бид хоёр зээтэй болно. Мөнгө хэрэгтэй болно… Ингэж аргадаж, гуйсан боловч Шарав,
- Дахиж уухгүй, дахиж зовоохгүй… хэмээн гуйж, бүр дуугаа чангаруулаад байжээ. Аргаа барсан Янжмаа хуримтлуулах гэж байгаа хэдэн төгрөгөөсөө хороохгүйг хичээж, нөгөө талаас сэржим өргүүлсэн архи болохоор “сайн” гэж бодоод нэг шил архи гаргаж өгсөн байна.
- Гэртээ уучихаад унт гэсэн боловч Шарав:
- Нөгөө хэд дээрээ очихгүй бол болохгүй гээд гарсан ажээ.
Шарав гэртээ ирж хоноогүй байна. Харин нойргүй хонож, хоол унд хоолойгоор нь давахаа болиод биеийн нимгэн арьстай хэсгээр идээлж, шархлан зовиур шаналгаа нь сүүлийн хэдэн сарынхаас илүү нэмэгдээд байсан Янжмаагийн бие хөнгөрөөд, зовиур шаналгаа нь багасаад хоносон байна. Халуурч, дагжаад хөдөлж чадахгүй байсан түүнийг инээгээд босож ирэхэд ойр орчмынхон нь гайхаж, зарим нь баярласан байна.
Бие нь илт сайжирсан бүсгүй усанд орчихоод гэр орноо цэвэрлэж, нөхрийнхөө бүх хувцсыг өөрийн гараар угаажээ. Өдрийн хоол, цай бэлтгэж байх зуураа “Архидаж согтсон ч гэсэн хүрээд ирдэг”, “Бие нь яаж байна?” гээд санаа тавьдаг байснаа бүр болиод таг чиг алга болоо шив хэмээн дотроо гоморхож, гар утас нь хаалттай байсанд улам ч бухимдсан байна. Үдээс хойш тэднийд огт танихгүй хоёр хүн иржээ.
- Дүүргийн цагдаагийн хэлтсээс явж байна гэснээ,
- Энэ хүнийг таних уу гээд аймаар төрх байдалтайгаар хэвтэх нөхрийнх нь зургийг үзүүлсэн байна.
Шарав ийнхүү нас баржээ. Задлан шинжилгээ хийлгэсэн боловч “Гадны ямар нэг нөлөөгүй. Архи хэтрүүлэн хэрэглэснээс зүрх нь хаагдсан…” гэсэн дүгнэлт гарчээ. Үг, үйлдэл гэдэг ямар айхтар ул мөртэй байдгийг Янжмаа биеэрээ үзэж, “Би түрүүлж үхнэ… Чи үлдвэл хэдэн хүүхдэд минь тустай… Энэ хар архи намайг авч явах гээд байгааг мэдэж байна. Гэвч уухгүй байж чадахгүй юм… Өнөөдөр архи уух сүүлчийн өдөр… Мөнгө өг…” хэмээн хэлж, ярьж байсан үг, яриа бүхэн нь үхэл зөгнөж байсныг эргэцүүлэн бодоод “Үхлээ их эрт мэдсэн хүн дээ. Би тэр архийг яах гэж өгөв дөө” гэж харамсдаг хэмээн талийгаачийн эхнэр ярьж байна.
Талийгаачийн үхэл юунаас болсныг хууль, цагдаагийн хүрээнд биш ар гэр, лам, үзмэрчийн хэмжээнд асууж лавлаад нэг л дүгнэлтэд хүрцгээжээ. Янжмаа нэг сайн хүнд хадаг барин очиж, “Эрүүл мэнд, амь насыг минь дааж хайрлана уу?” хэмээн гуйгаад шавь орсон гэнэ. Нэгэнт эмнэлэг, эмч нар “эмчилгээгүй” гэсэн тул арга, засал бараадаж, амиа даатгахаас өөр арга байгаагүй ажээ. Бүсгүйн бие муудвал тэр хүн дээр очиж засал хийлгэж, сан, рашаан хүртдэг байв. Нэг удаа бараг зүрх нь зогсох дөхсөн тул талийгаач нөхөр нь нөгөө лам багш дээр нь очсон байна.
- Ер нь бол танайх хар идээний бузар шингэснээс ийм өвчинд нэрвэгдсэн айл. Тэгэхээр тэр идээгээр нь хариулга хийж өгье гээд ном уншиж, баахан шившиж, бас дотор нь юм хийсэн шилтэй архи өгч явуулсан аж. Тэр архийг багшийнх нь зааврын дагуу Янжмаад амсуулж, биеийг хэдэн өдөр арчуулаад, овоо дээрдсэн байна. Тэр үед “Өөр хүн ам хүрч болохгүй идээ шүү” гэж захисныг талийгаач эр сонссон боловч эхнэртээ түүнийг нь хэлж өгөхөө мартжээ. Тэр “шид”-тэй архийг хадгалж байсан эхнэр нь “Архи, мөнгө нэхсэн” нөхөртөө өгч, түүнийг айлд авч очиж уусан Шарав нас барсан гэдгийг тайлж өгсөн байна.
Харш жилтэй эр, эм хоёр бие биедээ цөвтэй байдаг. Чиний биед сайн, өвчнийг сэдрээхгүй дардаг мөртлөө нөхөрт чинь тэр архи хор болжээ. Яагаад гэвэл, чиний энэ өвчний эхлэл талийгаачаас үүдэлтэй байж. Тэр хүн үхээрийн газар очиж архи амсаад өөрийнхөө сүлдийг төөрүүлж доройтуулсан… Тэр хүн архи уух тусам чиний бие муудаж, айхтар хэцүү байжээ. Тиймээс зөвхөн чиний биед шингэсэн бузар, дэвийг дарж, хорьж байсан уншлага, тарнитай архийг хүртсэн хүн бас бузартсан учраас амиа алдаж…
Бие нь сайжирч, эрүүл саруул болсон Янжмаа ийнхүү “Тэр архийг яах гэж өгөв дөө” гэсэн харамсал тээн өөрийгөө зэмлэх авч “Бид хоёрын жил таарахгүй улс байна. Эмэгтэй нь хатуу харш жил таарсан учраас ханилж суугаад дэмий” гэж буянтай лам хэлж л байсан. Тэр хүний үгийг тоогоогүйн буруу л энэ. Ер нь ханиа, амьдралаа сонгохдоо их бодолтой байх учиртай юм байна аа. Бас хэзээ, хаана очиж, баярлах, эмгэнэхээ бодож явахгүй бол их айхтар хортой юм байна шүү. Манай талийгаачтай их олон жил үерхсэн нэг бүсгүй байдаг юм. Тэрний ээж нас барлаа. Хүнийхээ хувьд талийгаач маань ажил явдалд нь оролцсон. Гэтэл мань хүн тэр оройноосоо эхлээд архи ууж, жигтэйхэн өөр болсон л доо. Тэгтэл тэр “Үхээрийн бузар” гээд байгаа бүх хорлол муу юмыг тэр оршуулгын үеэр авч ирсэн байгаа юм…” гэж ярьжээ.
Амьдрал хийгээд хань ижилтэй болохдоо анхаарахад, мэдэхэд илүүдэхгүй гэж энэ болсон явдал, баримтыг толилууллаа.