http://www.zoofirma.ru/

Салхит хэмээх сайхан зуслан байдгийг хотынхон лав андахгүй. Салхитын аманд Сэлбэ голоос нэлээд зайдуу нэгэн өнчин улиас одоо ч буй. Социализмын үед хүртэл хадаг яндар болсон мод байж билээ. Одоо ч өвгөрчээ. Харин түүнийг унагахаар хөрөөдсөн ул мөр харин үлдсэн байна. Жалганы ирмэг дээр байх уг модны түүх нэлээд онцлогтой бөлгөө.

Ерээд оноос өмнө тус модны доохно, эргийнх нь ёроолоор айлууд зун гэр барин зусдаг байсан юм. Яг тэр модны харалдаа, эргийн доор сагсны шийд байдаг агаад түүн дээр бидний хэдэн хүүхэд өдөр, шөнөгүй сагсан бөмбөг тоглодог байж билээ.
Харин эцэг, эхчүүд ганц зүйл захидаг байсан нь одоо ч санаанд илхэн байна. “За, та нар ганц модонд гар хүрэв. Мөчрийг нь оролдож болохгүй шүү. Гар, хөл чинь татчихна гэж мэдээрэй. Удган мод гэдэг юм” гэх зэргээр ярьдагсан. Тэгсэн, тэгээгүй бид тэр модоор оролдохгүй л дээ. Тэгээд ч мөчир нь бидний гар хүрэхгүй их дээрээс эхэлдэг байсан юм. Тэр хүртэл авиралтай биш. Тэгээд ч түүний мөчрөөр яах ч билээ дээ. Гэхдээ л томчууд үргэлж анхааруулдаг байсан юм шүү.
Ер нь ганц тэр ч биш. Ганц мод хаа сайгүй л байх агаад харин түүнийг оролдож болохгүй гэх санаа газар бүр байдаг нь сонин. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын дэргэд байх нэг тийм модыг өдгөө бүр мөнгөний мод хэмээн тахиж шүтэх болсон гэнэ билээ. Баяжихыг хүсэгчид хотоос хүртэл цувдаг болсныг бодоход нэг учир бий байх. Салхитын мод чухам ямар учиртайг нарийн мэдэхгүй юм. Аянга, цахилгааны үеэр ганц модны дэргэд байж болохгүй гэдэг үг харин буй. Аянга сондгой юманд буудаг онцлогтойгоос тэр биз ээ. Тэгэхдээ Салхитын амны ганц модонд аянга буулаа гэж сонсоогүй юм байна.
Ганц мод харин ямар хэрэг хийсэн юм, бүү мэд наяад оны сүүлчээр нэг удаа буулгах гэж оролдсон гэдэг юм. Тэр түүхийг сайн мэдэх Балжир өвгөнтэй саяхан тун сонин тохиолдлоор тааралдаж тэр тухай яриулснаа хүргэж байна. Балжир өвгөнийх тэр үед ганц модны дэргэд зусч байжээ. Зуслан орох үеэр буюу есдүгээр сарын эхээр гэнэт нөгөө ганц модыг буулгах юм болоод явчихжээ. Хаанаас, хэн өгсөн лүндэн юм, бүү мэд гэнэ. “Энэ модыг хөрөөдөж унагах ёстой. Хэн хөрөөдөх вэ?” гээд л эрэл сурал болсон хүмүүс гараад иржээ. Цахилгаан хөрөөгөөр бол ч юу байхав. Хэдхэн минутын ажил бололгүй яахав. Харин яагаад ч юм түлээний хөрөөгөөр хөрөөдөж таарсан байгаа юм даа. Яг хөрөөдөх болохоор хүрэх хүн олдохгүй болчихжээ.
Сүсэг бишрэлээс болсон уу, яасан, ямар ч байсан хөрөөнд гар хүрэх хүн олдохгүй өнжсөн байна. Тэгж байтал тэр хавийнхан “Мангар” хэмээн хочилдог Сүхээ гэдэг хүн хөрөөдөх юм болжээ. Харамсалтай нь, түүнтэй хамт хөрөөдөх хүн олдоогүй ажээ. Тэгээд Сүхээ ганцаараа хөрөөдөж эхэлжээ. Хоёр литр шар айраг, сүүтэй цай, талх, маслохан өгсөн юм уу даа. Тэгээд л хөрөөдөж гарчээ. Хөлс нь урсаад л хөрөөдөөд байсан юм байх. Өвгөн улиас хатуу байлгүй яахав. Үдээс нэлээд хойхно эхэлсэн тул хөрөөдсөөр байтал нар жаргаад иржээ. Мань Сүхээ нэлээд хөрөөдөөд, ямар ч байсан аварга хөрөөгөө далд ортол хөрөөдөж орхижээ. Гэрээ ёсоор бол аман үгээр гэхэд болох биз. Модыг яадаг ч байсан маргааш өглөө нь гэхэд унагасан байх хэрэгтэй байж л дээ. Ихэд ядарсан Сүхээ харуй бүрий болуут жаал амарч суугаад зүүрмэглэж орхижээ.
Гэнэт сэрвэл бие нь дагжиж чичрээд сонин болчихсон байжээ. Тэгээд хариад хэвттэл халуурч бүлээрээд эхэлжээ. Аз уу, эз үү ямар ч байсан үргэлжлүүлж хөрөөдөлгүй орхиод, хөрөөгөө ч аваад харьсан байна. Залхуу нь ч хүрээ биз. Тэгээд унтахаар хэвтсэн бөгөөд амарч чадалгүй үүр цайлгасанаа ярьж байжээ. Ингээд зүгээр болсонгүй. Маргаашаас нь үргэлжлүүлэн халуураад эхэлсэн байна. Угийн мангар, хоч нь ч тийм хүн тул эхэндээ эмч домч болоогүй юм байх.
Ингэсээр байгаад сүүлдээ бүр солиороод эхэлжээ. Балжир гуай тэр үед яг тэнд байсан болохоор бүгдийг тод санан ярьж байлаа. Хэд хоногоос Сүхээ алга болсон бөгөөд гэрийнхнээс нь сураглавал “Шар хад”-ны эмнэлэгт хэвтсэн гэжээ. “Мангар” Сүхээ тулдаа л үлдсэн бололтой. Арай үхчихэлгүй нэг юм хоцорчээ. Эв эрүүл, сав саруул халуун зунаар шахуу хатгаа, ханиад ч хүрээгүй явсан хүн тэр модыг хөрөөдөж эхлээд өвдсөн нь тун хачин санагдах билээ.
“Мангар” Сүхээ хагас жил орчим эмнэлэгт хэвтээд эдгээд гарчээ. Гэхдээ тэр бүр эдгэсэнгүй. Салхитын ганц модыг хөрөөдсөн “мангар” Сүхээ салга өвчтэй болоод үлдсэн нь тэр гэнэ. Түүний нууцыг хэн ч тайлаагүй бөгөөд ганц модыг хөрөөдсөнөөс болсон нь харин баараггүй гэх. “Мангар” Сүхээ түүнээс хойш олон жил өлгөн, салган яваад саяхан буюу 2000 оны эхээр бие барсаныг Балжир гуай ярив. Тэд айл аймаг чигээрээ явсаар иржээ. “Мангар” Сүхээгээс хойш тэрхүү ганц модыг унагах гэж хэн ч оролдоогүй. Хэнээс ч тийм шийдвэр гараагүй гэнэ билээ. Ерээд оноос харин тахиж шүтэх нь ихэсч хадаг, яндартаа дарагдах болжээ. Гэхдээ хүмүүс хүслээ шивнэж барьдаггүй гэх. Зүгээр л ганц мод хэвээр хоцорчээ