Уншиж байна...
Хүн сэтгэлийн асар их цочрол, айдас, дарамтанд орсноос болж богино хугацаанд үс нь ийм цав цагаан болж болдгийг эрдэмтэн, судлаачид тогтоосон байдаг. Ийм нэгэн түүхийг өгүүлж байна.
Энэ явдал олон жилийн өмнө Өмнөговь аймагт болжээ. Хотын нэгэн автобаазын жолооч Сундуй Өмнөговь аймагт байдаг цэргийн ангид ачаа барааг нь хүргэж өгөөд ЗИЛ-130 машинтайгаа буцаж явлаа. Түүнтэй хамт хот орохоор долоо хоногийн чөлөөний хуудастай Амгалан гэдэг цэрэг явж байв. Зуны дунд сар байсан болохоор нар илчилгүй төөнөж, моторын ус буцалж, хэдэн км яваад машиныхаа хамрыг сөхөөд салхины өөд хараад зогсчихно. Ус жаахан хөрсөн хойно дахиад л цааш явна.
Амгалан нь Сундуй жолоочийн гар хөлийн үзүүрт зарагдаад таван завгүй. Тэд аймгийн төвөөс хөдлөөд зуу гаруй км явжээ. Энэ хооронд хэд хэдэн удаа машиныхаа хамрыг сөхөн зогсч усаа хөргөөв. Цааш хориод км яваад мөн л моторын ус буцалж, пид пад хийгээд явах аргагүй боллоо. Халуунд нозоорсон Сундуй цэрэг хүүд “Би машиныхаа дор сүүдэрт жаахан хэвтэж нойр аваатахъя. Чи тэр хооронд машины хамрыг сөхөж ус хөргөөрэй. Хоёулаа жаахан амарч байгаад хөдөлье” гэжээ. Амгалан ч кабинаас бууж машины хамрыг сөхлөө.
Сундуй жолооч хүрмээ аван машины дор дэвсээд хэвтэж байснаа унтаж орхижээ. Зүүд нойрон дунд бие нь жингүйдэн хөвөөд байх шиг санагдав. Гэнэт сэрээд харвал ээ бурхан минь, түүнийг толгойдоо тал үстэй, хоёр чөргөр хөлтэй, улаан нүдтэй, том цээжтэй чөтгөр баруун сугандаа хавчуулан хар хурдаараа гүйж явна. Газар нүдний нь өмнүүр жирэлзэн өнгөрч байгааг бодоход тэр чөтгөр их хурдан гүйж байгаа бололтой. Чөтгөрийн гараас мултрах гэж тийчигнэх тусам чөтгөр түүнийг сугандаа улам чанга хавчина. Амьсгал нь боогдоод хэцүүхэн болж ирэв. Аймаар муухайгаар хашгирах гэсэн боловч дуу нь гарсангүй. Чөтгөр түүнийг сугандаа хавчуулан баахан гүйж байгаад газар пидхийтэл хаячихаад цааш гүйгээд алга болчихов.
Энэ явдал гэгээн цагаан өдөр болжээ. Нэг хэсэг ухаан балартан хэвтсэн Сундуй өндийж босоод машинаа харуулдвал тээр хол, бараг 4-5 км-ийн цаана харагджээ. Машин руугаа алхангаа “Надад ийм аймшгийн юм тохиолдсоныг өнөөх цэрэг мэдээгүй юм байх даа. Мэдсэн бол надад тусалмаар юм. Намайг унтаж байхад чөтгөр шүүрч аваад сугандаа хавчуулан гүйж байсан нь тэр юм байна л даа. Золтой л чөтгөрийн хоол болчихсонгүй. Юун чөтгөр хаанаас хүрч ирээд намайг авч явсан нь тэр юм бол” гэж гайхан бодсон байна. Бас өнөөх чөтгөр дахин хүрч ирээд бариад авах вий гэж айн хар гүйхээрээ алхаж явлаа. Машин дээрээ хүрч ирлээ.
Өнөөх цэрэг машины хамар дээр гишгэн доош тонголзоод Сундуйг харсангүй. Үүнийг бодоход эл хачирхалтай явдал хэдхэн минутын дотор болж өнгөрсөн бололтой. Сундуй цэргийн хажууд очоод ‘За хүү минь ус хөрж байна уу?” гэхэд Амгалан “Арай хөрөөгүй байна. Одоо арваад минут болоход хангалттай хөрөх байхаа” гэж хэлээд Сундуй руу харснаа нэг муухай орилоод ухаан алдан пидхийн ойчжээ. Сундуй “Миний юунаас айгаад ухаан алдаж унав” гэж гайхаад өөрийгөө машиныхаа толинд хараад өөрөө золтой л ухаан алдсангүй. Толинд тас хар үс нь цав цагаан болчихсон харагдаж байв. Чөтгөрт сугадуулан сүнсээ зайлтал айж явахад үс нь ийнхүү хэдхэн минутын дотор цав цагаан болсон байжээ.
Цэрэг Амгалан ухаан орсон хойноо хажууд нь тас хар үстэй Сундуй жолооч биш, цав цагаан толгойтой сүнс юм уу чөтгөр ирчихээд зогсч байна гэж бодон айснаа ярьжээ. Гурав хоногийн өмнө Өмнөговь руу явсан Сундуй жолооч цав цагаан толгойтой хотод буцаж ирснийг олон хүн гэрчилдэг юм билээ. Үүнээс хойш Сундуй жолооч “Буурал Сундуй” нэртэй болжээ. Сундуй гуай өөрт тохиолдсон энэ эвгүй явдлыг үе үе хар даран зүүдлэх болжээ. Хотод ирсэн хойноо лам хуваргад бараалхан болсон явдлыг ярьж мэргэлүүлэхэд “Та нар чөтгөрийн гүйдэлтэй газар ирээд зогссон байна. Тэр чөтгөр бол гучаад онд хэлмэгдэн хороогдсон ламын сүнс байжээ. Танай удамд До яаманд ажиллаж байсан нэг хүн байсан байна.
Энэ хүн олон лам нарыг хороож нүгэл үйлдсэн учир тэр чөтгөр чамайг До яамны тэр хүнтэй андуурсан байна. Гэхдээ чамайг тэр хүн биш гэдгийг мэдээд хор хүргэлгүй хээр орхисон байна гэж айлджээ. Сундуй жолооч удам судраа нягтлан судлахад үнэхээр ээжийн нь талын нэг хүн До яаманд ажиллаж байсан бөгөөд Өмнөговьт олон лам нарыг буудан хорооход оролцож явсан байна. Сундуй жолооч чөтгөрийн хорлол хүртээгүйдээ ихэд баярласан гэдэг.
 

Бусад мэдээ

Feb 14, 2024 382

МЭНДЧИЛГЭЭ

Jan 22, 2024 195

ШИНТОО.

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?
http://www.zoofirma.ru/