http://www.zoofirma.ru/

 

Константин Филимонов

Бүр II Екатеринагийн хаанчлалын үед түүний бүх хойч үеийнхний /!/ хувь заяаг зөгнөн хэлсэн цэцэн билэгт нэгэн эр байсан юм. Тэр зөнчийг Авель гэлэн гэдэг.

avel11757 онд Тула мужийн Ахулово тосгоны тариачин айлд нэгэн хөвгүүн мэндэлснийг Василий хэмээн нэрийджээ. Хөвгүүн хорвоогийн ажил хэрэг, зовлон жаргалыг сонирхох нь бага, өдөржингөө ном сурч, Библи үзнэ. Арван долоон настайд нь түүний хүслийг эс харгалзан гэрлүүлж, Василий гурван хүүтэй болов. Гэхдээ тэр гэртээ тогтож суух нь тун бага, хотуудаар бадарчилж, Бурханы сургаал айлдана.

 

1778 оны хавар Василий гайхамшигтай учрав. Өөрийнх нь хүлээн зөвшөөрснөөр тэр “Тэнгэрт өргөгдөн гарч зөн билгийн хоёр ном олж үзжээ”. Тэрээр уг номуудын агуулгыг амархан тогтоов. Ерөөс Василий ганц уншсан зүйлээ хүртэл нарийвчлан тогтоодог гайхамшигтай ойтой хүн байжээ. Бурхны дуу хоолой түүнд “Умардын хатан хаан Екатерина Алексеевнад очиж бүх үнэнийг хэл” хэмээжээ. Василий уг номноос цээжилсэн мөрүүдээ дэвтэр дээр буулгасан нь цаашдын хувь заяанд нь эмгэнэлт үүрэг гүйцэтгэсэн юм.

1781 онд Василий Херсонд маш хүнд өвдөн, “Бурхан намайг эдгээвэл мөнхөд түүнд үйлчилнэ” хэмээн андгай тавьсан ажээ. Василий амьд үлдэж гэртээ эргэж ирсэн хойноо эцгийнхээ хүслээс зөрж Валаамын хийдэд нууцаар шавилан Авель гэдэг номын нэр хүртэв.

1787 оны гуравдугаар сараас Авель гэлэн дээрээс чиг заасан дуу хоолойг тодхон сонсдог боллоо. Заримдаа Авель хэд хоног ухаангүй байснаа сэргэн Бурхны дуу хоолой юу өгүүлснийг дуулгавартайяа биелүүлж, үзсэн зүйлээ хичээнгүйлэн цаасан дээр буулгана. Генерал Ермолов “1795 онд Костромад ирээдүйг яг таг угтан хэлдэг авьяас билэгт Авель гэгч амьдарч байв. Мужийн захирагч Думпагийнд ширээний ард сууж байснаа Авель хатан хаан Екатеринагийн үхэх өдөр, цагийг хэлсэн нь хожим таарсан” хэмээн дурсчээ.

Авель цайлган сэтгэлтэй нэгэн байсан болохоор ирээдүйг зөгнөсөн ч ерөнхийдөө тэрслүү тэмдэглэлээ санваартан, жирийн ардуудад ч айхгүй үзүүлдэг байв. Удалгүй тэрбээр чөлөөтэй сэтгэснийхээ төлөө гянданд хоригдлоо. Гэхдээ түүний дэвтрүүдийг Сенатад судалсан бөгөөд тэрбээр нэгтээ Сенатын тэргүүний өмнө, улмаар хатан хаан II Екатеринагийн өмнө хүртэл дуудагдаж очлоо. Гэлэнтэн тэнд өөрийн зөн совингийн талаар нуулгүй ярьсан бөгөөд Авелийн дүрсэлсэн ирээдүй Екатеринаг огт баярлуулсангүй.

Нэгдүгээрт, 1796 оны арваннэгдүгээр сарын 6-ны өглөөгүүр тэр өөрөө үхэх ёстой.

Хоёрдугаарт, хаан ширээг нь хүү Павел нь залгамжилна. Хатан хаан үүнийг сонсохыг ч хүссэнгүй. Дур зоргоороо хатан хаан хилэгнэж “Павел биш, миний ач хүү Александр хаан болоосой гэж би хүсч байна” хэмээн мэдэгдэв. “Александр хаан ширээнд сууна. Гэхдээ түүний чимээгүйхэн зөвшөөрлөөр таны шадар хүн Платон Зубов болоод хуйвалдагсад таны хүү Павелыг алсны дараа л тэр хаан болно. Энэ нь таныг нас барснаас хойш дөрвөн жил хагасын дараа тохиолдоно” гэж Авель хариуллаа.

Сэтгэлээр унасан Екатерина зөнч гэлэнг Шлис-сельбургийн цайзад насаар нь хорь гэж тушаав. Гэхдээ хатан хаан тэр хоёр ярилцсан, тэр аймшигтай ирээдүйг зөгнөн өгүүлсэн тухай сураг өршөөлгүй Павелын чихэнд хүрчээ.

Авелийн зөгнөсөн ёсоор II Екатерина 1796 оны 11 сарын 6-нд нас барав. Доктор Рожерсон хатан хааны үхлийн тухай хэлж сонсгомогц Павел “Би та нарын хаан байна. Тэргүүн хамбыг нааш нь дууд. Тэгээд тангараг өргөцгөө” гэж сөөнгөтөн хашгирав. Эхлээд үе залгамжилсан хааны гэргийг авчирч тангараг өргүүлэв. Дараа нь Павел хүү Александр руугаа очоод “Надад тангараг өргө. Тэгэхдээ өөрийн эцэг эх, эзэн хааны амь насанд халдахгүй гэж заавал андгайл” гэлээ. Тангарагийн энэ үгс тэнд байгсдын бүгдийнх нь гайхшийг төрүүлсэн ч гэлэнтний аймшигт зөнгийн талаар Павел ганцаараа мэдэж байлаа.

Шинээр өргөмжлөгдсөн эзэн хаан Авелийн зөнч номтой биеэр танилцан, зохиогчтой нь нүүрээрээ уулзав. Хаан гэлэнд хандан “Ээжийнхээ үхлийн өмнөхөн би үл мэдэгдэх хүч намайг тэнгэр өөд авч явж байна гэж зүүдэлсэн… Харин та, шударга эцэг минь миний удам угсаа болоод Орос их гүрний тухай юу гэж хэлэхсэн бол?” гэлээ. Гэлэн толгой сэгсэрснээ “Чиний хаанчлал богинохон зуур шүү. Нүгэлт би чиний зовлонт төгсгөлийг харж байна. Унтлагын өрөөндөө боолгож, тарчлан байж үхнэ. Алсныхаа дараа муу үйлтэн чамайг ухаан солиорсон гэж зарлана. Гэвч Оросын ард түмэн чамаас ивээл гуйн булшин дээр чинь уй гунигаа тээн ирцгээнэ” гэв.

“Миний угсаа залгамжлагч хан хүү Александрыг юу хүлээж байна вэ?”.

“Түүний үед францууд Москваг эзэлнэ. Тэр Парисыг француудаас булаана. Хааны албаны гавьяаг тэрбээр мөргөл, бясалгалын гавьяагаар солино… Чиний хүү Николайгийн хаанчлал бослогоор эхэлнэ. /1825 оны декабристуудын бослогын тухай ярьж байна-Орч/ Николай хаан хордож үхнэ… Дараа нь чиний ач хүү II Александр хаанчилна. Тариачдыг чөлөөлж, туркуудыг цохино. Түүний амь насанд олонтаа халдаж эцэст нь бөмбөг тэсэлж ална. Түүний дараа хаан суудалд энхийг бүтээгч III Александр сууж, хааны албаа чиний гуч Зовлон ихт II Николайд шилжүүлнэ. Энэ үед хаан титэм хөсөр унаж, бурхангүйчүүдийн олон жил дамжсан нүсэр их үймээн эхэлнэ” гэж Авель хариулжээ.

Павел гашуудан дуугаа хураалаа. Тэгснээ Авельд хандан “Зүйрлэшгүй агуу эцэг минь. Хэлсэн бүхнээ бичигтүн. Би энэ лүндэнг тусгай авдарт хийж өөрийн тамгаар лацдана. Лацтай лүндэн Гатчины ордон дахь өрөөнд минь хөндөгдөлгүй хадгалагдсаар гуч хүүд минь хүрнэ” гэж хэллээ. Гэлэнгийн айлдварыг Павел дугтуйнд хийж, битүүмжлээд дугтуй дээр нь өөрийн гараар “Миний үр сад намайг нас барсны нэг зуун жилийн ойгоор нээгээрэй” гэж бичив.

Авель гэлэнд хандах I Павелын дотно харьцаа удалгүй уур хилэнгээр солигдлоо.

Авелийн айлдвартай ном гараас гар дамжин, гэлэн ч өөрөө энгийн иргэдийн өмнө сургаал айлдахдаа Оросын аймшигт хувь заяа, Павелын хаан титмийн тухай зөн билгээ аймшиггүй дэлгэдэг байсан нь тийнхүү түүнийг хилэгнүүлжээ. 1800 оны тавдугаар сарын   26-нд   Авель   эзэн   хааны   тушаалаар баривчлагдан хорионд оров.

Гэвч Павелын хоногийн тоо дуусч байлаа. 1801 оны гуравдугаар сарын 11-ний гайт өдөр эзэн хаан хамаатан садан, найз нөхдийнхөө хүрээнд зоог барьж сууснаа “Би өнөөдөр зүүдэллээ. Надад бариу хоргой тэрлэг өмсгөж байх юм. Тэр нь бие өвтгөөд” гэж бодлогошронгуй өгүүлжээ. Үдшийн зоогийн дараа I Павел өрөөндөө орж М.И.Кутузовтой ярилцахдаа толь руу дөхөж очоод “Ямар хачин толь вэ? Миний хүзүү эргэчихсэн харагдаж байна” гээд инээмсэглэв. Гэтэл хэдхэн цагийн дараа II Екатеринагийн шадар хүн байсан Платон Зубовын тэргүүлсэн бүлэг хуй-валдагчид түүнийг боомилон хорложээ. Авелийн үг биеллээ олжээ!

Хаан ширээнд суусан I Александр гэлэнг шоронгоос сулла гэж зарлиг болов. Гэвч Авель жил гаруй хугацаанд л эрх чөлөөтэй байлаа. Гэлэнтэн хотоос хот дамжин бадарчилж, арван жилийн дараа Москва француудаар дүүрч, хаан-хот үнс нурам болтлоо шатах тухай зарлаж байгаа сураг 1802 онд хааны сонорт хүрэв. Цэцэн ухаантны хувь заяаны тухай хоромхноо бодолхийлсэн I Александр өөрийнхөө бодлоор цорын ганц зөв шийд гаргаж “Гэлэн Авелийг Соловецкийн шоронд хорь. Хэлсэн зөн нь биелэгдэх хүртэл тэндээ байж байг” гэв.

Тэгээд удалгүй Авелийг мартацгаажээ. Гагцхүү Наполеон шатаж буй Москвад ирэх үед л түүний зөн билэгт үгсийг хүмүүс эргэн санацгаав. Француудыг ялмагцаа хаан Авель мэргэнийг сулаллаа. Тэрбээр хэдэн жил бадарчилж, 1817-1826 оныг Высотскийн сүмд чанд хяналт дор өнгөрөөв. Энд гэлэнтэн аймшигт зөнгөөрөө шинэ ном бичлээ. Уг номыг уншсан эзэн хаан I Николай Авелийг номхруулахын тулд Спасо-Ефимьевийн сүмд нэн даруй хорь тушаажээ. 1841 оны хоёрдугаар сард Авель гэлэн энэхүү сүмийн ханан дунд мөнхийн хутгийг олов.

… 1901 оны гуравдугаар сарын 11-нд, I Павелын зовлонт үхлийн зуун жилийн ойгоор II Николай хаан Гатчинийн ордонд мөргөлийн дараа хүрэлцэн ирэв. Энд эзэн хаан байсан элэнц өвөөгийнхөө нууц дугтуйг авдарнаас гарган нээлээ. II Николай гэлэнгийн аймшигт айлдварыг хэдэнтээ уншаад “Дээдсийн маань хувь заяа яг үүгээр болсон юм бол минийх ч гэсэн Бурхны таалалд байгаа хэрэг. Ийм л тавилантай байж” гэж гунигтай өгүүлжээ.