http://www.zoofirma.ru/

2014 оны 6 сарын 7
Өдгөөгөөс хориод жилийн тэртээ Одмаа бүсгүй үеийн нөхдийн хамт урагшаа, хойшоо наймаанд явж овоо гаршиж, орлого ашиг арвин олох болжээ. Эрхүү, Эрээн хоёроос нэг их хэтрээгүй ч энүүхэндээ гэхэд боломжийн бизнесмэн болсон байна. Тэгэхэд дөнгөж хорь гарч байсан нөхөр, хүүхэдгүй бүсгүйтэй юу эс учрах билээ дээ. Сүүлдээ Орос уруу явахаа болиод Эрээн, Хөх хотыг зорих болжээ. Тэр нь ч амар байсан ажээ.

Хэл уснаас өгсүүлээд ахуй амьдрал төстэй болохоор яагаад ч юм сэтгэлд арай өөриймсөг байсан нь мэдээж юм. Нэлээд туршлагатай, нэр хүндтэй наймаачин болсон хойноо Хөх хотод нэгэн удаа амрахаар очсон байна. Төвийн ресторантай буудалд байрлаад идэж уун, түүх дурсгалын газруудаар нь явсан шигээ хэд хоножээ. Тэгэх үеэрээ мөн тэр буудалд тогоочоор ажиллаж байсан Баярт гэх өвөрлөгч эртэй танилцжээ. Цаадах нь өөрөөс нь хоёр, гурав ах аж. Нүдэнд дулаахан, бүрэг даруухан эр бүсгүйн анхаарлыг ч татсан нь ойлгомжтой. Орж, гарахдаа үргэлж хамтдаа болоод ирсэн гэдэг. Энэ нь хүний хувь заяаны хэрэг болохоор яалтай билээ дээ.

Нөгөө ноомой залуу нь “Чи гоё” гэхээс өөр үг бараг мэддэггүй шахам нэгэн байжээ. Харж харж хэлдэг ганц үг нь “Чи гоё” байсан юм байх. Бие биенийхээ гоё сайхныг магтсан хоёр өдөр хоногоор ижилдсээр байв. Нэгэн ням гарагийн орой Баярт их шийдсэн байртай өрөөнд нь орж ирээд гараагүй гэдэг. Хүмүүний амьдралд бишгүй тохиолддог эгэл жирийн үзэгдлүүдийн нэгэн болохоор хэн ч гайхах билээ. Ингээд хослон амьдарч эхэлжээ. Одмаа үнэтэй зочид буудлаасаа гарч өвөрлөгчийн өрөөнд амьдрах болжээ. Шилийн гол аймгийн тэнүүлч эр тэндхийн гайгүй тогооч тул ажлын газраас нь орон гэрээр хангасан хэрэг л дээ. Одмаа амралтаа дуусгаад ар халхдаа ирж аав, ээждээ хэлснээр хоёр орны хоёр залуугийн хувь заяа нийлсэн түүхтэй. Эхэндээ энд, тэнд амьдарцгааж байсан нь мэдээж. Одмаагийнхны талаар цухас дурдъя.

Тэрээр хотын унаган охин хэдий ч хүүхэд нас нь Хайлаастаар овоглон үлджээ. Арилжаа наймаа эрхэлснээр Бичил хороололд хоёр өрөө байр авч аав, ээж, дүүгээ оруулаад Хайлаастын хашаа байшингаа тохижуулан, тэндээ дэлгүүр нээсэн тул багын найз Баярмаа, түүний нөхөр хүүхэдтэй амьдрах болсон байна. Баярмаагийн нөхөр, нь цөлх нэгэн бөгөөд архи, дарс уудаггүй, тэр хоёрын хажуугаас холддоггүй болохоор амар байсан нь ойлгомжтой юм. Баярмаа тэр хоёр үе үе Одмааг нөхөрт гарч хүүхэд төрүүлэхийг хэлдэг болсон байлаа. Хүссэн юм хүзүүгээр ороодог болохоор тэр хоёрын төдийгүй Одмаагийн ч хүсэл биелсэн нь мэдээж. Одмаагийн хувьд хаана ч амьдарсан болохоор жинхэнэ чөлөөт орны чөлөөт иргэн мөн билээ. Монголдоо байлаа гээд хэнд ч адлагдахгүй. Хятадад байлаа гээд хөөгдөхгүй. Харин Баяртын хувьд бөөн зовлон тохиосон гэхэд хилсдэхгүй. Монголд сараас дээш хугацаагаар байх эрхгүй учраас явуулын хүн мэт эргэж буцах нь нэг тийм. Одмаа жирэмсэлсэн тул үргэлж ийш тийш яваад байх боломж нь хомсджээ. Ингээд хоёр талаас харилцан ярилцсаны эцэст хоёулаа хоёр улсынхаа хил дээр шахуу Эрээнд амьдрахаар шийджээ. Баярт ажлаасаа гарах тул орон байрыг эзэд нь хурааж авах нь гарцаагүй билээ. Гэхдээ Одмаа ч, Баярт ч боломжтой байсан болохоор хэн нэгний гар харах хэрэг гараагүйг хэлэх хэрэгтэй байх аа. Арилжаа наймаагаа бодсон ч, амьдрал ахуйгаа бодсон ч аль алиндаа ашигтай байхын тулд Эрээнийг сонгосон хэрэг л дээ.

Тиймээс тэнд боломжийн байрлалтай газар хашаа, байшин худалдан авав. Баярт эрхбиш БНХАУ-ын иргэн тул Эрээний зах дээр лангуу түрээслэх, байшиндаа хоолон гэр нээх зэрэгт асуудал байсангүй. Одмаа Эрээний зах дээр тохилог лангуу түрээслэн хятад, монгол бараа борлуулж олсон зөөснөө арвижуулж эхэлсэн бол Баярт гэртээ цайны бяцхан газар ажиллуулан амьжиргаандаа нэмэр болов. Манай наймаачид мэдэх тул олныг нуршаад яах вэ. Эрээний төв захын урд талд “Баярт-од хоолон гэр” гэх дан шаргал байшин бүхий гуанзыг андах биш. Монголоос явуулсан барааг Эрээнд, Эрээнээс илгээснийг энд гэхчлэн нэг ёсондоо бизнесийн бяцхан боловч найдвартай сүлжээ үүсчээ. Гардан хийхийг нь Одмаагийн хоёр найз болох дээр дурдсан гэр бүлийн хос хийх бөлгөө. Дэндүү багын найзууд учраас дэндүү итгэлтэй байлгүй яахав. Хааяа хааяа орлого, зарлагаа нийлэвч багцаатай байх нь гарцаагүйгээс ёс төдий үйлдэх болжээ. Одмаагийн бие тулгар болсон тул лангуугаа түр болиод гэртээ суунгаа нөхөртөө туслах болжээ. Ингээд тэд нэгэн сайхан хүүтэй болов. Амьдрал ажин түжин үргэлжилсээр Баяртыг Монголын иргэн болгохоор хөөцөлдөх гэж байв. Таван жил ирж очсон хүнд бүтэж мэдэх асуудал болсон нь тийм шийд гаргахад хүргэсэн хэрэг. Яваандаа ар Монголд амьдрахыг чухалчилсан нь мэдээж. Үр хүүхэд нь өснө, чөлөөт иргэн байлгахгүй бол хүн болсны хэрэг юу байхав.

Чөлөөт ертөнцөд төрчихөөд хаалттай нийгэмд насыг барах шиг аймшиг хаана байх билээ. Хаанаас нь ч харсан тэгэхээс өөр арга байгаагүй нь ч тодорхой тул ингэсхийгээд цэглэх нь дээр буй за. Хоёр жилийн өмнөх тэр нэгэн хар өдөр Одмаа ажилдаа их л эрт гарсан байгаа юм. Эртхэн очоод тоолж барих юм бас байсан байлгүй дээ. Гэхдээ ийм аюултай юм тохиолдоно чинээн хэн санах билээ. Эрээн дэх Монголын Консулын баруунтаа орших дөрвөн замын уулзвар дээр автомашинд дайруулан газар дээрээ нас баржээ. Монголчууд тэр дор нь оршуулга, хойдхыг нь зохион байгуулж, эх оронд нь авчирч оршуулжээ. Хүүхдийг чөлөөт иргэн байлгахын үүднээс Монголын харьяат болгон Одмаагийн эцэг, эхэд өгүүлсэн тул Баярт өнөөг хүртэл эргэж тойрч байдаг гэнэ лээ. Тэр явдлаас хойш тэнд болсон нэгэн явдлыг өгүүлэхийн тулд ийнхүү бүхэл бүтэн амьдралыг хүүрнэснийг минь болгооно биз ээ. Ганц бие болсон төдийгүй “гоё” ханиасаа хагацсан өвөрлөгч эр тэндээ хоолон гэрээ ажиллуулсаар хэсэг байсан юм билээ. Одмааг нас барснаас хойш Баярт бараг зүүлэг нэгэн болсон тул гэр орон, цайны газраа ч зөнд нь орхижээ. Цэвэрлэж барьдаггүй гэсэн үг л дээ. Тэгтэл нэг сонин юм ажиглагдсан байна. Хэзээ ч цэвэрлээгүй гэр, гуанз хоёр нь хэзээ ч эмх замбараагаа алдахгүй байжээ.

Сүүлдээ бүр бохирдсон аяга таваг, халбага сэрээгээ угаахгүй орхиод хонуулж орхиход маргааш нь хэн нэгэн угааж хатаагаад жирийтэл өрчихдөг болжээ. Эхэндээ нэг их итгэхгүй гайхсан шигээ явж л дээ. Эр хүний л араншин даа. Тэгтэл бүр цочирдмоор юм тохиосон байна. Нэгэн бямба гарагийн шөнө жаал балгасан Баярт нойр нь сэрвэлзэн элдвийг бодсон шиг хэвтэж байжээ. Тэгтэл хажуу өрөөнд нь ус шоржигноод аяга, таваг харшаад осолдохгүй хэн нэгэн цэвэрлэгээ хийгээд эхэлжээ. Даан ч тийм байх аа. Намайг өрөвдсөн хэн нэгэн тусалдаг байж таарах нь ээ. Одоо л олж мэдье гэж санаад санаандгүй өрөөндөө яваад орчихож. Гэтэл хэн ч байгаагүй бөгөөд угаалгүй орхисон хоолны хэрэгслүүдийнх нь хагасыг цэвэрлээд хатаагч дээр нь өрчихсөн байжээ. Алмайрч цочсондоо болоод золтой л ухаан алдчихсангүй. Архи нь ч гарч орхижээ. Ингээд бөөн бодол болсон байна. Хаа газрын ард түмний аман ярианд янз бүрийн л юм байдаг. Тэр дотроос буг чөтгөрийн тухай яриа мөнхийн сэдэв билээ. Хамгийн түрүүнд толгойд орж ирсэн юм нь мэдээж Одмаа. Хань минь хий үзэгдэл байдлаар ирж наддаа тусалдаг юм биш биз гэх бодол орж иржээ. Хэн ч байсан тийм үед тэгж бодох байлгүй дээ. Тэгээд ажиглаж батлахаар шийджээ.

Маргаашийн арилгах ногоогоо хагасыг нь арилгаж орхиод данхийтэл цоожлоод гэртээ орж хатуу юмнаасаа хэд татчихаад унтаад өгчээ. Өглөө сэрэнгүүт хамгийн түрүүнд бодсон юм нь өрөөгөө харах байв. Нар туссан тул юунаасаа бэргэх билээ. Хаалгаа цэлийтэл нээгээд ортол өнөө ногоог нь гүйцээгээд арилгачихсан байжээ. Арилгахаар барахгүй бүр төрөлжүүлэн хэрчээд усанд сойж орхижээ. Бусад аяга тавгийг ч гялалзтал угааж хатаагаад өрж орхиж. Нэг мэдэхэд Баярт ийм нэгэн туслагчтай болсон байлаа. Хэдийгээр өөрт тустай, аюулгүй боловч айхгүй ч аягүй гэгчээр нэг л таалагдаагүй бололтой. Тэгээд ч аргална барина гэсэн ойлголт тэдэнд байдаггүй юм уу, ямартай ч орхихоос аргагүйд хүрчээ. Тэр талаар тэр хавийнхандаа ам алдчихсан болохоор авах барих хүн ч гарсангүй. Бугтай байшин нэртэй болжээ. Дашрамд өгүүлэхэд, хүний махан бод үхэж устах, шилжиж барихад сүнс сүлд нь дагаж давхилгүй орхиж одох юм уу, тэнүүчлэн явдаг юм байна. Түүний махан бие нутагтаа ирсэн хэдий ч ийнхүү сүнс нь нөхөртөө буюу орон гэртээ хоргоджээ. Түүнээс ч сонин юм бас ажиглагджээ. Аргаа барсан Баярт гэр, хоолон гэрээ тэнд нь орхиод Хөх хотод очин нөгөө газраа ажилд оржээ. Ингээд зав чөлөөгөөрөө хааяа орон гэрээ эргэж тойроход нь эзэнтэй юм шиг цэвэр цэмцгэр байдаг юм байна. Түүгээр ч барахгүй бараг засвар хийчихсэн мэт өнгөлөг харагддаг тухай Баяртын өгүүлснийг түүгээр байнга явдаг, мэддэг хүн ярив. Хачирхалтай ийм нэгэн хий үзэгдэл хил залгаа Эрээн хотноо буйг хүргэлээ.