Цэргийн улс төрийн ажилтнууд дурсамж өдөрлөгөө тэмдэглэлээ. Монгол төрийн түүхэнд цэргийн улс төрийн ажилтнууд чухал үүрэг гүйцэтгэсэнтэй хэн ч маргахгүй. Энд маш чухал үүрэг гүйцэтгэсэн цэргийн салбарыг дурьдалгүй орхиж байна.
Зөвхөн Монгол Улсын иргэний төрийн байгууллагад гүйцэтгэж байсан албан тушаалаас цөөхөнийг дурдья. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр У.Хүрэлсүх, Ц.Элбэгдорж, Ерөнхий сайдаар Ц.Элбэгдорж, Р.Амаржаргал, У.Хүрэлсүх нар, УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан улс төрийн ажилтнууд, Монгол Улсын сайдууд, Онц бөгөөд элчин сайдууд, Ерөнхийлөгчийн цэргийн зөвлөхөөр Ц.Тогоо, ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга, Ажлын албаны дарга, Тагнуулын ЕГ, МХЕГ, зэрэг агентлагуудын дарга нар цэргийн улс төрийн ажилтнуудаас томилогдон ажиллаж байжээ.
Энэ үе бол цэргийн улс төрийн ажилтнуудын төрд олноор зүтгэж байсан, дахин давтагдашгүй онцгой цаг үе юм.
Цэргийн гавьяаны улаан тугийн болон Байлдааны гавьяаны одонт, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн удирдлага, бүрэлдэхүүн “Захирагч, багш, сонсогч” сэдэвт дурсамж уулзалтад оролцогсод буюу улс төрийн курсийн үе үеийн дарга, багш, сонсогч нарыг хүндэтгэн Монгол Улсын Төрийн ёслолын Цэргийн Цагаан тугийг хүндэтгэн залав.
Цэргийн хөгжмийн цоглог аялгуу, торгон цэргийн жавхаалаг жагсаал, энхжин мандаж, мөнхжин оршихын билэгдэл Цагаан тугийн сүрлэг намираа олон хүний сэтгэлд офицер явсан гэгээн дурсамжийг сэргээсэн нь тодорхой.
Уулзалтад оролцсон бүрэлдэхүүн Төрийн ёслолын Цэргийн Цагаан тугийн хараа их хийморь дор дурсгалын зураг авхуулж, Хүндэт харуулын ротын зэвсэглэлийн үзэсгэлэнг үзэж сонирхлоо.
Мөн Хүндэт харуулын ротод зочилж, хурандаа генерал Ж.Ёндонгийн нэрэмжит Алдрын танхимыг үзэж, 2022 оны намрын ээлжит цэрэг татлагаар ирсэн дайчидтай уулзаж багахан яриа өрнүүлэв. "Казармагийн үнэр сэтгэлд дотно байна шүү" гэсэн үг чихний үзүүрт сонсогдож байлаа.
Энэ нэр хүндтэй ангид Улс төрийн ажилтнуудаас ангийн намын даргаар хурандаа Д.Жаргалсайхан, хүндэт харуулын даргаар хурандаа Г.Булган, Б.Мандахгэрэл, улс төрийн орлогчоор Б.Энхбат, салааны даргаар Д.Есүхэйбаатар нар ажиллаж байжээ.
Хүндэт харуулын ротын улс төрийн орлогчоор ажиллаж байсан, өдгөө цагдаагийн бэлтгэл дэд хурандаа Б.Батхуяг тус танхимийг агуулга, өнгө үзэмжтэй тохижуулжээ.
Дараа нь хөтөлбөрийн дагуу “Дурсамж уулзалт”-д оролцогсод ангийн гал тогоонд уригдаж цэрэг нормын хоол унд зооглов. Энэ ажлыг зохион байгуулсан “Цэргийн улс төр, соёл хүмүүжлийн ажилтны Нэгдсэн эвлэл” ТББ-ын тэргүүн Б.Жуваа амт чанартай хоолоор сэтгэлээ шингээн үйлчилсэн хамт олонд талархал илэрхийлэв.