Өмнө ирж байснаас зарим зүйл шинээр нэмэгдсэнийг анзаарав. Бөөгийн “Дүнгэр” төв хотын төв замын дагуу байрладагаараа онцлоготой. Тэнд биднийг очиход бөөгийн “Дүнгэр” төвийнхөн угтаж билээ. Бүгд цугларчээ. Хашаан дотроо монгол гэр барьж тэнд биднийг хоолоор дайлсан билээ.
МБНЭ-ийн гурван жилийн ойн арга хэмжээнд урилгаар оролцохдоо бид анхлан танилцсан билээ. Тэр үеээс хойш дөрвөн жил өнгөрчээ. Анх “Дүнгэр” төвийн тэргүүн байсан Сара Оол өнөөдөр Тувагийн бөөгийн тэргүүн болсон ажээ.
Харин бидний таних Долаана “Дүнгэр” төвийг удирдаж байгаа ажээ. Бид Тувад байх хугацаанд хийх, үзэх ажлаа тохиролцож, ойрын хугацаанд хийж байгаа ажил, үйл явдлаа ярилцсан билээ. Тэндээс гараад бид Сара Оолын гэрт зочилж, түүний гэр бүлийнхэнтэй танилцсан юм. Орой нь саунд сууж аян замын алжааллаа тайлсан билээ.