Сүүлийн олон арван жил дуншиж байсан “Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл болон гэнэт өөрчлөгдөв. Шашины тухай хууль нь ямар улс төрчдийн захиалга байв, гэдэг нь сонирхол татаж байна.Энэхүү хуулийн төслөөс улс төрчдийн гэхээс илүүтэй геополитикийн шинж чанартай олон зүйлийн хиншүү ханхалав.
“Төр, сүм, хийдийн харилцааны тухай” хуульд 23 жилийн хугацаанд 5 удаа нэмэлт өөрчлөлт оруулж байсан нь цаг үеийн шинжтэй тодорхой бүлэглэлийн захиалгат үйлдэл байв.

“Төр, сүм, хийдийн харилцааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үзэл баримтлалд “өнөөдрийн байдлаар зөвшөөрөлтэй 800 орчим,зөвшөөрөлгүй 200 орчим шашны байгууллага ажиллаж байгаа” судалгааны дүн бичжээ. Харин “Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төслийн тухай танилцуулгад “2017 оны байдлаар үйл ажиллагаа явуулж байгаа шашины байгууллагын 52,3 % нь христийн, 39,5% нь буддагийн, 6,1% нь исламын, үлдсэн 2,1 хувь нь бусад чиглэлийн шашины байгууллага байна” гэжээ. ХЗДХЯ-аас хийсэн шалгалтын мэдээгээр “улсын хэмжээнд 6 төрлийн шашины 20 гаруй урсгалын 848 хуулийн этгээд шашины шашины чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаагаас 41,5 хувь буюу 352 байгууллага зөвшөөрөлгүй ажиллагаа явуулж байна” гэжээ. Мөн “2017 онд улсын хэмжээнд 1529 лам, санваартан бүртгэгдсэний 1303 нь буддын, 197 христийн, 26 исламын, 3 нь бусад буюу бахай, муун, бөөгийн шашны санваартан байна.” гэжээ. 
Гэнэт лам, пасторын тоо олон мянгаар багасах болсны шалтгааныг тодотгох гэж яарсангүй, учир нь олдоно. Монголын минь хувь заяаны нэг хэсэг болсон мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл тэрчигтээ ад үзэгдэв. 2015 оны судалгаагаар “иргэдийн 6% нь бөө мөргөлийг, буддагийн шашинтай хамт шүтдэг, 8,4% нь Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө шүтдэг” гэсэн дүн амь тавьж сураг тасрав. Бүртгэгдсэн санваартаны 3 нь бахай, муун, бөөгийн шашны санваартан байна гэсэн нь ерөөс бөөгийн нэг л санваартан \нэг бөө\ байна гэсэн тоог илэрхийлж байна. Энэхүү судалгаа нь хэтэрхий үнэнээс хол байхаас гадна монголын хөрсөнд соёолоогүй дүн байлаа. 
1990 онд дөнгөж 1% байсан Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөл шүтлэгтэн нар 28 жилийн хугацаанд тэр хэвэндээ байгаа мэт судалгаагаар харуулахыг зорьжээ. Өвөг дээдсийн өвлөн үлдээсэн Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлөө дээдэлдэг 100 гаруй бөөгийн болон төрийн бус байгууллага, 20 мянга гарсан шүтлэгтэн нар байна. Тэд монголын минь нэг хэсэг биш юм гэж үү. Хэрвээ ингэж эндүүрвэл шинээр гарах хууль олон зүйлийг зохицуулж чадахгүй, нас богинотой байх болно. Зөвхөн будда, христэд үйлчлэх хууль болох шинжтэй. 
Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нар өөрсдийгөө шашин биш гэж үздэг. Бид ингэж үздэг ч, төр улсын болон дэлхий нийт шашины хэсэгт хамруулж хуульд багтаасаар ирсэн түүхтэй. Гэтэл хуулийн төсөл яригдахаар нөгөө л Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нар шашин мөн, биш хэмээн хоорондоо маргалдан цаг нөхцөөх нь их байна. Тэнгэрийн дор хуулийн эрхэнд хүмүн амьдрах хувьтай билээ.
Мөнх тэнгэрийн үзэл, бөө мөргөлтөн нарыг үл тоосон шинэ хуулийн төслийн агуулгатай танилцая. Түүх болон үлдсэн ч гэлээ бид саяхан яригдсан хуулийн төслийг мартаж болохгүй. Тэр нь юу байв. 
“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” хуулийн төсөл нь таван бүлэг 45 зүйлтэй томоохон хуульд хамаарагдана. Асуудлыг хөндөхдөө дэс дугаарыг баримталсангүй, болгооно биз ээ.
Монгол Улсын хууль“Шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөөний тухай” шинэчилсэн найруулга бүхий хуулийн төсөлд “Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Үндсэн хуулийн тунхагласан иргэний шашин шүтэх, ас шүтэх эрх чөлөөг баталгаатай эдлүүлэх, шашин шүтлэгийн байдлаас хамаарч хүнийг ялгаварлан гадуурхахаас урьдчилан сэргийлэх, төр шашны харилцаа болон шашны байгууллага, шашны бүлэг, шашны номлол түгээгчийн үйл ажиллагаатай холбоотой нийтлэг харилцааг зохицуулахад оршино.” гэжээ. 
Хуулийн үйлчлэх хүрээнд Монгол Улсын газар нутаг дэвсгэрт шашны үйл ажиллагаа явууулж байгаа шашны бүлэг, шашны байгууллага, шашны номлол түгээгчийн үйл ажиллагаа хамаарна. Эдгээрийг тус тусад нь хуулинд хэрхэн тусгасаныг тодруулж үзэх болно.
Харин иргэн нь сүсэг бишрэлтэй байх, ганцаарчлан болон хамтран шашин шүтэх, эс шүтэх, чөлөөтэйгөөр шашнаа сонгох, өөрчлөх, татгалзах, шашны үйлсэд зүтгэх, сүм хийд, дацан, мөргөлийн газар болон шашны үйлчилгээ үзүүлдэг бусад газар шавьлан суух, шашны бүлэг, шашны байгууллага байгуулах, шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны ёс зүйн болон бусад сургалтад хамрагдах зэргээр шашны үйл ажиллагаанд оролцох, шашы сургааль номлолыг хууль тогтоомжийн хүрээнд дэлгэрүүлэх эрх, эрх чөлөөтэй байхаар тусгажээ. 
Хуулийн 4.4-д“Шашин шүтлэгийн ялгаа, шашин шүтэх, эс шүтэх байдлаас хамаарч бусдад давуу байдал олгох болон хязгаарлалт бий болгох, түүнчлэн аливаа хэлбэрээр ялгаварлан гадуурхахыг хориглоно” гэсэн мөртлөө бөөгийн үйл ажилллагааг ялгаварлан гадуурхсан агуулга өргөн тусгагдсан байна. 
Хуулийн төслийн 9.4-д “Сүм, хийд, дацан төв зэрэг тодотголыг шашны байгууллагын оноосон нэрэнд хэрэглэж болох бөгөөд хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэгдсэнээс хойш 50-аас багагүй жилийн хугацаанд Монгол улсын нутаг дэвсгэр дээр хууль ёсны дагуу үйл ажиллагаа явуулж байгаа төвлөрсөн шашны байгууллага нэрэндээ МОНГОЛ, МОНГОЛЫН, ҮНДЭСНИЙ, НИЙТИЙН, НЭГДСЭН гэсэн үг болон эдгээр үгнээс үүссэн бусад нийтийг төлөөлсөн утга бүхий үг ашиглах эрхтэй.” гэж заажээ.
Бид яагаад өөрсдийн бахархал болгон ярьдаг МОНГОЛ, МОНГОЛЫН гэсэн өөрсдийн нэрийг ашиглаж болохгүй гэж, өнөө үед өргөн дэлгэрч байгаа ҮНДЭСНИЙ үзэлээ хязгаарлуулах гэж, монголчууд яагаад нэгдэж ажиллах зорилго бүхий НЭГДСЭН гэсэн үгийг ашиглаж болохгүй гэж. Бөөгийн анхны байгууллага байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Төвлөрсөн анхны байгууллага үүсээд 7 дахь жилдээ ажиллаж байна. Энэ хуулиар бол МОНГОЛЫН болон НЭГДСЭН гэдэг нэрийг хэрэглэхэд миний болон хойч үеийн нас хүрэхгүй бололтой. Энэ хугацаанд гадны бүхэн эзэн сууж, дээрх нэрийг хамтарч эзэмших эрхтэй болох бололтой. Юун тэгш байдал, хязгаарлалт бий болгохыг хориглох хуулийн заалт, энэ бүхэн хоосон тунхаглал болж харагдаж байна. Манай улсад Монголын Бөөгийн Нэгдсэн Эвлэл нэртэй ганцхан байгууллага байгаа. Тэр нэрнээс эвтэйхэн жийрхэх болсон нь монголчуудад нэгийг сануулж байгаа юм.
Шашны бүлэг хэмээх шинэ ойлголтын тухай 
Хуулийн төслийн энэ бүлэг “Иргэд шашин шүтэх эрхээ хамтран хэрэгжүүлэх зорилгоор сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан ХУУЛИЙН ЭТГЭЭДИЙН ЭРХГҮЙ БАЙГУУЛЛАГЫГ ШАШНЫ БҮЛЭГ гэнэ.” гэж томъёолжээ. Чухамхүү энэ хэсэг өмнөх хуулиудад огт тусгагдаж байгаагүй, өнөөгийн бидний шашны практикт огт хэрэглэгдэж байгаагүй ойлголт билээ.
-Гадаад улсын иргэн, харъяалалгүй хүн нь шашны бүлэг, байгууллагад гишүүнээр элсэх, үйл ажиллагаанд нь оролцох болон хуульд заасны дагуу шашны байгууллагад хөдөлмөрлөх эрхтэй. 
-Бидэнд нэг их хэрэглэгдэж байгаагүй “Наминчлалын нууц нь хуулиар хамгаалагдана. Шашны байгууллагын номлол түгээгч иргэний өөрт нь наминчилсан асуудлаар хууль сахиулах байгууллага болон цагдаад мэдүүлэг өгөхөөс татгалзах нь хуулийн хариуцлага хүлээх үндэслэл болохгүй.” Хэмээн урьд өмнө байгаагүй шинэ заалт орсон. Энэ бол бас нэг зүйлийг хэлээд байгаа юм.
Шашны байгууллагын тухай. 
“Шашны аль нэг чиглэлийн сургаал, номдолд үндэслэн шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны болон шашны ёс зүйн сургалт, боловсрол олгох, ном судар бүтээх зэргээр шашныг ухуулан дэлгэрүүлэх, олон нийт, сүсэгтэн болон дагагч нартаа мөргөл, тахилга залбиралын чиглэлээр нээлттэй үйлчлэх зорилготой хуулийн этгээдийг шашны байгууллага гэнэ” гэж тодорхойлжээ. Шашны байгууллагын зарим онцлогыг анзаарвал: 
-Шашны аль нэг чиглэлийн сургаал, номдолд үндэслэн шашны зан үйл, ёслол үйлдэх, шашны болон шашны ёс зүйн сургалт, боловсрол олгох, ном судар бүтээх зэргээр шашныг ухуулан дэлгэрүүлэх, олон нийт, сүсэгтэн төвлөрсөн шашны байгууллалагад гишүүнээр элсэж болно. Мөн “Шашны байгууллага салбар, төлөөлөгчийн газар байгуулж болно” Гэсэн нь гадныханд илүү тохирсон заалт гэлтэй. 
“Орон нутгийн шашны байгууллага нь энэ хуульд заасны дагуу олгосон зөвшөөрөлд тодорхойлсон нутаг дэвсгэрийн хүрээнд үйл ажиллагаа явуулна” гэсэн нь манай бөөгийн байгууллагын хувьд олон талаар үйл ажиллагаа нь хязгаарлагдах болж байгаа юм.
Шашны хуулийн дагуу нэмэлт өөрчлөлтөөр Төрийн бус байгууллагууд шашны асуудал эрхлэхийг хориглож байгаа. Бөөгийн олон байгууллага ТББ-ын хэмжээнд хаяахан нэг тахилга хийсэн болоод “тамга атгаад” суудаг цаг өнгөрч байна. Байгууллага бол ажилласан шиг ажилла гэсэн зарчим үйлчилнэ. Олон шаардлагыг хангаж байж шашины байгууллага ажиллах эрхээ авах болно. 
Шашны байгууллагыг үүсгэн байгуулах тухай шийдвэр гаргаж, шашны байгууллагын дүрмийг баталсан этгээдийг шашны байгууллагын үүсгэн байгуулагч гэнэ. Үүсгэн байгуулагч шашны байгууллагын эд хөрөнгийг өмчлөх эрхгүй байна гээд заасан нь 90-ээд оноос үйл ажиллагаа эрхэлж байгаа Буддын олон хийдийн хамба нарын өмчлөлийн асуудалд сүрхий цохилт болж байна. Манай сүүлийн үед байгуулагдсан бөөгийн байгууллагыг санаачлагч насаараа цуглуулсан хөрөнгөөр барьсан барилгаа бөөгийн байгууллагын нэр дээр шилжүүлэх шаардлага гарна. Ингэж ажиллах хүн монгол хэр олон байх билээ.
Шашны байгууллагад хориглох зүйлсийг зааж өгчээ. 
-Шашны байгууллага нь өөрийн зорилго, үйл ажиллагаагаараа Монгол улсын үндсэн хууль бусад хууль тогтоомжин зөрчихийг хориглоно. Энэ бол байх ёстой зүйл билээ.
-албадан гэрлүүлэх болон гэр бүлийг албадан салгахад чиглэгдсэн, эсвэл бөөнөөр гэрлэх үйл ажиллагаа явуулах, уриалах
-зайлшгүй эзэмших шаардлагатай суурь боловсрол эзэмшихэд нь саад болсон үйл ажиллагаа явуулах,
-гишүүд, дагагч болон бусад этгээдийг өөрийн эрхээс татгалзуулж шашны байгууллаагад ашигтай байдал үүсгэхэд албадах,
-шашны байгууллагад элсүүлэх, эсхүл гишүүнчлэлээс гарахгүй зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, иргэний амь нас, эрүүл мэнд, хөрөнг, нэр хүндэд нь хохирол учруулахаар сүрдүүлэх, хууль бус бусад үйл ажиллагаа явуулах замаар саад болох,
-шашны зан үйл, ёслол үйлдэхдээ хүрээлэн байгаа орчныг бохирдуулах
-хандив, тусламж, өргөл барьц барихыг шаардах, албадах,
-сүсэг бишрэл болон эмзэг байдлыг нь ашиглан үзэл номлолоо хүслэн тулгах, шахалт үзүүлэх, эд мөнгөөр татах, хууран мэхлэх,
-гадаад улсын засгийн газар, түүнээс санхүүждэг хуулийн этгээд, шашны байгууллагаас хандив авах,
-шашны үйл хэрэгтээ холбоотойгоор мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис ашиглах, садар самуун болон хууль бус бусад үйл ажиллагаа явуулах,
-амиа хорлохыг уриалах, амиа хорлох байдлыг өдөөх, турхирах, шашны номлол үзэл бодлоор нь ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал тогтоох хүчирхийлэл үйлдэх, шашны сэдлээр амь нас, эрүүл мэндэд нь аюул учирсан этгээдэд тусламж үзүүлэхээс татгалзахыг номлох, уриалах,
-харгис, хүмүүнлэг бус шашны сургаал, номлолыг дэлгэрүүлэх, шашны үйл ажиллагааг хүний эрхийг зөрчсөн, хууль бус бусад аргаар явуулах,
-Шашны байгууллагын удирдах зөвлөлийн дарга, гишүүн, гүйцэтгэх удирдлага хяналтын байгууллагын дарга, гишүүн нь хувь хүн, байгууллагаас хувьдаа хандив авахыг хориглоно.
Шашны байгууллага нь олон нийт, сүсэгтэн олон, дагагч нартаа үйл ажиллагаа явуулах зорилгоор шашны үйл ажиллагаа, тахилга, мөргөл залбиралын болон шашны цуглаан зохион байгуулах буюу сүм, хийд байгуулах эрхтэйг заажээ.
-Шашны байгууллага нь иргэдийн хүсэлтээр эмнэлэг, сувилалын газар, хүүхдийн ахмадын болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асрамжийн газарт шашны зан үйл, ёслолийг тусгайлан энэ үйл ажиллагаанд зориулагдсан талбай, байр, өрөөнд үйлдэж болно. 
-Хуульд өөрөөр заагаагүй бол шашны байгууллага нь шашны ном, зохиол, шашны зориулалттай хэвлэмэл, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг бүхий материал болон бусад эд зүйлсийгүйлдвэрлэх, олж авах, олон нийтийн хэрэгцээнд зориулж экспортлор, түгээх эрхтэй.
-Төвлөрсөн шашны байгууллагаас БУСАД ЭТГЭЭД шашны ном зохиол, шашны зориулалттай эд зүлсийг олон нийтэд худалдах, түгээх зорилгоор хэвлэх, үйлдвэрлэх, экспортлох, импортлохыг хориглоно.
Шашны байгууллага нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим сүлжээ болон бусад хууль ёсны аргыг ашиглан шашнаа ухуулан дэлгэрүүлж болно. Төвлөрсөн шашны байгууллага нь шашин ухуулан дэлгэрүүлэх зорилгоор хэвлэл мэдээллийн байгууллага байгуулж болно.
Анх удаа хууль, цэргийн дүрэмд өөрөөр заагаагүй бол цэргийн алба хаагчид мөргөл үйлдэх, шашны бусад зан үйл, ёслол үйлдэж болно гэж заажээ. 
Шашны номлол түгээгчийн тухай. 
Шашны номлол түгээгч гэж шашныг ухуулан дэлгэрүүрэх зорилгоор шашны сургаал, номлолыг түгээдэг, олон нийт, сүсэгтэн олон, дагагч нарт зориулсан тухайн шашны зан үйл, ёслол, бусад үйл ажиллагааг гүйцэтгэдэг хүнийг ойлгоно. Шашин номлол түгээгч нь тухайн шашны онцлогоос хамаарч лам, хуврага, санваартан, пастер, бөө, удган зэрэг нэршилтэй байна.
Шашныг ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагааг шашны байгууллаагын нэрийн өмнөөс түүний удирдлага, гишүүн, эсхүл тусгайлан томилсон шашны байгууллагын номлогч, түгээгч явуулна.
Хуулийн төсөлд шашин ухуулан дэлгэрүүлэх үйл ажиллагааг чөлөөтэйгөөр явуулж дараах газрыг заасан байна. Үүнд:
Хуулинд заасан тахилга, мөргөлийн барилга байгууламж, тэдгээрийн оршин байгаа газар,
-Шашны байгууллагын өмчлөл, эзэмшил, ашиглалтанд байдаг барилга байгууламж, газар, 
-Өмчлөгч, эзэмшигчийннх нь зөвшөөрлөөр бусдын эзэмшлийн барилга байгууламж, талбай, газар,
-оршуулгын болон шарил чандарлах газар, 
-олон нийтийн эзэмшлийн газар, талбайд
Шашны төвлөрсөн байгууллага нь энэ хуулинд зааснаар боловсролын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр боловсролын байгууллага байгуулах эрхтэй болж байна. Энэ бол Будда, Христын байгуулагад өргөн боломжтой зүйл бөгөөд шашины олон сургууль үүсэхээр харагдаж байна. Харин бөөд юу л бол. 
Шашны байгууллага өөрийн үндсэн зорилгын дагуу олон улсын болон гадаад улсын байгууллага, хувь хүнтэй харилцах, хамтран ажиллах эрхтэй. Мөргөлийн аян хийх, цуглаан, бусад арга хэмжээнд оролцох, шашны боловсролын үйл ажиллагаанд оролцох болон эдгээр зорилгоор гадаад улсын шашны байгууллагын төлөөлөгч болон гадаадын иргэн, харъяалалгүй хүнийг урих эрхтэй байхаар тусгажээ. 
Шашны байгууллага нь аж ахуйн үйл ажиллагаа эрхэлж болох бөгөөд шашны байгууллагатай холбоотой хөдөлмөрийн харилцааг холбогдох хуулиар зохицуулна. Мөн шашны байгууллага нь нийгмийн даатгалын шимтгэл төлж байнгын ажлын байранд ажиллаж байгаа шашны номлол түгээгчийг тэтгэвэр, тэтгэмжид хамруулах үүрэг хүлээжээ. Шашны байгууллага нь хариу төлбөргүй ажил гүйцэтгэх гэрээний үндсэн дээр сайн дурын ажилтанг үйл ажиллагаандаа оролцуулахаар зааж, хуульд заасан журмын дагуу нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана.
Хуулийн төгсгөлд Монгол дахь шашины үйл ажиллагааг нэг төвөөс зангидан хянах боломжийг тусгажээ. Дотоод хэргийн асуудал эрхэлсэн төрийн захирганы төв байгууллагын дэргэд шашны асуудал эрхэлсэн зөвлөл ажиллана. Энэ байгууллага төр, засгийн түвшинд шашины байгууллагыг нэгтгэн удирдах болж байна. Түүнд дотоод хэргийн асуудал эрхэлсэн засгийн газрын гишүүн тэргүүлэх бөгөөд бүрэлдэхүүнд прокурорын байгууллага, эрх бүхий хууль сахиулах болон терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллага, татвар, санхүүгийн мэдээллийн алба болон шашны байгууллага, шашин судлаачдын төлөөллийг оролцуулахаар заажээ. Энэ зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг дотоод хэргийн асуудал засгийн газрын гишүүний өргөн мэдүүлснээр засгийн газар батална, зөвлөл нь ажлын албатай байна. Шашны асуудал эрхэлсэн зөвлөл нь энэ хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд тогтоол, зөвлөмж, даалгавар гаргана. Уг зөвлөл нь нь үйл ажиллагаагаа засгийн газар болон ҮАБЗ-д жил бүр танилцуулж байх юм.
Харин Монгол Улсын Ерөнхийлөнчийн хувьд Монголын ард түмний эв нэгдэл, соёл, иргэншлийн түүхэн уламжлалыг эрхэмлэх үүднээс уламжлалт шашны тэргүүнийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ёсчлохоор болжээ. Монгол улсад хутагт, хувилгаадыг тодруулах үйл ажиллагаа нь монголын уламжлалт шашны тэргүүнийн үйл ажиллагааны хүрээнээс ангид байж болохгүйг тусгажээ.
Шашны асуудал эрхэлсэн зөвлөлийн өргөн мэдүүлсэнээр “тахилгын ёслол үйлдэх дэг, ёслолыг үйлдэх газар, санхүүжилт, төрийн оролцоо, шашны үйл ажиллагаа, лам хуврагыг оролцуулах холбоотой журмыг” Монгол Улсын Ерөнхийлөгч тус тус батална гэсэн байна. 
Ийм нэгэн хууль хэлэлцэгдээд, үзэгдээд өнгөрөв. Хууль хэрхэн боловсрогдон бэлтгэгддэг, хэний эрх ашигт үйлчилсэн, ямархуу хууль гардаг болохын тодотгосон одоо цагийн сонгодог жишээ хий үзэгдлийн “манан” шиг “хуулийн төсөл” үзэгдээд замхарав. Сайн л асууж сурч байхгүй бол нэг л мэдэхэд бидний зүс танихгүй хууль мэндлэхийг үгүйсгэх аргагүй болов. Монгол бөөгийн төлөө хамтарч тэмцэхгүй бол бид тус тусаа харсан, салан задгай байдлыг дундуур хууль батлагдан бид өнгөрсөн түүхээ давтан нөгөө л шашин, мөргөл мөн биш гэж маргасаар түүхийн тоосон дунд дороо цовхцсоор үлдэх болж байна.
Монголчууд бид шашин шүтэх эрх чөлөөтэй 28 жил болж байгаач хөөцөлдөөд нэг ч зөвшөөрсөн өөрийн газаргүй байхад гадны шашинууд зөвхөн Нийслэлд хамгийн байршил сайтай 400 гаруй газарт өөрсдийн байгууламжаа байгуулчихаад байгаа билээ. Энэ хэний бодлого байв. Энэ газруудыг эзэмших эрхийг хэн олгов? гээд олон асуудал яригдаж болох юм.
Д.Жаргалсайхан-МБНЭ-ийн Ерөнхийлөгч

Бусад мэдээ

Баруун баннер

Баруун баннер

Calendar 2018

Mon Tue Wed Thu Fri Sat Sun
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31

Ханшийн мэдээ

Холбоо барих

 

  •  Баянзүрх дүүрэг , 1-р хороо , 22 дуаар байр , 22 тоот.
    Шуудангийн хайрцаг: Улаанбаатар - 49 дүгээр салбар, 922
  •  976-11-458654, Fax: 976-11-458654
  •  This email address is being protected from spambots. You need JavaScript enabled to view it.
Та бөөгийн тухай мэдлэг хаанаас авдаг вэ?

Зургийн цомог

Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
Previous Next Play Pause
Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга Отгонтэнгэр хайрханы нэгдсэн тахилга
http://www.zoofirma.ru/