ЦЭНГЭЛТ ХАЙРХАН БУЮУ ЖАРГАЛТ ХАН ХАЙРХАНЫ ИХ ТАХИЛГЫН ДҮН. НУТГИЙНХАН СЭТГЭЛ ГАРГАН УГТАВ
Их тахилгыг зохион байгуулах ажлын хэсэг Баян-Өлгий аймгийн Буянт сумын Өмнө гол гэдэг газар хаваржиж байгаа малчин Гэрэлт-Хашийнх нь мөнх хөх тэнгэрээ шүтдэг болохоор Их тахилгын ажлын хэсгийг байрлуулахаар дэргэдээ гэр барьж биднийг угтлаа.
Бидэнд ч энэ байршил маш ашигтай байв. Эндээс тахилга хийх Буянт сум 35 км, аймгийн төв Өлгий хот 35 км, бас хотоос ирэх Удган, Зайран нараа ирэхэд угтаж авахад төв замаас 5 км зайтай ажээ.
Бид эхний өдөр аймгийн төв Өлгий хот орж, Эрдэм шинжилгээний хурлын бэлтгэл ажилтай танилцаж, Урианхай олноос аймгийн Иргэдийн хуралд төлөөлөгчөөр сонгогдсон, аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Нансалмаа, нутгийн төлөөлөл болсон эрдэмтэн Эрдэнэбаяр, Буянт сумын засаг дарга Мэндсүрэн, сумын ИХТ-ийн дарга Баатырбек нартай уулзаж тахилгын бэлтгэл ажлын талаар ярилцав.
2013 оны 5 дугаар сар 21-ны өдөр Харсайн гүүрийн дэргэд Улаанбаатараас Их тахилгыг зорьсон эхний хэсэг Монгол Бөөгийн Их Дархан Удган Д.Батчулуун, Монгол Бөөгийн Дархан Удган Д.Энхжаргал, Монгол Бөөгийн Тэргүүн Зайран Дангаасүрэн, Монгол Бөөгийн Тэргүүн Удган Энхмаа, Удган Нарангэрэл, Хөвсгөл аймгийн Бөөгийн Тэргүүн Ганболдын ахалсан хэсэг, Улаанбаатар хотоос Урианхайчуудын төлөөлөл Алтанцэцэг, Удган Чулуун, Удган Нарангэрэл нарын ахалсан 63 хүний бүрэлдэхүүнтэй 16 машины цувааг Баян-Өлгий аймгийн ИТХ-ын Төлөөлөгч, Тэргүүлэгч гишүүн Нансалмаа, түүний нөхөр Болд, Урианхайчүүдийн холбооны тэргүүн Болд, Монгол Улсын Ардын жүжигчин Санжид, Буянт сумын Засаг дарга Мэндсүрэн нар хадаг, сүүгээ барьж хүндэтгэн угтаж, туульч Болд Алтайн магтаалаас хайлж ирсэн зочидоо хүндэтгэн угтсан билээ. Учир нь газар газраас ирсэн таван язгуурын бөө энэ нутагт анх удаа хуран цугларсан нь энэ билээ.