Хавар эхэлсэн хэдий ч часхийсэн хүйтэн өдрүүд угтсан билээ. Монгол улсын толгой хайрхан Цэнгэл хайрханы нэгдсэн тахилгыг хийхээр зорьж яваа улаачид сумын спорт зааланд байрлаж, хоноглосон юм. Зарим нь майхнаа барьсан нь нүдэнд содон тусч билээ.
Монгол нутгийн газар, газраас цугларсан 108 улаач хүрэлцэн ирсэн байлаа. Бидний нэгдсэн их тахилгыг хүлээн авч зохион байгуулсан Нансалмаа удганыг онцлон тэмдэглэж байна. Аймгийн иргэдийн хурлын төлөөлөгч түүний гүйцэтгэсэн үүрэг их бий.
Нэгдсэн их тахилгыг дэмжиж оролцохоор нутгийн 10 хүрэхгүй тооны улаач нар хүрэлцэн иржээ. Буянт сумын зайран ..., одоогийн аймгийн бөөгийн хүрээлэнгийн удирдагч Энхээ нар идэвхитэй оролоцож байсан.
Хэдий олон удаа бэрхшээл саад тулгарсанч их тахилгыг зорин ирсэн Гомбобаатар зайран Мөнх тэнгэрийн “Алтан шонхор” медалиар шагнаж билээ. Тэрээр МБНЭ-ийг анхлан байгуулахаас эхлэн Ноён уул, Хар зүрхний Хөх нуурын нэгдсэн тахилгыг идэвхитэй зохион байгуулагчийн нэг байлаа. Эдгээр үйл ажиллагаанд тулгуурлан таван ч бөөгийн байгууллагыг байгуулан үйл ажиллагаагаа энэ үеэр сурталчилан тунхаглаж явсан байдаг. Гэвч тийм боломжийг түүнд олгоогүй юм.
Голомт бөөгийн төвийн удган Булган Монгол бөөгийн их удган цолоо энэхүү хуралдаан дээр хүлээж авсан түүхтэй. Өмнөх хуралдаанд нэгэнт шийдвэр гарч улаач нар томилогдон бэлтгэлээ хангасан байсан тул Булган удганы гал дээр бөөлөх хүсэлтийг МБНЭ-ийн Дээд цэцийн хуралдай хүлээж аваагүй билээ. Тахилга дээр ирчихээд гэнэт бөөлөх шийдвэр гаргадаг бөө нар олон байсан үе л дээ.
Баян-Өлгий аймгийн Буянт сумын спорт зааланд болсон хуралдаан бол түүхэн хуралдаан байсан. Энэ бүхэн монгол бөөгийн түүх болон үлдэж байна.